Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Г.Я нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Я-д холбогдох эрүүгийн 2235000000144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн ........байрны 116 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ийн Я, (РД:.........)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Я нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 6-018 тоотод байрлах Ж.Б-ийн гэрт согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгойг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Г.Я-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.Я нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн ......тоотод байрлах Ж.Б-ийн гэрт архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгойг архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

2.Шүүгдэгч Г.Я шүүхийн хэлэлцүүлэгт:”...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2235000000144  дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-9 дэх тал);

2. Хохирогч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 13-17 дахь тал);

3.  Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 18-19 дэх тал);

4. Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал);

5.  Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 23-24 дэх тал);

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал ) зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Я нь шүүх хуралдаанд өөрийн хүсэлтээр өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Я нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед найз Ж-ын Б-ийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 6-018 тоотод байрлах хохирогч Ж.Б-ийн гэрт очиж, улмаар тэд хамт архи уусан байна.

2. Тухайн үед хохирогч Ж-ийн Б нь 2021 оны 10 дугаар сард шүүгдэгч Г.Я-д зээлсэн 1.000.000 төгрөгөө түүнээс авахаар нэхсэний улмаас тэд хоорондоо маргалдаж, шүүгдэгч Г.Я нь хохирогч Ж-ийн Б толгой тус газар ууж байсан архиныхаа шилээр цохиж, гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Шүүгдэгч Г.Я-гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ж-ийн Б эрүүл мэндэд духанд шарх, зовхинд цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан байх бөгөөд тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг дор үүссэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн гэмтэлд хамаарах гэмтэл болохыг шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоосон байна.

Нотлох баримтын үнэлгээ

Дээр дурдсан хэргийн бодит байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-9 дэх тал), хохирогч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үедээ гэртээ ганцаараа архи уугаад байж байхад сайн таньдаг Г.Я нь над руу залгаад юу хийж байна гэхээр нь би толгой өвдөөд архи авчихаад ууж байна гэхэд 11 цагийн үед Г.Я нь найз Ж.Б-ийн хамт ирсэн. Тэгэхээр нь бид гурав миний авсан архийг уугаад дууссан, би найз Яд хулсан ташуур бэлэглэхэд Я нь гадагш гарч яваад нэг шил архи авч ирэхээр нь бид гурав юм ярингаа ууж дуусаж байхад нь би 2021 оны 10 дугаар сард Я-гаас нэг сая төгрөг авах ёстой байсан бөгөөд тэрийгээ одоо авмаар байна, би ташуур хүртэл танд бэлэглэж байхад миний мөнгө өгөөрэй гэхэд яваандаа өгнө гэж хэлэхээр нь би та дандаа худал ярьж хойшлуулна, залгахаар утсаа авахгүй, баян баян гээд байсан мөнгөгүй байдаг гэж хэлсний улмаас маргалдаж байгаад Я нь хамт ууж байсан архины шилээр намайг цохичихоод гэрээс гараад явсан. Я миний нүүр рүү цохисны улмаас миний дух хэсэг язарч цус ихээр гарч байхад манай охин орж ирээд харчихаад цагдаагийн байгууллагад хандсан. ...Би Я гэх хүнээс зээлсэн мөнгөө нэхэсний улмаас бид хоёр маргалдаж байхад гэнэт намайг цохичхоод гараад явсан. Архины шилээр цохисон учраас миний толгойноос цус гарсан, би Яг зодож цохисон зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь  тал),

2. Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би ажлаасаа гараад 18 цагийн үед Улаангом сумын 10-р багийн нутагт гэртээ ирэхэд манай аав Б нь Н, Б гэх хоёр хүний хамт байсан бөгөөд аавын толгой болон нүүр нь цус болсон байхаар нь ааваас юу болсон талаар асуухад хамт архи ууж байсан Я гэх хүн намайг архины шилээр толгой хэсэг рүү цохичихоод явсан гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

3. Гэрч Ж-ын Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Я-гийн хамт 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш Б /Ж.Б-ийн гэрийн нэр/ -ийн гэрт очиход Б нь архи ууж байхаар нь хамт уусан. Я нь буцаж гарч нэг шил архи авч ирэхээр нь хамт хувааж ууж байсан. Я-гийн авч ирсэн архийг ууж байхад би тасраад унтсан бөгөөд нэг сэрэхэд Батлаагийн толгойноос цус гарч байсан бөгөөд Я нь гадагш гараад явчихсан байсан. Би Б-ийн толгойноос цус гарч байхаар юу болсон талаар асуухад Я нь намайг архины шилээр цохичихоод гараад явчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай “Үзүүлэгч Ж.Б-ийн духанд шарх, баруун дээд зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цөм нэг дор үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал ) зэрэг баримтуудаар тус тус хангалттай нотлогдож байна.

5. Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон байх тул яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Яд  холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

1. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Я нь хууль зүйн хувьд согтуугаар, шууд санаатай үйлдлээр тухайн үед үүссэн “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Ж-ийн Б-ийн  эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Г.Я-гийн үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

2. Иймд шүүгдэгч Г.Я-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

4.Шүүгдэгч Г.Я нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн асуудлаар маргаж, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “би Ж-ийн Б-ийг цохиогүй, урьд өдөр нь буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ж-ийн Б-ийн аавын гэрт түүнтэй хамт архи ууж байхад тэр надад нэг рунк архи хийж өгөөд гэрийн зүүн талын ширээн дээрээс аавынхаа сур зүсдэг хутгыг аваад миний баруун гарыг зүсэхээр нь би уурлаж гараад явсан. Маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ж.Б 5-6 удаа залгахаар нь би утсаа аваагүй. Дахиад 17 цагийн үед надруу залгаад намайг хүрээд ир гэхээр нь би Ж-ын Б-ийн хамт тэднийд очоод бид гурав архи уугаад сууж байтал Ж-ийн Б анх гэрийнхээ зүүн талд байсан “баяд эмээл”-ийг толгойгоороо мөргөчихөөд босож гал тогооноос хутга хайж байх шиг болохоор нь би айгаад Ж-ийн Б-ийн гэрээс гарч зугатаад түүний хамтран амьдрагч болох А гэх эмэгтэйн гэрт очиж болсон асуудлын талаар хэлчихээд гэрлүүгээ явсан. Би Ж-ийн Б-ийн зодож цохиогүй, гар хүрсэн зүйл байхгүй” гэж маргажээ.

5. Мөрдөгчөөс шүүгдэгч Г.Я-гийн дээрх мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаж, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А-г гэрчээр асуухад тэрээр: “...Ж-ийн Б бид хоёр 2018-2020 он хүртэл хамтран амьдарч байсан. Одоо тусдаа амьдарч байгаа. Г.Я-гийн хувьд би түүнээс 2021 оны 6 дугаар сард хашааг нь худалдаж авснаас хойш таньдаг болсон. 2022 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдөр би гэртээ байсан бөгөөд манай гэрт Г.Я ирээгүй, би Г.Я-гаас Ж-ийн Б түүний гарыг хутгаар зүссэн талаар сонсож байгаагүй” гэж, хохирогч Ж-ийн Б мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Надад 2022 оны 6 сарын 13-ны өдөр Г.Я-гийн гарын хутгаар зүссэн асуудал байхгүй. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би Г.Я-тай хамт архи ууж байгаад түүнээс зээлсэн мөнгөө нэхэхэд тэр намайг ууж байсан архины шилээр цохисон. Би тэр үед эмээл мөргөсөн асуудал болоогүй” гэж тус тус мэдүүлж, Г.Я-гийн мэдүүлгийг үгүйсгэсэн байна.

6. Түүнчлэн Г.Я мөрдөн байцаалтын шатанд: ”Ж-ийн Б нь миний зүүн гарын булчингийн дээд хэсэгт өнгөц зүссэн бөгөөд гүн ороогүй, уг шарх нь 3-4 хоноход эдгэчихсэн, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж мэдүүлснээс үзэхэд түүний мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1.Шүүгдэгч Г.Я-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд “духанд шарх, зовхинд цус хуралт” зэрэг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжилгээний 267 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) -ээр тогтоогдож байна.

2. Хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...Надад Г.Я-гаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” (хавтаст хэргийн 17 дахь тал) гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Я-гаар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Я нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээх чадвар бүхий субьект байна.  

2. Түүнчлэн шүүхийн шатанд шүүгдэгч Г.Я-гийн сэтгэцийн байдалд эргэлзэх үндэслэл тогтоогдсон гэх үндэслэлээр тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 315 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилж, сэтгэцийн  байдлыг нь тогтоосон байх ба Шүүх сэтгэц, гэм  судлалын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.Я нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх, хариуцах чадвартай болох нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Яг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Я нь эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгөхийг хүссэн болно.

4. Шүүгдэгч Г.Я-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

6. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ж.Ц “...Г.Я нь нийтэч, даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, хүнтэй маргалдаж янз бүр болоод байдаггүй хүн юм” гэж (хавтаст хэргийн28 дахь тал), гэрч Д.Д “...Г.Я нь хувиараа хөдөлмөр эрхэлж, ар гэр, үр хүүхдүүдээ тэжээгээд явдаг, бусадтай эелдэг харьцдаг, хаана ч явсан биеэ зөв аваад явах чадвартай, ажилч хичээнгүй, архи дарс нэг их уугаад байдаггүй, нутаг усандаа, ах дүү нартаа нэр хүндтэй, хүнд аль болох чадахаараа л туслаад явдаг, хүнд үгүй гэж хэлдэггүй, тусалсаныхаа хариу нэхээд байдаггүй, ар гэр амьдарлын төлөө явдаг хүн юм” гэж (хавтаст хэргийн 26 дахь тал) тус тус мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Я нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал)-аар тус тус нотлогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй.

8. Шүүгдэгч Г.Я-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

9. Иймд шүүгдэгч Г.Я-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Яд улсын яллагчийн саналын дагуу 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Хараа” нэртэй, 0.75 литрийн архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

12. Шүүгдэгч Г.Я нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я-д 400 (дөрвөн зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я-д оногдуулсан 400 (дөрвөн зуун) цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Хараа” нэртэй, 0.75 литрийн архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Г.Я нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА