Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/428

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

-улсын яллагчаар Д.Дэлгэрсүрэн,

-хохирогч Э.Ч, түүний өмгөөлөгч Э.Базардорж, Ц.Сонинбайгаль,

-шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Дд холбогдох эрүүгийн 2234000000430 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Тамгын газрын дарга, ам бүл 4, эхнэр, охин, хүүгийн хамт Төв аймаг Зуунмод сум, Зүүндэлгэр 4 дүгээр баг, А-6-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Л.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын өөрийн ажлын өрөөнд “ажлаа тасалж архи уулаа” гэх шалтгаанаар Э.Чгийн нүүрэн тус газарт цохиж, хохирогч Э.Чгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол , санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Д нь мэдүүлэхдээ: “Э.Ч ах бид хоёр анх дарга жолоочийн байр суурьтай байсан. Би янз бүрийн газар яаралтай явах шаардлага гардаг. Сүүлийн үед Э.Ч ах архи уугаад ажил дээрээ ирэхээ больсон. Гэр лүү нь хүн явуулж асуулгахаар гэртээ байхгүй. н.Эрдэнээ ах Э.Ч ахыг ажилд зуучилсан учраас н.Эрдэнээ ахад хэлсэн Э.Ч ах ажилдаа ирэхгүй бол би ажлаас нь халахаас өөр арга алга одоо яах вэ гэхэд н.Эрдэнээ ах Э.Чг халаад хэрэггүй нэг удаадаа үлдээгээч олон хоног архи уугаад гэртээ очихгүй байна, нэг цагдаад өгдөг юм уу. Маргааш ямар ч аргаар хамаагүй Э.Чг ажил дээр ирүүлнэ гэж хэрэг гарахын урьд өдөр хэлсэн. Маргааш нь Э.Ч ах өрөөнд орж ирэхээр нь би хэлсэн. Ах дүүгийн хувиар, дарга цэргийн хувиар тань сэтгэл санаа муу байгаа гэдгийг би мэдэж байна. Тэгэхдээ та архи уухаа болмоор байна. Танд яаж хэлбэл болох юм бэ гэж хэлээд Э.Ч ахыг цохисон нь үнэн энэ үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Э.Ч нь мэдүүлэхдээ: “Өглөө дарга дуудсан тэгээд заамдаж аваад цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна” гэв.

            Шүүгдэгч Л.Дашлхагвын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Л.Д нь “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын өөрийн ажлын өрөөнд “ажлаа тасалж архи уулаа” гэх шалтгаанаар Э.Чгийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
  • Хохирогч Э.Чгийн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
  • Шүүгдэгч Л.Дашлхагвын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 тал/,
  • Гэрч Х.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
  • Гэрч О.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
  • Гэрч О.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
  • Гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
  • Гэрч Х.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 тал/,
  • Шүүгдэгч Л.Дашлхагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Д нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 73 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 198 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 117 тал/ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Л.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Дд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.Дашлхагвын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 105 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн 3 дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дашлхагвийн хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Л.Дашлхагвыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар.

Хохирогч Э.Ч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч Л.Д нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна. Харин хохирогч Э.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2234000000430 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Двыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.Двыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь хохирогч Э.Чд 3.000.000 төгрөг төлсөнг, хохирогч Э.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА