Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 948

 

    П.Ц-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

           прокурор Н.Онон,

            шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,   

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Ц-н гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор И.Хүдэрцэцэгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр П.Ц-д холбогдох 1909 01353 0560 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн П-н Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “А б” ХХК-д маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ......../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамжаар 11 жилийн хорих ялыг дүйцүүлж 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан;

П.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ...............тоотод хамтран амьдрагч О.Н-г зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 3, 4, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар П.Ц-д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ц-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч О.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.Ц-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэр ажиллагааны зардалгүй, хохирогч О.Н-д 4.200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Хүдэрцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгдэгч П.Ц нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд, санаатай гэмт хэрэг үйлдсэн тул шүүх эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон байна.

Шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 6.12 дугаар зүйлийн 4-д тус тус зааснаар шүүгдэгч П.Ц-д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын хэдэн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын хэд хоногт тооцсон нь тодорхойгүй, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй, торгох ялыг тусад нь эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд П.Ц-д холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Н.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурор И.Хүдэрцэцэгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд П.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч П.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Уг хэрэг нь мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд байхад хавтас хэргийг надад танилцуулаагүй атлаа гарын үсэг зуруулж шийдсэн нь эрх зүйн байдлыг минь зөрчиж байна. Иймд гомдлыг минь хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Ц-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад П.Ц гарын үсэг зурсан байдал харагдах боловч мөрдөгч “ганцхан гарын үсэг зурчих, торгуулаад гарна” гэж хэлж итгэл үнэмшил төрүүлсний улмаас П.Ц-н эрх зүйн байдал дордсон. Энэ нь бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж үзэж байна. Шүүгдэгч хэргийн материалтай тодорхой танилцсан бол өөрийнхөө тэнсэн харгалзах хугацаа дуусаагүйг мэдэх байсан. Мөн Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тодорхой үндэслэл журмыг заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг дүгнэн үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүх хуралдааныг хууль зүйн үндэслэлгүй явуулсан. Мөн нотлогдвол зохих байдал болох гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар нотолж тогтоогоогүй. Хохирогч өөрөө гэмтэл авсан тухайгаа мэдүүлсэн боловч хэн, яаж учруулсан талаар тогтворгүй мэдүүлдэг. Иймд П.Ц-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан эрхийг нь эдлүүлж өгнө үү. ...” гэв.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч П.Ц-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хянагдах явцад хохирогч О.Н болон шүүгдэгч П.Ц нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, гээд уг хэсгийн 6.6 дахь заалтад “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, талуудаас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг  хянан шийдвэрлэх ажиллагааг заавал явуулахаар зохицуулагдсан гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Ц-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч П.Ц-н гаргасан давж заалдах гомдлын үндэслэл болон дээд шатны прокурор И.Хүдэрцэцэгийн бичсэн эсэрцүүлийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.