Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гантулга

хохирогчийн өмгөөлөгч М.Машбат

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр

шүүгдэгч О.Чулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамбийхан овогт Очирбатын Чулуунд холбогдох 201619000337 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, Төв аймгийн Лүн сумын Төрийн банкинд ахлах теллер ажилтай, ам бүл-3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг Өгөөмөр хөдөө хаягтай, Лүн сумын 3 дугаар баг Тээгийн 222 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хамбийхан овогт Очирбатын Чулуун, /РД:ГО88100183/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Чулуун нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөлийн зүүн талд Улаанбаатар хотоос Лүн явах замын 70 дахь км гэх газарт Тоёота ками маркийн 11-75 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зам хөндлөн гарч явсан 56 настай эрэгтэй Д.Ганболдыг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан,

Улмаар дээрх зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч О.Чулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийн хохирогч болох миний ах Д.Ганболд ослын улмаас хагалгаанд орж байна. Манай ах дүү нар бүгд эмнэлэгт байгаа. Миний хувьд эмнэлэгт байх ёстой боловч шүүх хуралтай гээд ирсэн юм. Бидний зүгээс 2000мкв газар, машин зэргийг хохиролд авахаар болсон. Мөн шүүгдэгч 1.660.000 төгрөгийг 6 сард өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс өмнө 2.000.000 төгрөг бэлнээр өгнө гэж тохиролцсон тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хурлын өмнө шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Миний хувьд хохирогчоо эрүүл саруул болгох зорилготойгоор шүүгдэгчээс 15.000.000 төгрөг нэхэмжилсэн. Миний хувьд өөрийн ах дүү нартайгаа ярилцаж тохиролцоод ийм шийдвэр гаргасан. Цаашдаа хохирол төлбөрийн талаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэв.

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд: Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуурын урд замд 70 тоот км-ийн шонгийн орчим байх асфальтан хучилттай өгсүүр зам байв. Хэргийн газарт холбогдох авто машин байхгүй...асфальтан замын үргэжилсэн цагаан шугамны ертөнцийн зүгээр хойд талд нь 14 см өргөнтэй цусан толбо тогтсон байдалтай, цусан толбоноос, үргэлжилсэн цагаан шугамыг ертөнцийн зүгээр зүүн тийш автомашины гуперийн будагны унасан жижиг металл хэсгүүд байсныг үндэслэн А цэгээр тэмдэглэн авч А цэг болон явган зорчигч унаж цусан толбо үүссэнээс ертөнцийн зүгээр баруун зүг явах урсгалд марк, дугаар нь тодорхойгүй автомашины гукед карлан дээр байрлах жижиг толины дунд чөмөг болох саарал өнгийн эд анги нь хэвтэж байх....гэх тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

 

Зам тээрийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: Замын үргэлжилсэн шугамнаас хойд талд 70 см зайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйл зам дээр хатсан байдалтай байв. Уг цус байсан газраас хойд зүгт 4.30 см зайд замын шороон хөвөөн дээр мөн цус мэт зүйл хатсан байдалтай байв. Асфальтан зам дээр үүссэн цус мэт зүйлийг 1 гэсэн тоогоор, хөвөөн дээр үүссэн цус мэт зүйлийг 2 гэсэн тоогоор тэмдэглэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэснээр болон тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд...гэх тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Үзлэгийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын авто зогсоол дээр 11-75 ТӨВ дугаарын ягаан өнгийн Тоёота Ками маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Уг тээврийн хэрэгсэл нь зүүн гар талын урд хамар хэсгээр нэмэлт толины суурь байх ба уг суурин дээр хэргийн газраас олдсон толины суурийг харьцуулан гэрэл зургаар бэхжүүлэв. Тухайн толины суурны өнгө нь тээврийн хэрэгслийн өнгөтэй тохирч байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын хамар хэсэг толины суурь хэсэгт байсан газраар дотогшоогоо хонхойсон байдалтай карланы хөмсөг хэсэг нь гадагшаа мултарч гарсан байдалтай байв...гэх тэмдэглэл /хх-ийн 8-11 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 263 тоот дүгнэлт: Д.Ганболдын биед дагзны төвгөрөөс дагзны зүүн суурийн хэсэг рүү үргэжилсэн шугаман хугарал, зүүн зулайн тархины эдэд цус хуралт, баруун дух, суурийн хэсэг, баруун чамархай, зүүн чамархай, тархины эдэд няцрал, цус хуралт, бага тархины зүүн дэлбэнд цус хуралт, баруун, зүүн дух, духны хажуу чамархайд цус хуралт, тархи доргилт, зүүн зулайд тархины эдийн няцрал, цээжний зүүн талд 6, 7 дугаар хавирга, умдаг ясанд хугарал, дух, баруун хөмсөг, доод уруул, зүүн сарвуу, баруун өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 898 тоот дүгнэлт: Д.Ганболд нь F02.8 хэсэгчилсэн тэнэгрэл сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Ганболдын F02.8 хэсэгчилсэн тэнэгрэл өвчин нь олдмол шалтгаантай эмгэг болно. Д.Ганболд нь авто ослоос өмнө F02.8 хэсэгчилсэн тэнэгрэл эмгэгтэй байсан талаар өвчний түүхийн №0115, 2016.01.16-2016.02.15/-нд тусгагдсан байна. Харин 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр осолд орсноос хойш дээрх эмгэг нь гүнзгийрсэн байх боломжтой байна. Д.Ганболд нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. Д.Ганболд нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 116-119 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Доржготов мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед манай гэрийн урдуур саарал өнгийн пиджак, доогуураа хар өнгийн өмдтэй халзан толгойтой хүн баруун тийш явж байсан. Тэгээд 09 цагийн үед буцаад зүүн тийшээ явж байсан. Тэр үед дуулаад байгаа юм уу, нэг бол орилоод байгаад юм уу мэдэхгүй хүнд дуулдахаар авиа гаргаад ганцаараа явж байсан, Улаанбаатар хотоос Лүн сум руу явдаг баруун аймаг руу явдаг засмал зам явдаг бөгөөд тэр хүн засмал замын хажуугийн хөвөөгөөр нь явж байсан. Баруун тийшээ явахдаа манай баруун талд байдаг овоо хүрээд буцаад явсан. Зүүн тийшээ явахдаа хаашаа явсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас

 

Гэрч С.Зоригт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Д.Ганболд нь манай нагац ах юм. Ах минь 56 настай. 2015 оны 11 дүгээр сард өвчний улмаас сэтгэл мэдрэлд нь өөрчлөлт орсон. Өнгөрдөг 3 дугаар сараас хойш надтай хамт миний асаргаанд байсан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр намайг унтаж байхад гэрээс гараад явсан байсан. Яг хэдэн цагт явсныг мэдэхгүй. Манай ах хааяа гэрээс гараад явчихдаг болохоор санаа зоволгүй эргээд ирнэ гэж бодоод байж байсан. Тэгтэл ах минь ирээгүй болохоор нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн газарт мэдэгдээд зургийг нь өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 09 цагт Төв аймгийн Цагдаагийн газраас яриад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн болохыг мэдсэн. Одоо биеийн байдал нь 2 хавирга хугарсан, аарцагны яс цуурсан, толгойдоо гэмтэл авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Зоригоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 21-22-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор явж байтал Төв аймгийн Аргалант сумын нутагт байх асфальтан зам дээр замын голд эрэгтэй хүн хэвтэж байхаар нь очиж хартал бага зэрэг цус гарсан, доошоо харсан хэвтээд машинд мөргүүлсэн байдалтай харагдсан. Бага зэрэг авиа гаргаж байсан, дуугарч чадахгүй байхаар нь цагдаад мэдэгдээд хохирогчийг хөнжлөөр хучиж замын голоос хойд зүг рүү гаргасан. Түргэн ирэхийг хүлээгээд Төв аймгийн Аргалант сумын түргэнд хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

              Гэрч О.Туул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос орой 21 цагийн үед О.Чулуун өөрийнхөө эзэмшлийн 11-75 ТӨВ улсын дугаартай ягаан өнгийн Ками маркийн машинаа бариад хажууд нь би сууж явсан хойд талд манай дүү Ундрах сууж явсан. Бид гурав Улаанбаатар хотоос Лүн сум орохоор гарсан. Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байтал гадаа харанхуй болсон, гэнэт машин түс хийсэн чимээ гарч ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон, жолоо барьж явсан О.Чулуун гэнэт хашгираад замын хажуу руу огцом жолоогоо дараад зогссон, замдаа эргэж нилээд цааш яваад Лүн сумын төв орсон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор айгаад машинаас буугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

             

              Гэрч О.Ундрах мөрдөн байцаатын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос орой хэдэн цагт гарснаа санахгүй байна, манай дүү О.Чулуун өөрийнхөө эзэмшлийн 11-75 ТӨВ улсын дугаартай ягаан өнгийн Ками маркийн машинаа жолоодоод хажууд нь манай эгч Туул хүүхдээ тэврээд сууж байсан. Би арын суудалд сууж явсан, Улаанбаатар хотоос Лүн сум руу явж байсан, би ард нь унтаж явсан юм. Гэнэт машин юм мөргөх шиг чимээ гараад би сэрсэн, яг хаана юм мөргөснийг мэдэхгүй. Айгаад бид гурав машинаас бууж чадалгүй цааш явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

              Гэрч Ү.Отгончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сумын эмнэлэг дээр ээлжтэй байсан юм. Тухайн шөнө 23 цаг 58 минутын үед хэсгийн төлөөлөгч над руу залгаад зам дээр хүн дайруулсан байдалтай байна гэж би шууд дуудлагыг аваад Төв аймгийн Аргалант сумын нутаг Уушгийн хөтөл уруудаад очиход 60-65 орчим насны эрэгтэй хүн ухаангүй, биеийн байдал хүнд хамар амнаас нь цус гарсан байдалтай замын хойд хэсэг хөвөөн дээр байсан шууд цааш нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргэж хүлээлгэн өгсөн. Би тухайн үед 13 цагийн үед Улаанбурхан өвний вакцин хийгээд хөдөөгүүр явж байтал тэр хүн Жирмийн цагаан нуурын харалдаа асфальтан зам дээр урсгал сөрөөд баруун зүг рүү алхаж авсан юм. Би тухайн үед тэр хавийн хүн гэж бодсон, тухайн хүнийг замын хажуу руу гаргасан. Ногоон өнгийн мишок хөнжлөөр хучсан байсан. Тухайн үед би үзлэг хийх боломжгүй, амин үзүүлэлтүүдийг үзэхэд артерийн даралт 130-70, зүрхний цохилт 92, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 96 хувьтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

              Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 51 дугаартай дүгнэлт: Тоёота Ками маркийн 11-75 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Очирбатын Чулуун нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: замын хөдөлгөөний 2 дугаар бүлгийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдогч жолооч а. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг  хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиодолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ. Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Осол болоход асфальтан бетон, шулуун тэгш, уруу, хуурай, суурингийн гаднах үзэгдэл орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун эсрэг хөдөлгөөнтэй хоёр энгээ хашлагаггүй, замд 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуурын урд талын замд 22 цаг 45 минутанд гарсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

              Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 99 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн толины суурь 11-75 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас хураагдсан ягаан өнгийн 11-75 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамат дээрх толины суурьтай тохирч байна. шинжилгээнд ирүүлсэн 11-75 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, толины суурь хугарал, өнгө хэлбэр хэмжээ зэргээр нэг бүхэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 43-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Чулуун нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөлийн зүүн талд Улаанбаатар хотоос Лүн явах замын 70 дахь км гэх газарт Тоёота Ками маркийн 11-75 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а, 2.5б, 2.5в, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зам хөндлөн гарч явсан 56 настай эрэгтэй Д.Ганболдыг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан,

Улмаар дээрх зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 263 дугаартай дүгнэлт, Д.Ганболдын өвчний түүх, шүүх сэтгэц эмгэг судлалын 898 дугаартай дүгнэлт,

гэрч С.Зоригтийн.... тэгтэл ах минь ирээгүй болохоор нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн газарт мэдэгдээд зургийг нь өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 09 цагт Төв аймгийн Цагдаагийн газраас яриад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн болохыг мэдсэн. Одоо биеийн байдал нь 2 хавирга хугарсан, аарцагны яс цуурсан, толгойдоо гэмтэл авсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

гэрч Ш.Зоригоогийн.... Төв аймгийн Аргалант сумын нутагт байх асфальтан зам дээр замын голд эрэгтэй хүн хэвтэж байхаар нь очиж хартал бага зэрэг цус гарсан, доошоо харсан хэвтээд машинд мөргүүлсэн байдалтай харагдсан. Бага зэрэг авиа гаргаж байсан, дуугарч чадахгүй байхаар нь цагдаад мэдэгдээд хохирогчийг хөнжлөөр хучиж замын голоос хойд зүг рүү гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

гэрч О.Туулын.... Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байтал гадаа харанхуй болсон, гэнэт машин түс хийсэн чимээ гарч ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон, жолоо барьж явсан О.Чулуун гэнэт хашгираад замын хажуу руу огцом жолоогоо дараад зогссон, замдаа эргэж нилээд цааш яваад Лүн сумын төв орсон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор айгаад машинаас буугаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

гэрч О.Ундрахын... Гэнэт машин юм мөргөх шиг чимээ гараад би сэрсэн, яг хаана юм мөргөснийг мэдэхгүй. Айгаад бид гурав машинаас бууж чадалгүй цааш явсан гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

гэрч Ү.Отгончимэгийн... Төв аймгийн Аргалант сумын нутаг Уушгийн хөтөл уруудаад очиход 60-65 орчим насны эрэгтэй хүн ухаангүй, биеийн байдал хүнд хамар амнаас нь цус гарсан байдалтай замын хойд хэсэг хөвөөн дээр байсан шууд цааш нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргэж хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 31/, шинжээчийн 51 дугаартай дүгнэлт, шинжээчийн 99 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн О.Чулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр О.Чулуунд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2,  мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга нь  шүүгдэгч О.Чулуунаас 15.000.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн байна.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11-75 ТӨВ улсын дугаарын “Тоёота Ками” маркийн тээврийн хэрэгслийн ягаан өнгийн толины суурь 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, иргэний бичиг баримт болох О.Чулууны №616844 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгах, энэ хэрэгт О.Чулууны өмчлөлийн Г1416000492 дугаартай Лүн сумын 3 дугаар багийн Байт баруун шинэ хороо 82 тоотод байрлалтай 2000мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, О.Чулууны эзэмшлийн 11-75 ТӨВ улсын дугаартай Тоёота Кама маркийн тээврийн хэрэгсэл зэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч О.Чулуун цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Хамбийхан овогт Очирбатын Чулууныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чулууны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чулуунд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ялд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг багтааж шүүгдэгч О.Чулууны биечлэн эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоосугай.  

 

5.   Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар О.Чулуунд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.   Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар О.Чулуунд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чулуунд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар О.Чулуун нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Чулууны тээврийн хэрэгсэл жолоодох 2 жилийн эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

            10. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11-75 ТӨВ улсын дугаарын “Тоёота Ками” маркийн тээврийн хэрэгслийн ягаан өнгийн толины суурь 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, иргэний бичиг баримт болох О.Чулууны №616844 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгасугай.

 

            11. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар О.Чулууны өмчлөлийн Г1416000492 дугаартай Лүн сумын 3 дугаар багийн Байт баруун шинэ хороо 82 тоотод байрлалтай 2000мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, О.Чулууны эзэмшлийн 11-75 ТӨВ улсын дугаартай Тоёота Кама маркийн тээврийн хэрэгсэл зэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            12. Энэ хэрэгт ялтан О.Чулуун цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг дурьдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан О.Чулуунд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ