Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00116

 

 

 

 

 

      2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00116

               Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах П ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоотод байрлах И ХХК /РД:/-д холбогдох

 

            Засварын ажлын хөлс, сэлбэгийн төлбөрт 18 523 688 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр И ХХК-ийн экскэваторын мотор авч, Унгар улсаас сэлбэг захиалж авчран бүрэн засвар хийж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн. П ХХК-аас экскэваторын явах эд анги, мотор засварт 27 843 688 төгрөгийн сэлбэг, 3 500 000 төгрөгийн ажлын хөлс, нийт 31 343 688 төгрөгийн төлбөр тооцоо гарсан. Үүнээс И ХХК нь 3 000 000 төгрөгийг бэлэн, 9 320 000 төгрөгийг харилцах дансаар, 500 000 төгрөгийг бензин талоноор тооцон нийт 12 820 000 төгрөгийг төлж, нийт төлбөрөөс 18 523 688 төгрөг үлдэж, тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдсэн болно. Иймд нийт 18 523 688 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү. Манай компанийн хувьд засвар, ажлын хөлсийг бүрэн авсаны дараа ажлаа хүлээлгэж өгдөг боловч хариуцагч компанийн захирал нь “Манай ХХК-ийн хөрс буулгалтын ажил уг экскаватор байхгүйн улмаас зогссон байгаа бөгөөд мөнгө өгсний дараа машиныг хүлээлгэж өгнө гэж хүлээвэл бид олон хоногийн алдангид орох гээд байна. ХХК нь хоног тутамд алданги тооцдог бөгөөд уг алданги нь засварын хөлснөөс өндөр гарах гээд байгаа учраас манай засагдсан моторыг явуулах боломжтой юу, бид ажлаа гүйцэтгэж эхэлсний дараа мөнгийг нь төлье” гэж хэд хэдэн удаа ярьсан учраас моторыг өгч явуулсны дараа ХХК-аас мөнгө орж ирэхгүй байна, түр хүлээж байгаарай гэж олон удаа хэлсэн. Манай компани нь Өвөрмонголтой хамтарсан байгууллага бөгөөд жилийн эцсийн тайлангаа Унгарын талд танилцуулдаг учраас санхүүгийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулъя гэж хэлсний үндсэн дээр хариуцагч компанийн нягтлантай тохиролцож тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч тал нь хариуцагч И ХХК-ийн шаардлагатай тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ үзүүлж ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа. Иргэний хуулийн 346.1-д заасны дагуу хөлс төлөх хугацааг гэрээнд өөрөөр тохиролцоогүй буюу тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байгаа учраас уг төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч И ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан засварын ажлын хөлс, сэлбэгийн төлбөрт 18 523 688 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...П ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр И ХХК-ийн экскэваторын мотор авч, Унгар улсаас сэлбэг захиалж авчран бүрэн засвар хийж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн. П ХХК-аас экскэваторын явах эд анги, мотор засварт 27 843 688 төгрөгийн сэлбэг, 3 500 000 төгрөгийн ажлын хөлс, нийт 31 343 688 төгрөгийн төлбөр тооцоо гарсан. Үүнээс И ХХК нь 3 000 000 төгрөгийг бэлэн, 9 320 000 төгрөгийг харилцах дансаар, 500 000 төгрөгийг бензин талоноор тооцон нийт 12 820 000 төгрөгийг төлж, нийт төлбөрөөс 18 523 688 төгрөг үлдэж тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдсэн болно...” гэснийг хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр И ХХК-ийн экскэваторын моторыг хүлээн авч засвар хийж хүлээлгэн өгсөн ба хариуцагч И ХХК нь үлдэгдэл төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулах талаарх албан тоотыг хүргүүлж байсан байна. /хх-ийн 10/

Түүнчлэн үлдэгдэл төлбөрийн асуудлаар талууд тооцоо нийлж баталгаажуулсан ба хариуцагч байгууллага нь засвар үйлчилгээ авч байсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж ******* дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хаягийг тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9,*******-15/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн засвар үйлчилгээний үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй байна. 

Хариуцагч И ХХК нь төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээрхийн нэгтгээд хариуцагч И ХХК-иас 18 523 688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 18 523 688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 250 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ