| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0360/э |
| Дугаар | 2022/ШЦТ/360 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000405 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жил 7 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/281 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны орой *******тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь цохиж биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Холбогдсон хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би ахын адууг 2022 оны 6 сараас эхэлж малласан. Тухайн өдөр *******ийнх нүүн ирж ахтай малын бэлчээрээс болж маргалдсан. Намайг машин дотор сууж байхад хүү нь ирж хамар руу мөргөж зодсон ба дараа нь аавтайгаа нийлж зодсон. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* ахын хүү ирж хохирол төлбөр өгье гэхэд нь би шүүх хуралдааны дараа авна гэж хэлсэн. Би одоогоор хохирол төлбөр аваагүй. Цаашид хийлгэх эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн үед 700 орчим тооны адуугаа услаад зүүн урагш гаргачихаад гэртээ ирээд байхад саахалт айлын хүмүүс миний хариулдаг адуунуудыг мотоциклтой хойшоо чиглэлтэй хурдан тууж байхаар нь ахын хамт Ланд-76 маркийн машинтай ямар шалтгааны улмаас адуу туусан талаар тодруулж очиход *******, хүүхэд , эхнэр нарын хамтаар байж байхаар нь тухайн хүмүүст хандаж “Адуу зөөлөн дарахгүй яав, хүний хэл мэдэхгүй ш дээ” гэж хэлэхэд над руу дайраад байсан. Намайг машинд сууж байхад татаж буулгаад маргалдаж байхад ******* ах намайг 2 удаа цохисон. ******* ах намайг 2 цохиход хамраас цус гарсан. ******* ах миний биед гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-ийн 10-14/
Б. мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би машинаас буугаагүй сууж байхад ******* ирээд ална гэж хэлээд цамцнаас зулгаагаад буулгах гэхэд нь би цаашаа болоход намайг татаад байсан. Энэ үедээ машины хаалгыг өвдөглөөд байх шиг байсан. Тэгэхэд машины хаалга хонхойлгосон гэж бодож байна. Намайг цохиж зодсон зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед гэмтэл учраагүй байна. Манай малчин ******* машинаас буугаад *******ийн хүү цохиод авахад ******* хүүхдээ өмөөрөөд манай малчинг 2-3 удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 22-23/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зуслангаасаа нүүгээд 1 дүгээр баг, ******* гэх газарт өвөлжөөндөө буусан. Ирэхэд хажуу айлын ын адуунууд манай хашаанд бэлчээд хашаа хороо эвдсэн байхаар нь адууг нь хөөлгөөд байж байтал ирээд “Яагаад адуу хөөгөөд байгаа юм” гэхээр нь манай нөхөр “Адуу чинь хашаанд бэлчиж байна, өөр газар бэлчээж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд бэлчээр дээрээс болж маргаан болоод байж байтал ын малчин гэх хүүхэд машинаасаа бууж ирээд манай хүү цохиод авахад манай нөхөр ******* малчин хүүхдийг 2 удаа алгадаад авахаар нь би болиулаад явсан...” гэжээ. /хх-ийн 34-35/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...саахалт ын адуунууд манай хашаанд орж ирчихсэн бэлчиж байхаар нь би адууг нь цааш хөөгөөд гэртээ байж байтал ах ирээд “Адуу мал хөөгөөд яаж байгаа юм” гэхээр нь аав ******* “Манай хашаанд бэлчиж байгаа юм чинь хөөлгүй яах вэ дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. ахын хажууд сууж байсан малчин залуу машинаас бууж ирээд намайг хацар руу цохиод авахад аав ******* уурлаад миний ганц хүүг цохилоо гээд малчин залууг цохиод авах шиг болсон. Энэ үед малчин залуугийн хамраас цус гарч байсан...” гэжээ. /хх-ийн 38-39/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 618 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 41-42/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хаваржаандаа малаа маллаж байгаад өвөлжөөндөө буюу 1 дүгээр баг, гэх газарт очсон. Ингээд очиход манай өвөлжөөнд саахалт айл ын адуунууд бэлчиж байхаар нь хөөж явуулаад гэрээ барьж байтал малчин хүүхэдтэйгээ ирээд “Яагаад мал хурдан хөөгөөд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Манай өвөлжөөнд бэлчиж байгаа юм чинь хөөлгүй яах вэ дээ, өөр газар бэлчээж болдоггүй юм уу” гэж асуухад “Яадаг юм” гээд маргаан болоод намайг шоронд олигтой байгаагүй юм байна лээ гэж хэлэхээр нь” Танай аав чинь холиодог, чи бас холиодог юм байна” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан болсон. Энэ үед тай хамт явж байсан малчин хүүхэд машинаасаа бууж ирээд манай хүү цохихоор нь би хүүгээ өмөөрөөд малчин хүүг 2 удаа алгадсан. ... нь машинаасаа буухгүй намайг элдвээр доромжлоод байхаар нь машинаас нь буулгах гээд заамдсан. Тэрнээс биш би машиныг эвдэж гэмтээж сүйтгэнэ гэж бодоогүй...” гэжээ. /хх-ийн 61-62/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Авто машин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-52/
*******ийн иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа газрын хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 67-68/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/
Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 108/
Г.ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 109/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч овогт ******* ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт хохирогч *******тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь цохиж биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “... ахын хамт Ланд-76 маркийн машинтай ямар шалтгааны улмаас адуу туусан талаар тодруулж очиход *******, хүүхэд , эхнэр нарын хамтаар байж байхаар нь тухайн хүмүүст хандаж “Адуу зөөлөн дарахгүй яав, хүний хэл мэдэхгүй ш дээ” гэж хэлэхэд над руу дайраад байсан. Намайг машинд сууж байхад татаж буулгаад маргалдаж байхад ******* ах намайг 2 удаа цохисон. ******* ах намайг 2 цохиход хамраас цус гарсан. ******* ах миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Би машинаас буугаагүй сууж байхад ******* ирээд ална гэж хэлээд цамцнаас зулгаагаад буулгах гэхэд нь би цаашаа болоход намайг татаад байсан. Энэ үедээ машины хаалгыг өвдөглөөд байх шиг байсан. Тэгэхэд машины хаалга хонхойлгосон гэж бодож байна. Намайг цохиж зодсон зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед гэмтэл учраагүй байна. Манай малчин ******* машинаас буугаад *******ийн хүү цохиод авахад ******* хүүхдээ өмөөрөөд манай малчинг 2-3 удаа цохисон...” гэх, гэрчын “...бэлчээр дээрээс болж маргаан болоод байж байтал ын малчин гэх хүүхэд машинаасаа бууж ирээд манай хүү цохиод авахад манай нөхөр ******* малчин хүүхдийг 2 удаа алгадаад авахаар нь би болиулаад явсан...” гэх, гэрч Э.Ган-Эрдэнийн “... ахын хажууд сууж байсан малчин залуу машинаас бууж ирээд намайг хацар руу цохиод авахад аав ******* уурлаад миний ганц хүүг цохилоо гээд малчин залууг цохиод авах шиг болсон. Энэ үед малчин залуугийн хамраас цус гарч байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 618 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 618 тоот “...*******ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс цаашид хийлгэх эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй түүнчлэн иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА