| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0424/З |
| Дугаар | 221/МА2024/0628 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2024/0628
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л
Нэхэмжлэгч: “К” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С, К.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчБ.С, К.Н нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-2424********* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 575 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хариуцагч К.Н, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0424/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 575 дугаар шийдвэрээр:
Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчБ.С, К.Н нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-2424********* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. Нотлох баримт буруу үнэлсэн асуудалд:
2.1.1. Шүүхээс үндэслэх хэсгийн 8-д заасны дагуу татварын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн гэх огноог үндэслэн нөхөн ногдуулалтын актыг хүчинтэй буюу хөөн хэлэлцэх хугацаанд багтаж байгаа гэж дүгнэсэн байна. Гэвч, уг нөхөн ногдуулалтын акт дээр зурсан хугацааг QR кодыг үүсгэсэн огноо /шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 4.1/ гэж тайлбарласан байна. Гэвч, уг шүүх хуралдааны явцад уг QR кодыг судалж танилцаагүй бөгөөд энэ нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэгдсэнг нотлох ямар ч баримт байхгүй байхад шүүх асуудлыг дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл байна. Шүүх хурлын дараа бид QR кодыг уншуулсан ч энд уг баримтыг хэзээ үйлдсэн нь тодорхойлогдох боломжгүй, зүгээр шийдвэрийн албажаагүй төслийн зураг л гарч байна.
2.1.2. Шүүх хуралдааны явцад миний зүгээс дараах тайлбарыг хэлсэн. Үүнд “нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө хариуцагч татварын байцаагч К.Нтай уулзсан боловч уулзах үед ямар ч акт гардуулаагүй” талаарх тайлбарыг хэлсэн боловч, шүүх уг тайлбарыг үнэлж, хариуцагч талаас асуудлыг тодруулаагүй. Хэрэв хариуцагч нарын хэлсэнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөн ногдуулалтын акт бэлэн байсан бол яагаад нэхэмжлэгчийг ирэх үед танилцуулаагүй асуудлыг шүүх үнэлээгүй байна.
2.1.3. Хэргийн материалд авагдсан нотлох баримт болох Нөхөн ногдуулалтын актын хавсралт болох Татварын хяналт шалгалтын ажлын карт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зурагдаж баталгаажсан байгааг шүүх дүгнээгүй байна. Шүүх хуралдааны явцад уг актын хоцорч баталгаажуулсан асуудлыг байцаагч нар хүлээн зөвшөөрсөн байдаг ч энэхүү баталгаажсан хугацаа нь хуульд нийцсэн эсэх талаар шүүх дүгнээгүй нь энэхүү нотлох баримтыг ач холбогдлыг алдагдуулсан байна.
2.2. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
2.2.1. Татварын ерөнхий хуулийн 42.3 “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна.” 42.4. “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан. Мөн Татварын ерөнхий хуулийн 79.5-д заасныг үндэслэн баталсан Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын1 дүгээр хавсралтаар "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг, 2 дугаар хавсралтаар Татварын улсын байцаагчийн үйлдэх "Нөхөн ногдуулалтын акт", "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт", "Илтгэх хуудас"-ны загвар маягтуудыг, батална гэж заасан. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.2. Энэ журмын 4.5.7-д заасан акт, илтгэх хуудас нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас олгосон нэгдсэн дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна. Мөн журмын 7.7. Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудсанд дараах баталгаажуулсан маягтыг хавсаргана:
7.7.3. "Татварын хяналт шалгалтын ажлын карт" Маягт-ХШ06/01/;
7.7.4. "Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо" Маягт-ХШ06/02/;
7.7.5. "Татвар /төлбөр/-ын ногдуулалт, төлөлтийн тооцоо" Маягт-ХШ07/01-12/;
7.7.7. "Нөхөн ногдуулалтын акт, /илтгэх хуудас/-ийг танилцуулсан тухай тэмдэглэл" Маягт-ХШ09; зэргийг дурдсан байна. Эдгээр маягтууд нь хуульд заасны дагуу нөхөн ногдуулалтын актын хамт хүчинтэй болохоор байна.
2.2.2. Гэтэл, нөхөн ногдуулалтын актын салшгүй хэсэг болсон хавсралтууд харилцан өөр хугацаанд баталгаажиж гарын үсэг зурагдсан нь уг актын хүчин төгөлдөр болсон огноог тодорхойлоход зөрчил үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, Татварын хяналт шалгалтын ажлын карт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зурагдаж баталгаажсан нь Татварын ерөнхий хуулийн 42.3, 42.4-т заасны дагуу уг Нөхөн ногдуулалтын акт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүчинтэй болсон нь тодорхой байхад шүүх хуулийг буруу хэрэглэж, татварын улсын байцаагчийн тайлбарласан С>К. код үүсгэгдсэн гэх өдрөөр актын үйлчлэл эхэлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Нөхөн ногдуулалтын акт хүчинтэй байх нөхцөл нь 1/ хавсралтууд бүрэн тохиолдолд 2/ татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчинтэй болохыг юм. Гэвч, шүүх уг гарын үсэг зурсан огноо болон хавсралтын хүчинтэй болсон огноог харгалзаж үзээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна.
2.2.3. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 43.4.Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно. 46.1.3ахиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно. гэж заасны дагуу бид нөхөн ногдуулалтын актын хүчин төгөлдөр болох огноо буюу хууль зүйн үр дагавар үүсгэж, нөхөн татвар ногдуулах үндэслэл бий болсон огноо нь татвар төлөгч актыг гардан авсан 2024 оны 01 сарын 25 өдөр гэж тодорхойлогдож байна. Гэвч, шүүх уг актын хувьд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй байна. Захиргааны ерөнхий хуулиар акт хүчинтэй болох хугацааг хуулиар өөрөөр тогтоож болно гэж заагаагүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт заасан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл нь нөхөн ногдуулсан татварт алданги тооцох асуудлыг дүгнэсэн боловч, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр торгууль ногдуулж байгаа асуудлыг дүгнээгүй байна.
2.2.4. Нөхөн ногдуулалтын актын Үндэслэл болгож буй Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт татвар төлөгч хүн, хуулийн этгээд нь татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан. Энэ заалт нь Татварын ерөнхий хуульд заасан татвараа өөрөө тодорхойлж, төлөх үүрэг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс бусад татвар төлөх үүрэгтэй татвар төлөгчид хамаарах зохицуулалт бол, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасныг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн зөрчилд холбогдох асуудлыг мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3,4,5 дахь хэсэгт тодорхой заасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5-д заасан борлуулалтад ногдох татвараас хасагдах ёсгүй худалдан авалтын татварыг хассан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн татвар ногдох зүйлийн тоо хэмжээг бууруулсан эсхүл татвар ногдох орлогоос хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчилтэй ижилтгэж тайлбарлах нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1, 7.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно гэж заасан.
2.2.5. Харин нэхэмжлэгчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар заагдсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг үнэн зөвөөр мэдүүлж тайлагнасан бөгөөд энэ төрлийн зөрчил тогтоогдоогүй. Гэвч, түүний худалдан авалттай холбоотой татварыг хасахгүй байх зорилгоор Зөрчлийн тухай хуульд заасан 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцсон нь хуульд нийцээгүйн дээр татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн. 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. гэж заасан. Хуулийн дээрх заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хэмжээг худалдан авалтаас хамаарч өөрчлөх бол энэ тохиолдолд уг зөрүү дүнгээр татвар төлүүлэх үндэслэл болно. Харин үүнтэй холбоотой ямарваа хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нөгөө талаас нэхэмжлэгчийн худалдан авалтыг зөвшөөрөхгүй, түүний төлбөрийн баримт нь зөрчилтэй бол уг хариуцлага нь нэхэмжлэгчийн бус харин түүнд бараа, үйлчилгээ борлуулсан этгээдийн зөрчил юм. Энэхүү зөрчилтэй холбоотойгоор уг нэхэмжлэгчид бараа борлуулсан этгээд нь хуулийн хариуцлага хүлээж холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг төсөвт төлдөг. Иймээс ч өөр бусад этгээдийн буруутай үйлдлээс хамаарч нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироох нь зүйд нийцэхгүй. Энэ ч агуулгаар бүхэл бүтэн 4 -5 жилийн өмнөх хугацаанд тайлагнан, татварын албанаас зөвшөөрч ирсэн тайланг өөр этгээдийн буруутай үйлдлээс хамаарч хянан шалгахдаа татвар төлөгчид хуульд заагдаагүй торгууль, алданги ногдуулах нь хуульд нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “К” ХХК-ийн 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчБ.С, К.Н нарын хийсэн татварын татварын хяналт шалгалттай холбоотойгоор тус татварын улсын байцаагч нараас үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-2424********* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчБ.С, К.Н нар нь “К” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-2424********* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 189.232.750.01 төгрөгийн нөхөн татвар, 55.077.040.07 төгрөгийн торгууль, 36.718.026.71 төгрөгийн алданги, нийт 281.027.816.79 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.
2.1. Тус татварын хяналт шалгалтаар Татварын Ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн гэж үзжээ. Үүнд:
-2019 онд 642**** тоот регистрийн дугаартай “Г ү” ХХК, 64**** тоот регистрийн дугаартай “А у о” ХХК, 63**** тоот регистрийн дугаартай “Г н” ХХК, 51**** тоот регистрийн дугаартай “П***” ХХК, 62**** тоот регистрийн дугаартай “И” ХХК-иудаас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй 1,892,327,499.99 төгрөгийн дүн бүхий падаан авч 2019 оны 8, 9, 11 дүгээр сарын тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн заалтыг зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 1.892.327.499.99 төгрөгийг зөрчил илэрсэн гэжээ.
2.2. Дээрх нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 15.3.2 дахь хэсгийг баримтлан хэвээр баталсан байна.
3. Нэхэмжлэгч “К” ХХК-аас Татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-2424********* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар “... нөхөн ногдуулалтын акт оногдуулсан огноо нь хууль зүйн үр дагавар үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн, ... Бараа үйлчилгээний борлуулалтаасаа борлуулалт хийх бүрд нөгөө талын бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан үнэ дээрээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөх үүрэг зөрчигдөөгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хариуцагчаас “... маргаан бүхий акт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эцэслэгдэн гарч, тоон гарын үсэг зурагдсанаар хүчин төгөлдөр болсон. Татварын газрын даргын гарын үсэг зурсан нь QR кодоор батлагдаж байгаа, ... нөхөн ногдуулалтын актыг гардаж авах талаар мэдэгдсэн боловч ирж гардаж аваагүй тул Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны дагуу ажлын 7 хоног хүлээсэн, ... 2019 оны татварын хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж тоологдоно, ... К ХХК анхан шатны баримтуудыг бүрдүүлж өгч чадаагүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
4. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 42.6-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ”, 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ” гэж заасан.
5. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нөхөн ногдуулалтын актад хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, түүнийг 7 хоногийн дотор гардуулах боломжгүй эсхүл гардан аваагүй бол 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт хүргүүлэхээр зохицуулсан байна.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийсэн улсын байцаагч нар гарын үсэг зурж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Ц.З тус өдөр гарын үсэг зурснаар[1] хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн хувийн хэрэгт бүргүүлсэн хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн болох нь шуудангийн тэмдэглэл[2], 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/348 дугаар албан бичиг[3], өдөр тутмын тэмдэглэл[4] зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
7. Ийнхүү тохиолдолд маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүчин төгөлдөр болсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нөхөн ногдуулалтын актын салшгүй хэсэг болсон хавсралтууд харилцан өөр хугацаанд баталгаажиж гарын үсэг зурагдсан нь уг актын хүчин төгөлдөр болсон огноог тодорхойлоход зөрчил үүсгэж байна. Нөхөн ногдуулалтын акт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон нь тодорхой байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн, ... гарын үсэг зурсан огноо болон хавсралтын хүчинтэй болсон огноог харгалзаж үзээгүй ... QR кодыг шүүх хуралдааны явцад судалж танилцаагүй бөгөөд энэ нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэгдсэн нотлох ямар ч баримт байхгүй байхад нотлох баримтыг буруу үнэлсэн, ... татварын хяналт шалгалтын ажлын карт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зурагдаж баталгаажсан ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, Захиргааны ерөнхий хуулиар акт хүчинтэй болох хугацааг хуулиар өөрөөр тогтоож болно гэж заагаагүй” гэх гомдлын хувьд Татварын ерөнхий хуулиар нөхөн ногдуулалтын акттай холбоотой хугацааг нарийвчлан зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй.
9. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3-д “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:” гэж тус тус заасан.
10. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу албан татвар суутган төлөгч нь жилийн эцсийн тайлангаа дараа сарын 10-ны өдрийн дотор гаргах үүрэгтэй бөгөөд Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байхаар хуульчлан тогтоосон байна.
11. Иймд нэхэмжлэгч “К” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн тайлан гаргах хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэж тооцсон анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасан.
13. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцохоор зохицуулсан бөгөөд албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй тохиолдолд албан татварыг хасаж тооцохгүй байх боломжтой.
14. Нэхэмжлэгчээс маргааны тухайн үйл баримттай холбогдуулан аливаа баримтыг татварын хяналт шалгалтын явцад болон шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх санхүүгийн баримт байгаа талаарх холбогдох тайлбар, тодруулга зэрэг эх сурвалжийг зааж нэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч компани дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй, ... төлөөгүй татварт холбогдох 1.892.327.499.99 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24240000003 дугаар акт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасанд нийцсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ