| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2022/0159/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/168 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ц,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 2235001560182 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн ................. суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн ................... сумын 2 дугаар багийн хар халт гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Т-ийн Б, (РД:...........)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн .............сумын 1 дүгээр багийн нутаг “Банзар” гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Г.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Т.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ................... сумын 1 дүгээр багийн нутаг “Банзар” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүр рүү нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
2. Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Т.Б нь хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгосон, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө” гэх дүгнэлт,
3. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2235001560182 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч:
1. Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал);
2. Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал);
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал ) зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:
1.Гэрч Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
2. Багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал),
3. Хохирогч Г.Б-ын хүсэлт (хавтаст хэргийн 71 дэх тал ) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж байна гэв.
Шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг өөр хооронд нь харьцуулан дүгнэвэл:
2. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Б нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ................... сумын 1 дүгээр багийн нутаг “Банзар” гэх газарт “...зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Г.Б-той маргалдаж, хамрыг нь мөргөж хугалсан үйл баримт нотлогджээ.
3. Шүүгдэгч Т.Б-гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ын биед “хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд” тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан “хөнгөн” гэмтэлд хамаарах гэмтэл болохыг шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоосон байна.
Нотлох баримтын үнэлгээ
Дээр дурдсан хэргийн бодит байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
1. Хохирогч Г.Б-ын "...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Хотгорын уурхайгаас нүүрс ачаад Улаангом сум руу явж байтал ................... сумын 1- р багийн нутаг дэвсгэрт байрлах Банзар гэх газарт зам дээр нэг мотоцикльтой 2 хүн зогсож байсан. Би тухайн үед “зам дээр яагаад байгаа юм бэ, замаа чөлөөлмөөр байна” гэж хэлэхэд мотоцикль жолоодож байсан хүн “чи ямар хэгжүүн юм бэ” гэх мэтээр хэл амаар доромжилж миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. ....Миний хамрыг тухайн мотоцикпь жолоодож явсан Б гэх хүн мөргөж хугалсан бөгөөд миний биед учирсан гэмтлийг Б гэх хүн учруулсан. Харин хамт явсан хүн нь миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй намайг Б гэх хүн мөргөөд би цусаа гоожуулаад зогсож байтал намайг хальт цохисон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
2. Гэрч П.Б-ийн "...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн ................... суманд болсон 2000 аргалын баярт оролцоод өөрийн багийн найз болох Б гэх хүнтэй хамт ................... сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Банзар гэх нэртэй газарт явж байтал төв зам дагуу нэг автомашин урдаас их гэрлээ тусгаад ирсэн бөгөөд тухайн үед Б мотоцикль барьж яваад нөгөө машинтай зөрөх гэсэн боловч замын ховил нь өндөр байсан тул зөрж чадалгүй бид хоёр зогссон. Тухайн машин бас зогсоод жолооч нь бууж ирээд “зам тавьж мэддэггүй юм уу” гээд уурласан. Тэгтэл Б “ховилтой зам таараад замаас гарч чадсангүй” гэтэл нөгөө жолооч Бг бариад авсан бөгөөд Б хальт мөргөх шиг болсон, тэгээд нөгөө жолоочийн хамраас нь цус гараад “та хоёр яаж байгаа юм бэ” гэж орилтол Б нөгөө жолооч залуу руу явах гэхээр нь би хэрэггүй гээд болиулаад явах гэтэл тухайн залуу бид хоёрын мотоциклийн түлхүүрийг булааж авахаар нь Б мотоциклийнхоо кондукторыг салгаад шууд асаагаад явсан юм. Тэгээд бид хоёр гэртээ очоод унтацгаасан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
3. Шүүгдэгч Т.Б-гийн "...Тухайн үед миний уур хүрч “чи ямар олон үгтэй бацаан бэ” гэж хэлээд би толгойгоороо нэг удаа хамар хэсэг рүү мөргөтөл тухайн залуугийн хамраас цус гарсан. Тэгтэл уг залуу нь “та яаж байгаа юм бэ, хамар хугалаад хаячихлаа” гэсэн бөгөөд тухайн үед надтай хамт явж байсан Б нь тухайн залууг “уучлаарай ахын дүү” гээд зогсож байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
4. Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 356 дугаартай "...Үзүүлэгч Г.Б-ын хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт зэрэг баримтуудаар тус тус хангалттай нотлогдож байна.
5. Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн, шинжээч нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журам-д үндэслэн бодитой тогтоосон байх тул яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Оролцогчийн эрхийн хэрэгжилт
1. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр тухайн үед үүссэн “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Т.Б-гийн үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.
2. Иймд шүүгдэгч Т.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлэгээ.
3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Шүүгдэгч Т.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд “хамар ясны шинэ хугарал, хамрын таславчын мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжилгээний 356 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал)-ээр тогтоогдож байна.
2. Хохирогч Г.Б нь“...Шүүгдэгч Т.Б нь миний эмчилгээний зардал болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд 2.500.000 төгрөг өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн байна.(хавтаст хэргийн 71 дэх тал),
3.Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээх чадвар бүхий субьект байна.
2. Шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
4. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Э “...Т.Б нь үг дуу цөөнтэй, хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийдэггүй их төлөв даруу хүн юм” гэж (хавтаст хэргийн 32 дахь тал) мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Б нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал)-аар тус тус нотлогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй.
7. Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор нь шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгч Б.Ц нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
10. Иймд шүүгдэгч Т.Бд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын сонгосон ял болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
11. Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
12. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА