Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/363

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

    Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

    Улсын яллагч Э.Уламбаяр,

    Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2238000000665  дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мобиком” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбараас “Huawei Nova-9SE” маркийн гар утсыг хулгайлан авч бусдад 1,199,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүгдэгч ******************холбогдох эрүүгийн 2238000000665  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 11-13-р хуудас),

Гадна хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16-р хуудас),

             Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед манай салбар дотор байх үзүүлэнгийн хөр өнгийн “Huawei Nova-9SE” маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. Тухайн утас 2022 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод байх төв салбараас ирсэн. Хяналтын камерын бичлэгт улаан өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, ногоон цоохор өнгийн даавуун уутан цүнтэй эмэгтэй хүн манай байгууллагын үзүүлэнгийн утсыг хулгайлж байгаа нь бичигдсэн байна. Тухайн үед уг эмэгтэй манай үзүүлэнгийн утсыг дохиоллоос нь салгахад манай байгууллагын дохиолол дуугарсан. Тэр үед тухайн утсыг ширээн дээр үлдээгээд өөр газар очиж зогссон. Манай байгууллагын ажилтан дохиолол дуугарсан тул ширээн дээр байсан үзүүлэнгийн утаснуудаа зайнаас харахад хүнгүй байсан учир дохиоллоо унтраасан. Түүний дараа нөгөө эмэгтэй ирээд үзүүлэнгийн утсыг авч цүнхэндээ хийн гарч явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

       Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...******************нь манай хамгийн бага хүүхэд байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өглөөний 11 цагийн үед би төрсөн охин болох Мөнхжаргалын хамтаар 5 дугаар хороонд байх гэрээсээ гараад шууд талбай дээр байсан үзэсгэлэн худалдаан дээр ирээд өөрийн хийсэн ааруул, вариан зараад байж байгаад нэг харсан чинь Мөнхжаргал байхгүй болсон байсан... Гэрт ямар нэгэн утас харагдаагүй. ******************нь энэ тэнд явж байхдаа хаячихсан болов уу гэж бодож байна. ******************нь маш их ууртай сэтгэцийн хяналтад хугацаагүй грүппт байдаг. Жилдээ 2-3 удаа эмнэлэгт хэвтдэг. Гэртээ тогтдоггүй ийш тийшээ явчихдаг...” гэх мэдүүлэг,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай салбараас үзүүлэнгийн “Huawei Nova-9SE” маркийн гар утас хулгайд алдагдсан. Хяналтын камер шүүж үзэхэд улаан хүрэн өнгийн цамцтай, хар өнгийн ногоон өмдтэй, ногоон хүрэн өнгийн даавуун торон цүнхтэй эмэгтэй хүн дээр дурдсан гар утсыг хууль бусаар авч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),

         Шинжээч эмч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************нь оюуны хүндэвтэр хомсдол гэж онош батлагдсан өөрөө өөртөө үйлчлэх чадамжгүй, тогтмол асаргаа, эмчилгээ шаардсан хяналтын хүн. Жилд 3-4 удаа Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт тогтмол хэвтэн эмчлүүлдэг. Сэтгэцийн байдал өөртөө эсхүл бусдад аюул учруулдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-р хуудас),

           “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Huawei Nova-9SE” утас 1 ширхэг нийт үнэ 1.199.000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 34-36-р хуудас),

  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 52 дугаартай дүгнэлт шинжилгээ:

1. ******************нь төрөлхийн оюун ухааны хүнд хомсдолтой.

2. ******************нь энэ өвчний учир 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай нь тогтоогдож нэг жилээр сунгагдаж өрх, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг.

3. ******************нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй.

4. ******************оюун ухааны хүнд хомсдол, зан төрхийн өөрчлөлт, уналт таталт өвчний учир хэвтэн эмчлэгддэг болно. Уг өвчин эдгэрэх боломжгүй.

5. ******************нь хэрэг хариуцах чадваргүй.” гэх дүгнэлт (хх-ийн 47-49-р хуудас),

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, амбулаторийн картын  хуулбар (хх-ийн 57, 60-66-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Эрүүгийн 2238000000665 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль

ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч ******************нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мобиком” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбараас “Huawei Nova-9SE” маркийн гар утсыг хулгайлан авч бусдад 1,199,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 11-13-р хуудас),

           Гадна хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16-р хуудас),

          Хохирогч ******************(хх-ийн 20-21-р хуудас),  гэрч ******************(хх-ийн 28-29-р хуудас), шинжээч эмч ******************(хх-ийн 53-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

   Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

           “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Huawei Nova-9SE” утас 1 ширхэг нийт үнэ 1.199.000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 34-36-р хуудас),

        Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 52 дугаартай дүгнэлт (хх-ийн 47-49-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч ******************эмнэлгийн чанартай албадлагын аргах хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь “Мобиком” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбараас “Huawei Nova-9SE” маркийн гар утсыг хулгайлан авч бусдад 1,199,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг нөхөн төлөөгүй мөн “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ хийсэн 30,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч ******************1,229,000 төгрөгийг гаргуулж “Мобиком” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч ******************нь төрөлхийн оюун ухааны хүнд хомсдол өвчний улмаас дээрх гэмт хэргийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байх үедээ үйлдсэн болох нь:

      Шинжээч эмч ******************(хх-ийн 53-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

 Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 52 дугаартай дүгнэлт (хх-ийн 47-49-р хуудас) зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ******************эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, зан төлөв, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын дүгнэлт, прокурорын санал зэргийг үндэслэн өөртөө, эсхүл бусдад аюул учруулах, нийгэмд аюултай гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох, түүнийг эмчилж эдгэрүүлэх, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 2 сарын хугацаагаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******************Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт хүргэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт, шүүгдэгчид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн прокурорын газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000665 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1,  19.3 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн 4.2, 6 дахь хэсэг, 36.6, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                          ТОГТООХ нь:        

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг ****************** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ******************авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт 2 (хоёр) сарын хугацаагаар авсугай.

      4. Шүүгдэгч ******************Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт хүргэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт,  шүүгдэгчид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хяналт тавихыг Хөвсгөл аймгийн прокурорын газарт тус тус даалгасугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***************** хууль ёсны төлөөлөгч ******************1,229,000 төгрөгийг гаргуулж “Мобиком” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарт олгосугай.

     6. Эрүүгийн 2238000000665  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР