Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02776

 

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/02776

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: W C /О.Д/ паспортын дугаар,

Нэхэмжлэгч:  Н А нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ш Д, 

Хариуцагч: А М,

Хариуцагч:  “D энтертаймент” ХХК нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

W C /О.Д/ нь өөрийн найз Ш.Дд кино төсөл хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор хүүгүйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 000 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлүүлсэн. Уг зээлийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр буцаан төлөх ёстой байсан боловч Ш.Д нь үүрээ гүйцэтгээгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсаны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 175 дугаартай нотариатчийн гэрээний 65 дугаарт бүртгэлтэйгээр уг мөнгийг эхнэр Н.Ад Ш.Д нь 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан. Ш.Д нь гэрээнд заасан үүргээ итгэмжлэгч нарын өмнө биелүүлээгүй болно. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээ нь бичгээр үйлдэгдэж, нотариатаар гэрчлэгдсэн бөгөөд уг гэрээнд зээлийг хуваарьт хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд сар тутамд 5 хувийн алдангийг гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу анзыг тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилнэ. Иймд Ш.Дгээс үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нар нь шүүхэд эхлээд мөнгө өгсөн Ш.Дд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл авах зөвшөөрлийг А.М өгсөн байх тул хамтран хариуцагчаар татсан, гэтэл зээлийн гэрээг нэхэмжлэгч Н.А нь“D энтертайнмент” ХХК-тай байгуулсан байсан тул хамтран хариуцагчаар “D энтертайнмент” ХХК-ийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж байна.  

 Өөрөөр хэлбэл 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “D энтертайнмент” ХХК-ийн гишүүн Ш.Дгийн зөвшөөрлийн бичиг баримтыг гаргаж өгсөн. Энэхүү зээлийн гэрээ нь “D энтертайнмент” ХХК-ийн захирал солигдсонтой холбоотой Ш.Д, А.М, “D энтертайнмент” ХХК нартай холбоотой тул шаардах эрхээ эдгээрт холбогдуулан гаргасан. Энэхүү 30 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан боловч мөн л төлж барагдуулаагүй. Ингээд үндсэн зээлд 30 000 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч үүнээс А.М 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, хугацааг нь тодорхой мэдэхгүй байгаа ч шилжүүлж өгсөн 17 500 000 төгрөг, гээд нийт 25 500 000 төгрөг өгснийг хасч, үлдэх 19 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч талаас мөнгө авсан өгсөн талаар маргадаггүй бөгөөд зээлийн гэрээний үүргээ төлж барагдуулна гэдэг. Мөн алдангийг хариуцагч тал маргахгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасны дагуу хариуцагчийг зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч нар нь тэдгээрийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирдэггүй, уг нь ирсэн бол эвлэрэх талаар ярилцмаар байсан. Гэвч ирээгүй учир шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, шүүхэд ирэхгүй, хуралдаа ирэхгүй байж ярихаар өгнө гэдэг юм гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А, W C /О.Д/ нар нь хариуцагч Ш.Д, А.М нар болон “D энтертаймент” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч W C /О.Д/ нь хариуцагч Ш.Дд 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч уг мөнгийг буцаан өгөөгүй тул нэхэмжлэгч Н.А нь “D энтертаймент” ХХК-ийн захирал Ш.Дтэй зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөгийг нийт 45 000 000 төгрөгийг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 25 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн. 

Хариуцагч Ш.Д, А.М нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, хариу тайлбараа 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, хариуцагч “D энтертаймент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зулбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, хариу тайлбараа 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлэх байсан боловч ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /хэргийн 21, 22, 58-р хуудас/

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч “D энтертаймент” ХХК-ийн захирал Ш.Д нар нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр харилцан тохиролцож, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн сар тутамд 5 хувиар алданги төлөхөөр №02 тоот зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 5-6-р хуудас/

Талууд зээлийн гэрээг байгуулахдаа уг гэрээг байгуулах талаараа санал нэгдсэн, хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр хийсэн байх ёстой боловч хуульд зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийг бодитойгоор олгосон байхыг нэмж шаарддаг юм.

Хариуцагч нар нь 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хүлээн авсан талаараа маргаагүй, үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 25 500 000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч “D энтертаймент” ХХК буюу Ш.Д нар нь тохирсон хугацаанд нь мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна. 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээнд харилцан тохиролцсон хугацаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар зохигч зээлийн гэрээний 5.2.2-д “зээлдэгч үндсэн зээлийг энэ гэрээний хавсралт дахь хуваарийн дагуу үл маргах журмаар төлнө. Зээлдэгч үндсэн зээлийг хавсралтад заасан хуваарьт хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутамд 5 хувийн алдангийг гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө” гэж харилцан тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хуулийн дагуу шаардах эрхтэй байна.

            Зохигч талууд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хүүг тохиролцоогүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар талууд зээлийн гэрээнд алдангийг сарын 5 хувиар тогтоожээ.

            Нэхэмжлэгч нь үндсэн зээл 30 000 000 төгрөг, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 15 000 000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Маас зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, мөн 17 500 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөг буцаан өгсөн гэж тайлбарласан болно.

Зээлийн гэрээний зүйл болох мөнгийг нэхэмжлэгч W C /О.Д/ нь хариуцагч “D энтертаймент” ХХК-ийн захирал Ш.Дд шилжүүлсэн болох нь “Хөх толбот хүмүүс-2” төслийг гүйцэтгэхэд зориулсан мөнгөн хөрөнгө авсан, өгсөн баримтаар, зээлийн гэрээг нэхэмжлэгч Н.А “D энтертаймент” ХХК-тай байгуулсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №02 тоот зээлийн гэрээгээр, зээлийн гэрээний үүрэгт нийт 25 500 000 төгрөгийг А.М нь буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-6, 9-р хуудас/

            Иймд хариуцагч “D энтертаймент” ХХК буюу Ш.Д, А.М нараас 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоод үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн мөнгө болох 25 500 000 төгрөгийг /6 000 000+2 000 000+17 500 000=25 500 000/ хасч, үлдэх 19 500 000 төгрөгийг /45 000 000-25 500 000=19 500 000/ гаргуулж, нэхэмжлэгч W C /О.Д/, Н.А нарт олгохоор шийдвэрлэв.

             

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээний буюу 19 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 255 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч “D энтертаймент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Ш.Дгийн өмгөөлөгч Б.Зулбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түүний 98605999 дугаарын утсаар мэдэгдсэн, хариуцагч А.Мд түүний 94005555 дугаарын утсаар нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны утсаар нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг эхлэхэд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “D энтертаймент” ХХК болон хариуцагч Ш.Д, А.М нараас зээлийн гэрээний үүрэгт 19 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А, W C /О.Д/ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 255 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН