Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 402

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02795 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.А,

Хариуцагч МСургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А нь Мсургуулийн захирлын 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 505 тоот тушаалаар М СУРГУУЛЬ-ийн Биологи, биотехнологийн сургуулийн Ургамал судлалын тэнхимд туслах ажилтнаар томилогдон, 2015 оноос М СУРГУУЛЬ-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл М СУРГУУЛЬ-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 43 дугаар зүйл, М СУРГУУЛЬ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

М СУРГУУЛЬ-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар М СУРГУУЛЬ-ийн сургалтын журмын 4.6.12.6, 4.6.12.8-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. М СУРГУУЛЬ-ийн Сургалтын журмын 4.6.12.6-д шалгагч багш дүнгээ шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор мэдээллийн системд оруулах үүрэгтэй. Шалгагдвал зохих суралцагчийн нэрс, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг хэвлэн, хянан, гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд хүлээлгэн өгнө. Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авч баталгаажуулна. Гараар хийсэн шалгалтын хуудас хүчингүй, 4.6.12.8-т хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтанд ирээгүй суралцагчид F буюу хангалтгүй үнэлгээ тавина. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол нотлох баримтыг үндэслэн E тэмдэглэгээ хийнэ. Нотлох баримтыг өргөдлийг хамт шалгалт авснаас хойш 3 хоногийн дотор багшид өгнө. Багш нотлох баримт өргөдлийг дүнгийн жагсаалтын хамт сургалтын албанд өгнө. I, E тэмдэглэгээтэй суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина гэж тус тус заасан байдаг бөгөөд миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй огт хамааралгүй юм.

Миний хувьд сургалтын системд өөрийн хүсэл, ашиг сонирхлоор дур мэдэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй, зөвхөн гүйцэтгэх албан тушаалтны хувьд багшийн гарын үсэг, сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу дүнг системд оруулсан нь үнэн бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гэж үзэхгүй. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-т хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасантай нийцэхгүй байна.

М СУРГУУЛЬ-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 19-т хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно гэж заасантай нийцээгүй бөгөөд улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн тушаал болсон.

Иймд М СУРГУУЛЬ-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мсургуулийн Хууль Зүйн сургуулийн сургалтын мэдээллийн санд нэвтэрч дүн зассан асуудал үүссэн. Ингээд Хууль зүйн сургуулиас эрх бүхий албан тушаалтнууд томилогдож Сургалт, оюутан хариуцсан дэд захирал н.Очирхуяг, Хууль Зүйн сургуулийн захирал н.Эрдэнэбулган, Сургалтын нэгдсэн албаны дарга н.Одонтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй дүн зассан асуудал дээр хяналт тавьж ажилласан. 2017 оны 3, 4, 5, 6 дугаар сард Хууль Зүйн сургуулийн сургалтын албанаас 93 сурагчийн 151 дүнг мэдээллийн системд сургалтын журам зөрчиж оруулсан зүйл гарсан. Ажлын хэсэг дүгнэлтээрээ 5 оюутны 8 дүнг огт зөвшөөрөгдөхгүй байна гэж дүгнэсэн. Хууль Зүйн сургуулийн сургалтын албаны ажилтан Н.А, н.Баярсайхан нарыг ажлаас чөлөөлөх, н.Амарбаясгаланг сургалтын албаны даргаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг сургуулийн захирал н.Төмөрбаатарт уламжилсан байдаг. Үүний дагуу Н.Аыг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Аыг МСургуулийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мсургуулиас 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 393 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Аын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мсургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.А нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Мсургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 85 240 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М СУРГУУЛЬ-ийн Сургалтын журмын 4.2.5.1-д заасны дагуу бакалаврын өдөр, орой, эчнээ хөтөлбөрийн элсэлтийг жилд 1 удаа зохион байгуулж М СУРГУУЛЬ-ийн захирлын тушаалаар элсүүлдэг. Хэрэгт авагдсан баримтууд буюу ажлын хэсгийн дүгнэлт, Хууль зүйн сургуулийн 2017 оны 3 дугаар сараас хойш хөтөлбөрт өөрчлөлт оруулсан оюутнуудын мэдээлэл, Хууль зүйн сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд засагдсан дүнгийн жагсаалтаас  үзэхэд Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтнүүд дүн засварлахын тулд өдрийн ангийн оюутнуудыг эчнээ ангид суралцдаг болгон өөрчилж хуурамч бичиг баримт үйлдсэн ноцтой зөрчил гаргасан. Хуурамч бүртгэл мэдээллийг оруулж, дүн зассан нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс Н.Аыг Сургалтын журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй.

М СУРГУУЛЬ-ийн сургалтын журмын 4.6.12.8-д зааснаар “суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина” гэж заасан. Үүний дагуу дараагийн улирлын эхний 1 сараас хойш дүн оруулах систем хаагддаг. Гэтэл Хууль зүйн сургуулийн  сургалтын албанаас эдгээр журамд заасан хугацааг хэтрүүлэн дүн оруулснаас гадна хаалттай мэдээллийн системд хуурамч бүртгэл хийж дүн засварласан. Иймд хууль зүйн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтэн  Н.А нь М СУРГУУЛЬ-н сургалтын журмыг ноцтой зөрчсөн.

Дээрх бүх хөтөлбөр сольсон буюу мэдээллийг өөрчилсөн зорилго нь суралцагчдын дүнг засварлахын тулд өөрчилсөн болохыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрсөн байдаг. Бөгөөд оюутнуудын бүртгэл мэдээллийг хуурамчаар үйлдэх, дүнг засварлах зэрэг нь М СУРГУУЛЬ-ийн үнэт зүйл, үндсэн чиг үүрэгт ноцтой харш үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Н.А нь МСургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, МСургуулийн Сургалтын журмын 4.6.12.6, 4.6.12.8 дахь заалтыг сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн Н.А зөрчсөн нь тогтоогдсон тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагч тайлбарлан маргажээ.

            Сургалтын журам зөрчсөн асуудлыг ажлын хэсэг томилж шалгаж тогтоосон гэж зохигчид тайлбарласан ба хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсгийн дүгнэлт”-д журмын 4.10.1 дэх заалтыг зөрчиж дүнгийн гомдол гаргах хугацаа дууссан хойно буюу 2017 оны 3, 4, 5, 6 дугаар сард Хууль зүйн сургуулийн сургалтын албанаас 93 суралцагчийн дүнг сургалтын мэдээллийн системд оруулж баталгаажуулсан, мөн 64 суралцагчийн суралцах төлөвийг өөрчлөх замаар дүнг оруулсан нь тогтоогдсон боловч 143 дүнг тодорхой нөхцөл, шалтгааныг харгалзан зөвшөөрсөн, зөрчилд тооцоогүй талаар дурджээ.

            Харин ажлын хэсэг 8 дүнг баталгаажуулсныг зөрчилд тооцсон гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, эдгээрийг дур мэдэн мэдээллийн баазад оруулаагүй, сургалтын албаны даргын зөвшөөрлөөр хийсэн гэснийг хариуцагч үгүйсгэсэн баримтыг гаргаагүй. Тодруулбал, Н.Аын чухам ямар буруутай үйлдэл тогтоогдсоныг тухайлан тогтоосон баримтгүй байна.

            Түүнчлэн Н.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хх-10/ 5.3-т ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл гэж тодорхой төрлийн зөрчлийг нэрлэн заасны дотор сургалтын журам зөрчсөн бол гэрээ дуусгавар болгох талаар тухайлан заагаагүй байна.

            Дээрхээс үзвэл Н.Аыг “сургалтын журам”-д заасныг зөрчсөн гэж үзэх болон хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй, мөн ийнхүү дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

            Иймд Н.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцээгүй тул хариуцагчийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх хязгаарлагдсан гэж үзэх бөгөөд шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг урьд авч байсан цалин хөлсний дунджаар тооцон олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

            Мөн ажилгүй байсан хугацаанд олгосон олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн суутгаж, дэвтэрт бичилт хийх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 155 441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.НАРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ