Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2019/00261

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А”ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Д”ХХК -д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,111,275 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4,038,725 төгрөг гаргуулаах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ”А”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Д”ХХК-тай 17/4 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “Д”ХХК-иар 12 ширхэг амины орон сууцны буюу 3,120 м.кв талбай бүхий барилгын дотор хананы шавар 3,200 м.кв, дутуу дутуу байгаа хананы өрлөг нийт 571 м.кв, хар цагаан замаскийг 3,400 м.кв, хар шалны ажил 2,900 м.кв, мөн хаалганы цонхны амалгааны ажил, цонхны засвар, цэвэрлгээний хөлс зэргийг хийлгэхээр хөлсөө 50,000,000 төгрөгөөр тохиролцож ажпын хөлсний урьдчилгаа төлбөрт Пийк Микро Финанс ХХК-д барьцаанд тавьсан байсан 50,000,000 төгрөгийн үнэ бүхий Toyota sequoia маркийн ,,,, УНБ улсын дугаартай автомашины барьцааг чөлөөлж дээрх автомашиныг “Д”ХХК-д хүлээлгэн өгсөн.

Гэтэл “Д”ХХК нь гэрээний дагуу хийж ёстой ажлаа бүрэн хийгээгүй буюу гэрээнд заасан ажлаас дутуу байгаа 12-ын ханын өрлөгөөс 367 м.кв, 24-ийн хананы өрлөгөөс 46 м.кв, З6-ийн ханын өрлөгөөс 108 м.кв, дотор хананын шавар 913 м.кв, дотор шат зэргийг хийж гүйцэтгэсэн буюу энэ нь 14,038,725 төгрөгийн ажил болдог бөгөөд үлдэгдэл 17,111,275 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул Д" ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 17,111,275 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “Д”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани тус компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэсэн нь үнэн. Харин ажлын төлбөрт 50 сая төгрөг авсан гэж үндэслэлгүй нэхэмжпэл гаргасан байна. “А”ХХК-иас манай компанид 50 сая төгрөг болон автомашин хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Харин бартераар машин өгье гэж тохиролцсон боловч тухайн автомашин нь зээлийн барьцаанд байсан тул иргэн Д.Б-ээр зээлийн үлдэгдлийг хаалгаж, түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Д.Б нь зээлийн үлдэгдэл хаасан үнийн зөрүү болгож, надад 10 сая төгрөг өгсөн. Тиймээс тус гэрээний дагуу миний бие 10 сая төгрөг л авсан. Үндэслэлгүйгээр манай компаниас 17 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Д”ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Манай “Д”XXК нь “А”ХХК-тай харилцан тохиролцож ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцад тус “А”ХХК-иас шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил зогсож, 14,038,725 төгрөгийн ажил гүйцэтгэж, тооцож хүлээлгэн өгсөн. Гэрээний төлбөртөө бартераар машин өгье гэж тохиролцсон, тухайн автомашин нь зээлийн барьцаанд байсан тул иргэн Батхүүгээр зээлийн үлдэгдлийг хаалгаж, түүний нэр дээр уг машиныг шилжүүлж өгсөн. Батхүү нь зээлийн үлдэгдэл хаасан үнийн зөрүү болгож, надад 10 сая төгрөг өгсөн. Тиймээс тус гэрээний дагуу миний бие 10 сая төгрөг л авсан. Ажил гүйцэтгэсэн хөлсний үлдэгдэл төлбөр 4,038,725 төгрөгийг “А”ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “А”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллагад өр төлбөртэй атал 4 сая гаруй төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Манай байгууллагад гүйцэт хийгээгүй ажлын мөнгийг буцааж өгөх ёстой болохоос авах мөнгө, өр төлбөр байхгүй. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А”ХХК нь хариуцагч “Д”ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гүйцэтгээгүй ажлын хөлс 17,111,275 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 4,038,725 төгрөгийг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг өгсөн. 17,111,275 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй тул гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул илүү төлсөн ажлын хөлсийг буцаан гаргуулна, автомашиныг бусдад хэдээр зарах нь хариуцагчийн өөрийнх нь асуудал гэсэн тайлбарыг, хариуцагч талаас ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажилласан хэдий ч бүрэн дуусгах боломж олгоогүй, үүнд өөрсдөө буруутай. Манай зүгээс ажлыг дуусгах боломжтой байсан. Ажлын хөлсийг барьцаанд тавьсан автомашинаар тооцно гэсэн бөгөөд тэр машин нь 50 сая төгрөг хүрэхээргүй байсан, бусдад зараад барьцаанаас чөлөөлөөд надад ажлын хөлс 10 сая төгрөг ирсэн. Гүйцэтгэсэн ажилд ногдох ажлын хөлс 14,038,725 төгрөг болсон тул зөрүү хөлс мөнгөө гаргуулна гэсэн тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 4 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг хэлцлээр “А”ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 260 м.кв талбай бүхий 12 ширхэг амины орон сууцны нийт 3,120 м.кв талбай бүхий барилгын дотор ханын шавар, дутуу байгаа ханын өрлөг, цонх, шал, замаскийн ажлыг 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлс 58,592,600 төгрөгийг бартераар харилцан тохиролцож, ,,,, УБН TOYOTA Sequoia маркийн автомашиныг 50 сая төгрөгт тооцон үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож бартераар төлнө, төлбөрийг өрлөг шаврын ажил дуусахад автомашиныг шилжүүлж өгнө, үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон ажил дуусахад шилжүүлж өгнө гэж хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож байгуулсан, хуульд заасан хэлцэл байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.2 Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн шаардлагын хүрээнд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зохигчийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан гэрээ, ажил гүйцэтгэсэн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх харилцаа үүссэн байх бөгөөд захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч хөлсөө шаардах, ажил гүйцэтгэгч илүү төлбөр авсан бол үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгийг захиалагч буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч талаас ...”А”ХХК-иас шалтгаалан ажил зогссон, 14,038,725 төгрөгийн ажил хүлээлгэж өгсөн. Гурван сар болох хугацаанд манай хүмүүс сар арав хоног ажилласан. Сул зогсолттой байсан. Учир нь бараа материал байхгүй тасалдсан. Барилгын ажил өдөр хоног өнгөрөх тусам зарлага ихэсдэг. Тэгээд ажилчдаа ажлын хөлсийг нь өгөх үүднээс “А”ХХК-аас Toyota Sequoia маркийн автомашиныг нэхэмжилсэн. Яг авах болсон чинь автоломбарданд байгаа гэсэн. Манайх ажил гүйцэтгэгч тиймээс ажлаа хийж гүйцэтгэсэн, харин нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлж, бараа материалаар хангаагүй. Бараа материалаар хангасан бол ажлаа хийгээд дуусгах байсан. “А”ХХК-аас гэрээний үүргээ түрүүлж зөрчсөн гэх татгалзлыг гаргадаг ба зохигч хэн аль нь 14,038,725 төгрөгийг ажил гүйцэтгэсэн, ажлыг хүлээн авсан, улмаар гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргадаггүй ба хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзаж болох эсхүл гэрээний аль нэг талын үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийн улмаас нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болохыг Иргэний хуульд заасанчлан нэхэмжлэгч талаас гэрээг цуцалсан үндэслэл хуульд нийцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “Д”ХХК-ийн захирал Н.Нямбаяр ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсөнд 50 сая төгрөгийн үнэ бүхий 6488 УБН TOYOTA Sequoia маркийн автомашиныг авахаар тохиролцсон, ажлын явцад уг машиныг нэхэмжилсэн, бусдад худалдсан, тухайн барилгын ажил гэрээнд заасан 45 хоногтоо дуусаагүй зогссон үйл баримт нь ажил гүйцэтгэх гэрээ /хх 7-11/, үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт /хх 6/ болон талуудын тайлбар, гэрч Д.Н, Д.Б нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зөрчсөн гэх тайлбараа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн буюу хариуцагчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй ба нэхэмжлэгч буюу захиалагчийн үүрэг зөрчснөөс ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Нөгөө талаар хариуцагчийн сөрөг шаардлагын хувьд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заажээ. Захиалагч буюу нэхэмжлэгч тал дутуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авснаа илэрхийлж улмаар тухайн ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлсэн гэдэг хэдий ч хариуцагч тал ажлын хөлсийг дутуу төлсөн гэж сөрөг шаардлагыг гаргасан.

 

Сөрөг болон үндсэн шаардлагын үндэслэл буюу маргааны гол асуудал бол ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бартераар буюу 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашинаар тооцох тохиролцоо байна. Тухайн авто машины зах зээлийн үнэ 50 сая төгрөг хүрэхгүй, эвдрэл гэмтэлтэй, эрхийн зөрчилтэй байсан гэж хариуцагч талаас, Автомашиныг харилцан тохиролцож үнийг тогтоосон, хэдий ломбардад байсан ч машиныг шилжүүлснээр хариуцагч төлбөр тооцоогоо авсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 4 сарын 28-ны өдөр автомашины үнийг 50,000,000 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон болох нь ажил гүйцэтгэх гэрээгээр /хх 7-10/, 2017 оны 6 сарын 23-ны өдөр 30 орчим сая төгрөгөөр худалдагдагдсан болох нь хариуцагч болон гэрч Д.Б-ийн мэдүүлэг, тайлбараар, улмаар мөн өдөр Д.Б-ийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар, 2017 оны 7 сарын 18-ны өдөр 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг хүлээн авсан, шилжүүлсэн болох нь нөхөж хийсэн гэх үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримтаар /хх 6/ тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагч талын автомашины үнэ 50,000,000 төгрөг хүрэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч тал нь 30 орчим сая төгрөгөөр автомашиныг худалдсан тухайн цаг хугацаанаас хойно үндсэн хөрөнгө шилжүүлэх баримтыг үйлдсэн байх ба уг баримтад ...автомашины анхны өртөг, худалдан авсан үнэ 50,000,000 төгрөг, хүлээн авах, хүлээлгэн өгөн үед үндсэн хөрөнгө 28,200,000 төгрөг байв, бэлнээр төлсөн 21,800,000 төгрөг, 28,200,000 төгрөгийг бартерийн хөлсөнд тооцсон гэж заасан байна.

 

Дээрх баримтаар болон нэхэмжлэгчийн ...хариуцагч ажлын хөлсөө нэхэмжилсэн учир тухайн автомашиныг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн гэх тайлбараар, гэрч Д.Б-ийн ...Н гэх энэ залуугаас автомашиныг худалдан авсан гэх мэдүүлгээр 6488 УБН TOYOTA Sequoia маркийн автомашиныг хариуцагч нь бусдад худалдсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч тал автомашиний үнийн зөрүүг хариуцах үндэслэлтэй. Хариуцагч автомашиныг бусдад шилжүүлэх үед TOYOTA Sequoia маркийн автомашины эзэмшигч буюу өмчлөгч нь “А”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Бэрхээдэйн Ганбаяр /хх 52/ байсан ба түүний Пийк Микро Финанс ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ /хх 13-17/ дуусгавар болсноор автомашин барьцаанаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй.

 

Нэгэнт нэхэмжлэгч “А”ХХК, “Д”ХХК-иудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж явцдаа цуцлагдсан, 14,038,725 төгрөгийн ажлыг хариуцагч хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал нь хариуцагчид шилжүүлэн өгсөн, улмаар бусдад зарагдсан 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашины үнээс 21,800,000 төгрөгөөр зээлийн үүргийг дуусгавар болгосон, 28,200,000 төгрөгийг барилгын ажлын хөлсөнд тооцсон болох нь үйл баримтаар тогтоогдож байна. Иймээс гүйцэтгэсэн ажлын хөлс 14,038,725 төгрөгийг суутган илүү төлсөн 14,161,275 төгрөгийг буцаан нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн төлбөрийн зарим хэсгийг буюу 14,161,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж шүүх дүгнэв. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн хэдий ч нэхэмжлэгч талын дээрх 14,161,275 төгрөгийн шаардлага нь гэрээний харилцаа, үүргийн дагуух төлбөр мөнгө биш бөгөөд хариуцагч нь ямар нэг гэрээ, үүрэггүйгээр олж авсан хөрөнгө байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын ажлын хөлсний дутуу 4,038,725 төгрөг гаргуулах шаардлага хуулийн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн гэх тайлбар нотлогдож байх тул сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох цонх засварын 2,500,000 төгрөг, цэвэрлэгээний 450,000 төгрөг гаргуулах шаардлага баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч тал нь хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлагаа нотлоогүй үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тэмдэглэж байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д”ХХК-иас 14,161,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,950,000 төгрөгийг, хариуцагч “Д”ХХК-ний сөрөг шаардлага болох 4,038,725 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 243,507 төгрөгийг, хариуцагчийн 79,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ