Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 02586

 

 

 

 

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/02586

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М С д а у т холбогдох

Дутуу олгогдсон нэмэгдэл 1 123 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 30-ний  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаал, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төвд рентген техникчээр ажилд орсон. Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-аар рентген техникчийн ажил мэргэжил хамаардаг ба албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгох заалттай байдаг. Манай байгуулага 2015 оны 5 дугаар сараас тухайн нэмэгдлийг олгож эхэлсэн ба 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сарын нэмэгдлийг олгоогүй болно. 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.8-д үндсэн цалинг 432 097 төгрөг байна хэмээн заасан. Иймд олгогдоогүй сар болох нийт 26 сар ба 1 123 452 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Эд хуулиар олгогдох ёстой байсан нэмэгдлийг нь олгоогүй, хохироож байгаа учраас шүүхэд хандсан. 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулж рентген техникчээр ажилд орсон. Энэ нь хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцогдоно. 2015 оны 5 сараас эхлэн нэмэгдлийг 10 хувиар тооцон авч эхэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаас гарсан. Ажлаас гарах хүртлээ өмнө нь олгогдоогүй нэмэгдлийг нөхөөд өгөх байх гэж харсан боловч өгөөгүй. Иймд 2013 оны 3 сараас 2015 оны 4 сар хүртлэх 26 сарын олгогдоогүй нэмэгдэл болох 1 123 452 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч М С д а у т-ийн захирал Л.Жамбалжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус төвийн захирлын тушаалаар Цэсэм овогтой Энхсайханыг 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот тушаалаар 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн рентген техникчээр ажиллуулж байгаад 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 7 тоот тушаалаар чөлөөлжээ. Ц.Э нь энэ хугацаанд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу 3 удаа хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан бөгөөд нэхэмжилж буй 1 123 452 төгрөг нь 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээнд хамааралтай юм. Уг гэрээгээр ажилтанд Засгийн газрын 2012 оны 78-р тогтоолын дагуу албан тушаалын цалингийн хэмжээг 432 097 төгрөгөөр байгууллагын нэмэгдэл 15 000 төгрөг, хор саармагжуулах сүүний 1 өдрийн нэмэгдлийг 1 500 төгрөг, хоолны үнэ 1 өдрийн 2 500 төгрөг, автобус унааны үнэ 1 500 төгрөгөөр тус тус олгож байсан байна. Төвийн захирлын ажилд авсан тушаал болон 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд рентген техникчийн ажлын байр нь хортой нөхцөлд ордог тул хор саармагжуулах сүүний нэмэгдэл 1 500 төгрөгийг өдөрт олгохоор заасан байгааг ажиллах хугацаанд бүрэн олгожээ. Иймд иргэн Ц.Эаас нэхэмжилж буй дээрх мөнгийг нөхөж олгох боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ц.Э нь 2013 онд рентген техникчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Тухайн үед 78 дугаар тогтоолын дагуу нэмэгдэл сүү гээд гэрээ хийсэн. Тухайн үед нэмэгдэл олгох талаар мэдээгүй байсан боловч холбогдох тушаал зааврыг судлаад 2015 оны 5 сараас нэмэгдлийг олгож эхэлсэн. Гэтэл өөрөө тухайн үедээ нэхээгүй байж одоо нэхэмжилж байна. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Гэхдээ байгууллагын хувьд ажилтныхаа эрх ашгийг бодож нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 561 726 төгрөгийг боломжоороо төлж болж байна. Бүгдийг нь авна гэвэл зөвшөөрөхгүй, тийм боломж бололцоо ч байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч М С д а у т холбогдуулан хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл 1 123 452 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь М С д а у т  хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласны нэмэгдлийг дутуу олгосон тул 2013 оны 3 сараас 2015 оны 4 сарыг хүртлэх хугацааны буюу нийт 26 сарын олгогдоогүй нэмэгдэл 1 123 452 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь Ц.Эыг хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдлийг авч байсан, 2015 оны 5 сараас цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдлийг олгож эхлэсэн бөгөөд 2013 оны 3 сараас 2015 оны 4 сар хүртлэх нэмэгдлийг олгоогүй талаар өмнө нь гомдол гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, үүрэгтэй”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ажилтан нь аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь М С д а у т рентген техникчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох М С д а у т даргын 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №10 дугаар “Ц.Эыг ажилд томилох тухай” тушаал,   2013 оны 4 дүгээр сарын 01, 2015 оны 4 дүгээр сарын 03, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №12 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-26-р хуудас/

Зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгчийн ажлын байр болох рентген техникч нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах талаар хэн аль маргаагүй, Ц.Эыг ажилд томилох тухай 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №10 дугаар тушаалын 3-т “дээрх ажил нь хортой нөхцөлд ордогийг харгалзан зохих журмын дагуу сүүний мөнгийг олгохыг нябо Ж.Ариунаад зөвшөөрсүгэй” гэжээ. /хэргийн 5-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж заасан байх бөгөөд зохигч талууд нэмэгдлийг хамтын гэрээгээр бус хөдөлмөрийн гэрээнд зааснаар олгогдож байсан гэж тайлбарласан болно.

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.3-т “ажлын байрны буюу албан тушаалын нэр рентген дүрс оношлогооны техникч”, 1.8-д “ажил олгогч нь ажилтанд Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын дагуу үндсэн цалинг дүйцүүлэн олгоно. А.үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ 432 097 төгрөг байна. Б.Мэргэшлийн зэргийн болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийн хэмжээ хор саармагжуулах сүүний 1 өдрийн 1 500 төгрөг байна. В.бусад нэмэгдлийг байгууллагын дотоод журам, хамтын гэрээгээр тогтооно. .................. төгрөг байна. 1.9-д хөдөлмөрийн нөхцөл хортой нөхцөл” гэжээ. /хэргийн 6-12-р хуудас/

2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнийн 1.3-д “ажлын байр буюу албан тушаалын нэр рентген техникч”, 1.8-д “ажил олгогч нь ажилтанд Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын дагуу үндсэн цалинг дүйцүүлэн олгоно. А.Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ ТҮЭМ-3-1 518 516 төгрөг байна. Б.Мэргэшлийн зэргийн болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийн хэмжээ хортой нөхцөл, сүүний үнэ 3 500 төгрөг байна. В.бусад нэмэгдлийг байгууллагын дотоод журам, хамтын гэрээгээр тогтооно. Нэмэгдэл 15 000, хоол 3 500, унаа 1 500 төгрөг байна”, 1.9-д “хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл”. /хэргийн 13-19-р хуудас/

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 тоот хөдөлмөрийн гэрээний 1.3-т “рентген техникч”, 1.8-д “ажил олгогч нь ажилтанд Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын дагуу үндсэн цалинг дүйцүүлэн олгоно. А.Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, ТҮЭМ-3-1 518 516 төгрөг байна. Б.Мэргэшлийн зэргийн болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийн хэмжээ хортой нөхцлийн нэмэгдэл 10 хувь, сүүний нэмэгдэл 1 500 төгрөг байна. В.бусад нэмэгдлийг байгууллагын дотоод журам, хамтын гэрээгээр тогтооно. Байгууллагын нэмэгдэл -15 000, хоол 3 500, унаа 1 500 төгрөг байна” гэж харилцан тохиролцсон байна. /хэргийн 20-26-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээнд зааснаар цалингийн 10 хувьтай тэнцэх хортой нөхцөлийн нэмэгдлийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн тооцож олгосон гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан рентген техникч Ц.Эы цалингийн хүснэгтээр тогтоогдож байна. /хэргийн 58-р хуудас/

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 сараас өмнөх буюу 2013 оны 3 сараас 2015 оны 4 дүгээр сарыг хүртлэх хугацааны нийт 26 сарын нэмэгдлийг олгоогүй гэж нэхэмжилсэн боловч энэ талаараа байгууллагадаа хандаж байсан эсэх талаар баримтаар нотлоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиодолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан, мөн хуулийн 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн боловч энэ нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хортой нөхцөлийн нэмэгдлийг дутуу олгож эрх зөрчиж байгаа талаар 2015 оны 5 сараас буюу уг нэмэгдлийг олгож эхэлсэн үеэс мэдсэн байх боловч энэ талаарх гомдлоо ямарваа нэгэн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргаж байгаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилтны эрх ашгийг нь харгалзан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, байгууллага нь боломжоороо төлөхөд татгалзахгүй гэсэн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 123 452 төгрөгний 50 хувь болох 561 726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:    

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар хариуцагч М С д а у т  дутуу олгогдсон  нэмэгдэлд 561 726 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 561 726 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 520 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30 511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.       

                                                                                                                    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Д.ХУЛАН