Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Э-т холбогдох эрүүгийн 2235000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар, 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Х овогт Б-н Э, регистрийн дугаар: ..........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу эргэлтийн эмийн сангийн цонхыг чулуугаар хагалж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, ширээний шургуулгад байсан бэлэн 597.600 төгрөгийг хулгайлсан,

-2022 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Bubble tеа” кофе шоп-ын цонхыг тоосгоор хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, ундаа, өндөгтэй зууш, хайчилбар зэрэг хүнсний бүтээгдэхүүн авч, 373.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд удаа дараа нэвтэрч бусдын эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Б.Э нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн, иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв

3. Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт:“ ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгайн гэмт хэрэгт холбогдохгүй, хохирогч нараас уучлалт гуйсан” гэв.

Эрүүгийн 2235000000154 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э нь “2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу эргэлтийн эмийн сангийн цонхыг чулуугаар хагалж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, ширээний шургуулгад байсан бэлэн 597.600 төгрөгийг хулгайлсан” гэх гэмт хэргийн талаар:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-7 дахь тал);

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эргэлтийн эмийн сангийн эм зарж борлуулсан 650.000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаахаар банк руу очсон боловч улсын баяр наадамтай холбоотой банкинд оочер дараалал их байсан учир тушааж чадаагүй. Тэгээд уг мөнгийг эмийн сангийн ширээний татлага дотор хийчихээд явсан. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өглөөний 07 цагийн үед Б гэх хүн гэрийн гадаа ирж намайг дуудаж, танай эмийн сангийн цонх хагарсан байна, хулгай орсон байж магадгүй гэж надад хэлсэн. Тэгээд би Б-ын унаж явсан мотоциклиор очиход эмийн сангийн цонх хагарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...Манай эмийн санд мөнгөний хайрцаг, цоож, сав гээд байх зүйл байхгүй. Кардон хайрцаг саванд мөнгөө хийдэг юм. Тухайн мөнгийг надаас өөр хүн тэнд байгааг мэдэхгүй, би ганцаараа эмийн санд байсан. Эмийн сангийн түлхүүр зөвхөн надад байдаг, өөр хүнд түлхүүр өгсөн зүйл байхгүй.", "...Манай эмийн сангийн цонхыг хагалж орсон байсан бөгөөд цонхыг шиллүүлэхэд 40.000 төгрөг болсон. Харин эмийн сангийн кассан дотор урьд өдөр нь тоолж үлдээсэн 650.000 төгрөг байсан ба хэрэг гардаг өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө тоолоход 52.400 төгрөг байсан. ...570.000 төгрөг алга болсон, цагдаагийн байгууллага эмийн сангаас алга болсон үлдэгдэл 550.000 төгрөгийг гаргаж өгсөн. ...Манай байгууллагад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28, 30 дахь тал);

3. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн үүрийн 05 цагийн үед ........ сумын 100 жилийн ойд зориулж нутгийн захиргааны хашаанд хийгдэж байгаа “Соёмбо”-той хөшөөний доод суурь руу хар шороо хийх гэж ирсэн. Тэгээд 06 цагийн үед наадмын талбайд хийгдсэн ажлыг харахаар явж байгаад сумын эргэлтийн эмийн сангийн цонх хагарсан байхыг харсан. Тэгээд эмийн санчийн гэрт очиж “танай эмийн сангийн цонх хагарсан байдалтай байна” гэж хэлээд эмийн санчийг өөрийн унаж явсан мотоциклиор аваачиж харуулсан..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 40-42 дахь тал);

4. Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний 11 цагийн үед манай кафе руу ээрч, гацаж ярьдаг хүн орж ирсэн. Тэгээд надаас ганц пиво өгчих гэхэд би бага насны хүүхэд юм шиг санагдсан болохоор “хэдэн настай, хэн гэдэг хүний хүүхэд бэ?” гэж асуухад Бадамын хүүхэд байна гэж хэлсэн. Тэгээд би чи пивоор яах гэж байгаа юм бэ гэж асуухад хөдөөнөөс хүн захиж байгаа юм аа, та надад өгчих өө гээд  надад 20.000 төгрөг өгсөн. Би тэгэхээр нь насанд хүрсэн байсан болохоор янз бүрийн асуудал гаргахгүй аваад тэр хүндээ өгөөрэй гээд нэг их юм бодолгүй 1 ширхэг 2.5 литрийн пиво, 1 ширхэг хүслийн кола, 1 ширхэг рaprica чипсийг 20.000 төгрөгт тааруулж өгсөн. Тэгээд тэр залуу манай кафенаас гараад явсан. Маргааш өдөр нь хэсгийн төлөөлөгч 2 хүний зураг харуулахад урьд өдөр манай кафенаас юм худалдаад аваад явсан залуу байсныг би таньсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 45-47 дахь тал);

5. Гэрч  Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...2022 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед дүү Э над руу залгаад уулзаж ганц юм ууж сууя гэж хэлсэн. Би тухайн үед зөвшөөрч А гэх хүний гуанзны хажууд уулзаад хэлсэн ёсоороо ганц пиво авах гэхэд дүү Эт мөнгө байгаагүй учир би өөрөөсөө 9000 төгрөг гарган өгч, пиво аваад байж байгаарай гэж хэлээд би А ахын гуанз руу ороод хувцсаа солиод гараад ирье гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёр манай хүргэн ахын эзэнгүй хашаанд очиж авсан пивоо ууж байхад дүү Э гар утсаа надад зарах уу гэж хэлэхэд би үгүй гэж хэлсэн... Тэгээд уух юм дуусаад бид хоёр хоёр тийшээ салж яваад би гэртээ ороод хэвтэж байтал шөнө 00 цагийн үед дүү Э залгаад дахиад ганц юм уух уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч хүргэн ахын эзэнгүй хашаанд дахиж очиж уухаар болоод хүргэн ахын хашаа руу очиход дүү Э нэг том 2.5 литрийн пиво, нэг том Paprica чипс авчихсан намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд бид хоёр пиво ууж байтал Э надаас гар утсаа зарах уу гэж дахиж асуухад би 200.000 төгрөгөөр бэлэн авбал ав гэж хэлсэн. Тэгээд дүү Э өмсөж явсан цамцныхаа хоёр кармаанаас 20.000, 10.000 төгрөгийн дэвсгэртэй их хэмжээний мөнгө гаргаж ирээд утсаа бэлэн сим карттайгаа 250.000 төгрөгт бэлэн өгчих гэж хэлсэн. Тэгэхэд би энэ их хэмжээний мөнгө хаанаас авсан юм бэ? чамд яасан гэж ийм мөнгө их хэмжээгээр ах чинь өгдөг юм бэ? гэж асуухад Э би ахаасаа гуйгаад байж авсан юм аа гэж надад хэлсэн. Тэгэхэд би Э-аас арай хулгай хийгээгүй биздээ, өмнө хулгайн хэргээр явж ирээд хашраад ирсэн биздээ гэж асуухад Э дүү нь хашраад ирсэн ухаан суусан дахин ийм зүйл хийхгүй гэж хэлсэн. Тэгээд байн байн утсаа зарчих гэж хэлээд байсан болохоор би өглөө больё, утас доторх зураг бичлэгүүдээ татаж аваад чамд заръя гэж хэлсэн. Тэгээд уух пиво дууссан учир хашаанаас гараад гэр гэрлүүгээ харьцгаасан. Гэрт очоод хэвтэж байхад залгаад байсан учир утасныхаа дууг хаагаад унтсан. Тэрнээс хойш дүү Э-тай уулзаагүй “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-54 дэх тал);

6. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би А ахын утсыг худалдаж авах зорилгоор шөнийн 00 цагийн үед ........ сумын эмийн санд очиж ойр орчимд хүн амьтан байхгүй байсан учир ...чулуугаар цонхыг хагалж ороод тамхины асаагуурын гэрэл асааж лангууны араар тойрч ширээний хаалга, татлагуудыг татаж үзэхэд голын татлага дотор мөнгөнүүд байсан...20000,10000, 5000 төгрөгийн дэвсгэртээр бүхэл мөнгийг аваад бутархай мөнгөнүүдийг үлдээгээд гялс цонхоор буцаж гарсан... Би тухайн хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж, буруугаа ойлгосон. ...үлдэгдэл 550.000 төгрөгийг хэсгийн төлөөлөгчид өгсөн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 86-87 дахь тал);

 

7. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаартай “............ суманд 07 дугаар сарын байдлаар 1.11x1.93 хэмжээтэй цонхны шилний зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 171,384 /нэг зуун далан нэгэн мянга гурван зуун наян дөрөв/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72 дахь тал ) зэргийг,

Шүүгдэгч Б.Э нь “2022 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Bubble tеа” кофе шоп-ын цонхыг тоосгоор хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, ундаа, өндөгтэй зууш, хайчилбар зэрэг хүнсний бүтээгдэхүүн авч, 373.500 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн талаар:

1. Хэргийн газарт үзлэгийн:”...Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Lоvеlу bubble tea” гэх дэлгүүрт 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 47 минутад ...худалдагч Н.Н-ийг байлцуулан үзлэгийг эхлүүлэв. ...урд зүг рүү харсан хар өнгийн хүрээтэй вакум цонхыг хагалж орсон байх...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 126-130 дахь тал);

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...надтай ирж уулзсан хүн энд байна. ..Би танай  дэлгүүр рүү орж хулгай хийсэн” гэж хэлж байсан хүүхэд энэ байна гэж 4 зургийн байрыг сольж, удаа дараа үзүүлэхэд худалдагч таньсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 133-138 дахь тал);

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед манай ерөнхий менежер Ц эгч утсаар ярьж талбайд байдаг манай салбар болох "Вubbе tеа" кофе шопд хулгай орсон байна гэж сонсоод 11 цаг өнгөрч байхад би яваад очсон. Би очиж харахад кофе шопын цонх нь хагарсан байдалтай байсан тэгээд бид нар худалдагч охин Н гэх охиныг дуудаж түлхүүр аваад ирээрэй, кофе шопд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Н ирсний дараа хаалга онгойлгож ороод эргэн тойрноо ажиглаж хараад лангууны шургуулганд байсан мөнгө байсан, шүүгээг шалгахад мөнгө аваагүй байсан тэгээд би тооллого хийдэг дэвтрийн зургийн дарж аваад та нар бараа, эд зүйлийн тооллого хийгээд байж байгаарай гэж хэлээд явах гэж байхад манай ерөнхий менежер Ц цагдаа дуудсан. Би ажилтай болохоор цагдаа ирэхээс өмнө явсан...надад ундаа алга болсон гэж хэлсэн. Мөн манай дэлгүүрийн цонх хагалсан байсан, тэр цонхыг нийт 170.000 төгрөгөөр солиулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 150 дахь тал);

4. Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Улаангом сумд Өнхрүүш ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Өнхрүүш ХХК-ийн салбар болох "Lоvеlу Вubblе tеа" нэртэй дэлгүүр 12 цагт ажиллах байсан бөгөөд ажиллахаас өмнө дэлгүүрийг шалгахаар очсон. Дэлгүүр шалгахаар ажилтан Н-ийн хамт очиход дэлгүүрийн хаалганы цонх хагарсан, хаалгыг онгойлгох гэхэд хаалга нь онгорхой байсан. Дэлгүүр рүү Нтэй хамт ороход цонхны шил хагарч шилний хагархай газраар тарсан байсан. Дэлгүүрээс алдагдсан эд зүйлийг бүртгэхэд хөргөгчөөс 0.5 литрийн коко кола ундаа 26 ширхэг/1 ширхэг-2000 төгрөг нийт- 52000/, лаазтай ундаа 8 ширхэг/1 ширхэг-3500, нийт- 28000 төгрөг/, 2 литрийн кока кола болон панта ундаа 8 ширхэг /1 ширхэг-4000, нийт-32000 төгрөг/, 1.25 литрийн гоё ундаа 6 ширхэг/1 ширхэг-3500, нийт-21000 төгрөг/, 1.25 литрийн кока коло ундаа 11 ширхэг /1 ширхэг-3800, нийт-41800 төгрөг/, 0.9 литрийн удаа 6 ширхэг/1 ширхэг нь 3400, нийт- 20400/, том соосогтой ундаа 1 ширхэг /2000 төгрөг/, өндөгтэй зууш 2 ширхэг /6000 төгрөг/, хайчилбар /3000/ төгрөг нийт-206200 төгрөгийн эд зүйл алга болсон байсан. Тэгээд бид нар кассаа шалгахад кассны цоожийг эвдэх гэж оролдсон байх ба цоожийг эвдэж чадаагүй байсан ба мөнгө алга болоогүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай дэлгүүр өдөр 12 цагаас орой 00 цаг хүртэл ажилладаг. Манай ажилчид өөрсдөө хаачихаад явдаг бөгөөд хаахдаа бараа, орлогоо тоолж үлдээдэг” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 154 дэх тал);

5. Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Увс аймгийн Улаангом сумд Өнхрүүш ХХК-нд "Lоvеlу Bubblе tеа" салбарт кофе найруулагчаар ажилладаг. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би өглөө Өнхрүүш ХХК-нд "Lоvеlу Bubblе tеа" салбарт ажилласан ба орой 23 цагийн 50 минутын орчим бараа, болон орлогын мөнгийг тоолж кассанд хийж дэлгүүрийн хаалгыг хаагаад явсан. Маргааш өглөө нь Өнхрүүш ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ц-гийн хамт 11 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Өнхрүүш ХХК-ийн салбар болох "Lоvеlу Bubblе tеа" нэртэй дэлгүүрт очсон. Дэлгүүр 12 цагт ажиллах байсан бөгөөд ажиллуулахаас өмнө дэлгүүрийг шалгуулаад ээлжээ солилцохоор хамт очиход дэлгүүрийн хаалганы баруун талын цонх хагарсан байсан ба би дэлгүүрийн хаалгыг онгойлгох гэхэд хаалга нь онгорхой байсан. Дэлгүүр рүү Ц эгчтэй хамт ороход цонхны шил хагарч газраар тарсан байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой дэлгүүрийн хаалгыг хаахдаа бараа, болон орлогыг тоолж үлдээсэн бөгөөд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг бүртгэхэд хөргөгчөөс 0.5 литрийн кока коло ундаа 26 ширхэг /1 ширхэг-2000 төгрөг нийт-52000/, лаазтай ундаа 8 ширхэг /1 ширхэг-3500, нийт-28000 төгрөг/, 2 литрийн кока коло болон панта ундаа 8 ширхэг /1 ширхэг-4000, нийт-32000 төгрөг/, 1.25 литрийн гоё ундаа 6 ширхэг/1 ширхэг-3500, нийт- 21000 төгрөг/, 1.25 литрийн кока коло ундаа 11 ширхэг/1 ширхэг-3800, нийт-41800 төгрөг/, 0.9 литрийн удаа 6 ширхэг /1 ширхэг нь 3400, нийт-20400/, том соосогтой ундаа 1 ширхэг /2000 төгрөг/, өндөгтэй зууш 2 ширхэг /6000 төгрөг/, хайчилбар /3000/ төгрөг нийт-206200 төгрөгийн эд зүйл алга болсон байсан. Тэгээд бид нар кассаа шалгахад кассны цоожийг эвдэх гэж оролдсон байх ба цоожийг эвдэж чадаагүй байсан бөгөөд мөнгө алга болоогүй байсан. Тэгээд Ц эгч цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн.", "...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Сити шофт ажиллаж байхад манай дэлгүүрт нэг хүүхэд орж ирээд эгчээ намайг Э гэдэг юмаа, би танай дэлгүүрээс хулгай хийсэн хүүхэд байна, би танай дэлгүүрийн хохирлыг барагдуулж мал өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хэрэггүй цагдаа шүүх нь шийдэх байлгүй дээ гэж хэлээд дэлгүүрээсээ гаргасан. Дахиад маргааш нь манай дэлгүүрт орж ирээд чимээгүй сууж байгаад гараад явсан. Манай дэлгүүрт хулгай гарахаас өмнө бас орж ирж байсныг би санаж байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 155-158 дахь тал);

6. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сити шопын ард талаас тоосго авч уг дэлгүүрийн хаалганы баруун талд байх цонхыг хагалж дэлгүүр рүү орсон. Би тухайн дэлгүүрээс ундаа, чихэр, боорцог авсан...дэлгүүрээс авсан зүйлээ хашааны ард талд нуугаад маргааш нь танихгүй хүнд 30,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201-203 дахь тал);

7. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 264 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар Увс аймгийн Улаангом суманд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 203,500 /хоёр зуун гурван мянга таван зуун/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 172 дахь тал),

8. Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 289 дугаартай “...Улаангом суманд 08 дугаар сарын байдлаар 0,60x1,06 хэмжээтэй вакум цонхны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 159.000 /нэг зуун тавин есөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 190 дахь тал ) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан эх сурвалжийг нь магадлах аргаар тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багт байрлах эргэлтийн эмийн сангийн цонхыг чулуугаар хагалж, ширээний шургуулгад байсан бэлэн 597.600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2. Тухайн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх явцад дахин буюу 2022 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Bubble tеа” кофе шопын цонхыг тоосгоор хагалж, тус үйлчилгээний газраас 203.500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгөд нийтдээ 373.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

1. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

3. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах,  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.  

4. Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонхыг нь хагалах, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

5. Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багт байрлах эргэлтийн эмийн сангийн цонхыг чулуугаар цохин  хагалж орсон,

 -2022 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Bubble tеа” кофе шопын цонхыг тоосгоор хагалж орсон нь тус тус нотлогдсон байх тул түүнийг 2 удаагийн үйлдлээр бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

6. Шүүгдэгч Б.Э нь удаа дараагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэхдээ учрах саадыг арилгах зорилгоор чулуу, тоосго зэргийг ашигласан нь тогтоогдсон бөгөөд чулуу, тоосго зэрэг нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан зэвсгийн чанартай зүйл биш байх тул шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

7. Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багт байрлах эргэлтийн эмийн сангийн цонхыг чулуугаар хагалж, ширээний шургуулгад байсан бэлэн 597.600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2022 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Bubble tеа” кофе шопын цонхыг тоосгоор хагалж, тус үйлчилгээний газраас 203.500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгө болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр түүний үйлдсэн 2 удаагийн гэмт хэрэг тус тусдаа төгссөн байна.

8. Шүүгдэгч Б.Э нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

9. Иймд шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдлүүд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь өөр өөр цаг хугацаанд 2 өөр объектод хууль бусаар халдан нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр 2 удаагийн үйлдлээр тус тусдаа бие даасан, төгссөн гэмт хэргүүдийг үйлдсэнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

11. Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

2. Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэд 597.600 төгрөгийн, хохирогч “Мөнхийн чанар” ХХК-д 203.500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, вакум цонх 170.000 төгрөг, нийтдээ 373.500 төгрөгийн хор уршиг учирсан нь тус тус тогтоогдсон байна.

3. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б “Касснаас алга болсон 597.600 төгрөгөөс 550.000 төгрөгийг цагдаагийн байгууллагаас манайд буцааж өгсөн. Сүүлд өдрийг нь сайн санахгүй байна, Б.Э нь надад 48.000 төгрөг өгсөн, би цонхоо 40.000 төгрөгөөр шиллүүлж авсан. Одоо надад Б.Э-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэж,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь мөрдөн байцаалтын шатанд “Манай кофе шопоос хулгайлагдсан хүнсний бүтээгдэхүүний үнэ, мөн  түүний хагалсан вакум цонхны үнэ хөлсийг нэхэмжилж байна” (хавтаст хэргийн 150-152 дахь тал) гэх мэдүүлгийг өгсөн байх ба шүүхээс Мөнхийн чанар ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “Шүүх хуралдаанд оролцохгүй, Б.Э-аас нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй“ гэх хариуг өгсөн нь хавтаст хэргийн 231 дэх талд авагдсан баримтаар нотлогдож байна.

5. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-аар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субъект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-ын 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу эргэлтийн эмийн сангийн цонхыг чулуугаар хагалж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, ширээний шургуулгад байсан бэлэн 597.600 төгрөгийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,  

-2022 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Bubble tеа” кофе шоп-ын цонхыг тоосгоор хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, ундаа, өндөгтэй зууш, хайчилбар зэрэг хүнсний бүтээгдэхүүн авч, 373.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, 2 жил  6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Э-ын үйлдэл тус бүрт оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг  5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 21 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ...Миний үйлүүлэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон гэж үзэж байгаа тул гэм буруугийн асуудлаар маргаагүй. Б.Э нь тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. Өнөөдөр хэлэлцэж байгаа Б.Э-т холбогдох хэргийн хувьд үргэлжилсэн үйлдэлтэй, ойрхон хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг. Шүүгдэгч Б.Э-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

6. Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

7. Шүүгдэгч Б.Э нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь хавтаст хэргийн 103 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 106-110 дахь талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгааг шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “ Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд,

8. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн халдлагын зүйл болох 550.000 төгрөгийг цагдаагийн байгууллагаар дамжуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид биет байдлаар буцааж өгсөн, мөн 48.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэд төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, Д.Д нар нь шүүгдэгч Б.Э-аас гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

9. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэрэг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Эт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Шүүгдэгч Б.Э нь урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар, 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан нь тогтоогдсон байна.

11. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас 8 сар 6 хоногийн хорих ялыг биеэр эдэлж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 3 сар 24 хоногийн ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан атлаа  хяналтын хугацаа дуусаагүй байхад дахин 2022 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

13. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Э-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг  2  /хоёр/ жил 9 /ес/ сар 24 /хорин дөрөв/  хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

14. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил, 6 сарын хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилээр тогтоох санал гаргасан нь  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн хэргүүдийг нэгтгэж ирүүлснийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг удаа ял шийтгэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нь зүйтэй гэж үзэв.

15. Түүнчлэн улсын яллагч нь шүүгдэгч Б.Э-т урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

16. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй гэж үзлээ.

17. Шүүгдэгч Б.Э нь шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс шүүн таслах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 364 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 7 хоног цагдан хоригдсон байна.

18. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын шүүхийн шатанд цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний  эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй, шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, түүний эдлэх хорих ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

19. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, мөрдөн байцаалтын шатанд Б.Э-ын холбогдсон 2235000000154 дугаартай эрүүгийн хэрэгт 2235000000173 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэж ирүүлснийг дурдах нь зүйтэй.

20. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн улаан өнгийн тоосго 1 ширхэг, 24.5х10 см хэмжээтэй чулуу 1 ширхэг, “Эссэ” нэртэй тамхи 1 ширхэг  зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Х овогтой Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-т 2 (хоёр) жил 6 (зургаа) сар хорих ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Э-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) сар, 24 (хорин дөрөв) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг  2  (хоёр) жил, 9 (ес) сар, 24 (хорин дөрөв)  хоногийн хугацаагаар тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 2  (хоёр) жил, 9 (ес) сар, 24 (хорин дөрөв)  хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, иргэний хувийн баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн улаан өнгийн тоосго 1 ширхэг, 24.5х10 см хэмжээтэй чулуу 1 ширхэг, “Эссэ” нэртэй тамхи 1 ширхэг  зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2235000000154 дугаартай хэрэгт 2235000000173 дугаартай хэргийг нэгтгэснийг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг өнөөдрөөс буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА