Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0087

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр           Дугаар 128/ШШ2021/0087 Улаанбаатар хот

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц ХХК

Хариуцагч:  Н газар

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулий н А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай Ц ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш нийтийн хоолны салбарт ажиллаж эхэлсэн.

2014 оноос Н газар /хуучин нэрээр/-аас зарласан нээлттэй тендерт шалгарч, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр бүрэн дунд сургуулийн цайны газрын түрээслэгч, бага ангийн сурагчдын Үдийн цай хэрэгжүүлэгч компаниар сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа өөрсдийн хөрөнгөөр тус сургуулийн цайны газрыг зориулалтын болгон засан сайжруулж, энэхүү ажилдаа нийт 10,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан, туршлагатай хамт олон юм.

Уг ажлын хүрээнд Н газраас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явуулсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд Үдийн цай хөтөлбөр болон нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажиллагаанд манай компани оролцох хүсэлт гаргаж, холбогдох журмын дагуу материалаа бүрдүүлэн оролцсоны үндсэн дээр тус сонгон шалгаруулалтад шалгарсан.

Манай компани дээрх сонгон шалгаруулалтад зохих хууль тогтоомж, журамд заасан шаардлагын дагуу материалаа бүрдүүлж оролцсон.

Сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу явагдаж, манай компанийг шаардлага хангасан гэж үзээд сонгон шалгаруулалтад шалгаруулсан ба түрээсийн гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, түрээслэгч компани хамтран байгуулдаг тул манай компани болон 1 дүгээр сургууль гэрээнд гарын үсэг зурж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Н газар хүргүүлсэн боловч тус газраас тодорхойгүй шалтгаанаар гэрээг байгуулахгүй, манай компанийн үйл ажиллагааг саатуулж байна.

Дээрх сонгон шалгаруулалт нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам-ыг удирдлага болгон явагдсан бөгөөд тус журмын 8.1-д Сонгон шалгаруулалттай холбоотой гарсан бүх маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэнэ. Маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.

Мөн Н газрын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/1261 дүгээр түрээсийн гэрээг байгуулах талаар дэмжлэг хүссэн албан бичгийн хариунд дээр дурдсан журмын 8.1-д заасны дагуу маргаанаа шийдвэрлүүлэх талаар хариуг тус тус хүргүүлсний дагуу тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

Хариуцагч Н газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цайны хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг тус сургуулийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явуулж Ц ХХК-ийг шалгаруулсан байна. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг хүсэлтийн дагуу нягтлан шалгахад тухайн компани нь санхүүгийн 2019 оны эхний хагас жилийн тайлангүй бөгөөд сонгон шалгаруулалтын урилгын 2-т тавигдсан шаардлагыг хангаагүй, тухайн ажлын хэсэг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт буюу Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 6 дугаар зүйлийн 6.4-д материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасах заалтыг Ц ХХК нь зөрчсөн байсан тул дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зарлаж, журмын дагуу явуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ц ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н газарт холбогдуулан гаргасан Ц ХХК-ийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа Н газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түрээсийн гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх явцад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Н газраас зарласан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дахин сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, дахин сонгон шалгаруулалтаар шалгарсан Ю ХХК-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Улмаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ц ХХК-ийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа Н газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түрээсийн гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Ц ХХК-ийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага болох Н газраас зарласан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дахин сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, дахин сонгон шалгаруулалтаар шалгарсан Ю ХХК-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-ийг  Н газраас зарласан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дахин сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, дахин сонгон шалгаруулалтаар шалгарсан Ю ХХК-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах[1] тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. гэж зааснаар Ц ХХК-иас Н газарт холбогдуулан гаргасан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас зохион байгуулсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад Ц ХХК оролцож шалгарсан тул Н газраас гэрээ байгуулах зөвшөөрөл хүссэн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 756 дугаар албан бичгийг  хүргүүлжээ.

Н газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 3/1336 дугаар албан бичгээр Ц ХХК-ийг санхүүгийн 2019 оны эхний хагас жилийн тайлангүй бөгөөд сонгон шалгаруулалтын урилгын 2-т тавигдсан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зарлан журмын дагуу явуулахыг 1 дүгээр сургуульд мэдэгдсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу шүүх нэхэмжлэгч компаний сонгон шалгаруулалтын материалыг гаргуулахаар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас шаардахад Ц ХХК-ийн материал байхгүй талаарх лавлагааг ирүүлжээ.

Хэрэгт авагдсан сонгон шалгаруулах комиссын  2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл Ц ХХК материалдаа санхүүгийн тайлангаа хавсаргасан талаар тусгасан байх боловч сонгон шалгаруулалтад урилгад заасан 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан байсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн Ц ХХК-ийг санхүүгийн 2019 оны эхний хагас жилийн тайлангүй бөгөөд сонгон шалгаруулалтын урилгын 2-т тавигдсан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зарлан журмын дагуу явуулахыг 1 дүгээр сургуульд мэдэгдсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар ерөнхий боловсролын сургуульд хоол зүйч, мэргэжлийн тогооч, туслах тогооч ажиллахаар болж компаниуд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй болсон байна.

Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргадаг. 

Нэхэмжлэгч анх шүүхэд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох; 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж тус тус зохицуулсан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.,  37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно., 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж зааснаар хариуцагчийн гэрээ байгуулахаас татгалзсан үйлдэлийг захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох боломжтой боловч ийнхүү тогтоосноор нэхэмжлэгч эрх, ашиг сонирхол сэргэх учиртай. Гэвч дээр дурдсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлсэн учир хариуцагч Н газрын гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг[2] хууль бусад тооцсон ч нэхэмжлэгч компаний эрх ашиг сэргэхээргүй байна. 

Дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц ХХК-иас Н газарт холбогдуулан гаргасан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-ийг Н газраас зарласан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дахин сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, дахин сонгон шалгаруулалтаар шалгарсан Ю ХХК-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                              

                                                                                                                                                                                                                                                                                                                                             

ШҮҮГЧ                  Н.ДАМДИНСҮРЭН

 

 

 


[1]  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан татгалзалдаа Цэгц гэрэлт ХХК-ийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн А, Б байранд 2019-2020 оны хичээлийн жилд цайны газар болон үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн Цэгц гэрэлт ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түрээсийн гэрээ байгуулахыг даалгуулах тухай шаардлагаас татгалзах гэж илэрхийлсэн боловч өмнөх хэсэгт тус шаардлагыг өөрчилсөн гэж бичсэн тул тус шаардлагаас татгалзсан гэж үзэх боломжгүй байна. 

 

[2]  Нэхэмжлэгчийн тодорхойлсноор гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй боловч хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 3/1336 дугаар албан бичгээс үзвэл татгалзсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.