Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 401

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02897 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н” ХХК,

Хариуцагч Ннарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 306 795 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал П.Уламбаяр, түүний өмгөөлөгч П.Батжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Н.Баатарболдтой 300 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сар бүрийн 0,324 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан бөгөөд “Н” ХХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 000 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 150 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 95 700 000 төгрөгийг тус тус Н.Баатарболдод өгсөн ба үүнээс 300 000 000 төгрөг нь зээлдүүлсэн мөнгө, 45 700 000 төгрөг урьд нь тохиролцсон ажлын хөлс юм. 

Н нь зээлийн барьцаанд Ц.Майцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039423 дугаартай, 000148698 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө, 105 дугаар байрны 52 тоотод байршилтай 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Зоорийн 15 м.кв талбайтай зогсоол, Г.Норжмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204005743 дугаартай, 000062664 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12 дугаар хороолол 4-А байр, 42 тоотод байршилтай 42 м.кв 3 өрөө байр, Г.Норжмаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2204003348 дугаартай, 0028462 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 184 тоотод байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө байрыг барьцаалсан.

Зээл ашиглалтын хугацаанд хариуцагч Ннь үндсэн зээлийн төлбөр 95 470 000 төгрөг, зээлийн хүүнд 34 942 000 төгрөг буюу нийт 130 412 000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч зээлдэгч Ннь зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн хугацаа дууссанаас хойш зээл төлөх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргээ биелүүлэх шаардлагыг зээлдэгчид удаа дараа тавьсан.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 204 530 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу алданги 102 265 000 төгрөг буюу нийт 306 795 000 төгрөгийг Н.Баатарболдоос гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарболд, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Н” ХХК-ийн захирал Н.Уламбаяраас 300 000 000 төгрөгийг зээлэхийг хүссэн бөгөөд Н.Уламбаяр нь компанийн мөнгө учраас зээлийн гэрээ байгуулсны дараа мөнгөө өгнө гэж хэлсэн. Ингээд зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулаад дансаар 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 150 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 95 700 000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 245 700 000 төгрөгийг өгсөн.

2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр надад 100 000 000 төгрөг өгөөгүй. Харин би үндсэн зээлийн мөнгөнөөсөө дутуу авсан ч гэсэн зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээд сар бүр зээлийн хүүг 300 000 000 төгрөгөөс тооцсон хэмжээгээр төлсөн. Миний төлсөн мөнгө гэвэл 130 000 000 төгрөг байгаа бөгөөд зээлж авсан 245 700 000 төгрөгөөс сарын 0,324 хувийн хүүг тооцоход сарын хүү нь 796 068 төгрөг болж байгаа тул хүүнд илүү төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасч тооцох ёстой. Илүү төлсөн мөнгөө үндсэн зээлээсээ хасаад хүүг тооцоход нийт хүү нь 24 529 036 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс төлсөн хүү 20 412 000 төгрөгийг хасахад төлөгдөөгүй үлдсэн хүү нь 4 117 036 төгрөг болж байна. Үндсэн зээл 245 700 000 төгрөгөөс төлсөн 110 000 000 төгрөгийг хасахад 135 700 000 төгрөг үлдсэн. Нийт үндсэн зээл хүүнд 139 817 036 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг төлөхгүй. Учир нь өөрөө зээлийн гэрээнд заасан 300 000 000 төгрөгөө хүлээлгэж өгөөгүй бөгөөд өөрөө ч үүргээ зөрчсөн гэжээ.

Хариуцагч Ц.Майцэцэг шүүх гаргасан тайлбартаа: Ах Н.Баатарболдын хүсэлтээр орон сууцаа барьцаалсан. П.Уламбаяр, Ннарын хооронд мөнгөний тооцоо байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Орон сууцыг ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд өгөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Норжмаа шүүх гаргасан тайлбартаа: Нөхөр Н.Баатарболдын хүсэлтээр орон сууцаа П.Уламбаярт барьцаалсан. Энэ хоёрын хооронд мөнгөний тооцоо байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Орон сууцыг ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд өгөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Н.Баатарболдоос 207 475 000 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 99 320 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Нзээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Ц.Майцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039423 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 7-р хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө, 105 дугаар байрны 52 тоот, 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Зоорийн давхарын 15 м.кв талбайтай авто зогсоол, Г.Норжмаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204005743 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12 хороолол 4-А байр, 42 тоот, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Г.Норжмаа, Ннарын өмчлөлийн улсын бүртгэлийн 2204003348 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15 хороолол, 1-р байрны 184 тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 762 125 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баатарболдоос 1 195 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ндавж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нминий бие "Н" ХХК-ийн захирал П.Уламбаяр нарын хооронд ажил хэрэг бүтээж өгөх тохиролцоо хийгдэж, түүний хариуд Ннь 300 000 000 төгрөгийг 0,324 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Харин "Н" ХХК-ийн захирал П.Уламбаяр нь 150 000 000 төгрөг, 95 700 000 төгрөг, нийт 245 700 000 төгрөгийг Н.Баатарболдын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Ннь үлдэгдэл мөнгөө төлөх байх гээд тохиролцсон ёсоор эргэн төлөлтөө төлж байсан. 100 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэж П.Уламбаяр нь хэлж тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь худал, ойлгомжгүй үүнийг ч шүүх хүлээж аваагүй.

Харин 245 700 000 төгрөгөөс би 110 000 000 төгрөг төлсөн. Гэтэл надаас 207 475 000 төгрөг гаргуулж шийдсэн. Зээлийн гэрээнд заасан мөнгийг тоо ёсоор өгөөгүй атлаа алданги нэхэмжилж байгаа нь шаардах эрхгүй төдийгүй шүүх алдангийг гаргуулж шийдсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаан завсарлаад шүүх хуралдаан дахин үргэлжилж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг шүүх хуралдаан даргалагч уншиж сонсгосон бөгөөд шийдвэрийн 2 дахь заалтыг уншиж сонсгоогүй, харин танхим дахь зохигчдыг суудалд суулгасны дараа шийдвэрээ тайлбарлах явцдаа барьцаа хөрөнгөөс гаргуулсан гэж хэлсэн. Шүүх хуралдаан даргалагчийн энэ үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь  хариуцагч Ннарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 306 795 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 300 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,324 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, зээлдүүлэгч гэрээний дагуу 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 150 000 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 95 700 000 төгрөгийг Н.Баатарболдын дансанд шилжүүлсэн, зээлдэгч Ннь 2014 оны 3 дугаар сарын 26-наас 2016 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд 28 удаагийн төлөлтөөр нийт 130 412 000 төгрөгийг зээлийн төлбөрт  төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба талуудад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна. 

            2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 000 төгрөгийг зээлдэгч Н.Баатарболдод бэлнээр өгсөн гэх зээлдүүлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн, нэхэмжлэгч ийнхүү мөнгийг бэлнээр хүлээлгэн өгснөө нотлоогүй тул дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон 245 700 000 төгрөгөөс зээлийн эргэн төлөлтийг тооцож, үндсэн зээлд 135 700 000 төгрөг, зээлийн хүүд 3 925 000 төгрөг, нийт 139 625 000 төгрөгийн зээлийн төлбөрийн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

            Хариуцагч дээрх зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаагүй, харин алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

            Зээлийн гэрээний 3-т зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлнө гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх ба хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэл 139 625 000 төгрөгөөс 2017 оны 1 дүгээр сарын 21-нээс хойш алданги шаардах эрхтэй.

Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд шүүх төлбөрийн үлдэгдлийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр алдангид 67 850 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. 

            Мөн Ннь Г.Норжмаагаас 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005743 дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 4-А байрны 42 тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003348 дугаартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 184 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг, мөн Ц.Майцэцэгээс 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу өмчлөх улсын эрхийн бүртгэлийн Ү-2205039423 дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө, 105 дугаар байрны 52 тоот 55 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, зоорийн 15 м.кв талбайтай зогсоолыг тус тус зээлийн үүргийн барьцаанд барьцаалуулсан барьцааны гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зээлдүүлэгч “Н” ХХК-тай байгуулж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт хэрэгт авагдсан ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн байгуулсан уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч төлбөрийг барьцаагаар хангуулахаар шаардах эрхтэй.

            Шүүх барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 496 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ