Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт А-ийн А-т холбогдох эрүүгийн 2235001440170 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг эх, ахын хамт Увс аймгийн ........ сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, одоо хорих ял эдэлж байгаа гэх Г овогт А-ийн А,  регистрийн дугаар: ..........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын “Хөшөөтийн гаталга” гэх газарт 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.П, Л.Д нарын толгой, гар, хөл хэсэг рүү чулуу шидэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч А.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

А. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.А нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын “Хөшөөтийн гаталга” гэх газарт хохирогч Ц.П, Л.Д нарын толгой, гар, хөл хэсэг рүү чулуу шидэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

2. Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв

Эрүүгийн 2235001440170 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Г.О-аас 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 20 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт 94455095 дугаарын утсаар гаргасан “...Тариалан сумын Хөшөөтэй гаталга гэх газарт А.А гэгч нь согтуугаар миний нөхөр Ц.П-ийн биед халдаж зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Хохирогч Ц.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2022 оны 07 дугаар сард Тариалан сумын нутаг Хөшөөтэй гатлага гэх газарт ээжийн хамт зусаж байсан бөгөөд манай ойролцоо А гэх залуу аав, ээжийн хамт зусаж байсан. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эхнэр О бид хоёр Улаангом сумын төв рүү хувийн ажлаар явах гэж байхад А би өнөөдөр Улаангом сум орох ажилтай, миний машинаар хамт яваад ирье гэхээр нь А.А-ын машинд дайгдаж Улаангом сум руу тухайн өдрийн 15 цагт орж ажлаа амжуулаад тэр өдрийн 20 цагийн үед гэрлүүгээ буцаж гарсан. Буцаж явах үед А.А өнөөдөр миний төрсөн өдөр гэж хэлээд дэлгүүрээс "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн савтай пивоноос 2 ширхгийг авсан ба нэг пивийг нь А.А бид хоёр замдаа хувааж уусан. Үлдсэн нэг пивийг манай гэрт очиж уусан. 21 цагийн үед А.А бид хоёр манай морины шон дээр очиж морь уясан ба морио уячихаад би А А-ын урд гараад түрүүлээд гэр рүү алхаж байхад араас гэнэт миний толгой руу нэг зүйл хүчтэй цохихоор нь эргээд харахад А газраас чулуу аваад над руу шидэж байсан А.А-ын шидсэн чулуунууд миний толгой, чихний ар хэсэг, гар, хөлийн хэсгүүдэд цохисон ба би түүний шидсэн чулуунаас зугтаагаад ээж Д-гийн гэрт ороход А.А ээжийн гэрийн үүдний гадна талд нь зогсож байгаад гэр лүү хаалгаар нь чулуу шидэж оруулсан ба уг шидсэн чулуунаас 1 чулуу ээж Д-гийн духны хэсэгт цохигдож цус гарсан. Би гэрт байсан цагаан цоохор өнгийн даавуугаар ээжийн толгойноос гарч байсан цусыг тогтоох зорилгоор толгойг нь боож өгсөн... А ээжийн гэрээс холгүй зогсчихоод "гэрээс гараад ир" гэж дуудаад байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 29 дэх тал),

3. Хохирогч Л.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед би гэртээ байхад манай гэрт хүү Ц.П хар хурдаараа нүүр, хувцас нь цус болчихсон гүйж орж ирсэн ба тухайн үед би юу болоод байгааг ойлголгүй энд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд сандал дээрээсээ босоход манай гэрийн үүдэнд гадна талд нь А.А зогсож байгаад гэр лүү хаалгаар нь чулуу шидээд байсан. А.А-ын шидсэн чулуунд би цохиулаад ухаан алдсан хир удаан ухаангүй байснаа мэдэхгүй байна. Нэг ухаан ороход цагдаагийн алба хаагч нар ирчихсэн, миний дух хэсэг чулуунд цохиулаад язарсан байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

4. Гэрч Г.О-лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Ц.П бид Улаангом сумын төв рүү хувийн ажлаар явах гэж байхад А би өнөөдөр Улаангом сумын орох ажилтай миний машинаар хамт яваад ирье гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрч А.А-ын машинд дайгдаж Улаангом сум руу тухайн өдрийн 15 цагт орж ажлаа амжуулаад орой 20 цагийн үед гэрлүүгээ буцаж гарсан. Тэгэхэд А.А өнөөдөр миний төрсөн өдөр гэж хэлээд дэлгүүрээс "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн савтай пивоноос 2 ширхгийг авч нэгийг нь  А.А, манай нөхөр хоёр замдаа хувааж уусан. Үлдсэн пивийг манай гэрт очиж уусан. Тэгээд 21 цагийн үед би гэрийн гадна зэлэн дээр үхэр сааж байхад нөхөр Ц.П, А.А хоёр морины уяан дээр очиж байгаа харагдсан ба нөхөр Ц.П гэрлүү явж байхад А.А манай нөхрийн араас олон чулуу авч шидэж толгой, гар, хөл гэх мэт зүйлийн цохиход нөхөр зугтаагаад ээж Д-гийн гэрт орсон. Гэтэл  А.А ээжийн гэрийн үүдэнд гадна талд нь зогсож байгаад гэр лүү хаалгаар нь олон чулуу шидсэн ба түүний шидсэн чулуу ээж Д-гийн духны хэсэгт цохисон тул би цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

5. Шүүгдэгч А.А-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна...Би газар уначихаад босохдоо чулуу авч Ц.П руу чулуу шидсэн. Миний шидсэн чулуу Ц.П-ийн толгой хэсэгт цохисон, харин Л.Д эгч миний шидсэн чулуунд цохигдсон...” (хавтаст хэргийн 71-73 дахь тал),  “...Очоод тэр пиво ууж байхад Ц.П намайг чи шоронгийн ялтан гэж намайг хэлсэн. Тэр үед би цагдаагийн албан хаагчид халдсан, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Тэгээд намайг ял эдэлж бөөстэй гарч ирдэг гэж хэлсэн. Би тэр хэлсэн үгэнд нь уурлаад цохисон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

   6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай “...Үзүүлэгч Ц.П-ийн биед зүүн чамархай хэсгийн хуйханд язарсан шарх, зүүн зулайн хуйханд, дээд уруул, зүүн сарвууны ард зулгаралт, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.. Зүүн чамархай хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал) ,

7. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 324 дугаартай “...Үзүүлэгч Л.Д-гийн биед духны дунд хэсэгт буюу цохонд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Увс аймгийн Тариалан сумын “Хөшөөтийн гаталга” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.П, Л.Д нарын толгой, гар хөл хэсэг рүү чулуу шидэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Иргэн Г.О-аас 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 20 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт 94455095 дугаарын утсаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.П, Л.Д нарын мэдүүлэг, гэрч Г.О-ын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт, мөн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 324 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.А-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Шүүгдэгч А.А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Л.Д, Ц.П нарыг чулуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3. Шүүгдэгч А.А-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.П, Л.Д нарын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

4. Шүүгдэгч А.А нь нэг цаг хугацаанд нэг сэдэлтээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон байх тул А.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.

5. Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.А-ыг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

6. Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл шууд нөлөөлсөн гэж  шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1.Шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Д, Ц.П нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байх бөгөөд хохирогч Ц.П нь шүүгдэгч А.А-аас нэхэмжлэх хохирол, хор уршиггүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-аас гаргуулж, хохирогч Ц.Пид олгох хохирол, төлбөргүй,

2. Хохирогч Л.Д нь эмчилгээний зардалд 100.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй ч хохирогч Л.Д-гийн  мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч А.А-аас 100.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Д-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

  1. Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тэрээр урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал)-аар тогтоогдож байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

4. Шүүгдэгч А.А нь хувийн байдлын хувьд 2000 онд төрсөн, 21 настай, гэрлээгүй, эцэг, эх, ахын хамт 4 ам бүлээр амьдардаг, хувьдаа ямар нэгэн эд хөрөнгөгүй, амьдралын түвшингийн оноо 409-ээс доош буюу дунджаас доогуур, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, одоо хорих ял эдэлж байгаа, түүнчлэн шүүгдэгч А.А нь тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мянган нэгжээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, мөн түүний гэр бүлийн гишүүн, эцэг Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн мянган нэгжээр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгуулж торгуулийн ял биелэгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж болохоор заасан байх бөгөөд шүүхээс шүүгдэгч А.А-т торгох ялыг сонгож хэрэглэсэн тохиолдолд шүүгдэгч нь уг ялыг биелүүлэх боломжгүй хувийн байдал тогтоогдож байна.

6. Шүүхээс шүүгдэгч А.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

8. Энэ шийтгэх тогтоолыг А.А-т урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлж дууссан үеэс эхлэн биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул шүүгдэгч А.А-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон, хорих ялаар сольж, түүний урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1 (нэг) жил хорих ялд нэмж нэгтгэх нь шүүгдэгч А.А-ын эрх зүйн байдлыг дордуулж байна.

10. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан А.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

11. Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

12. Энэ шийтгэх тогтоолоор Шүүгдэгч А.А-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г овогт А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.А-т урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 (нэг) жил хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг  энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т  оногдуулсан  400 (дөрвөн зуу)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Улаангом сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг өдөрт наймаас дээшгүй цагаар цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг А.А-т урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлж дууссан үеэс эхлэн биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.А-аас гэмт хэргийн хор уршигт 100.000 (нэг зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч Л.Д-д олгож, хохирогч Пүрэвдорж нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүйг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА