Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ж-ны Б-т холбогдох эрүүгийн 2235001740190 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг хүлээн авч хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 12-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын 5 дугаар багт газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Ж-ны Б /РД:.........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ........ сумын 5 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр К.Б-ийн толгой тус газарт гараараа олон удаа цохиж, хоолойг нь боож унагаасан, толгой, гар, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “ ... Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна...Би өөрийнхөө эхнэрийг гомдоосондоо маш их харамсаж байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв

Эрүүгийн 2235001740190 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн К.Б-оос 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 50 минутад 95360239 дугаарын утсаар Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “........... сумын 5 дугаар багийн орон сууц 28 тоот байранд миний нөхөр Ж.Б нь намайг зодлоо...” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч К.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр Ж.Б бид хоёр айлын найранд /хуримын үйл ажиллагаа/ тус аймгийн ........ сумын төвд оролцоод гэртээ 18 цагийн үед ирсэн. Гэрт ирсний дараагаар би гэртээ үлдээд манай нөхөр Ж.Б гэрээс гараад явсан юм. Тэр орой 21-22 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт ганцаараа ирсэн. ... Би отгон хүүхэд болох О-ийн хамтаар байхад Ж.Б согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод, надтай хэрүүл маргаан хийх гээд өдөөд байхаар нь би унтах гээд хэвтчихсэн. Гэтэл манай нөхөр Ж.Б намайг дуугарахгүй байна гээд намайг орон дээр хэвтэж байхад миний толгой хэсэгт гараараа олон удаа цохисон. Би хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй, би босоод ирэхэд миний үснээс татаад үсдсэн, үснээс татаж чирээд байшингийн коридорт гаргасан, тэр үедээ Ж.Б чамайг ер нь алчихсан ч яадаг юм, би хүн алж үзмээр байна, хүн алчихаад шоронд явмаар байна гэж хэлсэн. Намайг коридорт миний нүүр, толгой руу гараараа олон удаа цохисон, хоолойг майкны захаар боож унагаагаад толгой руу дэвссэн, миний гар хөлийн хэсэг рүү өшиглөж цохисон. Манай охин О намайг битгий цохь гээд ааваасаа гуйгаад уйлж орилоод байж салгасан. Нөхөр Ж.Б намайг цохичихоод гэрээсээ гараад явган алхаад явчихсан. Би тэр үед охин О-ийн хамтаар сумын цагдаагийн хэсгийн байранд очиход цагдаа байхгүй байсан. Би буцаж гэртээ очихгүйгээр охин О-ийн хамтаар өөрийн эзэмшлийн пробокс загварын 17-98 УВС улсын дугаартай автомашинаар Улаангом сум руу орж хоноод маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Тухайн үед миний биеийн хөл, гарын хэсэг хөхөрчихсөн, баруун нүд хөхөрчихсөн байдалтай байсан. Уруул мөн гэмтсэн байсан. Намайг гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн, гараараа хоолойг боосон. Өөр ямар нэг зүйлээр цохисон зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37 дахь тал),

3. Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай төрсөн аав Ж.Б, төрсөн ээж К.Б нар ........ сумын төвд Д гэх айлын найранд явсан. ...Орой 18-19 цагийн үед аав, ээж хоёр гэртээ ирсэн бөгөөд аав ганцаараа гарааад явчихсан. ...Орж ирэхдээ аав согтуу байсан бөгөөд ээжийг хэл амаар доромжлоод ээжтэй маргалдсан. Ээжийг унтаж байхад нуруу луу нь цохиод, толгой руу гараараа олон удаа цохисон. Тэгээд ээж босоод тэр хоёр маргалдсан. Манай аав Ж.Б ээжийг үсдээд коридор луу чирж гараад нүүр ам руу нь гараараа хэд хэд цохиод түүний хоолойг майкны захаар боож унагаад толгой руу нь дэвсээд өшиглөсөн. Аав хэлэхдээ би чамайг заавал алчихаад шоронд явна, хүн алж үзмээр байна гэж хэлсэн. Би тэр үед нь аавыг болиоч гээд уйлж гуйгаад зууралдсан. Тэгэхэд аав гэрээс гарч явсан ба ээжийг зайл гэж хэлээд гэрээс хөөсөн. Түүний дараагаар ээж бид хоёр хувцсаа аваад сумын цагдаагийн хэсэгт очиход хэсгийн цагдаа байгаагүй. Тэгэхээр нь өөрсдийн пробокс загварын автомашинтай Улаангом сум руу ороод Б эгчийн гэрт очоод тэндээ хоносон. Одоо тэднийд амьдарч байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь тал),

4. Гэрч К.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө ...манай төрсөн дүү К.Б нь охин Б.О-ийн хамтаар нүүр, баруун нүдний хэсэгт хавдчихсан байдалтай уйлчихсан орж ирсэн. Би юу болсон талаар тухайн үед асуухад дүү маань нөхөр Ж.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу гэртээ ирчихээд намайг хэл амаар доромжлоод, зодлоо гэж хэлсэн. Би чиний биеийн аль хэсэг рүү цохисон юм гэхэд толгой руу гараараа цохисон, намайг үсдэж, хоолой боож унагаад толгой бие рүү өшиглөж дэвссэн гар, хөл рүү өшиглөсөн гэж хэлсэн. ...Тэр шөнө манай дүү К.Б, охин Б.О-ийн хамтаар нэлээн айсан байдалтай ирсэн ба орой унтаж чадахгүй нойрмоглоод амандаа юм хэлээд, унтаж байгаад цочиж босч ирээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 385 дугаартай "...Үзүүлэгч К.Б-ийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, дээд уруул, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний эргэн тойронд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ........ сумын 5 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр К.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэн К.Б-оос 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 50 минутад 95360239 дугаарын утсаар Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч К.Б-ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мэдүүлэг, гэрч К.Б-ын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 385 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч К.Б-ийн эрүүл мэндэд  тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, дээд уруул, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 385 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

         Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Ж.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч К.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хоёр:Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал)-аар тогтоогдож байна.

3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: гэрч Ж.П мөрдөн байцаалтын шатанд: “... Ж.Б нь зан байдлын хувьд төлөв даруухан, сайхан боловсон зантай, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, нийтэч, элдэв муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харилцдаг, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй эр хүн юм.”гэж, (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд: “...Ж.Б нь ...нийтэч, уурлаж уцаарладаггүй, ямар нэг муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харьцдаг, ажилсаг, хөдөлмөрч, хүмүүстэй сайхан харилцдаг тийм хүн.” гэж (хавтаст хэргийн 47 дахь тал) тус тус мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

6. Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч К.Б нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй байна.

7. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

8. Шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ж-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА