Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ж-ын Ц-д холбогдох эрүүгийн 2235000000180 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багийн 4-8 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Ж-ын Ц (РД:...........)

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ж.Ц нь 2022 оны 5 дугаар сард Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багийн нутгаас хохирогч Л.А-ын эзэмшлийн “Samsung-А51” загварын гар утас олж, улмаар уг утсыг дүү Б.Н-т зарж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Л.А-т 620.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ц нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Л.А-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М“...Миний үйлчлүүлэгч Ж.Ц ээжийн хамт амьдардаг бичиг үсэг мэдэхгүй. Төлөв даруу, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ж.Ц нь 80 настай ээжийгээ асардаг. Үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Ж.Ц нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000180 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

2. Хохирогч Л.А-аар гар утсыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

3. Хохирогч Л.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өглөө байх ........ сумын 4 дүгээр багт байрлах хашаа байшиндаа очиж хоносон юм. Тэгээд өглөө эрт босоод хажууд байдаг Г гэх айл мөн доод талын хамар хашаа болох П гэх айлд ороод тэр хавиар явж байгаад би утсаа санаад гар утсаа хайгаад олоогүй, тэгээд би гэрт орхисон байх гэж бодоод нэг их хайхгүйгээр хөдөө ажлаар явсан. Маргааш нь өөрийнхөө дугаар луу залгаж үзэхэд миний утас дуудаж байсан. Миний гар утсыг авсан хүн 2 хоног миний утсыг унтраагаагүй байлгасан юм. Тэгээд хөдөө явж ирээд залгаж үзэхэд миний гар утас унтарчихсан, холбогдох боломжгүй байсан. ...Би 2022 оны 05 дугаар сарын 27-ны үед найз нөхөдтэйгээ бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд манай найз нар явсан, тэгээд өглөөгүүр буюу 05 цагийн үед миний гар утас надад байсан,  тэгээд өглөө хүмүүс босохоор нь хажуу айлдаа ороод явж байгаад гэнэт миний гар утас байхгүй байгааг мэдсэн тул унагааж гээсэн байх гэж бодоод тэр эргэн байсан хүмүүсээс асууж, сураглаж, хайгаад олоогүй. Би өөрийн гээгдүүлсэн утсыг Ж.Ц-с буцааж авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-17, 63 дахь тал),

4. Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны үед байх, хадам ээжийнхээ гэрт очоод байж байтал манай хадам талын хүн болох Ц гэх хүн “надад нэг гар утас байна” гээд Самсунг-А51 загварын гар утас харуулсан. Тэгээд харахад ямар нэгэн гэмтэл байхгүй, бүрэн ажиллагаатай гар утас байсан тул уг гар утсыг  би 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр худалдаж авахаар болоод авч барьсан, тухайн үед би Ц буюу би Коткаа гэх дууддаг ахаас та энэ утсыг хаанаас авсан бэ гэж асуухад ах нь олж авсан, зармаар байна гэж хэлсэн тул би авсан юм. Тухайн үед надад мөнгө байгаагүй болохоор би мөнгийг нь өгч амжаагүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

5. Шүүгдэгч Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө 09 цагийн орчимд ус авахаар явж байгаад Ж гэх айлын доод талд гудамжинд нэг гар утас хэвтэж байхыг олсон. Би тэр гар утсыг аваад гэртээ хадгалж байсан. Тэр утсанд дуудлага ирээд дуугараад байсан боловч би утсыг аваагүй. Тэгж байгаад цэнэг нь дуусаад унтарсан. Түүнээс хойш 7 орчим хоногийн дараа дүүгийн эхнэр Н манайд ирэхэд нь нөгөө утсыг өгсөн. Тухайн үед Н надад 200.000 төгрөг өгөхөөр болж утсыг авч явсан юм...Би гар утсыг буцаан өгсөн.” гэх (хавтаст хэргийн 38-39 дэх тал) мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

6. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 297 дугаартай дүгнэлтээр “Samsung-А51” загварын гар утасны зах зээлиййн үнэ цэнийн баримжаа 620.000 (зургаан зуун хорин мянга) төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

7. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх  урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

9. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч Ж.Ц нь 2022 оны 5 дугаар сард Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багийн нутгаас хохирогч Л.А-ын эзэмшлийн Samsung-А51 загварын гар утас олж аван, уг гар утсыг дүү Б.Н-т зээлээр худалдаж, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас хохирогч Л.Ат 620.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “....гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Ж.Ц-ын гэм буруутай  үйлдлийн улмаас  хохирогчид 620.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

4. “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлэх бөгөөд хохирогч Л.А нь өөрийн хүсэл зоригоос гадуур утсаа гээгдүүлсэн нь нотлогдож байх тул Л.А-ын эзэмшлийн Samsung-А51 загварын  гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур гээгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

6. Гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд  шүүгдэгч Ж.Ц нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Л.А-ын гар утсыг олж авсны дараа зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн утсыг дүү Д.Н-т 200.000 төгрөгөөр зээлээр худалдан борлуулж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

7. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Ц нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8. Иймд шүүгдэгч Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1.Шүүгдэгч Ж.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.А-ын эд хөрөнгөд 620.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн Samsung-А51 загварын гар утсыг шүүгдэгч Ж.Ц-с биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тодорхойлолтыг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгчээ.

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Ж.Ц-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Шүүгдэгч Ж.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Ж.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон тул Ж.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Ж.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 43 дахь тал),

4. Шүүгдэгч Ж.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

6. Прокуророос шүүгдэгч Ж.Ц-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

7. Түүнчлэн шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ж.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

8. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д 1 сар, 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хяналтын хугацаанд  өөрийн оршин суугаа газар болох Увс аймгийн ........ сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох саналыг гаргаж, шүүгдэгч Ж.Ц-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч Ж.Ц-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн ........ сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Ж-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д 1 (нэг) сар, 20 (хорь) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА