Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/427

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

-Улсын яллагчаар Г.Ариунзул,

-шүүгдэгч Т.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Мт холбогдох эрүүгийн 2234002370410 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эгч, хүргэн ах, 2 нагац дүүгийн хамт тоотод оршин суух хаягтай,

-урьд 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Втой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.М нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Втой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/,

-Гэрч Д.Хулангийн “...Би уг Ш.В гэх хүнийг дуудлагаар очиж үзсэн ба намайн очиж үзэх үед баруун талын суга хэсгээс маш их хэмжээний цус алдалттай юу болсон талаар мэдэж байснаа хэлэхдээ би Т.М гэх хүнтэй хоёр шил архи хувааж уусаан. Бид хоёр маргалдах зүйл огт болоогүй. Гэнэт намайг хутгаар баруун талын суг хэсэгт 1 удаа хутгалсан гэж байсан. Харин би уг хүнд эмчилгээнд цус тогтоох тариа судсаар тарьсан. Дараа нь өгзөг тус газар нь тариа тарьсан. Мөн өвчин намдаах тариа өгзөгт нь тус тус тарьсан. Мөн аналгин, димодрол тарьж боолт боож өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

-Хохирогч Ш.Вийн өгсөн “...Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх н.Энхтайван гэх хүний адууг хамт малладаг найз Т.Мын хамтаар 2 шил Хараа нэртэй 0.75 литр хэмжээтэй архи хувааж уугаад юм ярьж нэлээн суусан. Би тухайн үед бол нэг их согтоогүй байсан. Харин Т.М нь бас бага зэрэг согтолттой байсан. Бид хоёр сууж байтал Т.М нь гэнэт босож ирээд шинээр дээр байсан бор иштэй хутгыг барьж аваад би чамайг ална гээд дайрсан. Тэгэхээр нь би гар зугтаагаад морь эмээллээд зугтааж найзындаа очоод удалгүй буцаад гэртээ ирэх үед Т.М нь гэрт байхгүй байсан. Тэгэхээр би гэртээ ороод хаалгаа дотроос нь уяад орондоо ороод унтах гэж байх үед гаднаас хаалга цохиод би н.Манлай байна хаалгаа гэхээр нь би яах гэж байгаа юм бэ, хутгаа яасан юм бэ гэсэн чинь би хаячихсаан орж унтая гэхээр нь би хаалгаа онгойлгож оруулж ирээд бид хоёр нэг хэсэг юм ярьж зогсож байх хугацаанд Т.М нь хаалга уяад гутлын түрүү дотроосоо хутгаа гаргаж ирээд намайг баруун талын суган тус газарт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь гэр тойрч зугтаагаад хаалгаар гарах гэхэд хаалга уячихсан байсан ба газар унаад дээрээсээ тогоо барьж байх үед дээрээс Т.М нь барьж байсан хутгаараа 4-5 удаа дүрсэн. Тэр болгон нь миний хамгаалж байсан тогоонд зоосон ба босож ирээд хаалгаа түлхэж онгойлгоод гараад зугтаасан. Хэрэв тэр тогоогоор өөрийгөө хамгаалаагүй байсан бол намайг 4-5 удаа хутгалах байсан..., ...Тухайн үед маргалдсан зүйл байхгүй, хамт архи уугаад сууж байгаад гэнэт чамайг ална гээд ширээн дээр байсан бор иштэй хутгийг аваад босоод ирэхээр нь би гараад морь унаж яваад айлд очоод буцаад ирсэн. Ирэхэд байхгүй байсан. Би гэртээ ороод гэрийн хаалгыг дотроос нь уяад унтаж байтал хаалга цохиод хэн бэ гэтэл Манлай байна гэсэн. Манлай би гэрт орж унтая гадаа унтсан байна гэхээр нь би хутгаа яасан юм бэ гэхэд хутгаа хаясан гэсэн. Тэгэхээр нь би хаалгаа хагас онгойлгоод гараа үзүүл гээд шалгатал хутга бариагүй байсан. Тэгээд хаалгаа нээгээд за ороод унт гэтэл орж ирээд чамайг ална гээд араас барьж аваад шууд  хутгалсан. Би гадаа байхад гарыг нь шалгаж үзсэн. Тэгэхэд хутга байгаагүй ханцуйнаасаа гаргаж ирсэн байж магадгүй... Тухайн үед хутга тогоонд зоогдоогүй. Уг тогоо ширэм байсан учраас хутганы үзүүр хүрээд нэвтэрч чадахгүй байсан. Уг тогоо эвдрээгүй зүгээр байгаа. Одоо ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 50-51 тал/,

-Шүүгдэгч Т.Мын сэжигтнээр өгсөн “...Би өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эзэн болох н.Энхтайваны эзэмшлийн адуун дээр ажилласан. Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх н.Энхтайван гэх хүний адууг сар гаран харж байгаа ба тухайн өдөр найз болох Ш.Вийн хамтаар Төв аймгийн Сэргэлэн сумын дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи худалдаж аваад бид хоёр гэртээ хувааж уусан. Тухайн үед цаг оройны 21 цаг болж байсан. Бид хоёр ч их согтсон байсан. Ш.В бид хоёр хамт ажиллаад 2 сар гаран болж байгаа ба ажлынхаа тухай ярьж байгаад би маш согтсон болохоор юу ч санахгүй байна. Ямар ч байсан бид хоёр маргалдсан. Тэгээд би Ш.Вийг хутгалсан юм шиг байсан. Нэг их сайн санахгүй байна. Намайг унтаж байх үед цагдаа нар ирсэн. Би өмнө нь Ш.Втой хамт архи уугаад маргалдаж байсан. Гэхдээ зодолдож байгаагүй... Би Ш.Вийг хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаартай “...Ш.Вийн биед цээжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарнагэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 19 тал/,

-

-2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тогоо”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-45 тал/,

-2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хутга”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-48 тал/,

-Шүүгдэгч Т.Мын яллагдагчаар өгсөн “...Би Ш.Вийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Втой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Т.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Т.М нь хохирогч Ш.Вийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хутгалах сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.М нь хохирогч Ш.Вийг хутгалсны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Т.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.Ариунзулаас “шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Т.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Мт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгч Т.Мт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Мт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар

Шүүх хуралдааны товыг хохирогч Ш.Вид мэдэгдэхэд “би Т.Маас 500.000 төгрөг авахаар тохиролцсон, тэр мөнгөө өгвөл гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

 

Шүүгдэгч Т.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Вийн биед баруун цээжинд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ш.В нь шүүхийн шатанд 500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх тул 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээ эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Эрүүгийн 2234002370410 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.В нь 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА