Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл   

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын туслах прокурор Г.Энхбат   

хохирогч А.Батгэрэл

шүүгдэгч Ц.Цэрэнбатын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

шүүгдэгч О.Бямбабатын өмгөөлөгч Б.Энхтуяа

шүүгдэгч Ц.Цэрэнбат, О.Бямбабат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгэн овогт Олонбаярын Бямбабат, Түгчин овогт Цэдэн-Ишийн Цэрэнбат нарт холбогдох 201619000438 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо 21-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1. 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 100 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2. 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, 3. 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 51 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 4. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 21 дүгээр шүүхийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 204 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Цэдэн-Ишийн Цэрэнбат, /РД:ОЕ81102511/

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр хүчилтийн монтер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 103-23а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 21 дүгээр шүүхийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Элжгэн овогт Олонбаярын Бямбабат, /РД:ОЕ87101719/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Ц.Цэрэнбат нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр шүүгдэгч О.Бямбабаттай бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 17-ны ноос 2016 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Их булаг” гэх газраас иргэн А.Батгэрэлийн соёолон хариун үрээ, хонгор морь нийт 2 тооны адууг хулгайлж бусдад 12.105.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Цэрэнбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 тооны адуу хулгайлсан нь үнэн гэв.

 

Шүүгдэгч О.Бямбабат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 тооны адуу хулгайлсан нь үнэн. Би хохирлоо төлж барагдуулж хохирогч А.Батгэрэлд 6.000.000 төгрөгийг төлсөн гэв.

 

Хохирогч А.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэмт хэргийн улмаас 2 тооны адуу хулгайлагдсан. Хулгайлагдсан 2 тооны адууны хувьд хурдан удмын, олон удаа уралдаанд оролцож авч байсан гавъяа шагналыг нь хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Хурдан удмынхаа адууг хулгайд алдаж, махлаж заруулахыг сонсоход хэцүү санагдаж байсан. Хохирлын хувьд үнэлгээний компаний үнэлсэн үнэлгээ болон хуулийн байгууллагын явуулж байгаа ажиллагааны дагуу хохирлыг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. О.Бямбабат надад 2 тооны адууг төлбөрт өгсөн тул би О.Бямбабатаас хохирлын 50 хувийг авсан гэж бодож байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Алтанхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Пүрэвжав гэх хүнээс 3.800.000 төгрөгийг бэлнээр өгөөд машиныг худалдаж авсан. Тухайн үед 17-55 УБӨ улсын дугаартай “Үлэмж Их Оргил” гэх авто ломбардын нэр дээр байсан. Пүрэвжав гэх хүнээс шууд ломбарнаас нэрээ шилжүүлж авсан. Би уг тээврийн хэрэгслээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж огт мэдээгүй. Би өөрийн эзэмшлийн машинаа улсын орлого болгомооргүй байна. Хэрэв улсын орлого болгох юм бол би анх худалдаж авсан үнэ болох 3.800.000 төгрөгөө нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Мөнхөө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Баянцогт суманд “Их булаг” гэх газарт А.Батгэрэлийн малыг малладаг. 2016 оны 06 дугаар сарын 17-ны орой гэрийнхээ ойролцоох 50 метр газар чөдөрлөж аргамжаад хонуулсан. Халиун морио чөдөрлөөд хонгор морио аргамжсан. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өглөө босоод харахад адууны аргамжаа нь үлдсэн 2 морь байхгүй байсан. Тэгээд хойд мод руу орсон байх гэж хайгаад олоогүй. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хойд уулын энгэрт адууны толгой сэвс нь байсан. Хулгайд алдсаныг нь мэдээд Батгэрэлд мэдэгдсэн. Алдагдсан 2 адуу манай захирал А.Батгэрэлийн адуу, халиун морь нь уралддаг байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Гэрч Т.Пүрэвжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 17-55 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаагүй. 2015 онд Жаргалант сумын Мөнхболд гэх хүнээс 5.000.000 төгрөгөөр худалдаж аваад шууд ломбарданд барьцаанд тавьсан юм. Тэгээд тэр хугацаандаа холын хамаатан болох Бямбабат надаас худалдаж авна гээд машиныг надаас авч 3-4 хоног унасан юм. Бямбабат машиныг худалдаж авахаа болихоор нь би Булган аймгийн хүнд 2.500.000 төгрөгөөр зараад шууд ломбарднаас худалдаж авсан залуугийн нэр рүү шилжүүлээд явуулчихсан. 17-55 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо хаана байгааг мэдэхгүй байна. Бямбабатыг цагдаад баригдсан гэж дуулаад хулгайн гэмт хэрэгт холбогдсоныг мэдсэн. Бямбабатыг цагдаад баригдахаас өмнө нь машиныг зарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээний тайлан: Соёолон халиун үрээ 11.000.000 төгрөг, Хонгор морь 1.105.000 төгрөг, нийт 12.105.000 төгрөг /хх-ийн 25-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Цэрэнбат, О.Бямбабат нар бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 17-ны ноос 2016 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Их булаг” гэх газраас иргэн А.Батгэрэлийн соёолон хариун үрээ, хонгор морь нийт 2 тооны адууг хулгайлж бусдад 12.105.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 8-9/

иргэний нэхэмжлэгч Б.Алтанхуягийн.... би уг тээврийн хэрэгслээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж огт мэдээгүй. Би өөрийн эзэмшлийн машинаа улсын орлого болгомооргүй байна. Хэрэв улсын орлого болгох юм бол би анх худалдаж авсан үнэ болох 3.800.000 төгрөгөө нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хх-ийн 115-116/

гэрч Т.Пүрэвжавын... Булган аймгийн хүнд 2.500.000 төгрөгөөр зараад шууд ломбарднаас худалдаж авсан залуугийн нэр рүү шилжүүлээд явуулчихсан. 17-55 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо хаана байгааг мэдэхгүй байна. Бямбабатыг цагдаад баригдсан гэж дуулаад хулгайн гэмт хэрэгт холбогдсоныг мэдсэн гэх мэдүүлэг /хх-23/

гэрч Ш.Мөнхөөгийн.... 2016 оны 06 дугаар сарын 18-ны өглөө босоод харахад адууны аргамжаа нь үлдсэн 2 морь байхгүй байсан. Тэгээд хойд мод руу орсон байх гэж хайгаад олоогүй. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хойд уулын энгэрт адууны толгой, сэвс нь байсан. Хулгайд алдсаныг нь мэдээд Батгэрэлд мэдэгдсэн. Алдагдсан 2 адуу манай захирал А.Батгэрэлийн адуу, халиун морь нь уралддаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ц.Цэрэнбат, О.Бямбабат нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч О.Бямбабатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Цэрэнбат, О.Бямбабат нар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 39-85 БУЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэний нэхэмжлэгч Б.Алтанхуягийн нэр дээр бүртгэлтэй гэдэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, техникийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа болон иргэний нэхэмжлэгч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул 39-85 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэж эзэмшигч Б.Алтанхуягт буцаан олгох, шүүгдэгч Ц.Цэрэнбат хохирол төлбөрөө төлөөгүй болон Ц.Цэрэнбат, О.Бямбабат нарын эд хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн О.Бямбабатын эзэмшлийн Мереа маркийн саарал өнгийн хөргөгч 1 ширхэг, Хайер маркийн цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Цэрэнбатын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин 1 ширхэг, цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, Монел маркийн саарал өнгийн телевизор 1 ширхэг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Б.Алтанхуягийн эзэмшлийн 39-85 БУЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч О.Бямбабат нь 14 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.Цэрэнбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Батгэрэлд хохирлын 12.105.000 төгрөгнөөс 6.052.500 төгрөгийг шүүгдэгч О.Бямбабат төлсөн, хохирлын үлдэгдэл 6.052.500 төгрөгийг шүүгдэгч Ц.Цэрэнбатаас гаргуулж хохирогч А.Батгэрэлд олгохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Цэдэн-Ишийн Цэрэнбат, Элжгэн овогт Олонбаярын Бямбабат нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Ц.Цэрэнбатыг 6 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Бямбабатыг 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Цэрэнбатад 6 сарын хугацаагаар ялтан О.Бямбабатад 4 сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

4. Ялтан Ц.Цэрэнбат, О.Бямбабат нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Бямбабатын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн О.Бямбабатын эзэмшлийн Медеа маркийн хөргөгч 1 ширхэг, Хайер маркийн цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэг, мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Цэрэнбатын эзэмшлийн цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэг, цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, саарал өнгийн монел маркийн телевизор 1 ширхэг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Б.Алтанхуягийн эзэмшлийн 39-85 БУЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нарт буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Цэрэнбат цагдаг хоригдсон хоноггүй, ялтан О.Бямбабат хохирогч А.Батгэрэлд 6.052.500 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Цэрэнбатын нэр хөрөнгөнөөс 6.052.500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батгэрэлд олгосугай.

  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Цэрэнбат, О.Бямбабат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ