Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Г-т холбогдох эрүүгийн 2235000000183 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн ....... сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-н Г (РД:..........)

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн ....... сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 15-ны орой хохирогч Б.Т-гийн эзэмшлийн эд хөрөнгө болох 4 настай цоохор зүсмийн 1 тооны үхрийг хууль бусаар устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч Г.Г-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Г нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч Б.Т-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н “...Миний үйлчлүүлэгч Г.Г нь Увс аймгийн ....... сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Т-гийн эд хөрөнгийг буюу 4 настай цоохор зүсмийн бухыг хууль бусаар устгаж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар прокурортой ял тохиролцсон байгаа. Хохирогчид 1.625.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэв.

3. Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж,  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал),

2. Хохирогч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Г ах над руу залгаад танай цоохор бух манай гэрийн гадна өвчлөөд үхсэн байна гэхээр нь би очиж үзэхэд хоёр эвэр дунд нь нугаслаж алсан байсан ба эргэн тойронд нь ямар нэгэн гутлын мөр байхгүй байсан, урьд орой нь шороогоор шуурсан болохоор ул мөр нь арилсан байх. Миний бух 4 настай юм...", "...2022 оны 08 дугаар сарын 18-ны орой хэсгийн төлөөлөгч, цагдаа, Б бид нар Г ахын хуучин байсан буйр буюу манай бух үхсэн газарт очоод газрын элсийг хойш тээж үзэхэд уг элснээс цустай, өмхий үнэртэй элс гарч ирсэн. Намайг очиж үзэхэд миний үхэр өвчнөөр үхээгүй, харин хэн нэг нь  нугаслаж алсан байсан. Тэгээд Г ах надад баригдан сандраад Б.М гэх залууг мал нугасласан гэж гүтгэлэг явуулсан.  Тухайн үед би Г болон Баттөмөр хоёрыг манай бухыг алсан гэж бодоогүй. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд Г.Г надад хэлэхдээ хоорондоо тохиролцох хэрэгтэй байна, би хэргээ хүлээж байна гэж хэлсэн, тэгэхээр нь би зөвшөөрч бухын өртөг 2,000,000 сая төгрөг өгчих гэхэд идэшний үеэр заавал өгнө гэж надад хэлсэн. Г.Г нь надад 1.625.000 төгрөг төлж өгсөн, одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20-21, 173-174 дэх тал);

3. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2022 оны 8 дугаар сарын 18-ны орой Г ахын буйр дээр ...цагдаа намайг хүрз аваад ирээч гэхээр нь би хүрз аваад очих үед цоохор бух үхсэн гэх газрын хөрсийг хусаад доороос нь цустай холилдсон өмхий үнэртэй элс гарч ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал);

4. Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Өглөө ирээд бид нар уг газрыг дахин үзэхэд мөн л цустай элс байсан ба өмхий үнэртэй элсийг наранд байлгах бүр цус нь тодорч улаан өнгө гарч байсан, манай бух бол хүн ойртох үед ямар нэгэн ааш гаргаж байгаагүй маш номхон бух. Мөн бух шиллэж алах үед заавал цус гардаг бөгөөд уг бухны шил /хүзүү/ орчмын цусыг маш сайн угааж цэвэрлэсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал);

5. Гэрч Х.Б-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай хүргэн ах Г.Г нь хотонд мал ирэхэд маш дургүй хөөж туудаг, өөрийн гэрээс хол туудаг зан ааштай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);

6. Гэрч Ө.Б-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би ерөнхийдөө нас биед хүрээд таван хошуу малыг алж нядалж сурсан. Бод малыг алахдаа шилэн хүзүүнд нь хутгаар нугаслаж амийг нь таслаад хүзүүг нь хэрчдэг. Хутгаар нугасалж алах үед хутга орсон газар буюу нугаснаас цус заавал гардаг. Үхэр алах үед уг үхэр мөөрөх дуу чимээ гаргаж үхдэг бөгөөд уг үхрийн цусыг үнэрлэсэн үхэр уг үхэр дээр ирж мөөрөлддөг. Үхэр нь өөрөө хамраараа үнэр сайн авдаг бөгөөд цусны үнэрээр заавал тухайн сэг дээр ирж чанга чанга мөөрдөг учраас үхрийг алахдаа гэрээс холдуулж алдаг ёстой юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал);

7. Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Цоохор зүсмийн бухыг би өөрөө хутгаар хутгалж алсан. Тэгээд хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд цусыг угааж цэвэрлэсэн, газрын хөрсөнд цус, угаадсыг хийгээд шороогоор булсан. Намайг уг цоохор зүсмийн бухыг шилэн хүзүүний хэсэгт хутгалах үед манай хүү Г.Б гэртээ унтаж байсан. ...Б-ын бухыг алсан талаар надаас өөр мэдэх хүн байхгүй, манай эхнэр хүүхэд мөн мэдээгүй, тэр орой салхитай, шуургатай байсан учраас хүмүүс мэдээгүй, үхэрнээс гоожсон цусыг шороо шуураад дарчихсан байсан. Би Улаангом сум руу орж ирээд өмгөөлөгчид энэ талаар хэлсэн. Мөн хүү Г.Бийг сүүлд цагдаагаас дуудахад энэ талаар мэдээд надад уурласан...тухайн үед цоохор бух манай зэл дээр ирчихээд тугал мөргөөд туугаад холдуулахаар буцаж ирээд байхаар нь уурлаад хутгалчихсан юмаа. Би уг нь үхчихнэ гэж бодоогүй, гэмтэл аваад өнгөрөх байх гэж бодсон.” (хавтаст хэргийн 88-90 дахь тал);

8.  Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 288 дугаартай “2022 оны 8 дугаар сарын байдлаар Улаангом суманд 4 настай бухны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

9.Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

11. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч Г.Г нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны орой өөрийн малын зэлэн дээр ирсэн хохирогч Б.Т-гийн өмчлөлийн эцэг мал болох цоохор зүсмийн бухыг 2-3 удаа хөөгөөд явуулахад дахин ирж, зэлэн дээрх тугал мөргөсөн гэх шалтгаанаар уурлан, бухны шилэн хүзүү хэсэгт хутгалж алан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасныхаа дараа хохирогч Б.Т руу утсаар холбогдож “Танай цоохор зүсмийн бух манай гэрийн хойд талд өвчнөөр үхсэн байна” гэж хэлсэн, хохирогч Б.Т тухайн үйл явдал болсны маргааш өглөө нь буюу 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирж, өөрийн үхсэн бухыг үзээд түүний бухыг хэн нэг нь шилэн хүзүүнд нь хутгалж, нугасалж алсныг мэдэж, цагдаагийн байгууллагад хандсанаар уг бухыг шүүгдэгч Г.Г хутгалж алж, устгасан болох нь тогтоогдсон байна.   

12. Тодруулбал: Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн ....... сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 15-ны орой хохирогч Б.Т-гийн эзэмшлийн эд хөрөнгө болох 4 настай цоохор зүсмийн бухыг хүзүү хэсэгт нь хутгалж устгасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

13. Шүүгдэгч Г.Г нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх нь хууль бус болохыг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж хохирогчийн 4 настай цоохор бухыг хууль бусаар устгасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

14. Эд хөрөнгө устгах гэдэг нь гэмт үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгө устаж, дахин биет байдлаар байх боломжгүй болсныг ойлгоно.

15. Шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Т-гийн эд хөрөнгөд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Г.Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

16. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс суртахууны төлөвшил дутмаг, уурлаж, бухимдсан үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвар сул зэрэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

17. Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны орой бусдын 1 тооны үхрийг устгасны дараа маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 16-ны өглөө хохирогч Б.Т руу утсаар ярьж “танай үхэр манай гэрийн ар талд өвчнөөр үхсэн байна” гэж мэдэгдсэнээр хохирогч Б.Т мөн өдөр үхрээ очиж үзэн, шилэн хүзүүнд нь хутгалсныг мэдсэн гэх үйл баримт  тогтоогдож байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 8 дугаар сарын 15-ны орой гэж тодорхойлох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Г.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-гийн эд хөрөнгөд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн 74 дэх талд авагдсан 288 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн хор уршигт 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Т-гийн ХААН банк дахь .......... дугаартай дансанд 1.625.000 төгрөг төлсөн нь хэргийн 174 дэх талд авагдсан ХААН банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар нотлогдож байгаа, түүнчлэн хохирогч Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд “Г.Г-аас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх тодорхойлолт гаргаж өгснийг хэргийн 175 дахь талд хавсаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Гаас гаргуулах, хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Г.Г-ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэрээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал  тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

4. Шүүгдэгч Г.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд тэрээр гэм буруугийн санаатай хэлбэрээр, ухамсарт идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.

5. Харин шүүгдэгч Г.Г-ийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

6. Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

7. Прокуророос шүүгдэгч Г.Г-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

8. Түүнчлэн шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Г.Г-т  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

9. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 700 (долоон зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоо зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Г.Г-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч Г.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоо зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА