Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0138

 

 

 

2021 оны 02 сарын 23 өдөр           Дугаар 128/ШШ2021/0138 Улаанбаатар хот

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И ББСБ ХХК

Хариуцагч:Ч дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Э, Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актын 1.1 дэх заалтаар тогтоосон төлбөрийн үлдэх хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн ерөнхий захирал Ж.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компанийн 2013-2015 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд Ч дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Э, Б.О нар хяналт шалгалт хийж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актаар 134,514,218.2 төгрөгийн нөхөн татвар, 42,573,146.2 төгрөгийн торгууль, 23,652,922.8 төгрөгийн алданги болох нийт 200,740,287.20 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл татварын актын зарим хэсгийг хүчингүй болгож, нийт 214,898,202.21 төгрөгийн зөрчилд 19,201,258.10 төгрөгийн нөхөн татвар, 3,162,753.24 төгрөгийн торгууль, 1,513,970.80 төгрөгийн алданги, нийт 23,877,982.14 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 34 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн татварын актын үлдэх хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тогтоолд: 1. И ХХК-д олгосон зээлээс 2014 онд 10,294,764.73 төгрөг, 2015 онд 176,877,815.48 төгрөг нийт 187,586,290.11 төгрөгийн хүүгийн орлогыг санхүү татварын тайланд тусгаагүй, албан татвар төлөөгүй, 2. 2014 онд бусдад өгсөн хандивын 1,000,000.00 төгрөг, 2015 онд бусдад төлсөн торгуулийн 3,840,000.00 төгрөгийн зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасагдах зардалд тооцож, татвар ногдуулах орлого бууруулсан" гэжээ.

И ХХК-д 2,213,223 ам.долларын зээл олгосон боловч зээлдэгч одоогийн байдлаар манай банк бус санхүүгийн байгууллагад хүүгийн төлбөр төлөөгүй нь анхан шатны баримтууд тооцоо нийлсэн актаар нотлогддог. Бид хүүгийн төлбөрийг үйл ажиллагааны орлогоор бүртгэдэг бөгөөд санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэн хөтөлдөг.

Гэтэл татварын улсын байцаагч нар хүүг авсанд тооцож татвар ногдуулсан нь бодит байдалтай нийцэхгүй байна. И ХХК нь өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөө төлж барагдуулаагүй, хүүгийн төлөлт хийгээгүй болохыг тухайн компани болон манай банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангаас тодорхой харж болно. Зээлдэгч компани нь бизнесийн үйл ажиллагаа доголдож, ихээхэн алдагдал, эрсдэлтэй ажиллаж байгаа талаараа удаа дараа тайлбар, хүсэлт ирүүлсээр байна. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд татварын улсын байцаагчид олоогүй орлогоос татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон гэх зөрчил нь 2013-2015 оныг хамарч байх ба манай байгууллага энэ хугацаанд ямар нэгэн хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Зөрчил гаргасан гэж үзсэн ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамарч нөхөн татвар, хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдөх боломжтой гэжээ.

Хариуцагч Б.Э, Б.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Э, Б.О бид, И ББСБ ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Тагнуулын Ерөнхий газрын 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 01/491 тоот, Ч дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 35160700466 тоот томилолтоор санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн иж бүрэн татварын хяналт шалгалтын ажлыг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хийж гүйцэтгэсэн.

И ХХК-д зээлийн гэрээгээр олгосон зээлээс 2014 ойд 10,294,764.73 төгрөг, 2015 онд 176,877,815.48 төгрөг, нийт 187,586,290.11 төгрөгийн зээлийн хүүгийн орлогыг санхүү, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь тухайн үед мөрдөж байсан Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон... орлогод албан татвар ногдоно, 7.3-д Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, 21.1-д Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэж заасныг зөрчсөн үйлдэлд 18,717,258.10 төгрөгийн нөхөн татвар, 5,615,177.42 төгрөгийн торгууль, 3,157.054.31 төгрөгийн алданги ногдуулсныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2014 оны 308,842.94 төгрөгийн торгууль, 351,772.11 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу бүрэн өршөөсөн, 2015 зөрчлийн хувьд тус оны 07 дугаар сарын 02-ноос өмнөх 2,653,167.24 төгрөгийн торгууль, 1,402,641.24 төгрөгийн алдангийг мөн өршөөсөн.

Татвар төлөгч санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэн хөтөлдөг гэсэн боловч санхүүгийн програм байхгүй, компьютерийн Excel програм дээр гараар хөтөлдөг, хүүгийн тооцооллыг хүссэн үедээ гараар хийдгээс татвар ногдох орлогыг дутуу тооцоолж төсөвт төлөх татварыг бууруулах боломжтойгоор санхүүгийн бүртгэлээ хийж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ. 6,1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө гэж заасан.

Татвар төлөгч зээлийн гэрээ хийж гэрээний дагуу мөнгөө шилжүүлж байгаа нь 1 сарын дараа хүүгийн орлого авахаа хүлээн зөвшөөрч байгаагаар үндсэн үйл ажиллагааныхаа орлогыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Иймд НББОУС 1, СТОУС 1-ээр улирлын болон жилийн эцсийн тайлан гаргахдаа хүүгийн орлого олсноор бүртгэж, хүүгийн авлагыг авлага дансанд бүртгэнэ. Эдгээр олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг үндэслэн гаргасан санхүүгийн тайлангаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа Татварын хуулийн дагуу гаргаж тайлагнах ёстой.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Нягтлан болох бүртгэлийн олон улсын стандарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль болон Нягтлан бодох бүртгэлийн хуульд Аж ахуйн нэгж зээл олгоод зээлээ болон зээлийн хүүгээ аваагүй үед нягтлан бодох бүртгэлдээ тусгахгүй орхигдуулах, татвар төлөхгүй байх тухай заагаагүй, сайн дураараа бүртгэл хөтөлж, татвар төлөхгүй байх тухай хуульчлаагүй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна, 10.2 Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байгаа гэж заасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс өршөөлд хамруулж болох бүх боломжийг ашигласан байгаа тул дахин энэ хуулийн дагуу дахин өршөөлд хамрагдах боломжгүй юм.

Энэ мэтчилэн татвар төлөгчид өөртөө зориулан хууль, дүрэм зохиох, дурын нягтлан бодох бүртгэл хөтлөх юм бол Монгол Улсын төсвийн орлого бүрдэхгүй буюу Монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолд сөрөг нөлөөг үзүүлэхээр байна.

Монгол Улсын иргэн, татвар төлөгч бүхэн татвараа шударгаар төлж улс эх орноо хөгжүүлэх иргэний ухамсартай байх нь Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх үндсэн үүргээ ёсчлон биелүүлэх гэж заасан Монгол Улсын үндсэн хуулиа хүндэтгэж байгаагийн баталгаа гэж ойлгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И ХХК-иас Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарт холбогдуулан гаргасан Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актын 1.1 дэх заалтаар тогтоосон төлбөрийн үлдэх хэсгийг хүчингүй болгуулах[1] тухай нэхэмжлэлийн хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нар И ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актаар 200,740,287.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт үйлдсэн байна.

Тус актын төлбөрийн хэмжээг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор 23,877,982.14 төгрөг болгон өөрчилжээ.

Нэхэмжлэгч татварын улсын байцаагчийн актын зөрчлийн жагсаалтын 1 дэх зөрчилд холбогдох хэсгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...И ХХК-д зээл олгосон боловч зээлдэгч одоогийн байдлаар манай банк бус санхүүгийн байгууллагад хүүгийн төлбөр төлөөгүй нь анхан шатны баримтууд тооцоо нийлсэн актаар нотлогддог. Гэтэл татварын улсын байцаагч нар хүү авсанд тооцож татвар ногдуулсан нь бодит байдалтай нийцэхгүй олоогүй орлогоос татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж тайлбарлаж мэтгэлцэж байна.

Татварын улсын байцаагчийн маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актын илэрсэн зөрчлийн жагсаалтын 1-д И ХХК-д зээлийн гэрээгээр олгосон зээлээс 2014 онд 10,294,764.73 төгрөг, 2015 онд 176,877,815.41 төгрөг, нийт 187,586,290.11 төгрөгийн зээлийн хүүгийн орлогыг санхүү, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татварт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 , 7.3 дахь хэсгийн 7.3.1-д заасныг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно., 7.3-д Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1.үйл ажиллагааны орлого; 7.3.2.хөрөнгийн орлого;, 9 дүгээр зүйлийн 9.1-д Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.4.хүүгийн орлого, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 3.1.1-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг, 6 дугаар зүйлийн 6.1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч компани зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлийнхээ хүрээнд И ХХК-д зээл олгосон бөгөөд хүүгийн орлогоо дээр дурдсан хуулийн дагуу аккруэл сууриар бүртгэн тайлагнаж, татвар төлөх ёстой байжээ.

Хариуцагч нар И ХХК-д олгосон зээлийн хүүгийн орлогыг тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй гэсэн зөрчилд нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан бөгөөд харин хэрхэн тайлагнах, хасагдах зардалд хамаарах эсэх нь татварын улсын байцаагчийн актын зөрчлийн жагсаалтын 1-д заасан үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж зааснаас үзвэл захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх бөгөөд нөхөн татвар нь шийтгэл биш юм.

Харин хуульд зааснаар торгууль, алданги нь шийтгэлийн нэг төрөл болохын хувьд татварын маргаан таслах зөвлөл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хэсгийг өршөөн хэлтрүүлсэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-иас Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарт холбогдуулан гаргасан Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актын 1.1 дэх заалтаар тогтоосон төлбөрийн үлдэх хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

 

 

 


[1] Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актын 1.1, 1.2 дахь заалтаар тогтоосон төлбөрийн үлдэх хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр Ч дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актын 1.1 дэх заалтаар тогтоосон төлбөрийн үлдэх хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.