Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/426

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, -улсын яллагчаар Ц.Сонинмөнх, -шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн 2234000000441 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа төмрийн бизнес эрхэлдэг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Г Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Голд” зочид буудалд байрлаж байхдаа иргэн Б.Зтой тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцаанаас маргалдан хамар, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй” гэв. Шүүгдэгч Б.Г нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон. Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Голд” зочид буудалд байрлаж байхдаа иргэн Б.Зтой тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцаанаас маргалдан хамар, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, - Хохирогч Б.Згийн мэдүүлэг /хх-ийн 6 тал/, - Гэрч Д.Пүрэвдуламын мэдүүлэг /хх-ийн 8 тал/, - Гэрч Н.Буяннэмэхийн мэдүүлэг /хх-ийн 10 тал/, - Гэрч Б.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 12 тал/, - Гэрч Л.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 14 тал/, - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 505 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 тал/, - Шүүгдэгч А.Анхбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 43 тал/, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 204 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-52 тал/ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирол хор уршиг, бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Зд 1.000.000 төгрөг өгсөн талаарх хүсэлтийг хэрэгт хавсаргасан байх бөгөөд /хх-ийн 44 тал/ шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд хохирогч Б.З нь 1.000.000 төгрөг өгвөл гомдолгүй гэсэн хэдий боловч хэрэгт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Гоос гаргуулах хохирол төлбөр байхгүй болохыг, Шүүгдэгч Б.Гоос тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА