| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2018/03395/И |
| Дугаар | 02805 |
| Огноо | 2018-12-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 02805
| 2018 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2018/02805 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б А холбогдох
Үлдэгдэл барааны үнэ 825 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Д миний бие Хан-Уул дүүрэг дэх Фермерүүд захын Д-5 ланлууг ажиллуулж байсан бөгөөд худалдагчаар түр хугацаанд ажиллаж байсан Т.Мишээл болон түүний эх Б.Ад лангуугаа худалдахаар 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрээ үйлдсэн. Гэрээнд лангууны үнэ 4 000 000 төгрөг, барааны үлдэгдэл 6 512 920 төгрөг, барьцаа 910 000 төгрөгийг цувуулан авахаар тусгагдсан байдаг. Худалдан авч буй тал буюу Б.А, Т.Мишээл хоёр өгөх ёстой нийт төлбөрөөс чихэрийн /Рахат/ 1 025 500 төгрөгийн өглөгөөс зөвхөн 200 000 төгрөгийг төлж, улмаар үлдэгдэл 825 500 төгрөгийг төлөөгүй атал миний барааны үлдэгдлээс нийт 1 025 500 төгрөгийг хасч буруу тооцоолол хийж намайг алдагдалд оруулсан тул үлдэгдэл төлбөр 825 500 төгрөгийг барагдуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2017 оны 7 сард Т.Мишээл, Б.А нарт бараа, лангуугаа гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Гэтэл 2017 оны 11 сард тэд лангуугаа буцааж өгье, ажиллуулж чадахгүй байна гэсэн. Тиймээс лангуугаа буцаан авсан, Т.Мишээл тухайн үед худалдагч хийж байсан, бараагаа хариуцдаг байсан. Гэтэл барааны үнээс чихрийн мөнгийг өгөөгүй байсан. Иймд Б.Ааас Рахат чихрийн мөнгөний үлдэгдэл болох 825 500 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Рахат гэдэг нийт 1 325 500 төгрөгний чихэр байсныг Т.Мишээлд хүлээлгэн өгсөн. Зараад дансанд шилжүүлээрэй гэсэн. Үүнээс 300 000 төгрөгийг, дараа нь 200 000 төгрөгийг л шилжүүлсэн, 825 500 төгрөгний чихэр нь үлдсэн. Тиймээс компани нь надаас нэхэх учир үлдэгдэл чихрийн мөнгө болох 825 500 төгрөгийг Б.Ааас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.А миний бие 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр М.Дтай лангуу худалдаж авах гэрээ үйлдээгүй болно. Тухайн үед буюу 2017 оны 6, 7 дугаар сард миний охин болох Т.Мишээл нь Фермерүүд захын Д-5 лангуу буюу М.Дд худалдагчаар ажиллаж байсан. 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр М.Д хүүхдийн бие өвдөөд эмчилгээнд олон хоногоор хөдөө явах боллоо. Иймд лангуугаа ажиллуулж байхыг охиноос минь хүсэж барааны тооллогыг М.Д өөрөө хийсэн байдаг. Ингээд барааг тоолж зээлийн барааны мөнгө, бэлэн барааны мөнгийг тусад нь гаргаж бараагаа охинд минь хүлээлгэн өгөхдөө өөрийн гараар бичсэн. Гэрээний дор 12 сард багтаан төлнө гэсэн үг байгаагүй тэр үед худалдах, худалдан авах тухай огт яригдаагүй байхад нэмж бичээд нотариатаар баталгаажуулсан байна. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бид ярилцаж худалдах, худалдан авах гэрээ үйлдэж бэлэн мөнгөний барааны үнийг төлж, бэлэн бус зээлээр авсан барааны үнийг харилцагч байгууллагад өгөхөөр тохиролцож гэрээ үйлдсэн юм. Нэхэмжлэлд М.Д нь зээлээр авсан барааны мөнгийг нэхэмжилсэн байна. Рахат чихрийн мөнгийг охин минь ажиллаж байх хугацаандаа М.Дгийн данс руу 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5023037777 тоот дансанд 200 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5023037777 тоот дансанд 100 000 төгрөгийг хийж, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Скиф сак” ХХК-ийн 5003959376 тоот данс руу 300 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Худалдан авах гэрээ хийгдсэнээс хойш Рахат чихэр буюу “Скиф сак” ХХК-ийн чихэр борлогдохгүй байсан тул буцаалт хийх гэсэн боловч тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт орж хуурамч чихэр хугацаа нь дууссан бараа оруулж ирсэн нь батлагдаж тус компаний ажилчид утсаа салгаж холбогдох боломжгүй болсон юм. Иймд М.Д нь өөрөөс бараа худалдаж авсан мэтээр нэхэмжилж бичсэн нь байж боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нэхэмжлэгчтэй лангуу худалдан авах, бараа зарах гэрээ байгуулаагүй. Миний охин Т.Мишээл нь нэхэмжлэгч М.Дгийн лангуун дээр 2017 оны 6 дугаар сараас эхлээд 2017 оны 7 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл М.Д өөрөө түр ажиллуулах боломжгүй байна гээд охин Т.Мишээлд маань 2017 оны 7 дугаар сарын 08-нд лангуугаа болон бараагаа өгсөн. Миний охин худалдагч нь байсан учраас л лангууг нь ажиллуулж барааг нь зарж байсан юм. Зарсан барааныхаа үнийг дор дор нь шилжүүлж байсан гэдэг. Рахат гэдэг чихрийн мөнгийг зарчихаад дутуу өгсөн гээд байна. Гэтэл уг чихрийн мөнгийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 100 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 425 000 төгрөг гэж байсан. Үүнийг тухайн компани нь нэхэмжилвэл төлнө. Уг чихрийг хуурамч чихэр зарж байсан гээд заруулахаа больсон юм. Нийт 1 325 500 төгрөгний чихэр байсан гэдэг, үүнээс охин маань зараад зарсан мөнгө болох 900 000 төгрөгийг төлсөн, үлдэх 425 000 төгрөгийг тухайн компанид нь төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Б.Ад холбогдуулан үлдэгдэл барааны үнэ 825 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүлээн авсан барааны үнээс Рахат чихрийн мөнгө болох 825 500 төгрөгийг дутуу өгсөн тул гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс барааг хүлээн аваагүй, худалдагчаар ажиллаж байсан охин Т.Мишээл нь Рахат чихрийг худалдан борлуулж, мөнгийг нь шилжүүлж байсан, үлдэгдэл чихрийн үнийг нэхэмжлэгчид биш компанид нь төлнө гэж маргасан.
Нэхэмжлэгч М.Д нь Хан-Уул дүүрэгт байрлах Фермерүүд хүнсний захын Д-5 лангууг ажиллуулж байсан талаар зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь уг лангууг барааны хамт хариуцагч Б.А болон түүний охин Т.Мишээл нарт гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан “Гэрээ” гэсэн баримтад “...2017.07.08-нд Т.Мишээл, М.Д нар хамтран лангуу хүлээлцэв”, “Худалдах, худалдан авах гэрээ” гэсэн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн баримтад “...ХУД –ийн 4 дүгээр хороо, Туул хэсэг Фермерүүд зах дахь Д-5 лангууг түрээслэгч Мягмаржав овогтой Дэлгэрмаа миний бие Төмөрсүх овогтой Мишээлд 4 000 000 төгрөгөөр үнэлж худалдахаар тохиролцож” гэсэн байх тул уг лангуу болон барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэв. /хэргийн 6-р хуудас/
Хариуцагч нь түүний охин Т.Мишээл нь нэхэмжлэгч М.Дгийн лангууг 2017 оны 6 дугаар сараас эхлээд 2017 оны 7 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажиллуулж худалдагч хийж байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.
Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Дгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2017 оны 7 дугаар сарын 19-нд 200 000 төгрөгийг Т.Мишээлээс чихрийн үнэд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, Т.Мишээлийн ХААН банкны депозит дансны хуулгаар 2017 оны 7 дугаар сарын 19-нд 200 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-нд 300 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 29-нд 100 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М.Дгийн дансанд шилжүүлсэн гэж хариуцагч нь тайлбарласан болно. /хэргийн 7, 8-р хуудас/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь лангуу болон бараагаа Т.Мишээлд худалдсан, Т.Мишээл нь уг лангуу болон барааг хүлээн авч, ажиллуулж, барааны үнийг төлж байсан болох нь тогтоогдож байна. Мөн лангуу болон барааг худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Б.Атай бус Т.Мишээлтэй байгуулсан, Б.Атай гэрээ байгуулсан гэдгийг баримтаар нотлоогүй.
Иймд гэрээний үүргийг Б.Ааас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, түүнтэй гэрээ байгуулсан, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Дгийн хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан үлдэгдэл барааны үнэ 825 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч М.Дгийн хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан үлдэгдэл барааны үнэ 825 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН