Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 114/2024/0014/З |
Дугаар | 221/МА2024/0632 |
Огноо | 2024-10-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2024/0632
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,
Нэхэмжлэгч: “Г” ХХК,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газар, Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “НӨк” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар мэдэгдлийг, “НӨк” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ЭХЯ/20240101019 дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, ЭХЯ/20240101019 дугаартай дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах”,
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөгч М.Х, хариуцагч Үнэлгээний хорооны төлөөлөгч С.Д нарын өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа,
Хэргийн индекс: 114/2024/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” ХХК нь Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газар, Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар мэдэгдлийг, “НӨк” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ЭХЯ/20240101019 дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, ЭХЯ/20240101019 дугаартай дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар мэдэгдлийг, “НӨк” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ЭХЯ/20240101019 дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, ЭХЯ/20240101019 дугаартай дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан.
Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендер сонгон шалгаруулалт нь бүхэлдээ хуульд нийцэж явагдаагүй, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерт оролцогчийг шалгаруулж чадаагүй болно.
Гэтэл үүнийг шүүхээс хариуцагчийн үйлдлийг хуульд нийцэн явагдсан улмаар нэхэмжлэгч нь шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
3.2. Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендер сонгон шалгаруулалтад тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан оролцогчийг шалгаруулаагүй, улмаар шалгарсан оролцогчийн нийлүүлэх гэж буй дулааны солилцуурын төхөөрөмж нь анх нийлүүлэхээр санал болгосон төхөөрөмжөөсөө өөр төхөөрөмж нийлүүлэх гэж байгаа болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-д “үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификат” шаардлагатай гэж тусгасан. Тендер шалгаруулалтад шалгарсан “НӨк” ХХК-ийн тендерт өгсөн баримт бичгүүд нь орчуулгын хувьд алдаатай, чанар стандартын гэрчилгээ гэж өгсөн баримт бичиг нь аж ахуйн үйл ажиллагааны гэрчилгээ байдаг. Мөн үзлэг туршилтын акт гэсэн нь тендерт санал болгосон дулааны солилцуурын төхөөрөмжийнх бус өөр төрлийн бойлерын үзлэг, туршилтын акт байдаг.
3.3. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/3535 дугаар албан бичгээр “НӨк” ХХК нь үйлдвэрлэгчийн чанар стандартын гэрчилгээг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод “4.Зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримт: үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификат” гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн.
Хариуцагч үнэлгээний хорооноос Сангийн яамнаас гомдол хянаж ирүүлсний 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ Сангийн яамнаас нэгэнт тогтоосон асуудлыг харгалзан үзэхгүйгээр “НӨк” ХХК-г чанар стандартын гэрчилгээг ирүүлсэн гэж үзэж үнэлсэн нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс оролцогч баримт бичгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчийн гуравдагч этгээдийг зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг ирүүлсэн гэж үнэлснийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Нэгэнт тендер шалгаруулалтад үнэн зөв баримт бичиг өгөх үүргээ биелүүлээгүй, орчуулгын алдаатай, тендерийн баримт бичгээр шаардсан баримт бичгийг гарган өгөөгүй байхад үүнийг шаардлага хангасан баримт бичгийг өгсөн гэж үнэлснийг шүүх зөвтгөж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.
Үүнийг тайлбарлахдаа нэхэмжлэгч нь техникийн шаардлагыг хангах шаардлагатай дагалдах баримт бичгийг гарган өгөх шаардлагыг хангаагүй тул түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “ЭХЯ/20240101019” дугаартай “дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тендерийн багц№1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад шууд шалгаруулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй болохыг шүүх анзаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж дүгнэсэн нь буруу юм.
Түүнчлэн нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар тендерийг дахин зарлан явуулах үр дагавар үүсэх тул энэ тохиолдолд нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалахаар хуульд заасан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
3.5. Анхнаасаа тус тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ бүх тендерээс татгалзах үндэслэлтэй байсан байтал шаардлагыг бүрэн хангаагүй оролцогчийг шалгаруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөрчсөн. Ийнхүү хэн нэгнийг нь ямар нэгэн байдлаар шалгаруулсан явдал нь гэрээ байгуулагдсан захиалга хийгдсэн гэдэг үндэслэлээр зөвтгөгдөх ёсгүй юм.
Иймд Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар мэдэгдлийг, “НӨк” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ЭХЯ/20240101019 дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах,
ЭХЯ/20240101019 дугаартай дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газар, Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргажээ.
2.Дархан-Уул аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01-А/32 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний тендер”-ийг зарлан, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тус тендерийн багц-1-д ирүүлсэн “НӨк” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах эрх олгосон.[1]
3.Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 159 дүгээр албан бичгээр[2] нэхэмжлэгч “Г” ХХК-д “...техникийн тодорхойлолтод заасан зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг Монгол хэл дээр байх шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичгийн 5 дугаар бүлэгт заасан маягт 4,6 батлагдсан хүснэгтийн дагуу мэдээлэл ирүүлээгүй, бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
4.Тус мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Г” ХХК-иас Сангийн яаманд ““НӨк” ХХК нь 5 төрлийн баримт бичгийн шаардлага хангаагүй” үндэслэлээр гомдол гаргасан.
Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/3535 тоот албан бичгээр[3] “НӨк” ХХК нь үйлдвэрлэгчийн чанар стандартын гэрчилгээг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй тул захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 158 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байна.
5.Уг шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин үнэлгээ хийж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 05 дугаар хурлын тэмдэглэлээр “НӨк” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.
6.Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 215 дугаар албан бичгээр[4] гуравдагч этгээдэд “НӨк” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, мөн өдрийн 216 дугаар албан бичгээр[5] нэхэмжлэгч “Г” ХХК-д “...техникийн тодорхойлолтод заасан зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг Монгол хэл дээр байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
7.Улмаар дээрх шийдвэрийг нэхэмжлэгч дахин эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 03/4165 дугаар албан бичгээр[6] “...шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан байна.
8.Дархан-Уул аймгийн Засаг дарга “НӨк” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №УТ2403000705 дугаар “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх /багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж/ ажлын гэрээ”[7]-г байгуулсан байна.
9.Хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгчийн маргаж буй “гуравдагч этгээд “НӨк” ХХК-ийн тендерт өгсөн баримт бичгүүд нь орчуулгын хувьд алдаатай” гэж маргаж буй нөхцөл байдал нотлогдоогүй, харин баталгаат орчуулгын газраар орчуулуулсан гэдэг нь тогтоогдож байна.
10.Мөн хариуцагч талын “захиалагч болон мэргэжлийн байгууллагаас баталж ирүүлсэн техникийн тодорхойлолтод үнэлгээний хорооноос дүгнэлт гаргах, өөрчлөлт оруулах боломжгүй, үзлэг, туршилтын актыг захиалагчийн шаардсаны дагуу үнэлгээнд харгалзсан, энэ нь үйлдвэрлэгчийн тус бүтээгдэхүүнийг өмнө нь захиалагчийн шаардлагын хэмжээнд үйлдвэрлэсэн эсэхийг нотлох баримт гэж үзсэн” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн “чанар стандартын гэрчилгээ, аж ахуйн үйл ажиллагааны гэрчилгээ, үзлэг туршилтын акт нь тендерт санал болгосон дулааны солилцуурын төхөөрөмжийнх бус өөр төрлийн бойлерын үзлэг, туршилтын акт” гэж маргаж буй нөхцөл байдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
11.Иймээс анхан шатны шүүхийн “нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад нэр томьёо, нэршлийн хувьд зөрүүтэй боловч доторх агуулгын хувьд ижил байх төдийгүй эрх бүхий байгууллагаас орчуулгыг алдаатай, худал орчуулсан гэдгийг тогтоосон баримт байхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д ...заасны дагуу оролцогч баримт бичгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй байх тул хариуцагчийн гуравдагч этгээдийг зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг ирүүлсэн гэж үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
12.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.
13.Хавтаст хэрэг авагдсан баримтаас үзвэл маргаж буй “бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-д /...техникийн тодорхойлолтод заасан зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримт/-ыг заавал ирүүлнэ, техникийн шаардлага хавсралт №1-н 4-д зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримт: дагалдах баримт бичиг үйлдвэрлэгчийн паспорт, заавар: монгол хэлээр, үзлэг, туршилт баталгаажуулалтын акт: монгол хэлээр, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификат, зураг, схем: монгол хэлээр шаардлагатай эсэх: бүгд тийм” гэж тусгагдсан.
14.Нэхэмжлэгч “Г” ХХК-аас үзлэг, туршилтын баталгаажуулалтын акт, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификатыг нэхэмжлэгчээс урьдчилан гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлан маргах боловч дээр дурдсан хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг хүлээн аваад эрх бүхий байгууллагад тодруулга авах хүсэлтийг гаргаагүй, уг баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендер шалгаруулалтын шийдвэр гарсны дараа энэ үндэслэлээр маргасан гэдэг нь тогтоогдож байна.
15.Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу тодруулга авах эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтаас татгалзсан шийдвэр гарсны дараа дээрх үндэслэлээр маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
16.Түүнчлэн нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад тавигдсан “зайлшгүй шаардлагатай дагалдах баримт бичгүүдийг монгол хэлээр орчуулж ирүүлээгүй, энэ талаар тодруулга, тайлбар ирүүлээгүй байх тул техникийн үзүүлэлтийн шаардлага хангахгүй” гэж нэхэмжлэгчийг тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.
17.Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гэсэн хуулийн заалтыг хариуцагчаас зөрчсөн, тодруулбал, хариуцагчийн гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль зөрчсөн бөгөөд түүний шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ