Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/967

 

 

 

 

 

2022           10           13                                      2022/ШЦТ/967

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Т.Цогтмагнай,

Шүүгдэгч: Э.Б, түүний өмгөөлөгч Д.Г нар оролцсон эрүүгийн ..... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1994 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсен, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, найз охины хамт,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах W(Э.Б) төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажиллаж байсан “К” рестораны бэлэн мөнгөний кассаас тус рестораны орлого болох бэлэн 2.500.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мөн өөрийн ажиллаж байсан “G” нэртэй пабын орлого болох бэлэн 471.000 төгрөг, “Дэлл” /Dell/ загварын ай 7 /i7, 5 дугаар үеийн/ үзүүлэлтэй, 1.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер (notebook) зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 2.171.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хохирогч У.Атай өөрийн "Т" гэсэн нэртэй фейсбүүк хаягаасаа "нөүтбүүкийг чинь орой хэрэглээд өгье" гэсэн чат бичин холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Дэлл” (Dell) загварын ай 3 /i3/ үзүүлэлттэй, 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютерыг (notebook) Баянгол дүүргийн ....... гэрт нь очиж шилжүүлэн авч 650.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөн хохирогч У.Атай өөрийн "Т" гэсэн нэртэй фейсбүүк хаягаасаа "Чи над руу 20.000 төгрөг шилжүүлчих, тэгвэл нөүтбүүкийг чинь аваачаад өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн Голомт банкны 000 тоот дансаар 20.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн ...... дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 4, 90, 199 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 38, 168-171, 231-232 дугаар хуудас/,

Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 12, 15 дугаар хуудас/,

Хохирогч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-ийн 96-100 дугаар хуудас/,

Хохирогч У.Агийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-ийн 200 дугаар хуудас/,

Хохирогч У.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-ийн 204 дугээр хуудас/,

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /1хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 6, 113, 130 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 7 дугаар хуудас/,

БГДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 91 дүгээр хуудас/,

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “G” нэртэй пабын хяналтын камераас хуулбарлан авсан 1 ширхэг Сиди (Compact disk)-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 120-128 дугаар хуудас /

 “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 186-187 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн TXY-922/3820 дугаар үнэлгээний тайлан /1хх-ийн 219-222 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ТXY-822/4270 дугаар үнэлгээний тайлан /2хх-ийн 14-17 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 44, 50, 56 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 51  дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 49, 158, 233 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа  /1хх-ийн 43, 52 дугаар хуудас/, гэрч Ш.Бийн мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатаас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 8 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хулгайлах гэмт хэргийн тухай:

 

Шүүгдэгч Э.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц” (Э.Б) төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажиллаж байсан “Кюбес” /Cubes/ рестораны бэлэн мөнгөний кассаас тус рестораны орлого болох бэлэн 2.500.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мөн өөрийн ажиллаж байсан “G” /Жи си виски хаус/ нэртэй пабын орлого болох бэлэн 471.000 төгрөг, “Дэлл” /Dell/ загварын ай 7 /i7, 5 дугаар үеийн/ үзүүлэлтэй, 1.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер (notebook) зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 2.171.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Г.Бын “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-нд өглөө ажилдаа ирэхэд "2 өдрийн бэлэн мөнгөний орлого байхгүй байгаа" талаар энэ өдөр ээлжинд гарах касс Б.Д надад хэлснээр мэдэж хяналтын камераа шүүхэд өмнө өдөр ээлжинд гарсан касс Э.Б /уп94051490/ өглөө 7 цагт орж ирээд кассан дээр цүнхэнд хийсэн байсан бэлэн 1.951.800 төгрөгийг болон бичиг баримтын хавтаснаас өөрийнхөө бичиг баримтыг /ажилчны анкет, иргэний үнэмлэхийн хуулбар/ аваад явсан байсан. Орж байгаа болон гарч байгаа авч байгаа бүх бичлэг нь хяналтын камерт бичигдсэн байгаа. Манай ресторанд энэ намраас л ажиллаж байгаа. Яг сар өдрийг нарийн сайн санахгүй байна. “Үнэгүй.мн” дээр тавьсан зарын дагуу ирж орж байсан. Түлхүүрээ үүдэнд логоны хажууд жижиг нүхэнд орхиод өглөө хамгийн эрт ирсэн нь онгойлгоод ордог байсан. Касс өөрөө тооцоогоо хийгээд мөнгөө өглөө эрт банканд тушаах ёстой байдаг. Гэтэл Э.Б өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрийн орлогыг тушаалгүй буюу 2 өдрийн бэлэн мөнгөний орлогыг авч явсан байна... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 1.951.800 төгрөг гэж мэдүүлсэн. Сүүлд дахин тооллого явуулахад өмнөх өдрийн орлогыг тооцоогүй байсан. Тэгээд нийт 2.500.000 төгрөгийг Э.Б нь кассаас авч манай байгууллагад нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Э.Бын ээж нь манай байгууллагад учирсан хохирол болох 2.500.000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлөгдсөн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Х.Эын “...2022 оны 03 дугаар сарын 11-ний орой намайг өөрийн ажиллуулдаг газар болох Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Виски хаус” пабд байж байтал үл таних 2 залуу ажил хайж орж ирэхээр нь би тухайн залуучуудаас урьд өмнө нь ямар ажил хийж байсан талаар тодруулахад “Урьд нь бармен хийж байсан” ер нь би шар үстэй өөрийгөө “Тулгаа” гэж танилцуулсан залууг ажилд аваад тухайн өдрөөс ажиллуулж эхэлсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой ажил дээрээ 23 цаг 30 минутын орчим ирэхэд Тулгаа гэх залуу орлогын мөнгө болох 400.000 төгрөг, текэн дээр байсан нөүтбүүк аваад алга болчихсон байсан. Миний алдсан гэх нөүтбүүк “Dell” брэндийн хар саарал өнгөтэй хамгийн сүүлийн үеийн багтаамж сайтай нөүтбүүк байсан... 2020 оны сүүлээр 3.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан... Тухайн өдөр нийт 559.500 төгрөгийн орлого орсноос 88.500 төгрөгийг пос машинаар уншуулсан байсан ба харин үлдэгдэл орлого болох 471.000 төгрөг алга болсон байсан...миний санхүүгийн бүх баримт байсан болохоор маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дгийн “... 2021 оны 12 дугаар сарын 13-нд өглөө ажилдаа 1000 цагт ирсэн. Ирээд байж байхад нягтлан бодогч Н.Аззаяа над руу утсаар залгаад “Орлогоо тушаасан уу” гэж асуусан. Би тэгэхээр нь “Тушаагаагүй. Доогий эгч тушаана” гэхэд “За” гэсэн. 1100 цагийн үед би мөнгө хийдэг жижиг цүнхээ онгойлгоход мөнгө байхгүй байсан. Тэгээд ерөнхий менежер Г.Бт хэлсэн. Тэгээд Г.Б ах камер шүүгээд мэдсэн. Бичлэг дээр Э.Б 0700 цагт ресторанд орж ирээд меню дээр байсан паск аваад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийг тоглуулж эхлүүлэхэд дэлгэцэнд уг “КЮБЕС” рестораны текны хэсэг харагдаж байх ба шинэ жилийн гацуур зэрэг чимэглэлтэй хэсэг харагдаж байлаа...2021-12-13 07:00:36 дахь секундэд гадна талаас цайвар гадуур хувцас, цайвар үстэй хүн орж ирж байгаа нь бичигдсэн байлаа. Уг хүн гаднаас орж ирээд шууд шулуун явсаар текны наад талаар ард тал руу орж байгаа нь харагдаж байлаа. 2021-12-13 07:00:59 дахь минутанд цаад талаас гарч ирэн лангуу текэн дээр байсан эд зүйл /жижиг цүнхтэй мөнгө/-ийг авч байгаа нь бичигдсэн байна... текны урд талаас уг хүн нь гараад гартаа ямар нэгэн зүйл бариад гадагшаа явж байгаа нь бичигдсэн байна... ” гэсэн тэмдэглэл,

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GC” Whiskey house” нэртэй пабын хяналтын камераас хуулбарлан авсан 1 ширхэг Сиди (Compact disk)-нд үзлэг хийсэн “... “Виски Хаус” нэртэй газрын гадна талын үүд хэсгийг харсан хяналтын камер байх ба бичлэгт 03 минут 42 секундэд Виски Хаусын дотор талаас шаргал үстэй, нүдний шил зүүсэн, ногоон өнгийн куртик, шар өнгийн хормогч өмссөн тус газар барменаар ажиллаж байсан гэх Баттулга гарч ирж байгааг харуулав...04 минут 31 секундэд “Виски Хаус” руу Баттулга гэх залуу буцаж орж байгааг харуулав...Виски Хаусын дотор талын заал хэсэг рүү харсан хяналтын камер байх ба 00 минут 18 секундэд текны цаад талд тухай газар барменаар ажиллаж байсан Баттулга гэх залуу зогсож байгааг харуулав... Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 04 минут 34 сеундэд тухайн газар барменаар ажиллаж байсан Баттулга гэх залуу текний ард ороод ямар нэгэн зүйл авахаар тонгойж байгааг харуулав...   ” гэсэн тэмдэглэл,

"Ашид билгүүн" хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны едрийн ТХY-822/4270 дугаар нийт дүн 1.700.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан,

“Ашид билгүүн” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ТXY-822/4270 дугаар “...санхүүгийн программ нь аль компаний хөгжүүлсэн, ямар үйлдэл агуулгатай, хэвийн ажиллагаатай эсэх нь тодорхойгүй байх тул үнэлгээ тогтоох боломжгүй байна. Пос машины программыг аль банкны, ямар үйлдлийн системтэй эсэх нь мөн тодорхойгүй тул үнэлгээ тогтоох боломжгүй байна. Dell i7 5 дугаар notebook-ны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 03 дугаар сарын байдлаар 1.700.000₮ (нэг сая долоон зуун мянга)-н төгрөгөөр болохыг тогтоолоо...” гэсэн үнэлгээний тайлан,

Шүүгдэгч Э.Бын “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт ажил дээрээ очоод түлхүүрээ хадгалдаг газраасаа рестораны түлхүүр онгойлгон ороод текэн дээр байсан жижиг цүнхтэй мөнгийг авч цаашаа ороод цүнхнээс нь суллаад цүнхийг нь шкафт хийгээд мөнгөө цамцныхаа дотор талын халаасанд хийгээд гарсан... Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажил хайж явж байгаад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виски хаус” нэртэй лаунжид ажил байгаа эсэх талаар асуухад захирал нь гээд ах, эгч 2 надаас өмнө нь юу хийж байсан талаар асуухаар нь “бармен хийж байсан” гэхэд ажилд авахаар болсон. Тухайн өдрийнхөө орой нь би 1 цаг орчим кофе чанаж, ойр зуурын ажил хийж шалгалт маягийн зүйл хийж байгаад маргаашаас нь өглөө 1000 цагаас шөнийн 00 цаг 30 минут хүртэл ажиллахаар болсон. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өглөө 1000 цагт очоод орой хаатал нь ажилласан. Тухайн өдөр би яг хэдэн төгрөгийн орлоготой байсныг мэдэхгүй байна. Ямартай ч надад бэлэн 70.000 төгрөг, мөн миний Голомт банкны дансанд 180.000 төгрөг байсан. Би тухайн өдрийнхөө орлогыг хүмүүс "дансаар хийе" гэсэн учраас би тухайн орлогыг шууд өөрийн "Голомт" банкны дансаар авсан. Тэр мөнгө нь миний дансанд орсон. Мөн би тухайн үед текэн дээр байгууллагын ажилчдын цалин бараа материал цалингийн баримтуудтай "Делл" /intel core i7 үзүүлэлттэй нөүтбүүкийг нь мэдэгдэхгүйгээр аваад ажлаасаа гараад таксинд суугаад сансарт буудалд хоносон...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр өөрийн ажиллаж байсан “Кюбес” /Cubes/ рестораны бэлэн мөнгөний кассаас орлого болох бэлэн 2.500.000 төгрөгийг, “GC Whiskey house” /Жи си виски хаус/ нэртэй пабын орлого болох бэлэн 471.000 төгрөг, “Дэлл” /Dell/ загварын ай 7 /i7, 5 дугаар үеийн/ үзүүлэлтэй, 1.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер (notebook)  зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэргийн тухай:

Шүүгдэгч Э.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хохирогч У.Атай өөрийн "Т" гэсэн нэртэй фейсбүүк хаягаасаа "нөүтбүүкийг чинь хэрэглээд орой өгье" гэсэн чат бичиж холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Дэлл” (Dell) загварын ай 3 /i3/ үзүүлэлттэй, 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютерыг (notebook) Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61-104 тоот гэрт нь очиж шилжүүлэн авч 650.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөн хохирогч У.Атай өөрийн "Т" гэсэн нэртэй фейсбүүк хаягаасаа "Чи над руу 20.000 төгрөг шилжүүлчих, тэгвэл нөүтбүүкийг чинь аваачаад өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн Голомт банкны 000 тоот дансаар 20.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

Хохирогч У.Агийн “... Би 2022 оны 04 дүгээр сард 10-ны үед байх Сансарт ажлын шугамаар мөнгө шилжүүлэх шаардлагатай болоод Эрдэнэбилэгийн Баттулга гэж хүнтэй танилцахад миний фейсбүүк хаягийг аваад үлдсэн. Тэр өдрөөс хойш чатаар харьцдаг болсон. Нэг удаа уулзаж кино үзэж байсан. Хамтдаа 1-2 удаа цагийг өнгөрөөж байсан. Чатаар өдөр болгон харьцдаг байсан. Тэгсэн 2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр над руу чатаар “нөүтбүүкийг чинь орой хэрэглээд өгье” гэж хэлээд манай гэрт ирээд “Dell” маркийн хар өнгийн зөөврийн компьютер аваад явсан. Тэр өдрөөс хойш 5-6 хоногийн дараа чатаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр холбогдож “Миний нөүтбүүк юу болсон бэ, хэзээ өгөх гэж байна, авах хэрэгтэй болчихлоо” гэж хэлэхэд Э.Б надад “маргааш аваачаад өгье” гэж хэлсэн. Маргааш нь дахиад юм бичсэн надад ямар нэгэн хариу өгөөгүй. Дараа нь ”  дахиж нэхэхэд “чи над руу 20.000 төгрөг шилжүүлчих тэгвэл аваачаад өгье” гэж хэлэхээр нь би Баттулгын 000 дугаартай “Голомт” банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд би хүлээгээд Э.Б ирээгүй. Миний фейсбүүк хаягийг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн TXY-922/3820 дугаар “...Dell нөүтбүүк i3 notebook-ны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 5 дугаар сарын байдлаар 650.000₮ болохыг тогтоолоо...” гэсэн үнэлгээний тайлан,

Шүүгдэгч Э.Бын “...би 2022 оны 5 дугаар сарын эхээр гэж санаж байна. Бие даалтаа хийх зорилгоор Аминаагаас “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж хэлээд авсан. Нөүтбүүкийг Баянзүрх дүүргийн Сансарын ломбардад 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Э.Б нь танил найзын холбоотой байдлаа далимдуулан хохирогчид “зөөврийн компьютерыг нь хэрэглээд даруй буцааж өгнө” гэсэн ойлголтыг төрүүлж хуурч тухайн эд зүйлийг өөртөө авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан итгэлийг нь урвуулан ашиглаж хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Э.Б нь хохирогч У.Ад 670.000 төгрөгийн хохирол, 20.000 төгрөгийн төлбөр, хохирогч Г.Бт 2.500.000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Эд 2.171.000 төгрөгийн хохирол, 50.000 төгрөгийн төлбөр тус бүрийг /1хх-ийн 15, 2хх-ийн 23-25, шүүхэд гаргаж өгсөн баримтууд/ нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Э.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хоёр гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Б нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, найз охины хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан, ээж нь хүнд өвчтэй байгаа зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын  хугацаагаар биечилэн эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байх ба Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 10-1-305 дугаар албан бичигт дурдсанаар тухайн ялыг биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...”  гэж заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №40 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Бд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын нэг хоногоор тооцож 62 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Э.Бын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү....” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч Э.Бын бусдын өмчлөх эрхийн эсрэг санаатай хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.Эоос гомдолтой байгаа байдал, шүүгдэгчээс урьд шүүхээр ял шийтгэгдэж, ялыг биелүүлээгүй байхдаа дахин гэмт хэргийг үйлдсэн болох хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангахаар шүүгдэгч Э.Быг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулав.

 

Түүнчлэн шүүгдэгчээс хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, түүний гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан Э.Бд оногдуулсан хорих ялыг боломжит доод хэмжээгээр тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.       

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Э.Б нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 161 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялын эдлэх хэмжээг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялаас эдлээгүй үлдсэн 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 62 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.  

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН