Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хруалдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: Я.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я-ийн М-д холбогдох 2235000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 30-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын 12-р багийн 05-10 тоот оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 10 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Б овогт Я-ийн М /РД:........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.М нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны шөнө Увс аймгийн ........ сумын 7 дугаар багийн нутагт “Өгөөж” баарны гадаа согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.А-ын нүүр хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Я.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

А. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Я.М нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны шөнө үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүр рүү мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

2. Шүүгдэгч Я.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөртөө маш их харамсаж байна. Одоо эхнэр, хүүхэдтэй болсон. Би цаашид хариуцлагатай байна гэв.

Эрүүгийн 2235000000176 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Г.А-аас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр гаргасан “...........  сумын 7 дугаар багийн нутагт “Өгөөж” баарны урд 2022 оны 8 дугаар сарын 30-ны шөнө зүс таних М гэгч нь миний хамар тус газар цохиж гэмтэл учруулсан...” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 00 цагийн үед ........ сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өгөөж гэх нэртэй бааранд найз нарын хамт орсон. Бааранд ороод архи согтууруулах  ундааны зүйл ууж байгаад 01 цагийн үед би ганцаараа тамхилах гээд тус баарны гадна зогсож байхад баарны гадна зүс таних хүмүүстэй хамт юм ярьж байх явцдаа маргалдаж байхад нэг нь ирээд шууд хамарлуу мөргөсний улмаас хамарнаас цус гарахад хамт явж хүмүүс бид нарыг салгахаар нь би дотогш орж найз нараа дагуулаад гараад ирэхэд эргүүлийн цагдаа ирсэн байхаар нь бид нар шууд тарсан. Маргааш өглөө нь би босоход миний хамар хавдаж хөхөрсөн байдалтай байхаар нь нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд хамар хугарсан гээд хугарсан ясыг нь оруулсан. Тухайн үед намайг цохисон гэх залуу нь манай найз Б би танай найзтай маргалдаж байгаад цохисон юм гэж хэлсэн байхаар нь би зүс таних М гэх хүний дугаарлуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр залгаж яагаад цохисон талаар асуухад сайн санахгүй байна өөртэй чинь маргалдаж байгаад цохисон байна хоорондоо зохицож болох уу? цагдаад битгий мэдэгдээрэй гэж хэлсэн, мөн би тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг учир олон хүнтэй харьцах шаардлага гардаг тул хамар болон нүд хөхөрсөн байдалтай ажиллахад хүндрэлтэй байгаа тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...", "...М надтай дахин уулзаж надаас уучлалт гуйж ямар хэмжээний хохирол учирсан бэ гэж асуухад би хугарсан хамрыг 100.000 төгрөгөөр янзлуулсан гэж хэлэхэд надад бэлэн мөнгө өгч миний хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 05, 07 дахь тал),

3. Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр М найзын төрсөн өдөр болж байсан.... 00 цагийн үед М бид хоёр тамхи татахаар ”Өгөөж” төвийн гадагш гараад шатан дээр зогсоод тамхи татаж байхад баарнаас үл таних залуу гарч ирээд М-тай юм ярьж байгаад удалгүй тэр хоёр маргалдаж байхад намайг дотогш хүн дуудахаар нь бааранд ороод сууж байхад баарны зөөгч залуу надруу ирээд танай найз гадна хүмүүстэй маргалдаж байна гэж хэлэхээр нь би буцаж гадагш гарахад М нь маргалдаж байсан залуутайгаа барьцалдаад авсан байхаар нь би очиж салгаад дотогш ороод хувцсаа аваад гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь би М-аас юу болсон талаар асуухад баарны үүдэнд үл таних залуу маргалдаад байхаар нь зодолдсон гэж хэлсэн..гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

4. Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Г.А нь ганцаараа гадагш гарч тамхи татна гэж хэлж гарчихаад хэсэг хугацааны дараа орж ирэхдээ хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад баарны гадна зогсож байсан нэг хүнтэй маргалдсаны улмаас миний нүүр рүү цохисон гэж хэлэхээр нь бид нар гадагш бөөндөө гарахад найз Г.А-ыг цохисон гэх зүс таних залуу найзуудын хамт байсан бөгөөд бид нар очоод уулзаж байхад эргүүлийн машин ирсэн тул бид нар баарны гаднаас тарж гэр гэрлүүгээ харьсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

5. Гэрч О.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Г.А нь би ихээр согтож байгаа тул гэртээ харилаа гэж хэлээд ганцаараа баарнаас гарсан боловч удалгүй 4-5 минутын дараа буцаж орж ирээд миний хамар руу хүн цохичихлоо гэж хэлээд хамраа үзүүлэхэд цус гарсан байдалтай байхаар нь бид нар баарнаас гараад Г.Аыг цохисон гэх залуутай очоод уулзах гэж байхад эргүүлийн машин ирээд бид нар тарцгаасан...Хамар нь хавдаж хамарнаас цус гарсан байдалтай гаднаас орж ирсэн  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

6. Шүүгдэгч Я.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр миний төрсөн өдөр болж байсан... би найз Э-ын хамт Өгөөж баарны үүдэнд тамхи татах гээд гадагш гарсан...А нь гадна байсан бөгөөд А бид хоёр юм яриад зогсож байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Юунаас болсныг сайн мэдэхгүй бөгөөд нэг мэдэхэд бид хоёр хоорондоо барьцалдаж байхаар нь би А-т хандаж намайг тавь гэж хэлэхэд А нь тавихгүй байхаар нь би нүүрэн тус газар нэг удаа цохиод авахад хамт явсан Энхбаяр намайг салгаж баар руу аваад орсон....гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

   7. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 377 дугаартай “...үзүүлэгч Г.А-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд, зүүн нүдний дотно булан, доод зовхинд цус хуралт, зүүн хацар эрүүний хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг дор үүсэх боломжтой. ...хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд, зүүн нүдний дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Я.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 30-ны шөнө Увс аймгийн ........ сумын 7 дугаар багийн нутагт “Өгөөж” баарны гадаа согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.А-ын нүүр хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэн Г.А-аас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.А-ын мэдүүлэг, гэрч Ц.Э, Ц.Б, О.М нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 377 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Я.М-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Шүүгдэгч Я.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3. Шүүгдэгч Я.М-н үйлдлийн улмаас хохирогч Г.А-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Я.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

5. Шүүгдэгч Я.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Я.М архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл шууд нөлөөлсөн гэж  шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч  Я.М нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 100.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Г.А нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

          Хоёр:Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Я.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Я.М нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 10 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал)-аар тогтоогдож байгааг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй байна.

3. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

4. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, прокурорын гаргасан саналыг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

7. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

8. Шүүгдэгч Я.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Я.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Я.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Я.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА