| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0880/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/922 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/922
2022 09 28 2022/ШЦТ/922
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Г.Түвшинбаяр
Шүүгдэгч: Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн .... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ... оны 12 дугаар сарын 31-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, “ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн ... оны 8 дугаар сарын 13-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь бүлэглэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ... дүгээр орцны 1 давхрын цахилгааны шатны хэсэгт “...эхлээд гарах гэж байгаа хүнээ гаргаач ээ...” гэж зохих ёсны шаардлага тавьсан хохирогч Д.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эруул мэндэд нь “...2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алим, баруун тохой өвдөгт цус хуралт, хамар, баруун тохой, нуруу, 2 өвдөгт зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдожээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй боловч одоо хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Эрүүгийн .... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №10647 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /76-77 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 110 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 109 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 117-120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ... дүгээр орцны 1 давхрын цахилгааны шатны хэсэгт “...эхлээд гарах гэж байгаа хүнээ гаргаач ээ...” гэж зохих ёсны шаардлага тавьсан хохирогч Д.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад цохих, өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж эруул мэндэд нь “...2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алим, баруун тохой өвдөгт цус хуралт, хамар, баруун тохой, нуруу, 2 өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3х/
Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 32 тоот гэрээсээ гарч цахилгаан шатнаас буух үед 20-30 орчим насны, намхан нуруутай 2 залуу надтай зөрөөд лифт руу орсон....би тухайн хоёр залууд хандаж “...эхлээд гарах гэж байгаа хүнээ гаргаач ээ...” гэж хэлээд цахилгаан шатнаас гарах гэж байхад араас зүс үл таних залуу миний толгой хэсэг рүү хатуу зүйлээр нэг удаа цохиж би манарч газарт унахад зүс үл таних хоёр залуу миний нүүр болон биеийн бусад хэсэг рүү 15-20 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад “...2022 оны 07 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах ажил дээр байж байхад дадлагын оюутан нэрмэл архи авчирч өгсөн. Би тэр архийг Б-тэй хувааж уугаад Сүхбаатар дүүргийн ... байранд байх гэр рүүгээ явах замдаа ... нэг нэг лааз пиво аваад ... манай 5 дугаар байр руу орсон. ...Тэгээд Б- бид хоёр цахилгаан шат хүлээгээд зогсож байхад цахилгаан шат дотороос өндөр том биетэй, 40 орчим насны залуу цахилгаан шатнаас гарахдаа Б-ийн мөрлөөд хажуугаар нь гараад явсан. Тэгээд тэр залуу буцаж ирээд тэр залуу Б-ийг нүүр хэсэг руу нэг удаа цохиод дараа нь миний уруул нэг удаа цохиж зодсон. ... тэгээд бид барьцалдаж авсан. ... би тухайн үед халтирч унасан. ... тэр үед Б- цахилгаан шатнаас эргэж гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтад “...Б- бид хоёр ажил дээрээ нэрмэл архи хувааж уугаад Б-гийн гэрт очихоор ажлаасаа гарсан. ... замаараа дэлгүүрээс 2 ширхэг пиво худалдан авсан. ...байрны цахилгаан шат руу орохоос өмнө 30-35 орчим насны өндөр залуу намайг эхэлж зүүн мөрөөрөө мөргөөд хажуугаар өнгөрсөн. ...би тухайн үед ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. ...би цахилгаан шат руу ороход байрны үүдэнд намайг мөрлөсөн залуу буцаж цахилгаан шат руу орж ирээд миний дээд уруул хэсэгт нэг удаа цохисон. ...тэгээд эргэж гарахдаа манай найз Б-гийн доод уруул хэсэгт нэг удаа цохисон... тэгээд Б- тухайн хүнтэй ноцолдож байгаад унаад дор нь орж байсан. Энэ үед би нөгөө залууг барьж авахад миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон би зөрүүлээд толгой, нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон... тэгээд орцноос би нөгөө залуутай ноцолдож гараад араас нь очиж нүүр, толгой хэсэг рүү нь зүүн гараараа нэг удаа цохисон...Б- араас гарч ирсэн...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй боловч одоо хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №10647 дугаартай дүгнэлтэд “...1. Д.Мын биед 2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алим, баруун тохой өвдөгт цус хуралт, хамар, баруун тохой, нуруу, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн баримт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б, Б.Б нар хохирогч Д.М хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар хохирогчийн биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч Д.М, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тодруулбал шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ тус тус хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Д.Мын биед хөнгөн гэмтэл бүхий хохирол, хор уршиг зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч Д.Мын эрүүл мэндэд учруулсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Б, Б.Б нар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 42 дугаар хуудас/ илэрхийлсэн байх тул тэдгээрийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Г.Б, Б.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн,
Шүүгдэгч Б.Б нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Б.Б нарт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Улсын яллагчаас “...шүүгдэгч нарт 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Б нарт тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгч нараас “..тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Б, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Б нарт тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН