Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/471

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч М.Одгэрэл,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн 2234005180387 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг газар оршин суух хаягтай,

урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112.2, 239.3-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж 1998 оны 04 дүгээр сарын 15- ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1, 91.2.2-т зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнцсэн суллагдсан,

2018 оны 09 дүгээр сарын 19- ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгуулж шийтгэгдсэн,

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр тус тус ял шийтгэгдэж байсан, дугаарын регистртэй, Б.Д.

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Галзуу харын ам” гэх газарт өөрийн амьдрах гэртээ хамтран амьдрагч Р.Аийг гэр бүлийн харилцаанаас болон маргалдаж, хэл амаар доромжилж дух хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Д: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй.”... гэж,

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Галзуу харын ам” гэх газарт өөрийн амьдрах гэртээ хамтран амьдрагч Р.Аийг гэр бүлийн харилцаанаас болон маргалдаж, хэл амаар доромжилж дух хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон:

 

Энэ нь эрүүгийн 2234005180387 дугаартай хэрэгт авагдсан

            Хохирогч Р.Аийн ...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Галзуу харын ам гэх газарт гэртээ 17 цагийн үед гүүгээ саагаад орж ирээд гэртээ хамтран амьдрагч Дашдондовтой гэр бүлийн хоорондын буруу ойлголцлоос болж маргалдсан, намайг духнаас гараараа арагшаа түлхээд ор руу унасан өөр зүйл байхгүй. Тархи хөдөлсөн байсан. Тухайн үед бариачид үзүүлсэн, одоо бол зүгээр болсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, бид хоёр дундаасаа хоёр хүүтэй, би өөрөө дагавар гурван охинтой, том охин маань 21 настай тусдаа гарсан, дунд охин 14 настай, бага охин 10 настай. Гомдол санал байхгүй... /хх-ийн 5 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч А.Нандин-Эрдэнийн ...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед би ганцаараа үнээгээ саачхаад сүүгээ бариад гэр рүү ортол Дашдондов ах, ээж хоёр муудалцчихсан гээд ээж орон дээр уйлаад сууж байсан. Дашдондов ах баруун талын орон дээр сууж байсан. Ээжийг гуйлгачин гээд дуудаад хараагаад байсан. Ээж рүү Дашдондов ах жижиг хуванцар сандал авч шидээд хараагаад байсан. Тэгээд цагдаа дуудах гээд гараад цагдаа дуудсан. Толгойны дух хэсэгт гараа зангидаж байгаад цохисон гэж хэлсэн бас эрүү хэсэг дээр нь жижиг хэсгээс цус бага хэмжээтэй гарч байсан. Өмнө нь ийм хэрүүл маргаан хэд хэдэн удаа болж байсан. Манай ээжид өмнө нь гар хүрч байсан. Суугаад удаагүй байхаасаа эхлээд гар хүрсэн, тухайн үед ээж эмнэлэгт үзүүлдэггүй байсан. Гомдол санал байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

            Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 91 дугаартай ...Р.Аийн биед тархи гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... талаарх дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

            Сэжигтэн Б.Дын ...Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар баг Галзуу харын ам гэх газар баг хүүхэд гүүн зэлэн дээр надтай хамт байсан. Эхнэр хажуу талд гүү саагаад байж байсан. Бага хүүгээ би тэвэрч сууж байгаад шороон дээр хүүгээ тавьтал эхнэр хүүхэд газар шороон дээр тавьлаа гэж уурласан. Тэгэхээр нь газар шорооноос хүн  бий болдог биз дээ гээд тэрнээс болж хоорондоо хэрүүл маргаан үүссэн. Тэгээд гэрт орж ирсний дараа авгай над руу өшиглөөд дайраад байхаар нь толгой дух хэсгээс нь арагшаа түлхсэн тэгээд хүчиндээ арагшаа орон дээр суусан. Өөр зүйл байхгүй. Би баяр наадам болоод архи хэрэглэсэн байсан. ЕХ гээд 0.75 литрийн шил архи хүмүүстэй нийлж уусан байсан. Үйлдлээ хянан  боломжтой байсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Гэрч Б.Жагарын ...Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн дүү болох Дашдондовын гэрт байсан. Тухайн үед манай дүү эхнэртэйгээ  маргаад байсан. Яг юунаас болж маргасан талаар сайн мэдэхгүй байна. Би хажуу талд нь байдаг өөрийн төрсөн ээжийндээ байж байхад Дашдондовын хүүхэд нь гүйж ирээд аав ээж хоёр муудалцаад байна гэхээр нь би тэднийд орж үзэхэд манай дүү эхнэр Алтанцэцэгтэй муудалцсан байсан тэгээд би дүү Дашдондовыг загнаад чи яахаараа эхнэртэйгээ муудалцаад байгаа юм бэ гээд орон дээр нь унтуулсан өөр зүйл болоогүй. Намайг анх ороход манай дүү эхнэртэйгээ хэрэлдээд байж байсан.  Харин гар хүрч зодсон зүйл анзаарагдаагүй. Ямар нэгэн байдлаар цус хувцас хунар нь урагдаагүй хэвийн байсан... /хх-ийн 123-124 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Д нь иргэн Р.Аийг зодож, биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн хүнийг зодож, цохиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Д гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Аийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

  

Хохирогч Р.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй. Харин 150.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн байх бөгөөд энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Одгэрэл:Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Б.Д: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг.

 

Шүүх шүүгдэгч Б.Дт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Б.Дт 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Дыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргээс өөр нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Дыг нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2234005180387 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

       Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                   37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

                                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Дыг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дыг шүүхээс тогтоосон Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Дыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг , тодорхой газар очих хязгаарлалтыг тус хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Б.Дыг зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Дт тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглосугай.

 

7. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.А нь шүүгдэгч Б.Доос эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА