Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Б.Х, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Х болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Л-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2235001340172 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ................... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл, мэдээллийн ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн ................... сумын 5 дугаар баг, Бошигт хорооллын 616 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Л-ийн Б,  (РД:..........)

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн ................... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн ................... сумын 2 дугаар баг, Цагаан эрэг гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Б-ийн Х, (РД:..........)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ................... сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Л.Б-ы эзэмшлийн хашаанаас цэнхэр өнгийн “Мустанг-200” загварын улсын дугааргүй мотоциклийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

Яллагдагч Л.Б нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ................... сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Х-ын толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Л.Б, Б.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ................... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Л.Б-ы эзэмшлийн хашаанаас цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-200 загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн буюу хохирогч Л.Б-ы зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Л.Б нь Увс аймгийн ................... сумын нутагт 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Х-ыг толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

2. Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна.” гэв.

3. Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй. Би торгуулийг хуулийн хугацаанд төлөх боломжтой” гэв.

Эрүүгийн 2235001560182 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч:

Шүүгдэгч Б.Х-д холбогдох  гэмт хэргийн хувьд хавтаст хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн болон мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн (хавтаст хэргийн 8-12 дахь тал);

2. Хохирогч  Л.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн  30-33, 36 дахь тал);

3. Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 72 дахь тал);

4. Гэрч Н.Н-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 74 дэх тал);

5. Гэрч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 45-46 дахь тал);

6. Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 97 дахь тал )

Шүүгдэгч Л.Б-д холбогдох гэмт хэргийн хувьд хавтаст хэргээс:

 1. Хохирогч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн  42-43 дахь тал);

2. Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 50 дахь тал);

3. Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 72 дахь тал);

4. Гэрч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 48 дахь тал);

5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 299 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал ) зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Х, Л.Б нар нь шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

2. Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ................... сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Л.Б-ы эзэмшлийн хашаанаас цэнхэр өнгийн “Мустанг-200” загварын улсын дугааргүй мотоциклийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

3. Хохирогч Л.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хашаан дотроос хулгайд алдагдсан “Мустанг-200” загварын улсын дугааргүй мотоциклийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б овогтой Х авч ирж өгсөн...Б.Х надаас мотоцикль авч явах ашиглах талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй...", "...Мотоциклийг авч ирж өгөхдөө хойно харгана дотор байж, би авчихжээ, би авсанаа санахгүй байна, харгана дотор байсныг оллоо гээд авч ирж өгсөн.." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 30-38  дахь тал),

4. Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр...гэрлүүгээ явах замдаа худгийн гэрэлтэй гудамжинд цус болчихсон сууж байсан хүнтэй тааралдсан ба уг хүн нь Б.Х байсан. Б.Х-ын толгой нь дагз хэсэгтээ хагарчихсан цус гарч байсан ба надад толгойгоо үзүүлээд Л.Б зодоод толгой хагалчихлаа гэж хэлэхээр нь Б.Х-д хандаж та яаралтай эмнэлэг орж үзүүлэх хэрэгтэй байхаа гэж хэлсэн. Б.Х, Л.Баас хариугаа авна байгаа газрын олж очиж зодно гэж хэлээд Л.Б-ыг хайж соёлын төвд очиход Л.Б соёлын төвд байгаагүй учир түүнийг хайж гэрт нь хайж очсон. Л.Б-ы гэрийн гадна ирээд Б.Х надад хандаж чи ороод Л.Б-ыг дуудаад гаргаад ир гэж хэлсэн. Би Б-ы хашааны хаалгыг татахад цоожтой байсан ба цохиход хүн гарч ирэхгүй гэр нь хүнгүй байсан. Б.Х Б-д зодуулсандаа шаралхаж Б-ыг зодож хариугаа авах гэж хайж явсан. Л.Б-ы хашаан гадна зогсож байхад Б.Х надад хандаж мал эзгүй одоо гэртээ харьмаар байна надад унаа байхгүй. Би Бы мотоциклийг унаад явчих уу Л.Б мотоциклио хайгаад өөрөө над дээр ирэхээр нь би Бтай ярилцаж учраа олно, үгүй бол зодно гэж хэлсэн...".." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

5. Гэрч Н.Н-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Б.Х, Л.Б-д зодуулчихаад дахин уулзахаар гэрт нь очсон тухайн үед Л.Б гэртээ байгаагүй учир уулзахаар хүлээж байгаад гэрлүүгээ явах гэж Л.Б-ы хашаанд байсан мустанг-200 загварын мотоцикпийг унаж явсан. Уг мотоцикл гэр рүү явж байхад бензин дуусаж замдаа орхисон...Тэгээд С ахын хоноод маргааш нь гэртээ ирсэн.... хаана орхисноо санахгүй байсан учир олохгүй байж байгаад 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олж Л.Б-д буцааж аваачиж өгсөн" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 74 дэх тал),

6. Гэрч Т.С-ийэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний орой манай сумын Х согтуу шөнө манай хашаанд орж ирэхээр нь би гэрт нь буюу хөдөө цагаан эрэг гэх газар хүргэж өгсөн...".мэдүүлэг  (хавтаст хэргийн 45-46 дахь тал);

7. Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаартай “... Увс аймгийн ................... суманд 2022 оны 6 дугаар сарын байдлаар хуучин “Мустанг-200” загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.334.000 /нэг сая гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97 дахь тал ) зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Б нь  Увс аймгийн ................... сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Х-ын толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ...Э-ын гэрт би, Э, Х бид нар очсон. Тэдний гэрт очоод том савтай пиво уусан. Тэрний дараагаар Б эхнэрийн хамтаар ирсэн ба бид нар хамтдаа пиво уусан. Хэсэг хугацааны дараагаар би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас согтоод Б-ы эхнэр болох Ц уурласан. Ц бид хоёр төрсөн эгч дүү нарын хүүхдүүд ба манай гэрт аав, ээжийн гэрт Ц очдоггүй учраас чи манай аав ээжийн гэрт очихгүй байна гэж уурлаад хайргатай шороо авч цацсан. Шороо нь Ц-ыг цохиогүй, хүрээгүй, гэтэл Б намайг эхнэр лүү шороо шидлээ гээд уурлаад өшиглөж, газар дарж унагаад толгой руу гараараа цохиж, хавирга луу өшиглөсөн. Би согтуу байсан учраас миний толгой хэсэг рүү Б хэдэн удаа, хэрхэн яаж цохисон, зодсон болох талаар мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа бид нарыг хүмүүс салгасан. Энхжаргал бид хоёрыг салгасан байх”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  42-43 дахь тал);

2. Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт Б.Х согтуу ирсэн ба удалгүй Л.Б, эхнэр Д.Ц-ын хамт манай гэрт ирсэн ба Л.Б бага зэрэг архи уучихсан халамцуу явсан. Гэрийн гадна хашаан дотор Б.Х нь Л.Б-ы эхнэр Д.Ц-д хандаж та нар манай гэрээр орж гарахгүй байна гэж уурлаж газраас шороо атгаж урдаас нь цацахад Л.Б уурлаж Б.Х-тай барицалдаж авсан Л.Б, газар дарж унгаасан ба би очиж салгахад Б.Х-ын толгойны дагз хэсэг нь хагарчихсан цус гарч байсан...Би Х, Б нарыг салгачихаад энэ Х-ын толгойноос яагаад цус гарч байгаа юм бэ гэж Баас асуухад наадхыг чинь газар унагаахад чулуун дээр уначихлаа гэж хэлсэн. Б.Х-ын дагзны төвгөр хэсгийн хуйханд язарсан шархыг Л.Б Б.Х-тай барилцалдаж газар унагах үедээ учруулсан гэмтэл...Х манай гэрт ирэхдээ толгой болон биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан ба цус гарсан ямар нэгэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 50 дахь тал);

3. Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 сарын 01-ний өдөр ....ангийнхаа хүүхдүүдийг бүгдийг нь гэрт нь хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ харих гээд явж байтал худгийн гэрэлтэй гудамжинд нэг хүн цус болчихсон толгойгоо дараад сууж байсан тэгэхээр би явж очоод юу болсон вэ та зүгээр үү гэхэд тэр хүн нь манай сумын Х гэж ах байсан тэгээд Х ах надад намайг Б зодчихлоо гэж хэлээд толгойгоо надад харуулахад 3 газар толгой нь хагарчихсан цус гарч байхаар иь би Х ахыг та яаралтай цусаа тогтоох арга хэмжээ аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 72 дахь тал);

 

4. Гэрч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн орчим хашааны хаалга дугараад байхаар нь би гэрээс гарч харахад Б.Х нь хүнд зодуулсан байдалтай толгойноос нь цус гарч дээл хувцасын цус болгосон байдалтай хашаан дотор хашааны хаалганы хажууд согтуу унтаж байсан. Би Х-ыг гэрт орж амар гэж дуудахад Б.Х нь ерөөсөө босоогүй учир тэр чигт нь гадна унтуулаад үлдээсэн. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагийн үед Б.Х босчихсон манай гэр рүү орж ирээд намайг гэрт хүргээд өг гэж хэлэхээр нь би мотоциклиор цагаан эрэг нэртэй газарт байх гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 48 дахь тал);

5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 299 дугаартай “..."...Б.Х-ын биед дагзны төвгөр хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл үүсч сорви болон эдгэсэн байна. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ..гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Гэмтлийн зэрэг тоггоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал ) зэрэг баримтуудаар  тус тус нотлогдож байна.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Х, Л.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

1. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл:

 шүүгдэгч Л.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр тухайн үед үүссэн “хувийн таарамжгүй харилцааны” улмаас хохирогч Б.Х-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

2. Шүүгдэгч Б.Х нь шууд санаатай үйлдлээр тухайн үед үүссэн “хувийн таарамжгүй харилцааны” улмаас хохирогч Л.Б-ы эзэмшлийн хашаанаас цэнхэр өнгийн улсын дугааргүй “Мустанг-200” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.

Л.Б, Б.Х нарын үйлдэл нь мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

3. Иймд шүүгдэгч Л.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Хыг “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

4. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Л.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд “...дагзны төвгөр хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл үүсч сорви болон эдгэсэн байна” зэрэг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжилгээний 299 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 187-88 дахь тал) -ээр тогтоогдож байна.

2. Хохирогч Б.Х нь “...Хохирол төлбөрт 300.000 төгрөг төлж өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж гаргаж өгснийг (хавтаст хэргийн 175 дахь тал)  нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Л.Баас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

3. Хохирогч Л.Б-ы зээлээр худалдаж авсан мотоциклийг шүүгдэгч Б.Х 2.450.000 төгрөгөөр худалдан авч, түүнийг хохиролгүй болгосон байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Х-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Л.Б нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас (хавтаст хэргийн 156 дахь тал)-аар, шүүгдэгч Б.Х нь урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал)-аар тус тус тогтоогдож байна.

3. Шүүгдэгч Л.Б, Б.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

5. Иймд шүүгдэгч Л.Б, Б.Х нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

6. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын  эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

7.  Шүүгдэгч Б.Х “...Би төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэлттэй байна” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын тус бүрт оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Л.Б, Б.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдэх нь зүйтэй.

9. Шүүгдэгч Л.Б, Б.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хольдог ургийн овогт Б-ны Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Ш овогт Л-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-д 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-д 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын тус бүрт оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу                                  650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Х, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус  дурдсугай.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА