| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/02040/И |
| Дугаар | 183/ШШ2018/02623 |
| Огноо | 2018-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2018/02623
| 2018 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/02623 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж **** төв салбар тоотод байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсангийн тойруу ************* хаягт оршин суух Боржигон овогт Б Э,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсангийн тойруу ******аягт оршин суух Д Б нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 202 539 015 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н , хариуцагчийн өмгөөлөгч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Э , Д.Б нар нь 2012 оны 01 сарын 27-ны өдөр Хасбанктай №1540000063 дугаартай зээлийн гэрээ, №1540000063-1 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 304 300 ам.долларыг 180 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэйгээр орон сууц, граж худалдан авах зориулалтаар зээл авсан. Барьцааны гэрээнд Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн тойруу 46а байр Хөх тэнгэр хотхон * тоотод байрлах ********** тоот улсын бүртгэлийн дугаартай 179 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Зээлдэгч нарын хүсэлтээр 2014 оны 08 сарын 22-ны өдөр №1640000063 тоот зээлийн гэрээнд 109 126,76 ам.долларын зээлийг 202 430 139,80 төгрөгийн зээлд шилжүүлэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Банк Б.Э , Д.Б нартай зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хэд хэдэн удаа уулзаж ярилцаад бизнесийн үйл ажиллагаа зогсож, төлбөр төлөх боломжгүй тул цаашид гэрээг үргэлжлүүлж чадахгүй гэдгээ хариуцагч нар мэдэгдэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 207 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд 2018 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 181 431 539 төгрөг, зээлийн хүү 21 043 730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 745 төгрөг нийт 202 539 015 төгрөгийг хариуцагч Н с гаргуулах, зээлийн гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хувьд Х банктай зээлийн гэрээ байгуулсан ба уг асуудал дээр маргаагүй. Зээлийн төлбөрийг тогтмол төлж байсан боловч компанийн үйл ажиллагаа зогссон учраас зээлээ төлөх боломжгүй болсон. Шүүх зохих журмын дагуу шийдвэр гаргах байх, өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Э , Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт гэрээний үүрэгт 202 539 015 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2012 оны 1 сарын 27-ны өдрийн №1540000063, №1540000063-01 тоот Барьцаат зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Х ХХК нь 313 320 ам.долларыг орон сууц, граж худалдан авах зориулалтаар, жилийн 16.8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 3-14/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ү-2206014485 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсангийн тойруу ************тоотод байрлах 179 м.кв талбайтай 4 өрөө хувийн сууц, ***** дугаартай гаражийг тус тус барьцаалжээ./хх-ийн 11-14/
Талууд дээрх зээлийн гэрээнд 2014 оны 8 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн гэрээний дагуу олгосон 131 320 ам.долларын үлдэгдэл болох 109 126.76 ам.долларыг, нийт 202 430 139,80 төгрөгийн зээлд шилжүүлж, үндсэн гэрээний 1.3-д заасан зээлийн жилийн хүүгийн хувийг ...19 хувь байх ба гэрээний хугацааны туршид хувьсах хүүтэй ...гэж, ...зээлдэгч зээлийг төгрөгөөр төлнө гэж өөрчилсөн байна./хх-ийн 10/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Дээрх зээлийн гэрээний дагуу Х ХХК нь зээлдэгч Б.Э , Д.Б нарт 131 320 ам.долларын зээл олгож, улмаар уг мөнгийг хариуцагч Б.Э ийн дансан шилжүүлсэн асуудлаар болон хариуцагч нар нь уг зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл нийт 137 129 237.31 төгрөг төлсөн болох нь хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь Б.Э , Д.Б нарт 2017 оны 6 сарын 06-ны өдөр албан тоотоор мэдэгдэл хүргүүлж, шүүхэд 2018 оны 6 сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 24/
Харин хариуцагч Б.Э , Д.Б нар нь уг зээлийг хугацаандаа төлж байсан бөгөөд бидэнд 304 300 ам.долларын зээл олгоогүй, 131 320 ам.долларын зээл олгосон ба компанийн үйл ажиллагаа зогссон талаар тайлбар гаргасан нь үндэслэлгүй байх ба хариуцагч нар нь дээрх татгалзлалын үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүй байна.
Нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 5.1, 5.1.1 дэх хэсэгт зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцох нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Б.Э , Д.Б Н с үндсэн зээлийн 181 431 539 төгрөг, зээлийн хүү 21 043 730 төгрөг нийт 202 539 015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч нарт 2018 оны 11 сарын 20-ны өдөр утсаар мэдэгдсэн байх ба хариуцагч Б.Э , Д.Б нар нь өөрсдийн эзгүйд, хариуцагч нарын өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд гаргасныг нэхэмжлэгч тал татгалзаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э , Д.Б Н с зээлийн гэрээний үүрэгт 202 539 015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э , Д.Б нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан болгон Ү-2206014485 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсангийн тойруу************** тоотод байрлах 179 м.кв талбайтай 4 өрөө хувийн сууц, ********** тоот гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийншийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 240 851 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Э , Д.Б Н сулсын тэмдэгтийн хураамжид 1 240 851 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ