Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/963

 

 

 

 

 

 

 

 

 

2022           10           12                                      2022/ШЦТ/963

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Д.Даваадорж,

Шүүгдэгч: У.Ц, түүний өмгөөлөгч Ү.Ч нар оролцсон эрүүгийн ........ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцгийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч У.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн номын сан дотор иргэн Б.Атой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж улмаар түүний эзэмшлийн HP маркийн Ай 5, рам-8, 15 инчийн нөүтбүүкийг “надад гар утас болон интернэт орох зүйл байхгүй, нэг хоног хэрэглээд өгье” гэж хэлж хуурч авч явахдаа тухайн эд хөрөнгийг мөн өдрөө “Л” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьж хохирогчид “удахгүй өгнө, гэрт нь хүргэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 1.680.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн ....... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Аын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 26-30 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-н 42-43 дугаар хуудас/,

           

Л барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч У.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч У.Цийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн номын сан дотор иргэн Б.Атой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж улмаар түүний эзэмшлийн HP маркийн Ай 5, рам-8, 15 инчийн нөүтбүүкийг “надад гар утас болон интернэт орох зүйл байхгүй, нэг хоног хэрэглээд өгье” гэж хэлж хуурч өөртөө шилжүүлэн авахдаа тухайн эд хөрөнгийг мөн өдрөө “Л” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьж хохирогчид “удахгүй өгнө, гэрт нь хүргэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 1.680.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Б.Аын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч Б.Аын “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр У.Ц гэх найзтайгаа хамт МУИС-ийн номын санд байхад Ц надаас “нөүтбүүкээ 1 хоног хэрэглүүлээч” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд орой 18 цагийн үед манай гэрт ирээд миний нөүтбүүкийг авсан. Дараа нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц надад “маргааш гэр рүү чинь аваачаад өгөх үү” гэж фэйсбүүк мессенжерээр хэлсэн. Энэ өдрөөс хойш өгнө гэж хэлсээр байгаад 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би Ц рүү фэйсбүүкээр “яачихав, юу болсон бэ” гэж мессенжерээр холбогдож асуусан. Ц хариуд нь “надад сүүлийн удаа итгэчих, үнэхээр маргааш аваачаад өгнө” гэж хэлсэн. Дараа нь буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би фэйсбүүк мессенжерээр Цтэй холбогдоход надад хариуд нь “Их дэлгүүрийн урд талын ломбардад тавьсан” гэж хэлсэн. Би Пэйс молл худалдааны төвийн эсрэг талд байрлах Л нэртэй ломбардад миний нөүтбүүк байгаа талаар мэдсэн. Ц 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний нөүтбүүкийг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр буцааж өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Жийн “...2022 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр 7 хоногийн хугацаатай 1.400.000 төгрөгийн үнэ бүхий HP маркийн ай-5 рам-8 15 инчийн нөүтбүүкийг иргэн Ц нь барьцаалан зээлдүүлж тавьсан. Би тухайн үед У.Цт 1.400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. У.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрөө манай ломбардад ирж 1.400.000 төгрөгөө бүрэн бүтнээр нь төлж улмаар манай Л ломбард ямар нэгэн хохиролгүй болсон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч У.Цийн “...Пэйс молл худалдааны төвийн эсрэг талд байрлах Л гэх нэртэй ломбардад Ариунболорын нөүтбүүкийг 7 хоногийн хугацаатайгаар 1.400.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлж тавьсан. 1.400.000 төгрөгийг хувьдаа захиран зарцуулсан....” гэсэн мэдүүлэг,

 

“Л” барьцаат зээлийн гэрээнд “...Нөүтбүүк НР спү I5, 11 рам 8, хард 0, инч 15 код200224 зээл 1.400.000, хүү 84.000 нийт 1.484.100...” гэсэн баримт,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь 15 инч дэлгэцтэй, windows 10 үйлдлийн системтэй 8 gb рам HP брендийн I5 11-р үеийн notebook болно. Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.680.000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн үнэлгээний тайлан,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл У.Ц нь  хохирогчид “нөүтбүүкийг нэг хоног хэрэглээд өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын танил /найз/ харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Аын нөүтбүүкийг авч түүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч, мөнгөн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч У.Цийг бусдыг хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу дээр миний үйлчлүүлэгч маргахгүй. Хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.Аоос “...миний бие нөүтбүүкээ бүрэн бүтэн буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 71/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч У.Цийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч У.Ц нь ам бүл 3, эх, хойд эцгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч У.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу дээр миний үйлчлүүлэгч маргахгүй. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цийг бусдыг хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Цийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Цт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН