Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Д.Буянтогтох /и/ нарын бүрэлдэхүүнтэйгээр

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Хурц   

иргэдийн төлөөлөгч Д.Наранцэцэг

шүүгдэгч У.Баатаржавын өмгөөлөгч Т.Мөнхтуяа /үнэмлэхний дугаар 0170/

шүүгдэгч Ж.Хөхөөгийн өмгөөлөгч Ц.Гансүх /үнэмлэхний дугаар 1019/

шинжээч С.Байгалмаа

гэрч М.Энхжаргал

шүүгдэгч У.Баатаржав, Ж.Хөхөө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Уртнасангийн Баатаржав, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жигдэнгийн Хөхөө нарт холбогдох эрүүгийн 201324000126 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1956 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот төрсөн, эрэгтэй, 60 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ойлвэй ХХК-ний захирал ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамжны 8а тоот байранд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төмөр замын шүүхийн 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ял, Нийслэлийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялуудыг хүндэд багтааж, нийт 10 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 237 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3, 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ял болгож өөрчилсөн, Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дүгээр захирамжаар эдлэх ялаас үлдсэн 1 жил 11 сар 3 хоногийн ялыг тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Уртнасангийн Баатаржав, /РД:ХМ56052911/

 

            Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 16-1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жигдэнгийн Хөхөө, /РД:ШД63032719/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч У.Баатаржав нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Цонжин Болдог” Чингис хааны цогцолборт хамтран амьдарч М.Энхжаргалыг “согтуугаар машин барих гэлээ” гэж хэлсний улмаас буюу үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Голомт банкны барьцаанд байх 00-78 УНК улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашинаар явган хүний шат уруудан явж, шатыг эвдэж гэмтээн автомашиныг зэвсгийн чанартай хэрэглэн Женко Тур Бюро ХХК-нд 1.891.000 төгрөгний хохирол учруулж танхайрсан,

Шүүгдэгч Ж.Хөхөө нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр У.Баатаржав нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Цонжин Болдог” Чингис хааны цогцолборт хамтран амьдарч М.Энхжаргалыг “согтуугаар машин барих гэлээ” гэж хэлсний улмаас буюу үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Голомт банкны барьцаанд байх 00-78 УНК улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашинаар явган хүний шат уруудан явж, шатыг эвдэж гэмтээн автомашиныг зэвсгийн чанартай хэрэглэн Женко Тур Бюро ХХК-нд 1.891.000 төгрөгний хохирол учруулж танхайрсан гэх эрүүгийн 201324000126 дугаартай хэргийг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд 

 

Шүүгдэгч У.Баатаржав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 оны 03 дугаар сарын дундуур Хэнтий аймагт Засаг даргын урилгаар очсон. Миний биеийн байдал муудахаар нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу явах замдаа машинд тариа хийлгэж байж ирсэн. Биеийн байдал гайгүй болохоор нь хүүхдүүдтэйгээ салхинд гаргах зорилгоор “Цонжин Болдог” морьт хөшөөний дээшээ машинтайгаа гарч машинаа морьт хөшөөний хаалганд ойрхон байрлуулсан. Морьт хөшөөний дээш гардаг хэсэгт зориулалтын тахир дутуу тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан зам байхаар нь нялх хүүхдүүдтэй явж байсан тул уг замаар машинтайгаа дээшээ гарсан. Би уг замаар явахыг хориглох тэмдгийг харсан. Морьт хөшөө рүү липтээр дээшээ гартал миний дотор муу болж, дахиад даралт ихсээд байхаар нь буцаад доошоо буугаад машиндаа суугаад тариа хийлгэсэн. Уг нь тариа хийлгээд 2-3 минутын дараа зүгээр болчихдог байтал бие чичрээд, салгалаад байсан. Тухайн үед машинаа дулаахан байлгаж байгаад хүүхдүүдээ суулгана гээд асаалттай байлгасан. Биеийн байдал муу байснаас болж машинаа ямар байдлаар хөдөлгөснөө мэдээгүй.  Шатаар доош буусны дараа хүмүүс ирээд машины хаалгыг цохихоор нь би ухаан орсон. Камерт бичсэн бичлэгт машины тормозны гэрэл асаж байгаа харагддаг. Налайх дүүргийн прокурор “Цонжин Болдог” морьт хөшөөнд ирж мэдүүлгийг газар дээрх шалгах ажиллагааг явуулахдаа намайг “та амьд гарсандаа баярлаарай гэж” хэлж байсан. Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнээс хойш 3 жилийн дараа Улсын Ерөнхий прокурор Е.Сагсай надад танд холбогдох хэргийг сэргээсэн гэж мэдэгдээд хэрэг сэргээсэн прокурорын тогтоолыг танилцуулсан. Тухайн үед хохирогч талаас гомдол санал гаргаагүй байтал яагаад хэргийг сэргээснийг ойлгохдоо сонгуультай холбоотой гэж ойлгосон. Энэ асуудлын талаарх мэдээллийг цагдаа өгсөн гэсэн. Намайг дараа нь фээсбүүкээр авилгатай тэнцэх газарт шалгагдаж байгаа гэсэн нийтлэлийг гаргасан байсан. Тэгэхээр нь би авилгатай тэмцэх газарт албан ёсоор хандахад таныг шалгаж байгаа асуудал байхгүй гэж хариу мэдэгдсэн гэв.

Шүүгдэгч Ж.Хөхөө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 3 жилийн өмнө болсон зүйлээ сайн санаж хэллэггүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээрээ би юунд холбогдоод байгаагаа мэдэхгүй байна. Сахарын өвчнөөс болж миний биеийн байдал муу байгаа гэв.

Гэрч М.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: Би У.Баатаржавтай хамтран амьдарч гэр бүл болоод 9 жил болж байна. Бид 3 хүүхэдтэй. Би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Хууль сануулж, тайлбарлаж өгснийг ойлголоо. У.Баатаржав бид хоёр ер нь хоорондоо маргалдаггүй. Манай нөхөр надаас олон насаар ах хүн болохоор нөхрийгөө хүндэлж харьцдаг. Нөхөр, хүүхдийнхээ хамт Хэнтий аймаг руу ажлаар очиж Засаг даргатай уулзсан. Засаг даргын өрөөнд байхад У.Баатаржавын бие нь гэнэт муудахад Засаг дарга өөрөө түргэн дуудаж эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр явах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын “Цонжин Болдог” морьт хөшөөнд хүүхдүүдээ салхинд гаргахаар очсон. Тухайн өдөр “Цонжин Болдог” морьт хөшөөнд байхад нөхөр бид хоёрын хооронд ямар ч маргаан болоогүй. Манай нөхрийн хувьд даралт нь ихэсдэг. Зүрхний титэм судалны нарийсалтай гэсэн оноштой. “Цонжин Болдог” морьт хөшөөний дээшээ липтээр У.Баатаржав бид хоёр бага хүүхдүүдээ тэвэрч, том хүүхдээ хөтлөөд гарах үед У.Баатаржав миний дотор муухай болоод, толгой эргээд байна гэж хэлэхээр нь буцаж доош бууж том хүүхдээ үлдээгээд бага хүүхдээ Хөхөөд тэврүүлээд нөгөө бага хүүхдээ хөтлөөд машин руу орж У.Баатаржавд Дибазол нэртэй тариа хийхэд иракци өгөөд, чичрээд байхаар нь машины багажнаас хөнжил авах гээд гарахад машин шатны уруу явчихсан. “Цонжин Болдог” морьт хөшөөний дотор У.Баатаржав ямар нэгэн хүнтэй маргалдсан зүйл байгаагүй. Манай нөхөр эрүүл мэндийн байдлаасаа болж ерөөсөө архи ууддаггүй, тухайн өдөр ч архи согтууруулах зүйл хэрэглээгүй байсан гэв.

Шинжээч С.Байгалмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 3 шинжээч санал нэгтэйгээр гаргасан. Ж.Хөхөөгийн хувьд Чихрийн шижин өвчний шалтгаант танин мэдэхүйн хөнгөн эмгэг гэсэн онош тавигдсан. Энэ эмгэг нь чихрийн шижин өвчний улмаас танин мэдэхүйн талаар хөнгөн зэргийн өөрчлөлт гарсан. Чихрийн шижин өвчин нь цусан дахь сахарын хэмжээ ихсэж үүний үр дүнгийн улмаас олон эрхтэнд хүндрэл үүсгэдэг. Гол нь сахарынхаа хэмжээг тогтмол бариад хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээг хийгэвэл уг эмгэг нь эдгэрэх боломжтой. Танин мэдэхүйн хөнгөн эмгэг гэдэг нь ой тогтоолтын ялимгүй хөнгөн зэргийн бууралт, шинэ зүйлийг суралцах, шинээр ямар нэгэн зүйлийг цээжлэн тогтооход бэрхшээлтэй, ихээхэн анхаарал төвлөрөх шаардлагатай болдог зэргээр илэрдэг. Ой ухаан, ой тогтоолт 2-ын ялгааны хувьд ойн ухаан нь оюуны хомсдолтой хүн дээр яригддаг асуудал, харин ой тогтоолт нь тухайн хүний ой тогтоолтын чадварын асуудал дээр яригддаг. Хөхөө нь шүүх хуралдаанд мэдэхгүй, санахгүй байна гэж хэлж байгаад нь дүгнэлт өгч чадахгүй байна. Үзлэгийн үед болсон хэргийн талаар ярихдаа машинаар шат руу бууж байхыг би харсан, камерын бичлэгт бичигдсэн, хүүхдийг нь тэвэрсэн гэдэг зүйл ярьдаг. Хөхөөгөөс асуулт асуухад мэдэхгүй, санахгүй байна гэж хариулж байгааг нь эмгэгтэй байна гэж ганцаараа дүгнэлт гаргаж чадахгүй гэв. 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 42-48 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/

 

“Женко Тур Бюро” компаний хамгаалагч Э.Одмагнай, Д.Цагаанцоож, Ж.Бат-Эрдэнэ нарын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн рапорт, итгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 53, 55-56 дугаар хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/

 

Хохирогч, Иргэний нэхэмжлэгч А.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай компаний Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборын явган хүний шатыг согтуу этгээд автомашинаар дайрч, танхайран эвдэлсэн гэмт хэрэг гарсан. Тухайн этгээдийн танхайрч байгаа үеийн дүрс бичлэг нь хадгалагдаж үлдсэн байсныг үзсэн. Чингис хааны морьт хөшөө цогцолборын гол шат буюу явган хүний парад шат өнгөрөөд хөшөө дотогш орох хаалга болон хаалганы ойролцоох зам дээр 2013 онд иргэд автомашинаа байршуулж болдоггүй байсан. Одоо ч хэвээрээ...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

 

Гэрч Б.Авирмэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Зам ашиглалтанд ороход буюу 2009 онд уг зам руу салах хэсэгт орохыг хориглоно гэсэн замын тэмдэг байршуулан бидэнд хүлээлгэн өгч байсан. Энэ тэмдэг уг байрандаа 7 жил болж байна...гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

 

Гэрч Э.Одмагнай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 13 цагийн орчим над руу утасдаад нөгөө хар өнгийн машин доошоо явган хүний шатаар буучихлаа гэж хэлсэн би тухайн үед хамгаалагч Бат-Эрдэнийн хамт болон манай ажилтан Бат-Эрдэнэ гэх 2 залуугийн хамт очиход тухайн хар өнгийн Ланд-200 маркийн 00-78 УНК улсын дугаартай автомашин дотор нэг залуу суугаад машинаасаа гарч ирэхгүй, цонхоо онгойлгохгүй байсан. Тэгээд би эвдэрсэн явган хүний шатыг үзэх гээд шат руу явтал тэр автомашинд сууж байсан залуу цонхоо онгойлгож байсан ба нилээд согтуу 40 орчим насны залуу байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас/

 

Гэрч Н.Баясгалан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 11 цагийн үед ажил дээрээ бармены ажил хийж байтал гаднаас 40 орчим насны бараан хар өнгийн хүрэмтэй 6-7 орчим насны хүүхэд дагуулсан зочин орж ирээд надаас 100 грамм Хар чингис архи, 1 кола ундаа авсан. Тэр хүнээс өөр хүн үйлчлүүлж байгаагүй, тэр хүн 100 грамм архи уучихаад кола ундаагаа бариад 2 давхраас 1 давхар руу нөгөө хүүхдээ дагуулаад буусан юм. Түүний дараагаар 20-30 минутын дараа нөгөө залуу манай ажилтан Хөхөө гэх хүний хамт орж ирсэн ба тэр үед Хөхөө нэг хүүхэд тэвэрсэн орж ирсэн. Хөхөө тэр хүний хамт тус тусдаа 100 грамм архи хувааж уучихаад доошоо буусан, дахин тэр 2 хүн гарч ирээгүй, манай байгууллагын 1 давхарт архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй, нөгөө залуу манай байгууллагын явган хүний шатыг автомашинаараа эвдэлсэн залуу мөн эсэх талаар би сайн мэдэхгүй байна, энэ талаар манай байгууллагын ажилтан Хөхөө сайн мэдэж байгаа, ямар ч байсан тэр үед надаас 200 грамм архи захиалж уусан тэр залууг би одоо харвал танина...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Чингисийн хөшөөний гадна талбайн хогийг цэвэрлэж байгаад захирал Одмагнайгийн хамт болон хамгаалагч Бат-Эрдэнэ ахын хамт Чингисийн хөшөөний урд хэсгийн явган хүний шатаар автомашин буусан гэх мэдээллийн дагуу автомашиныг очиж шалгасан юм. Тухайн үед өдрийн 13 цагийн үе болж байсан, Одмагнай, Бат-Эрдэнэ ахын хамт тухайн явган хүний шатаар бууж шат эвдэлсэн гэх хар өнгийн Ланд-200 маркийн 00-78 УНК улсын дугаартай автомашины жолоочтой уулзах гэтэл жолооч машинаасаа буулгүй цонхоо хагас дутуу нээгээд биднийг үл тоомсорлосон байдалтай бид нарт хандан “би та нартай харьцахгүй” гэсэн тэгэхэд манай хамгаалагч Бат-Эрдэнэ ах “та бичиг баримтаа шалгуулна уу” гэж зохих ёсны шаардлага түүнд тавихад тэр залуу “би танай Баттулга сайдтай л харьцана, намайг Сэлэнгийн Баатаржав гэдэг” гэж хэлж байсан, тэр залуу миний харснаар 50 орчим насны, шар царайтай, махлаг биетэй, хар үстэй хүн байсан. Тэр үед жолоочийн эхнэр бололтой нэг эмэгтэй 3 хүүхдийн хамт ирээд бид нарт хандан “би энэ хүнийг аваад явъя Баттулга ахад энэ талаар би өөрөө хэлье” гэж хэлээд манай хамгаалагч “энэ хүн юу хийдэг хүн юм бэ” гэж асуухад тэр эгч “энэ хүн бол Нийслэлийн Засаг даргын зөвлөх ажилтай хүн байгаа юм” гэж хэлээд нөгөө эмэгтэй Ланд-200 маркийн  машиныг жолоодоод Улаанбаатар хотын чиглэлд явсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас/

 

Гэрч Д.Цагаанцоож мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 12 цагийн үед хашаагаар нэг хар өнгийн машин орж ирээд Цогцолборын дэргэд ирээд зогсохоор нь би очоод нөгөө машины жолоочид машинаа доош нь зогсоол дээр аваачиж тавь гэхэд уг машины жолооч 50 орчим насны махлагдуу бор хүн “би мэдэж байна, хүүхдээ оруулчихаад ирье” гээд Чингисийн хөшөө рүү орсон. Би араас нь эхнэртэй нь хамт орж ирэхэд дээд давхарт гарчихсан байсан. Би үүдэн дээр зогсоод үлдсэн. Удалгүй бууж ирээд хүүхдээ Хөхөө манай ажилчинд бариулчихаад буцаад 2 давхар руу гарсан. Эхнэр хүүхэд нь 1 давхарт байсан юм. Нөгөө хүн эхнэр хүүхдээ дагуулаад гарах гэж яваад миний хажууд ирснээ “хоёулаа сайхан зодолдчих уу, гэхээр нь би дуугараагүй. Хөхөө нөгөө хүнийг гаръя гээд дагуулаад гарсан. Намайг коридорт зогсож байтал хүмүүс хашгираад байхаар нь цонхоор хартал хар өнгийн машин шууд доошоо явган хүний шатаар эгц доошоо буугаад явсан. Эхнэр хүүхэд нь араас нь явж очсон. Манай хамгаалагч Бат-Эрдэнэ нь очиж бичиг баримтыг шалгахад өгөөгүй гэсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 13 цагийн үед хашааны гадна талд цэвэрлэгээ хийж байтал хамгаалагч Цагаанцоож утсаар хар өнгийн Ланд-200 маркийн машин явган хүний шатаар буугаад явчихлаа, очоод зогсоол дээр зогсож байгаа шалгачих гэхээр нь Бат-Эрдэнэ, дарга Одмагнай нарын хамт нөгөө машин доор очиход хойшоо хараад зогсчихсон хаалгаа цоожилсон байсан. Цонхоо хагас онгойлгоход эрэгтэй хүн байсан, нөгөө талд нь эмэгтэй хүн суугаад “яах гэж байгаа юм бэ” гэхээр нь би хамгаалагч байна, та явган хүний шатаар буугаад эвдэлсэн байна гэхэд өөдөөс чамд хамаагүй би Сэлэнгийн Баатаржав байна, Баттулгатай би өөрөө ярина гэж хэлээд цонхоо хаасан. Би наанаасаа хөдөлж болохгүй шүү, цагдаа дуудна гэж хэлээд дээш шатаар явахдаа шатан дээр машины урд талын гупер, 00-78 УНК дугаартай хамт байхаар нь аваад өрөөндөө оруулж манай дарга Одмагнай цагдаад дуудлага өгсөн. Нөгөө машин хэсэг зогсож байгаад хашаанаас гараад хотын чиглэлд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1 хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/

 

Гэрч Б.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Замын цагдаагийн Чулуут-414 постонд үүрэг гүйцэтгэж байхад 15-16 цагийн орчимд дотуур холбоогоор Цонжин Болдог цогцолборын хаалгыг согтуу хүн машинаар шүргээд зугтаасан, тээврийн хэрэгслийг шалга гэсэн мэдээллийг Чулуут 10 төвөөс мэдэгдсэн. Түүний дагуу хот хоорондын зам явсан тээврийн хэрэгслүүдийг шалгаад зогсож байтал уг 00-78 УНК улсын дугаартай Ланд-200 маркийн машины жолооч өөр машин шалгаж байх хойгуур машины цаагуур давхар гүйцэт түрүүлэн зогсолгүй явсан. Би араас нь замын машин зогсоож хөөж байгаад Хонхорын орчимд гүйцэж түрүүлж саатуулж зогсоосон. Уг машиныг 30 гаран насны эмэгтэй жолоодчихсон хажуугийн суудал дээр 50 орчим насны хар куртика өмссөн эрэгтэй доошоо тонгойгоод суучихсан арын суудал дээр 2 хүүхэд уйлчихсан байдалтай байсан. Би та ямар зөрчил гаргасан юм, та Цонжин Болдог төвийн хаалгыг мөргөсөн юм уу гэж асуухад эрэгтэй нь юм хэлэхгүй тонгойгоод өндийхгүй байсан, харин эмэгтэй нь машинаараа мөргөснөө хүлээн зөвшөөрч байна, хүний бие муудаад хот руу яаралтай явж байна, би бичиг баримтаа үлдээчихье гэж хэлсэн. Би тэднийг дагуулж цагдаагийн хэлтэс рүү явах гэтэл эмэгтэй нь мөргөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна, та шалгах бүрэлдэхүүнээ хурдан дууд энэ хооронд хүний бие муудаад нас барах юм бол та нар хариуцлага хүлээхгүй биз дээ гэж уурлаад байхаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж аваад түр хураах тасалбар бичиж өгөөд явуулсан...гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/

 

Хохирлын үнэлгээ: Материалын зардалд 1.891.000 төгрөг, ажлын хөлс 12.318.300 нийт зардал 15.444.300 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 223-229 дүгээр хуудас/

 

Шүүх сэтгэц гэм судлалын №343 тоот магадлагаа: У.Баатаржав нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.Баатаржав нь үйлдсэн гэмт хэргээ хариуцах чадвартай байна...гэх магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас/

 

Шинжээч О.Баатаржав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Ой тогтоолт ялимгүй буурна гэдэг нь аливаа зүйлийг санахгүй байх талаар ойлголт биш, шинэ юм сурах, юмыг цээжилж тогтооход бэрхшээлтэй болно гэсэн үг...гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

 

Шүүх сэтгэц гэм судлалын №801 тоот магадлагаа: Ж.Хөхөө нь “Чихрийн шижин өвчний шалтгаант танин мэдэхүйн хөнгөн эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Харин Ж.Хөхөө нь зарим зүйлсийг санахгүй байна гэх боловч ойгүйдлийн шинж тэмдэг илрэхгүй байна. Ж.Хөхөө нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Хөхөө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх магадлагаа /6 дугаар хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас/

 

“Чингисийн морьт хөшөө” цогцолборын хяналт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / дүгээр хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/

 

Хадгаламж банкны Дипозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 342 дугаартай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 224-248/

 

Дүүргийн 4 дүгээр Прокурорын газрын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/209 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол / 5 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 

Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/89 тоот Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол / 5 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Үүнд: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч У.Баатаржавыг 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Цонжин Болдог” Чингис хааны цогцолборт хамтран амьдрагч М.Энхжаргалыг “согтуугаар машин барих гэлээ” гэж хэлсний улмаас буюу үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Голомт банкны барьцаанд байх 00-78 УНК улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашинаар явган хүний шат уруудан явж, шатыг эвдэж гэмтээн автомашиныг зэвсгийн чанартай хэрэглэн Женко Тур Бюро ХХК-нд 1.891.000 төгрөгний хохирол учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинжийг агуулаагүй, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.

Харин шүүгдэгч У.Баатаржав нь орохыг хориглосон замын тэмдэг байршуулсан байхад түүнийг зөрчиж Цонжин Болдог морьт хөшөөний дэргэд машин явдаг замаар явж очиж, буцаж машинаар явахдаа явган хүний парад шатыг шууд бус санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Женко Тур Бюро ХХК-ны камерын бичлэг,

Гэрч Э.Одмагнайгийн.... 13 цагийн орчим над руу утасдаад нөгөө хар өнгийн машин доошоо явган хүний шатаар буучихлаа гэж хэлсэн би тухайн үед хамгаалагч Бат-Эрдэнийн хамт болон манай ажилтан Бат-Эрдэнэ гэх 2 залуугийн хамт очиход тухайн хар өнгийн Ланд-200 маркийн 00-78 УНК улсын дугаартай автомашин дотор нэг залуу суугаад машинаасаа гарч ирэхгүй, цонхоо онгойлгохгүй байсан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Цагаанцоожийн... намайг коридорт зогсож байтал хүмүүс хашгираад байхаар нь цонхоор хартал хар өнгийн машин шууд доошоо явган хүний шатаар эгц доошоо буугаад явсан. Эхнэр хүүхэд нь араас нь явж очсон гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Бат-Эрдэнийн.... 13 цагийн үед хашааны гадна талд цэвэрлэгээ хийж байтал хамгаалагч Цагаанцоож утсаар хар өнгийн Ланд-200 маркийн машин явган хүний шатаар буугаад явчихлаа, очоод зогсоол дээр зогсож байгаа шалгачих гэхээр нь Бат-Эрдэнэ, дарга Одмагнай нарын хамт нөгөө машин доор очиход хойшоо хараад зогсчихсон хаалгаа цоожилсон байсан. Цонхоо хагас онгойлгоход эрэгтэй хүн байсан, нөгөө талд нь эмэгтэй хүн суугаад “яах гэж байгаа юм бэ” гэхээр нь би хамгаалагч байна, та явган хүний шатаар буугаад эвдэлсэн байна гэхэд өөдөөс чамд хамаагүй би Сэлэнгийн Баатаржав байна, Баттулгатай би өөрөө ярина гэж хэлээд цонхоо хаасан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бат-Эрдэнийн... Тухайн үед өдрийн 13 цагийн үе болж байсан, Одмагнай, Бат-Эрдэнэ ахын хамт тухайн явган хүний шатаар бууж шат эвдэлсэн гэх хар өнгийн Ланд-200 маркийн 00-78 УНК улсын дугаартай автомашины жолоочтой уулзах гэтэл жолооч машинаасаа буулгүй цонхоо хагас дутуу нээгээд биднийг үл тоомсорлосон байдалтай бид нарт хандан “би та нартай харьцахгүй” гэсэн тэгэхэд манай хамгаалагч Бат-Эрдэнэ ах “та бичиг баримтаа шалгуулна уу” гэж зохих ёсны шаардлага түүнд тавихад тэр залуу “би танай Баттулга сайдтай л харьцана, намайг Сэлэнгийн Баатаржав гэдэг” гэж хэлж байсан, тэр залуу миний харснаар 50 орчим насны, шар царайтай, махлаг биетэй, хар үстэй хүн байсан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Энхбаярын.... уг машиныг 30 гаран насны эмэгтэй жолоодчихсон хажуугийн суудал дээр 50 орчим насны хар куртика өмссөн эрэгтэй доошоо тонгойгоод суучихсан арын суудал дээр 2 хүүхэд уйлчихсан байдалтай байсан. Би та ямар зөрчил гаргасан юм, та Цонжин Болдог төвийн хаалгыг мөргөсөн юм уу гэж асуухад эрэгтэй нь юм хэлэхгүй тонгойгоод өндийхгүй байсан, харин эмэгтэй нь машинаараа мөргөснөө хүлээн зөвшөөрч байна, хүний бие муудаад хот руу яаралтай явж байна, би бичиг баримтаа үлдээчихье гэж хэлсэн. Би тэднийг дагуулж цагдаагийн хэлтэс рүү явах гэтэл эмэгтэй нь мөргөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна, та шалгах бүрэлдэхүүнээ хурдан дууд энэ хооронд хүний бие муудаад нас барах юм бол та нар хариуцлага хүлээхгүй биз дээ гэж уурлаад байхаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж аваад түр хураах тасалбар бичиж өгөөд явуулсан гэх мэдүүлэг болон шүүгдэгч У.Баатаржавын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч У.Баатаржавд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Хөхөөг 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр У.Баатаржав нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Цонжин Болдог” Чингис хааны цогцолборт хамтран амьдарч М.Энхжаргалыг “согтуугаар машин барих гэлээ” гэж хэлсний улмаас буюу үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Голомт банкны барьцаанд байх 00-78 УНК улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашинаар явган хүний шат уруудан явж, шатыг эвдэж гэмтээн автомашиныг зэвсгийн чанартай хэрэглэн Женко Тур Бюро ХХК-нд 1.891.000 төгрөгний хохирол учруулж танхайрсан гэх эрүүгийн 201324000126 дугаартай хэргийг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Хөхөө нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо болсон үйл явдлын талаар зориудаар ямар байдлаар худал мэдүүлэг өгсөн гэдэг нь яллах дүгнэлтэнд тусгагдаагүй байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Хөхөө нь болсон бодит байдлыг огт болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулан санаатайгаар өөрчлөн мэдүүлээгүй байна. Харин Чихрийн шижин өвчний шалтгаант танин мэдэхүйн хөнгөн эмгэгээс шалтгаалан өмнө өгсөн мэдүүлгээ сайн санахгүй байх, андуу ярих, тодорхой бус мэдүүлснийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгээр судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ж.Хөхөөд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.Баатаржавд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

 Шүүгдэгч У.Баатаржавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан заалтад хамаарагдаж байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Баатаржавд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон АЯ№01622526 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 01 Бодь цамхаг интернэшнл ХХК-ний байранд байрлах Голомт банкинд буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгч У.Баатаржав, Ж.Хөхөө нар нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Баатаржав нь гэмт хэргийн улмаас учирсан 1.891.000 төгрөг болон ажлын хөлс 12.318.300 төгрөг нийт 15.444.300 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, Ж.Хөхөө нь бусдад төлөх төлбөргүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч У.Баатаржавыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Хөхөөг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

3. Шүүгдэгч Боржигон овогт Уртнасангийн Баатаржавыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Баатаржавыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар У.Баатаржавд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Баатаржавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт болох АЯ№01622526 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 01 Бодь цамхаг интернэшнл ХХК-ний байранд байрлах Голомт банкинд буцаан олгосугай.

8. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хүртэл хэрэгт үлдээсүгэй. 

9. Энэ хэрэгт шүүгдэгч У.Баатаржавд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Хөхөөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж У.Баатаржав, Ж.Хөхөө нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА

 

                             ШҮҮГЧИД                                    Ж.МӨНХТУЯА 

 

                                                                                Д.БУЯНТОГТОХ