Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0643

 

 

 

 

“Ес” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Нэхэмжлэгч: “Ес” ХХК

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаалын хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 571 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0059/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан “Ес” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/10 дугаар тушаалын хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Ес” ХХК-ны газар ашиглах эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/368 дугаар тушаалаар “Ес” ХХК-д Баянзүрх дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын За ам нэртэй газарт 3504 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй болсон бас Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай **** тоот гурвалсан гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр батлуулснаар тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Ийнхүү “Ес” ХХК нь дээрх газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилгоор хашаа татаж, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулах гэрээ”-г байгуулсан ба тус гэрээгээр За ам дахь 3504.4м.кв газарт эксиз зураг төсөл, ажлын зураг төсөл, өндөржилт тохижилтын зураг төсөл хийж гүйцэтгүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байсан. Мөн “Ес” ХХК нь Тү ХХК-тай гэрээ байгуулж, За ам дахь 3504.4 м.кв газарт Геологи судалгааны ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөрийг төлж, судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр ажилласан байна.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх нөхцөл байдал /газрыг зориулалтын дагуу ашиглахаар ажиллаж байгаа эсэх/-ыг тодруулалгүйгээр 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Ес” ХХК-ны газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх “Ес” ХХК-г газрын зориулалтын дагуу ашиглахаар дээрх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэсэн атлаа зөвхөн загвар зургийг эрх бүхий этгээдээр батлуулаагүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм.

“Ес” ХХК нь газар ашиглах гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр батлуулсан тул газраа зориулалтын дагуу ашиглаж эхлэх хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцогдох /2022.09.26-2024.09.26/ юм.

Гэтэл Анхан шатны шүүх Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоол зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй ба ийнхүү сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас “илтгэх хуудас бичих, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны саналыг авах” зэрэг хуульд заасан ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд тушаал процессын хувьд хууль зүйн зөрчилтэй гарсан. Мөн сонсох ажиллагааг явуулаагүйн улмаас “Ес” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх, мөн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хуульд заасан болон Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан хугацаа болсон эсэх үйл баримтыг тодруулах боломжгүй болсон. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсох ажиллагаа явуулаагүй тухайгаа хүлээн зөвшөөрсөн “Ес” ХХК-ийн газрын хувийн хэрэг байхгүй, зөвхөн албан тоотыг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар тайлбарласан атал анхан шатны шүүх хариуцагчийн Захиргааны ерөнхий хууль зөрчсөн дээрх үйл баримтыг огт дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “Ес” ХХК-иар 2023 оны газар ашигласны төлбөрийг бүрэн төлүүлсэн атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 дугаар тушаалаар газар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй юм. Хэрэв нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бол 2023 оны газар ашигласны төлбөр төлөгдөх, нэхэмжлэх үүсэх хууль зүйн ямар ч боломжгүй юм.

4.Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №06/155 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчимд нийцэхгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална.”, 4.2.1-т “Хуульд үндэслэх” гэж тус тус заасан ба газар ашиглах эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр цуцлах, хүчингүй болгох ёстой.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/98 дугаар тушаалаар зөрчил тооцуулах шаардлагатай нэр бүхий 321 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын асуудлаар дүн шинжилгээ хийх...дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулсны дагуу тус ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хэлэлцсэний дагуу цуцлагдах үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн бөгөөд үүнд нэхэмжлэгч “Ес” ХХК багтсан байдаг /магадлалын 97 дахь тал/

Өөрөөр хэлбэл 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсгээс нэхэмжлэгч “Ес” ХХК нь газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлгүй хэмээн дүгнэлт гаргасан ба мөн газар ашиглах гэрээг дүгнэх хуудас газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа хэмээн тус тус дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо ажлын хэсгийн дүгнэлт болон газар ашиглах гэрээ дүгнэх хуудас /2022.01.17/-ийг үндэслэл болоогүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай аливаа шийдвэр гараагүй ба газар ашиглах эрх болон эрүүгийн хэргийн асуудлууд нь цаг хугацаа болон үйл баримтын хувьд өөр юм. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх, маргаан бүхий захиргааны актад дурдсан үйл баримт нь хууль зүйн үндэслэлтэйгээ нийцэж байгаа эсэхэд огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй юм.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн боловч шүүх дээрх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх ноцтой зөрчигдсөн юм. Тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч “Ес” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаалын хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

2.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар  тушаалаар  “Ес” ХХК-д Хан-Уул дүүрэг, За ам нэртэй газарт 3504.4м2 га газрыг “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар ашиглах эрх олгож, гэрчилгээг[1] олгожээ.  

3.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1468 дугаар албан бичгээр[2] “...”Ес” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан ба тус хуулийн этгээд нь хугацаа сунгах хүсэлт гаргасан бөгөөд ..солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй тул ...гэрчилгээний хугацаа сунгуулах” саналыг уламжилсан.

4.Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр[3] газар ашиглах гэрээг дүгнүүлэн, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “..газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг[4] гаргажээ.

5.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/368 дугаар “Газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөх, хугацаа сунгах” тушаалаар[5] нэхэмжлэгч “Ес” ХХК-ийн За аман дахь 3504.4 м2 газрыг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нь “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах” гурван талт №****дугаар гэрээг[6] Баянзүрх дүүргийн засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулсан.

6.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 06/155 дугаар албан бичгээр[7] “...Тус хэлтсээс эрүүгийн 2201000460010 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, ... “Ес” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хуулийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдсон байхад  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/368 дугаар тушаалаар “Ес” ХХК-ийн 2016/405 дугаартай гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна. Иймд хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, төрийн эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх, дахин дээрх зөрчлийг гаргуулахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, ...хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дотор ирүүлнэ үү” хэмээн мэдэгдэл хүргүүлжээ.  

7.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 дугаар тушаалаар[8] “МУ-ын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн гарсан.

8.Маргаан бүхий тушаалаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 06/155 тоот албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунган шийдвэрлэсэн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/368 дугаар тушаалын “Ес” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

9.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/6215 дугаар албан бичгээр[9] нэхэмжлэгчид  газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон талаар мэдэгдэж, маргаан бүхий А/10 дугаар тушаалын хуулбарыг хүргүүлсэн.

10.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, мөн зүйлийн 2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж,

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

11.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/368 дугаар тушаалаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй байхад газар ашиглах эрхийн хугацааг сунгасан” гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/361 дугаар шийтгэх тогтоол[10], Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/684 магадлалаар[11] эрх бүхий албан тушаалтнуудыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.

12.Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх газар эзэмших гэрчилгээ гарсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш маргаан бүхий газарт төмөр хашаа барьсан боловч гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь газрын үзлэгийн баримтууд[12], мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06/155 дугаар албан бичиг, шүүхийн шийдвэрүүд зэрэг баримтуудаар тогтоогдов.

13.Дээр дурдсан хуулийн зохицуулалт, маргааны үйл баримтаас тогтоогдож буй нөхцөл байдлаас дүгнэхэд, хариуцагч захиргаанаас нэхэмжлэгч хуулийн этгээдийг газар ашиглах эрх авснаас хойш ашиглалтын газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн түүний газар ашиглах эрхийн хугацааг сунгасан 2022 оны Б/368 дугаар өөрийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, мөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хууль ёсоор хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

14.Хариуцагчийн гаргасан А/368 дугаар тушаалаар “нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан үйлдлийг хууль бус гэж үзэн эрх бүхий этгээдийг эрүүгийн журмаар гэм буруутайд тооцсон эрүүгийн шүүхийн шийдвэр гарсан”, мөн “хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахыг шаардсан” Авилгалтай тэмцэх газрын шаардлагын дагуу хариуцагч захиргаанаас хуульд нийцээгүй өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон, тодруулбал, маргаан бүхий А/10 дугаар тушаалаар хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгожээ.

15.Иймээс нэхэмжлэгч талын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/368 дугаар тушаалаар “Ес” ХХК  нь 3504 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй болсон, газар ашиглах гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр батлуулсан тул газраа зориулалтын дагуу ашиглаж эхлэх хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцогдох /2022.09.26-2024.09.26/ байтал газар ашиглах гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

16.Нэхэмжлэгчийн зүгээс “А” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №83/23 дугаартай[13] “Зураг төсөл боловсруулах тулаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”, мөн “Тү” ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 023 дугаартай[14] “Инженер-Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулан газраа зориулалтын дагуу ашиглах гэж байсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч дээрх баримтууд нь газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

17.Нэхэмжлэгч тал  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралд оролцож тайлбар, мэдүүлгээ өгч байсан, нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулсан зэргээс үзэхэд анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх ноцтой зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

 

        ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

        ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас, 5 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 50 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 53-55 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 44-45 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 29-30 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 7-11 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 35 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 20 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 19 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 73-121 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 122-175 дахь

[12] Хэргийн 1-р хавтас 65-69 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 12-13 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 14-16 дахь тал