| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/03122/И |
| Дугаар | 183/ШШ2018/02602 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2018/02602
| 2018 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2018/02602 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж-46, 701а тоотод байрлах, Е ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр, Н холбогдох
Дамно ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Г , хариуцагчийн төлөөлөгч Ц.Т , нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.10-ны өдрийн 102/ШШ2015/05470 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.Ундралаас 15 018 000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015.12.15-ны өдөр явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч Д.Ундралын барьцаа хөрөнгө болох 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркын машиныг битүүмжлэн, хурааж талууд үнэлгээн дээр тохиролцоогүй учир тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин томилсон. Үнэлгээ хийсэн Дамно ХХК нь 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркын машиныг 18 500 000 төгрөгөөр өндөр үнэлснийг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шинжилгээ хийсэн компани нь тайландаа тухайн тээврийн хэрэгслийг 2018.09 сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар тооцсон гаргасан болно. Улсын 32-81 УНН тоот дугаартай Лексус 470 маркын тээврийн хэрэгсэл нь 2002 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 2010 онд Монгол улсад импортлогдож тээврийн хэрэгслийн дугаар болон гэрчилгээг авсан болно. Монгол улсад орж ирэхдээ ойролцоогоор 50% элэгдэлтэй байсан бөгөөд Монгол улсад нийт 8 жил орчим явсан болно. 32-81 УНН тоот улсын дугаартай Лексус 470 маркын тээврийн хэрэгсэл нь одоогийн байдлаар Монгол улсад орж ирснээсээ хойш 50% элэгдэлтэй байгаа бөгөөд хөдөлмөр хамгаалал болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг цаашид дахин ашиглах боломжтой гэсэн нь үндэслэлгүй байна. Үнэлгээг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дүгнэлтэд тээврийн хэрэгсэл нь орж ирэхдээ 50%-ийн, орж ирнээсээ хойш дахин 50%-ийн элэгдэлд орсон гэж дүгнэсэн боловч гаргасан үнэлгээ нь харьцангуй өндөр, дүгнэлт түүний агуулга нь хоорондоо зөрүүтэй байна. Бодит байдал дээр энэхүү машин нь 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд монголд орж ирсэн хуучин машин юм. Гаднаас нь энгийн нүдээр харахад хойд хоёр дугуй хагарсан, урд салхины шил нь хагарсан, хойд шил арчигч хугарсан, хойд гупер хаалга сэвтэй, дотор бариул байхгүй зэргээр маш их засвартай, асдаггүй доголдол ихтэй, улсын дугаар байхгүй, асааж ашиглах боломжгүй машин юм. Гэтэл үнэлгээ хийсэн компани дээрх машиныг яг ямар гэмтлээс болоод асахгүй байгаа, машиныг асааж хэвийн байдлаар ашиглахад хэдэн төгрөгний засвар хийгдэх эсэх зэргийг дүгнэлгүйгээр 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркын тээврийн хэрэгслийг зах зээлд ашиглаж байгаа, хэвийн ажиллагаатай машинтай харьцуулах байдлаар дүгнэлт гаргасан нь шударга бус байна. Өөрөөр хэлбэл харьцуулсан обьект нь тодорхой биш, харьцуулах боломжгүй обьектууд гэж үзэж байна. Имд Дамно ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.10-ны өдрийн 102/ШШ2015/05470 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.Ундралаас 15 018 000 төгрөг гаргуулж Е ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015.10.15-ны өдрийн тогтоолоор явуулж эхэлсэн бөгөөд төлбөр авагч Е ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Ундралын 32-81 УНН улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хураасан. Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дээрх хөрөнгөнд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцох боломжгүй шинжээч томилж үнэлгээ гаргах хүсэлтийг ирүүлсэн тул хөндлөнгийн хунжээчээр Дамно" ХХК-г томилж, тээврийн хэрэгслийг 18 500 000 төгрөгөөр үнэлсэн. Талуудад үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдээж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд зааснаар явуулсан байх тул Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г ийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Н холбогдуулан Дамно ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.10-ны өдрийн 102/ШШ2015/05470 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч М.Ундрал нь 15 018 000 төгрөгийг Е ХХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Тус газар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15291003 тогтоолоор 32-81 УНН улсын дугаартай Лексус-470 маркийн 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг хураажээ./хх-ийн 23-24/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч М.Ундралаас хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад 20 000 000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр авагч Е ХХК нь эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлснээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 55.2.2-т зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 22 дугаар тогтоолоорДамно ХХК-г шинжээчээр томилжээ. /хх-ийн 28-29/
Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан хөрөнгийг хураах, үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, уг асуудлаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч төлбөр авагч Е ХХК нь үнэлгээ тогтоосон Дамно ХХК нь 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркын тээврийн хэрэгслийг зах зээлд ашиглаж байгаа, хэвийн ажиллагаатай машинтай харьцуулах байдлаар дүгнэлт гаргасан нь шударга бус бөгөөд уг машин нь 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд монголд орж ирсэн хуучин машин бөгөөд гаднаас нь энгийн нүдээр харахад хойд хоёр дугуй хагарсан, урд салхины шил нь хагарсан, хойд шил арчигч хугарсан, хойд гупер хаалга сэвтэй, дотор бариул байхгүй зэргээр маш их засвартай, асдаггүй доголдол ихтэй, улсын дугаар байхгүй, асааж ашиглах боломжгүй, түүнчлэн уг машиныг хураахдаа ачуулж авчирсан. Гэтэл үнэлгээ хийсэн компани дээрх машиныг яг ямар гэмтлээс болоод асахгүй байгаа, машиныг асааж хэвийн байдлаар ашиглахад хэдэн төгрөгийн засвар хийгдэх эсэх зэргийг дүгнэлгүйгээр үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй, мөн үнэлгээ хийсэн компани нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй гэж тайлбар гаргаж байна.
Хариуцагч байгууллага нь тусгай гэрээ бүхий байгууллагаар үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийлгэсэн бөгөөд хуулийн дагуу үнэлгээг тогтоосон гэж маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар, үнэлгээ тогтоосон Дамно ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралт зэргээр шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх;, тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, талууд 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг хураахдаа чирж авчирсан, уг автомашин нь асахгүй байсан, түүнчлэн машины урд салхины шил хагарсан байсан талаар тайлбарласан байхад үнэлгээнд энэ талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийхдээ үнэлгээчин хөрөнгийн байдалтай биечлэн танилцсан талаар нэмэлт тайлбарт дурдсан хэдий ч энэ нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байх ба хэрэгт үнэлгээ гаргасан Дамно ХХК болон үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нарын тусгай зөвшөөрөл /сунгагдсан эсэх/ ирээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар дээрх үнэлгээний талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяа нь Е ХХК-нд 2018.10.02-ны өдрийн 4/16459 тоот мэдэгдэл хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь уг үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо 2018 оны 10 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Е ХХК-ийн Дамно ХХК-ийн 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Дамно ХХК-ийн 32-81 УНН улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл үнэлсэн автомашин техникийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Есөншижир ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ