Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/993

 

 

 

 

 

 

2022           10           24                                      2022/ШЦТ/993

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Э.Чанцалням,

Шүүгдэгч: Ө.Т, түүний өмгөөлөгч Ц.Ц нар оролцсон эрүүгийн ..... дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.... оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх нэртэй зочид буудлын ресепшний өрөөнөөс хохирогч М.Хын эзэмшлийн Samsung S9 маркийн гар утас, бэлэн 60.000 төгрөгийг, хохирогч Б.Сын эзэмшлийн iphone 8 маркийн гар утас зэргийг нэг цаг хугацаанд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооллын ... дэлгүүрт бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар авахын тулд насанд хүрээгүй Б.Бд түүний эзэмшлийн iphone 10 маркийн гар утсыг худалдаж авна хэмээн итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар хууран мэхэлж авч, хохирогч Б.Бд 740.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Т нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бийг залилсан гэдэг дээр уг нь харилцан тохиролцож авсан. Утсыг нь зарах уу гэхэд өөрөө хүлээн зөвшөөсөн. Утсаа лоМ-ардад тавих гэж байгааг мэдэж байсан. Мөнгийг нь цувуулж өгье гэж байгаад ажилгүй байж байгаад өгч чадаагүй. Харилцан яриагаар тохиролцоод өөрөө зөвшөөрсөн. Хулгайлах үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн ....дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 79 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ө.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63, 113 дугаар хуудас/,

Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

Хохирогч М.Хын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

“М-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 80 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

Эд зүйл түр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 98 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 101 дүгээр хуудас/,

“Д-” барьцаат зээлийн үйлчилгээ /хх-ийн 102 дугаар хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ө.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа  /хх-ийн 44 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хулгайлах гэмт хэргийн тухай:

 

Шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх нэртэй зочид буудлын ресепшний өрөөнөөс хохирогч М.Хын эзэмшлийн “Samsung S9 маркийн гар утас, бэлэн 60.000 төгрөгийг, хохирогч Б.Сын эзэмшлийн “iphone 8 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 810.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч М.Хын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Хохирогч М.Хын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах Т зочид буудлын ресепшн дээр найз С-ын хамт байж байтал 23 цагийн орчимд манай найз Т- ороод ирсэн. С- “би дээшээ гарч амарлаа” гээд гар утсаа ресепшний дотор талын ширээн дээр үлдээгээд явсан. Т- бид хоёр ресепшний дотор талд сууж байтал үйлчлүүлэгч намайг дуудаад байхаар нь би дээшээ гарсан. Буугаад ирсэн чинь Т- байхгүй байсан бөгөөд миний гар утас болон С-ын гар утас байхгүй болсон байсан. Минийх Самсунг S9 маркийн гар утас, С-ынх Iphone 8 маркийн гар утас байсан. Тухайн үед камерын бичлэг шүүж үзэхэд манай найз Т- миний болон С-ын гар утас, 60.000 төгрөгийг аваад гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Сын “...Өглөө босоод Х дээр очсон чинь “миний гар утсыг болон чиний гар утсыг бас ресепшний дотор талд байсан мөнгө хийдэг шургуулган дотор байсан 60.000 төгрөгийг өчигдөр ирсэн манай найз Т- аваад явчихжээ” гэж хэлсэн. Минийх Iphone маркийн гар утас, Хынх Самсунг S9 маркийн гар утас байсан. Бэлэн 60.000 төгрөг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...хар өнгийн бэхээр “бичлэг” гэсэн бичигтэй 1 ширхэг CD-ийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...уг ресейпшн дотор хувцасны өнгө тодорхойгүй, эрэгтэй хүн орж ирээд сандал дээр сууж байгаад ресейпшн дотор байсан шкафны шургуулгыг татаж онгойлгоод дотроос нь үл мэдэгдэх зүйл авч буцаан шургуулгыг хаагаад шкафан дээр байсан үл мэдэгдэх зүйлийг аваад гараад явж байгаа дүрс бичлэг байв...” гэсэн агуулга бүхий баримт,

“М-” ХХК-ийн “...Самсунг эс-9 загварын цэнхэр өнгийн гар утас 350.000 төгрөг, Iphone 8 загварын цагаан ягаан өнгийн гар утас 400.000 төгрөг, нийт 750.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан,

Шүүгдэгч Ө.Тын “...Би Хын Самсунг эс-9 маркийн гар утас болон Хын найзынх нь iphone 8 маркийн гар утас бас шүүгээн дотор байсан бэлэн 60.000 төгрөг зэргийг аваад гараад явсан. 2 ширхэг гар утсыг С- дээр байдаг лоМ-ардад 150.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх нэртэй зочид буудлын ресепшний өрөөнөөс хохирогч М.Хын эзэмшлийн Samsung S9 маркийн гар утас, бэлэн 60.000 төгрөгийг, хохирогч Б.Сын эзэмшлийн iphone 8 маркийн гар утас зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 810.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Ө.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэргийн тухай:

 

Шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооллын “. ... дэлгүүрт бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар авахын тулд насанд хүрээгүй Б.Бд түүний эзэмшлийн “iphone 10 маркийн гар утсыг худалдаж авна” хэмээн итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар хууран мэхэлж авч, хохирогч Б.Бд 740.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн “... 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр  15 цагийн үед ... дэлгүүрийн хажууд байрлах таеквондогийн сургалт руугаа орох гээд байж байтал зүс таних Т- гэх ахтай таарсан. Намайг утсаа зарчихаач гээд шалаад байсан. Би “үгүй” гэтэл “утсыг чинь харъя” гээд шууд халаасандаа хийгээд “500.000 төгрөгөөр авъя” гээд надад бэлнээр 100.000 төгрөг өгөөд үлдсэн 400.000 4 өдөр таслаад өгье гээд шууд аваад яваад өгсөн. Би эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Би чатаар “утсаа авъя” гэтэл “би өртэй хүндээ өгсөн” гээд байсан. Би утсаа авмаар байна өгсөн 100.000 төгрөг дээр нь 20.000 төгрөг нэмээд зүгээр утсаа авъя” гэтэл “120.000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Би тэр дор нь шилжүүлтэл ахиад алга болчихсон...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Эгийн “...Би 01 дүгээр сарын 14-ний өдөр Ө- овогтой Т- гэх хүүхдээс 430.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан. Тухайн хүүхэд нь миний гар утас гэж хэлээд барьцаанд тавьсан. 14 хоногийн хугацаатай 430.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20 цагт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б- ирж гэмт хэргийн алдагдсан утас гээд хурааж авсан. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусаад хүү тооцоод 464.000 төгрөг болсон. Би өөрийн 464.500 төгрөгийг эргүүлэн авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Б- овогтой Э-ад хар өнгийн айфоне 10 загварын цэнхэр өнгийн гэртэй ард талын шилэн хэсэг хагарсан гар утас 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл,

“Д-” барьцаат зээлийн үйлчилгээний баримт,

“Д-” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №СБ1-22-290 дугаар “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн үнэлгээний тайлан,

Шүүгдэгч Ө.Тын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах М- нэртэй ПС тоглоомын газраар үйлчлүүлж байгаад өөрийн хуучны танилБ- гэх хүүхдийг дуудаад утсыг нь 400.000 төгрөгт зарчих, би чамд мөнгийг нь одоо 100.000 төгрөг дараа нь цувуулаад үлдэгдлийг нь өгнө гэж хэлээд мөнгийг нь авсан. Би тухайн үедээ 100.000 төгрөгийгБ-д өгөөд явуулсан. Дараа ньБ-эс авсан гэх Ай фоне икс загварын гар утсыг Сүхбаатар дүүргийн .... хорооллын лоМ-ардад 430.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Ө.Т нь танил найзын холбоотой байдлаа далимдуулан хохирогчид “гар утсыг нь худалдаж авна” гэсэн ойлголтыг төрүүлж хуурч тухайн эд зүйлийг өөртөө авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан итгэлийг нь урвуулан ашиглаж хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлийг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүх шүүгдэгч Ө.Тыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчийн хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаангүй, харин залилах гэмт хэрэгт хүүхдүүд хоорондоо утсаа өгч авалцсан асуудалд яаж хуурч, ямар бодит байдлыг нуусан болох нь тодорхойгүй тул залилах үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ө.Таас гар утсыг худалдан авах хэмжээний мөнгө байхгүй атлаа хохирогчид гар утсыг нь худалдан авах ойлголт төрүүлж, мөнгийг 4 хоногийн дотор төлнө гэж итгэл төрүүлээд тухайн эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн аваад зогсохгүй улмаар гар утсыг барьцаат зээлийн газарт барьцаалж мөнгийг өөртөө ашиглаж буй үйлдэл нь тэрээр анхнаасаа бусдын гар утсыг худалдан авах санаа зорилгогүй, түүний үнийг төлөх бодит боломжгүй, харин тухайн хөрөнгийг өөртөө ашиглах шунахай зорилго агуулж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзсэн тул өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ө.Т нь хохирогч М.Ход 410.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ст 400.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Бд 740.000 төгрөгийн хохирол тус бүрийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин иргэний хариуцагч Б.Э нь “...464.000 төгрөг нэхэмжилнэ..” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжилсэн дүн тогтоогдсон гэж шүүх үзэж, шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс 464.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Ө.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ө.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийт 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Ө.Тд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хоёр гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.Т нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Ө.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 700 цагийн  хугацаагаар биечилэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Ө.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 27 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /27*8=216/ 216 цагийг хасч /700-216=484/ 484 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоов. 

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ө.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн хугацаагаар нийт тустай ажил хийлгэх ялын эдлэх хэмжээг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тын цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /27*8=216/ 216 цагийг хасч /700-216=484/ 484 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.  

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ө.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН