Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0626

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч “Т т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, “Т т” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/462 тоот мэдэгдэл, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/458 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Т т” ХК болон "М т" ХХК-ийн хооронд байгуулсан ТТХК20000/******** тоот гэрээг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн багц 2-ийн "М т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгуулах, “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг “Т т” ХК-д даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШШ2024/0014 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, Б.Э, хариуцагч “Т т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагч “Т т” ХК-ийн өмгөөлөгч Ц.Х, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С, Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 120/2024/0009/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШШ2024/0014 дугаар шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.1, 26.4.2, 26.4.3, 26.4.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Т т” ХК-ийн Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил-ТТХК/2024******* дугаартай тендер шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн багц-2-ийн "М т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т т” ХК болон "М т" ХХК-ийн хооронд байгуулсан ТТХК/2024/*** тоот гэрээг хүчингүй болгож, “Т ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, Т ХХК-тай гэрээ байгуулахыг Т т ХК-д тус тус даалгаж,

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг заасныг баримтлан нэхэмжлэлийн Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/462 тоот, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/458 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагч “Т т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н давж заалдах гомдолдоо: “Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдсэн "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар "Т т" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 120/ШШ2024/0014 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулахаар дараах тайлбарыг гаргаж байна.

            "Т т" ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг 51 хувийг орон нутгийн өмчийн хөрөнгөөр бүрдүүлсэн хувьцаат компани бөгөөд тус компанийн хувьцааг өнөөдрийн байдлаар 23 орны нийт 1900 орчим гадаад дотоодын хувь хүн, хуулийн этгээд төрийн орон нутгийн захиргааны байгууллага эзэмшиж байна.

            Хувьцаат компани учраас тус компанийн гүйцэтгэх удирдлагын нэн тэргүүнд баримталдаг зарчим нь хууль дээдлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалахын тулд аливаа тендерийн сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулах, уг ажил үйлчилгээг гүйцэтгэж чадах хамгийн сайн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг хүлээж, хамгийн хямд буюу бага үнийн санал гаргасан туршлагатай оролцогчийг шалгаруулахын төлөө ажилладаг

            "Т т" ХК-ийн зарласан TTXK/20240101011 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 4 багцтай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил"-ийн тендерийн нээлтийг хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэхүү 4 багцтай тендер шалгаруулалтын багц 2-т "Г М" ХХК, "М т" ХХК, "Т" ХХК, "Т М" ХХК гэх 4 оролцогч тендерт шалгаруулалтад оролцохоор тендерийн бичиг баримтыг бүрдүүлж ирүүлснийг үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэж, ТТХК/2024******* дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил"-ийн тендерийн 2 дугаар багцад "М т" ХХК-тай гэрээ байгуулах, эрх олгох мэдэгдлийг хүргүүлж гэрээг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан.

            Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр барав, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж худалдан авах ажиллагааны зарчимтай бүрэн нийцсэн гэж итгэж байна.

            Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч "Т" ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хурлын явцад өөрчлөн гаргасан нэхэмжлэхийн шаардлага болох.

  1. "Т т" ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 1-402
  2. 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 1-458 дугаар "М т" ХХК гэрт  байгуулах эрх олгох тухай" мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,
  3. "Т т" ХК болон "М т" ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Т т ордын MV-00287 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-2 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх ТТХК/2024/*** тоот гэрээг хүчингүй болгуулах:
  4. Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах;
  5. "Т" ХХК-г хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгуулах:
  6. "Т" ХХК-тай гэрээ байгуулахыг "Т т" ХК-д даалгуулах гэж тус тус шаардлагыг нэмэгдүүлсэн.

            "Т т" ХК-ийн хариуцагчаас үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн болон хуулийг буруу хэрэглэсэн галаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу "нэхэмжлэл" гэж хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж тодорхойлсон.

            Гэтэл нэхэмжлэгч "Т" ХХК нь дээрх хуулийн заалтад заасан хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, үүнийг шүүх хуралдааны асуулт, хариултын явцад нэхэмжлэгчээс тодруулахад "ашиг сонирхол зөрчигдсөн талаар ямар нэгэн тодорхой хариулт өгөөгүй" зөвхөн "Т" ХХК-ийн ашиг гэж харсан.

            Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 30 дугаар тогтоолын тайлбарлах нь: хэсгийн 5-ийн а/-д "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэж үзнэ. /38 дугаар хуудас/

            Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх зүйн байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөргүй байвал түүнд чиглэсэн "үйлчлэлгүй" гэж үзнэ" гэж тайлбарласан.

            Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, ойлгомжгүй  тохиолдолд нэхэмжлэгчээс тодруулах, мөн нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үнэлэлт дүгнэлт өгч хэрэгсэхгүй болгоогүй байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.

            Нэхэмжлэгч "Т" ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн үндсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг "... дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" гэж тодорхойлсон байна.

            Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад "... дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлд 2024.06.07-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байна. /1 хавтас 64-69 хуудас/

            Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2024.06.27-ний өдрийн 240627/01 дугаартай "Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, тодруулах тухай" нэхэмжлэлийг дахин гаргасан бөгөөд "... дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй орхигдуулсан байна.

            Шүүхийн шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ нь: хэсгийн 1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, 1.2-т Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ... тодруулсан гэж тодорхойлжээ. /Шүүхийн шийдвэрийн 1-2-р нүүр/

            Гэтэл нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа ".... дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, тодруулсан нэхэмжлэлдээ " .... дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг огт дурдаагүй, орхигдуулсан байх бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ".... дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эсэх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, хүсэлт гаргаагүй болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид "ЗХШХШТХ" гэх/-ийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ... хэсэгчлэн татгалзаж болно", 66.3-т "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана." гэж тус тус заасны дагуу шүүхээс "...дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх тодорхойгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д "Тогтох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхээс гаргасан нэхэмжлэл болон сорог нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.... тусгана..." гэж тус тус заасны дагуу 2024.08.05-ний өдрийн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт "...дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

            Шүүхээс "М т" ХХК-ийн хүний нөөцийн баримтаас /цахим/ үзвэл маркшейдер инженер Б.Т /РД:ДЗ*******/ нь 2024 онд ШУТИС-ийг уул уурхайн маркшейдер мэргэжлээр төгссөн,  2024 оны 2, 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг ирүүлсэн, геологич О.М-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт 3 жил хүрээгүй байх тул нэхэмжлэгчийн 2024 онд дээл боловсрол эзэмшээд мэргэжлээрээ 3 жил ажилласан байх үндэслэлгүй, тухайн инженер техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг шаардагдах жилийн нийгмийн даатгалын төлөлтөөр баталгаажуулах шаардлагыг хангаагүй оролцогчийг шалгаруулсан нь хууль бус гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна гэж хуульд заасныг зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс үндсэн болон нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэх хэсэгтээ дээрх асуудлаар огт маргаагүй, дурдаагүй, хүсэлт, гомдол гаргаагүй байхад шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт цугларсан албан тооттой холбогдуулан гаргасан тайлбарыг үндэслэл болгож, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад өмнө нь огт дурдагдаагүй, маргаагүй асуудлаар шүүхээс эрх хэмжээгээ хэтрүүлэн, дур мэдэн дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

            Шүүхээс тендерт оролцсон "Г М" ХХК-ийн гомдлоор захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "М т" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянасан Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/4402 дугаар шийдвэрт "М т" ХХК-ийн геологич О.Мын 2022 оны 01 дүгээр сараас хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг ирүүлсэн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “геологич инженерийн ажилласан жилийн туршлага 3 болон түүнээс дээш жил байх, тухайн инженер техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ" гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Энэ шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2024.06.03-ний өдөр хуралдаж, холбогдох тодруулгуудыг хийсэн байх ба геологич О.Мын ажилласан байдлыг тодруулаагүй, энэ асуудлаар хэлэлцээгүй болох нь тухайн хуралдааны 03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч "Т" ХХК нь анхнаасаа Сангийн яаманд хүний нөөцтэй холбоотой асуудлаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад огт дурдагдаагүй, маргаагүй байсан асуудлыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ болгон нэхэмжлэгчээс тайлбарласныг шүүхээс үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгон, дур модон дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зорчин шийдвэр гаргасан байна. Тодруулбал. Сангийн яамны 2024.05.29-ний өдрийн 03/4402 дугаартай "Г М" ХХК-ийн хүний нөөцтэй холбоотой асуудлаар гаргасан, гомдлыг хянасан албан тоотыг үндэслэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөр компанийн гаргасан гомдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ болгон тайлбар өгснийг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

            Шүүхээс хуурамч бичиг баримт бүрдүүлж тендерт оролцсон компанийг шалгаруулсан гэж маргасан тул шүүх цахим систем дэх баримт бичгийн үнэн зөвийг нотлох нэмэлт нотлох баримтыг Авто тээврийн үндэсний товоос гаргуулан маргаж буй үндэслэлийг шалгахад (ХХ-3-ын 117-119 дэх тал "М т" ХХК-ийн "Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтын 22-11 дугаарт бичигдсэн HOWO ZZ5707 маркийн өөрөө буулгагч, 70 тн даацтай гэж тендерт санал болгосон 10 ширхэг автосамосвалын даац нь 47,9 тн буюу нэг бүр нь 22.1 тн-ын, нийт 221.0 тн-ын зөрүүтэй, тендерийн шаардлагад тавигдсан нийлбэр даац 3.500 тн-оос багагүй байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч дээрх үйл баримтын талаар Авто үйлчилгээний төвийн мэдээллийн нэгдсэн сан Autobox.mn-д тендер шалгаруулалтын дараа мэдээлэл засварлагдан орсон, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг /хх-2-ын 86-88 дахь тал/ 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 70000 кг-ын даацтай "солив" гэж нэгэн зэрэг бүртгэл хийсэн Ц.Соло гэх бүртгэлийн ажилтан байдаггүй, техникийн хяналтын үзлэгийн программ дахь бүртгэл хийсэн ажилтны мэдээлэл зөрүүтэй байгаа талаар шүүх хуралдаан тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хариуцагч "Т т" ХК-ийн зүгээс Тендерийн шалгаруулалтыг хууль бусаар явуулаагүй, шударгаар, нээлттэйгээр зохион байгуулсан бөгөөд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Тендерийн шаардлагад нийцсэн эсэхийг "... холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэлд үндэслэн хянан үзнэ, ТШЗ 16.1.2 дахь хэсэгт "Тендер нээсний дараа нэг цагийн дотор цахим лавлагааг татаж шалгана", 19.1 дэх хэсэгт "төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сан болох Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд үндэслэнэ" гэж заасныг тус тус үндэслэж. Тендерийн шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж, үнэлгээг хийсэн. Тодруулбал.

            ТШЗ 19.1 дэх хэсэгт (Дээрх машин механизмын эзэмшигч, даацын талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -oop дамжуулан Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас лавлана. Даацын АТҮТ- ийн систем дэх даац гэсэн үзүүлэлтээр тооцох бөгөөд бүх жин, өөрийн жин гэсэн үзүүлэлт хамаарахгүй. Санал болгож буй машин, механизмын үнэн зөв, бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн аливаа асуудал нь захиалагч хариуцлага хүлээхгүй бөгөөд төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгэж хийх болохыг анхаарна уу!!!) гэж заасны дагуу цахим мэдээллийг татаж, тендерийн үнэлгээж хийсэн.

            Энэ нь "М т" ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тодорхойлолтуудыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан авсан баримт /2 дугаар хавтас-82х/, "М т" ХХК- ийн эзэмших, өмчлөх эрхийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд /83-93х/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Тендерийн үнэлгээг хийсэн болно.

            Мөн шүүхээс шүүх хуралдаанд худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д хариуцагчийн эрхээр нэвтэрч санал болгосон машин механизмын мэдээллийг тендер нээсэн өдөр цахим системээр дамжуулан нээсэн АТҮТ-ийн мэдээллийн сангаас шалгасан байдлыг судлахад "М т" ХХК-ийн санал болгосон техник хэрэгслийн даацууд мэдээллийн сантай тохирч байсан бөгөөд төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны үйл ажиллагааг буруутгахгүй, мэдээллийн үнэн зөв, бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн аливаа асуудалд захиалагч хариуцлага хүлээхгүй болохыг ТШЗ-нд анхааруулсан, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна." гэж зохицуулсан байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэжээ.

            Гэтэл шүүхээс хариуцагчийг тендерийн шалгаруулалтыг хууль бусаар явуулаагүй байна, тендерийг үнэлэхдээ хууль тогтоомж, тендер шалгаруулалтын зааварчилгаанд нийцүүлэн зохион байгуулж, үнэлсэн гэж дүгнэсэн атлаа хэргийн материалд нотлох баримтууд байгаа талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариу байгууллагыг хариуцах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтын зөрүүтэй байдалд манай байгууллага хариуцлага хүлээх үндэслэлгүй бөгөөд, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, нотлогдоогүй, байхад шүүхээс хуурамч бичиг баримт бүрдүүлж тендерт оролцож шалгарсан байна гэж яаран дүгнэлт хийж. хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна

            Нэхэмжлэлд дурдсанчлан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, аливаа баримт материалын үнэн зөв эсэхийг хариуцагч "Т т" ХК нь шалган тогтоох, нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар тендер хүлээж авах, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байхад шүүхээс анхаарч үзсэнгүй.

            Шүүхээс тоног төхөөрөмж, техник хэрэгслийн даацыг тодорхойлох зорилгоор Гаалийн ерөнхий газраас гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээллийг цахим сангаас лавлагаа авсан боловч ТШЗ-нд машин механизмын талаарх мэдээллийг АТҮТ-ийн мэдээллийн сангаас лавлана гэж заасан байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно гэж тайлбарлаж, хариуцагчийн мөн адил АТҮТ-ийн мэдээллийн сангийн лавлагаанд үндэслэн тендерийн үнэлгээ хийсэн ажиллагааг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

            Шүүхээс энэ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлүүдээр маргаан бүхий тендерт шалгарсан "М т" ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй болох нь тогтоогдсон тул Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад огт тусгагдаагүй, анхнаасаа гомдол, хүсэлт гаргаагүй, өөр байгууллагын хүний нөөцтэй холбоотой гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны албан тоотыг нэхэмжлэгчээс үндэслэл шаардлагаа болгон тайлбар өгснийг шүүхээс үнэлсэн, мөн Тендер шалгаруулалтыг хууль тогтоомж, ТШЗ-нд нийцүүлэн үнэлсэн байх бөгөөд үүнд хариуцагч Үнэлгээний хорооны үйл ажиллагааг буруутгахгүй гэж дүгнэсэн атлаа тендерт техникийн үзүүлэлт, даацыг зохиомлоор нэмсэн байж болзошгүй. нотлох баримтууд нь зөрүүтэй гэж үзэж, тендерийн шаардлагыг хангаагүй байгууллагыг шалгаруулсан мэтээр дүгнэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуурамч баримт бичиг эсэхтэй холбоотой гомдол гаргаагүй, эрх бүхий байгууллагаас хуурамч баримт бичиг эсэхийг тогтоогоогүй, нотлогдоогүй байхад шүүхээс хуурамч бичиг баримт гэж тогтоож, өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагч байгууллагын зүгээс холбогдох хууль, журам, зааварт нийцүүлэн тендерийг шалгаруулалтыг хянан үзэж, "М т" ХХК-ийг шалгуулсан нь үндэслэлтэй байна.

            Шүүхээс энэ тендерт шалгарсан "М т" ХХК-ийг тендерийн шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон, "Т" ХХК болон "Т М" ХХК-иудын тендерийг Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул үнийн өсөх дарааллаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн "Т" ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй,Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь Үнэлгээний хорооны эс үйлдэхүйд холбогдох ёстой, эс үйлдэхүй байхгүй тул энэ шаардлага үндэслэлгүй гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлээр шаардаж буй Үнэлгээний хорооны татгалзсан актыг гаргахыг даалгах боломжтой гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Тендерийн үнэлгээний хорооноос "М т" ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь үндэслэлтэй болох нь дээр дурдсан тайлбаруудаар нотлогдож байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас  татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэрийг шүүх гаргана гэж хуульчилсан бөгөөд хариуцагчийн т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр гаргасан болон захиргааны акт гаргахгүй ямар нэгэн эс үйлдэхүй огт гаргаагүй болно.

            Гэтэл "Т" ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендертор шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхийн чиг үүрэгт хамаарах асуудал биш байх бөгөөд, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар Тендерийн үнэлгээний хороонд тендерийг үнэлэх онцгой бүрэн эрхийг тус хуулиар олгосон байхад шүүхээс энэхүү эрхийг захиргааны байгууллага нь үнэн зөв, хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх болохоос биш гагцхүү захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрхийг шүүх өмнөөс нь чиг үүргийг хэрэгжүүлж шийдвэр гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүхээс "... Тендерийн үнэлгээний хорооны хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан бусад акт буюу "М т" ХХК-тай "Т т" ХК-ийн хооронд байгуулсан гэрээнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            "Т т" ХК болон "М т" ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан Т т ордын MV-00287 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-2 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх ТТХК/2024/*** тоот гэрээ нь талуудын эрх, үүргийг баталгаажуулан хийж буй хэлцэл бөгөөд захиргааны байгууллагаас гаргаж шийдвэр гэж үзэхгүй.

Дээр дурдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтаар тодорхойлогдсон "Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд залсан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон ҳөлс төлөх үүргийг тус тус хүлээх" гэрээ бөгөөд талуудын эрх тэгш харилцаанд суурилсан иргэний эрх зүйн "Аж Ажил гүйцэтгэх гэрээ" юм. Өөрөөр хэлбэл, тус гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 52 дугаар зүйлийн 52.1-д заасан захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцаан ааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн бай байгуулсан гэрээ биш бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан "хүчингүй болгох гох" нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1- д зааснаар "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шийдвэрлэж шийдвэрлэсэн  байгаа  нь хууль зүйн үндэслэлгүй  байна.

            Шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/ "тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиргааны акт гэж дүгнэж, багц 2-ын "М т"-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл эрх зүйн шууд үр дагавар бий болгож чадахгүй. захирамжилсан шийдвэрт хамаарахгүй, нэхэмжлэгч "Т" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй, дотогшоо чиглэлтэй Үнэлгээний хорооны гишүүд хоорондоо хурлаа хийсэн хурлын тэмдэглэл байхад шүүхээс захиргааны актад тооцон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зорчигдсон, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хууль) заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж заасантай нийцэхгүй байна.

            Хэрвээ шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны 2024.05.04-ний өдрийн 02 дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/" тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиргааны акт гэж үзвэл:

            Сангийн яамны 2024.05.29-ний өдрийн 03/4402 дугаартай "Гомдол хянасан тухай" албан   тоотыг үндэслэн хариуцагч "Т т" ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос 2024оны 06 дугаар сарын 03-ны өдөр Багц-2, Багц-4-д ирүүлсэн тендерийн баримт бичгийг дахин үнэлэхээр Тендерийн үнэлгээний хороог дахин хуралдуулсан.

            Ийнхүү Тендерийн үнэлгээний хорооны 2024.06.03-ны өдрийн 03 дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/" тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ээр Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил Багц 2-т "М т" ХХК- ийн ирүүлсэн материал нь тендерийн баримт бичиг болон ажлын даалгаварт шаардсан шаардлага хангасан, харьцуулах хамгийн бага үнийг ирүүлсэн гэж Үнэлгээний хорооны гишүүд дахин үнэлсэн тул, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

            Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох "Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиргааны акт гэж дүгнэж, багц 2-ын "М т"-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн" хэдий ч, Сангийн яамны албан тоотын дагуу Тендерийн үнэлгээний хороо нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд тендерийн баримт бичгийг дахин үнэлэхээр хуралдсан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны сүүлд гарсан хурлын тэмдэглэл /зөвлөмж/ хүчин төгөлдөр хэвээрээ байхад шүүхээс анхаарч үзэхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагуудын хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Тодруулбал, шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн  03 дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/ тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг гарсан гэдгийг мэдэж байсан мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ энэхүү хурлын тэмдэглэлийг үндэслэн хүний нөөцтэй холбоотой асуудлаарх О.М ажилласан байдлыг тодруулаагүй, энэ асуудлыг хэлэлцээгүй болох нь тухайн хуралдааны 03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр тогтоогдож байна гэж дүгнэж шийдвэр гаргасан байна.

            Нэхэмжлэгч "Т" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлд заасны дагуу захиалагч буюу "Т т" ХК-д тендер шалгаруулалтын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй уг хуулийн 59-т заасан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол нь гаргасан хуулийг зорчиж гомдол гаргасан.

            Дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай /шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлийн 59.1-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна" гэж заасны дагуу захиалагчид гомдол гаргах ба захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Сангийн яам буюу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар заасныг нэхэмжлэгч "Т" ХХК нь зөрчсөн.

            Нэхэмжлэгч "Т" ХХК нь Сангийн яаманд 2 удаа хандсан болох нь шүүх хуралдааны тайлбар, нотлох баримтаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчээс Сангийн яаманд дахин хандахад нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байна. Сангийн яамнаас гомдлыг шийдвэрлээгүй буцаасан үйлдлийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан гэж үзэхгүй болно

            Захиргааны хэрэг үүсгэхээс өмнө тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх боломжтой эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасныг үндэслэн нягтлан шалган тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Сангийн яамнаас маргаан бүхий тендерийн гомдолтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн албан ёсны шийдвэр гаргаагүй бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “....гомдол хянан шийдвэрлэх байгууллагын эсхүл худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно" гэж заасныг зөрчиж шүүхэд гомдол гаргасан байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийн ханан шийдвэрлэх явцад эсхүл түүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасны дагуу шийдвэрлэх байтал шүүхээс харгалзан үзсэнгүй

            Иймд Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 120/2024/0014 дугаартай шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч “Т т” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолдоо: “Хэргийн оролцогч миний эрхийг ноцтой зөрчсөн тухай.

          Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 240627/01 дугаар “Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулах тухай” албан бичгийг ирүүлсэн гэдгийг 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн шүүх хуралдааны явцад мэдсэн.

            Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг “Т т” ХК-ний төлөөлөгч П.Н болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б нарт 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан гэх баримтыг үйлдсэн байдаг. Гэвч нэхэмжлэгчийн тодорхойлсноор “Т т” ХК-ний үнэлгээний хороог хариуцагчаар татаж, тус үнэлгээний хороо, үнэлгээний хорооны гишүүн Л.Г надад шүүхээс огт гардуулаагүй, энэ талаар ямар ч мэдээлэл манай талд мэдэгдэж гардуулаагүй.

            Шүүх хуралдааны явцад миний бие ямар агуулгаар мэтгэлцэж байгааг мэдэх ямар ч боломж байгаагүй, ойлгох боломжийг шүүгч олгоогүй. Шүүх хуралдааныг хүчээр үргэлжлүүлж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Ямар үндэслэлээр, ямар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан гэдгийг мэдээгүй тул тус хуралд тодорхой тайлбар огт хийж чадаагүй, зөвхөн шүүгч, нэхэмжлэлийн өмгөөлөгч нарын асуултад хариулсан.

            Эдгээр нэхэмжлэлийн шаардлага ямар агуулга, цар хүрээ, үр дагавартай гэдгийг миний бие хуулийн мэргэжилтэй биш учир ухаж ойлгох боломжгүй байсан.
            Өмнөговь аймгийн “Т т” ХК-ний “Т” ХХК-д өгсөн “Тендерээс татгалзах тухай мэдэгдэл”-ийг шүүхийн харьяаллын бус буюу захиргааны акт биш гэж үзсэн. Хэрвээ Тендерээс татгалзсан мэдэгдэл хүчин төгөлдөр байгаа нөхцөлд “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргаж байгаа нь логикийн хувьд ядаж зөрчилдөхгүй юу, хуулиараа оролцогчид шийдвэрийг мэдэгдэж байгаа албан ёсны бичиг баримт, нөгөө талаараа захиалагчийн шийдвэр тул энэ баримт бичиг хүчин төгөлдөр гэж шүүх үзэж байгаа бол “Т” ХХК-тай гэрээ байгуулах ямар ч боломжгүй билээ.

            Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 1/458 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах:

            “Т т” ХК-иас “М т” ХХК-д өгсөн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүчин төгөлдөр буюу шүүхээс нэхэмжлэлийн тус шаардлагыг харьяаллын бус гэж үзэж хүлээн авахаас татгалзсан. Иймээс гуравдагч этгээд төгөлдөр тул “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг шүүхээс даалгаж байгаа шийдвэр нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, мэдэгдэл нь үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр тул эдгээр шийдвэрийн үйлчлэл хэвэндээ гэж үзэж болохоор байна.

            Т т ХК-ний “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил ТТХК/2024******* дугаартай тендер шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн багц-2-ийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох:

            “Тавантогой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн багц-2-той холбоотой шийдвэр гаргаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл гэж тодруулсан. Хуралдааны тэмдэглэл нь захиргааны акт биш. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт тус хуралдааны тэмдэглэлийг “шийдвэр” гэж дурсан. Энэ нь ямар шийдвэр, ямар баримт бичиг болох талаар огт тодорхойгүй зүйлийг шийдвэрлэсэн байна.

            Мөн түүнчлэн энэхүү ойлгомжгүй, тодорхойгүй баримт бичиг нь хэргийн материалын аль хуудсанд, хаана байсан, энэ баримт захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт, эсхүл ямар агуулгатай баримт болохыг тодорхойлолгүйгээр шүүгч шийдвэр гаргасан.

  1. “Т т” ХК болон “М т” ХХК-ийн хооронд байгуулсан ТТХК/2024/*** тоот гэрээг хүчингүй болгох

            “Т” ХХК-д захиалагчаас өгсөн тендерээс татгалзсан мэдэгдэл, “М т” ХХК-д өгсөн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл шүүхийн шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр хэвээр үлдсэн. Энэ нөхцөлд гэрээг хүчингүй болгож байгаа нь хэр үндэслэлтэй вэ.

            Шүүхийн шийдвэрт дараах 2 үндэслэлийг дурдсан байдаг.

            1. ТШЗ-ын 19.1-т заасан 3,500тн-оос багагүй байх шаардлагыг хангаагүй буюу даац дутуу гэх асуудал

            2024.05.02-ны өдрийн байдлаар буюу тендер нээх үед бидний шалгаж, тулгасан материалуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шалгахад тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа нь тодорхой нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Гааль, Автотээврийн газруудаас зөрүүтэй мэдээлэл ирсэн. Эдгээр зөрүүтэй, төрийн байгууллагуудын мэдээллийг БНХАУ-ын S****-ийн үйлдвэрлэгчийн гэрчилгээг авах саналыг гуравдагч этгээдээс гаргасан, Монгол Улсад албан ёсоор борлуулах, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг хариуцсан А ХХК-иас албан ёсны хүсэлт, гэрчилгээ, майл, хариу ирэх хугацаа зэрэг нотлох баримтуудыг шүүх хурлаас өмнө тус шүүхийн албан ёсны майл хаяг болох umnugovi [email protected] хаягт илгээсэн. Гэвч шүүх тус баримтыг хэрэгт хавсаргалгүй, шүүх хурлыг хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтийг харгалзаж үзэлгүй шууд үргэлжлүүлэн хүчээр шийдвэрлэсэн. Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, техникийн үзүүлэлтүүд энэ эдгээр зөрүүтэй, ойлгомжгүй баримтуудыг хагалж өгөх албан ёсны баримт байсан юм.

            2. Хүний нөөцийн шаардлага хангаагүй гэх асуудал.

            Энэ талаарх баримтуудыг “Гм” ХХК-ний гомдлын дагуу Сангийн яам захиалагч талаас тодруулга авсан. “Т т" ХК-ний Тендерийн үнэлгээний хороо 2024.06.03-ний өдөр уг асуудлаар хуралдаж, хүний нөөцтэй холбоотойгоор нийгмийн даатгалын мэдээллийг манай компаниас гаргаж өгсөн. Тус шүүх хуралд манай компаниас маргаантай ажилчдын талаарх нийгмийн даатгалын мэдээллийг огт аваагүй, төрийн холбогдох байгууллагуудаас баримт огт цуглуулаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулах тухай албан бичиг болон холбогдох баримтуудад огт энэ талаар дурдаж байгаагүй. Зөвхөн шүүх хуралдаан дээр ярьж эхэлсэн. Энэ талаарх нотлох баримтуудыг бидний зүгээс гаргаж өгөх бүрэн боломжтой байсан ч шүүх энэхүү боломжийг бидэнд олгоогүй. Мэргэжилтнүүд шаардлага хангасан гэдгийг удаа дараа тайлбарласан. Хариуцагч мөн өмнө шалгаж, Сангийн яаманд хариу өгч, Сангийн яам ч шалгаж баталгаажуулсан байдаг.

            Шүүх дутуу баримт цуглуулж, Сангийн яамнаас захиалагчид ирүүлсэн тодруулах албан бичгийг үндэслэж шүүхийн шийдвэрээ гаргасан, тухайн хүний нөөцтэй холбоотой гомдлыг нэхэмжлэгч "Т"-ээс гаргаагүй, энэ хэрэгт хамааралгүй "Г М" ХХК-иас гаргасан гомдолтой холбоотойгоор тодруулах албан бичиг байсан.

            М т ХХК, болон хариуцагч талаас хүний нөөцийн асуудлаар ямар ч баримт аваагүй гэдгийг дахин дурдмаар байна. Ямар баримт дээр үндэслэж дүгнэлт хийсэн нь огт ойлгомжгүй байх тул үндэслэлгүй шийдвэр гаргасан.

 5. “Т” ХХК-ийн тендерийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн ямар үйлдэл, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үүний дараа даалгах шийдвэрийг гаргах боломжтой.

            "Захиргааны байгууллагын бүрэн эрх"-ийг захиргааны хэргийн шүүх өмнөөс хэрэгжүүлэх боломжгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн чадамж"-ийг зохицуулж өгсөн бөгөөд 14.1-т "Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй" хэмээн зохицуулсан. Хуулиар бүрэн эрх нь олгогдсон захиргааны байгууллагын өмнөөс буюу тухайн байгууллагын бүрэн эрхэнд халдсан. Шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг явуулах боломжгүй, тийм эрх, хууль зүйн боломж байхгүй. Т т ХК-ний Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд 27.1- т "Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ", 27.5-д "Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу үнэлгээг гаргаж, хамгийн сайн тендер гэж М т ХХК-ийг үзэж үнэлсэн. Энэхүү үнэлгээг Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Т т ХК, түүний тендерийн үнэлгээний хорооны өмнөөс үнэлгээ хийж, “Т” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлэхийг даалгаж байгаа нь хэрээс хэтэрсэн, ойлгомжгүй, ойлгох ямар ч боломж алга.

            Захиргааны байгууллага болон Захиргааны шүүхийн ялгаа зааг, хяналтын хүрээ, шийдвэрт тавигдах хуулийн хязгаарлалтыг зөрчиж илт нэг талыг хэт баримталж энэхүү хэрэг, маргааныг шийдвэрлэлээ.

            “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг Т т ХК-д даалгах: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийн 52.5.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" гэж заасан буюу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны гэрээг хүчингүй болгох шаардлага гаргаж болохоор хуульчилсан, мөн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу боломжтой.

            Гэтэл нэхэмжлэгч захиргааны гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл захиргааны гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Гэтэл Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 120/III2024/0014 дугаар шийдвэрийн шийдвэрлэх хэсэгт 106.3.4 дэх хэсгийн удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т шүүхээс гарах шийдвэрийн төрлийг хуульчилсан бөгөөд Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 106.3.4 дэх заалтыг үндэслэж “захиргааны гэрээ"-г хариуцагч буюу "Т т" ХК-д байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь тус хуулийн агуулга, үзэл баримтлалыг бүрэн зөрчиж хуулийн зохицуулалтыг өргөтгөж буюу даалгах нэхэмжлэлд "захиргааны гэрээ" хамаарах мэтээр хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний ноцтой, залруулах боломжгүй алдаа гэж үзэж байна.

Иймд шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл байдалд огт дүгнэлт өгөөгүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар илэрсэн бодит нөхцөл байдал, нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 120/12024/0014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            3.3. Гуравдагч этгээд “М т” ХХК-ийн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: “Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Т т" ХК, "Т т" ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/Ш2024/0014 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн.

            Энэхүү шийдвэрийг гуравдагч этгээд "М т" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

            Нэг. Нэхэмжлэгч "Т" ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шүүхэд хандсан тухай

            Захиргааны Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна", 92 дугаар зүйлийн 92.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй" хэмээн заасан.     

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" 14.1.1-т "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж заасан.     

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар "тендер" сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн байгууллагын үйлдэл, үйл ажиллагаатай холбоотойгоор хэрхэн гомдол гаргах, хэрхэн шийдвэрлүүлэх, хэрхэн шүүхэд хандах журмыг 57, 58, 59 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна" гэж заасан.

            “Т т” ХК-ний 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаас шийдвэрлэж, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цахим системээр дамжуулан мэдэгдсэн.

            1. Нэхэмжлэгч Т ХХК нь Сангийн яаманд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу хуулиар гомдол гаргах хугацааг 2 хоног хоцроож гомдол гаргасан.

            2. Сангийн яамнаас гомдлыг хүлээн аваад 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3975 дугаар албан бичгээр "Т" ХХК-д хариу өгсөн. Хариу албан бичигт "Сангийн Сайдын 2023 оны A/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 4.1.1-д "..гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх" гэж заасан. Тухайн тендер шалгаруулалт нь багцуудтай байх бөгөөд танай ирүүлсэн гомдолд аль багцын талаар дурдаагүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна... " гэжээ.

            Нэхэмжлэгч "Т" ХХК нь Сангийн яаманд гаргасан гомдолдоо "Т т" ХК-ний ямар тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргаж байгаа тухайгаа тодорхой дурдаагүй, энэ нь 1 дүгээр хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан баримтаар нотлогддог. "Т" ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 15-ны ЗГ-2024/577 дугаар Сангийн яаманд хандсан "Гомдол гаргах тухай" албан бичгийн эхлэл хэсэгт "...Манай компани нь "Т т" ХК-ний хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил/багцтай/ гүйцэтгэгчийг сонгох "2" дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил "2" тендер шалгаруулалтад оролцсон..." гэжээ. Гэвч "Т т ХК-аac TTXK/20240101011 дугаар "Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажил"-ын багц-2 тендер шалгаруулалтыг зарласан бөгөөд нэхэмжлэгч "Т" ХХК болон гуравдагч этгээд "М т ХХК-иуд нь ТТХК/2024******* дугаар тендер сонгон шалгаруулалтад өрсөлдсөн билээ.

            3. Нэхэмжлэгч Т ХХК нь Сангийн яамны хариуг хүлээн аваад дахин Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд 3 дугаар хавтаст хэрэгт Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/4311 дугаар албан бичигт "... "Т т ХК-аас зарласан ТТХК/2024******* дугаар "Хөрс хуулалт нүүрс олборлолтын ажил"-ын тендер шалгаруулалтын 2 дугаар багцад холбогдуулан ирүүлсэн танай албан бичигтэй танилцлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна" гэж заасан. Иймд хуулийн дээрх хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна... "гэжээ.

            Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд нэхэмжлэгч ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэх зохицуулалтыг зөрчсөн гэдгийг удаа дараа тайлбарлаж, хүсэлт гаргасан ч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ бидний үндэслэлийг огт судлаагүй, шүүхийн шийдвэрт ч тодорхой хариу өгөөгүй, яагаад ач холбогдолгүй гэж үзэж багаа талаар тайлбар, дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 55.1.5-т "тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах" чиг үүргийнхээ хүрээнд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралт "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ыг баталсан байна.

            Сангийн яаманд гомдол гаргах, түүнийг хүлээн авах нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн байх бөгөөд дараах нөхцөлийг хангасан байхаар зохицуулсан байна. Үүнд:

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна Үүнд

  • 4.1.1. гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц
  • болон шийдвэрийг тодорхой дурдсан байх;
  • 4.1.2. шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нэг бүрчлэн, бүрэн тодорхойлж ирүүлэх;
  • 4.1.3.захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах;
  • 4.1.4 тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх хэмээн тодорхой зохицуулсан.

            Хоёр. Хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, хэргийг хэт нэг талыг баримталж, хариуцагч, гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн тухай

            1. Нэхэмжлэгч нь захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, тодруулах боломжтой. Гэвч нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 240627/01 дугаар "Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулах тухай" албан бичгээр Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

            Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг "Т т" ХК-ний төлөөлөгч П.Н болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б нарт 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан гэх баримтыг үйлдсэн байдаг. Гэвч нэхэмжлэгчийн тодорхойдсоноор "Т т" ХК-ний үнэлгээний хороог хариуцагчаар татаж, тус үнэлгээний хороо, үнэлгээний хорооны гишүүн Л.Г төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь оролцож, шүүх хуралдаанд мөн оролцсон. Гэтэл хэргийн нэг хариуцагч болох "Т т" ХК-ний үнэлгээний хорооны төлөөлөгчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргуулж өгөөгүй, мэтгэлцэх боломж, тайлбар гаргах боломжийг огт олголгүй 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг шүүх хуралдааныг хийж, оролцогч талууд энэ талаар шүүхэд удаа дараа сануулсаар байхад хүчээр хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн.

            2. Манай М т ХХК-иас санал болгосон хүний нөөц зохих шаардлага хангаагүй гэж шүүх үзсэн.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т "хүний нөөцийн санал болгосон Маркшейдэр Б. Т, Геологич О-ийн Майнбаярын мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх шаардлага хангаагүй" гэж дүгнэсэн. Гэхдээ ямар баримт, ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүй. Энэ үндэслэлийг бид ханаасаа хайж олохоо ч мэдэхгүй гайхаж энэхүү гомдолдоо дурдаж байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-т дурдсан Нийгмийн даатгалаар нотлогдохгүй гэдэг нь худлаа бөгөөд үндэслэлгүй www.tender.gov.mn нэвтэрч шалгасан баримт бол зөвхөн гуравдагч М т ХХК-д сүүлийн зургаан сарын хугацаанд ажилласан гэдгийг л нотлох баримт, мэргэжлээрээ 3 жил ажилласан гэдгийг нотлох баримтыг бид нийгмийн даатгал төлсөн лавлагааг Сангийн яамны Гм ХХК-ний гомдолтой холбоотойгоор тодруулан захиалагчид хүргүүлсэн. Энэхүү тодруулгыг нэхэмжлэгч болон шүүгч нь хүний нөөц шаардлага хангаагүй гэж Сангийн яам дүгнэсэн гэх худал, ташаа тайлбар, дүгнэлтийг хийсэн.

            3. "Гм" ХХК TTXK/20240101011 дугаар тендертэй холбоотойгоор Сангийн яам, "Т т" ХК, "Т т" ХК-ний үнэлгээний хороонд холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнд манай компани гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ илэрхийлсэн тул хэргийг нэгтгэж шалгаж өгөх хүсэлтийг Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

            Сангийн яам болон Т т ХК-иас хүний нөөцтэй холбоотойгоор өгсөн тодруулга, холбогдох баримтуудыг авах хүсэлтээ шүүхэд гаргасан. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний хорооны тэмдэглэлийг өгсөн, М т ХХК-ийн зүгээс холбогдох тайлбар, баримтуудыг хариуцагчид өгсөн, хэрэгт энэ баримтыг татаж авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн.

            Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ хүний нөөцтэй холбоотой асуудлыг огт дурдаагүй, шүүхээс баримтыг огт шаардаагүй, зөвхөн шүүх хурал дээр энэ асуудал яригдсан. Манай компани санал болгосон мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, ажлын туршлагын талаарх мэдээллийг гаргаж өгөх боломжийг олгоогүй болно. Манай компанийн тайлбар, хариуцагч "Т т" ХК-ний хариуг үндэслэн Сангийн яам нь "Гм" ХХК-ний хүсэлтийг хангахаас татгалзах шийдвэр гаргасан, энэхүү баримтыг шүүх нотлох баримтаар аваагүй, зөвхөн тодруулах албан бичгийг үндэслэж шийдвэрлэсэн

            Гурав. Гуравдагч этгээдээс гаргасан нотлох баримтыг санаатайгаар хэрэгт авалгүй хуралдаан үргэлжлүүлсэн тухай

            Шүүх хуралдаан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 10 цагт эхэлсэн. Энэхүү шүүх хурал эхлэхээс өмнө манай М т ХХК-ийн хүсэлтийн дагуу А ХХК-наас шүүхэд албан бичиг, хавсралтаар нотлох баримтуудыг илгээсэн. Гэвч шүүх хурал эхэлж энэ талаар хүсэлт гаргаж шүүгчид удаа дараа хүсэлт хэлэлцэх явцад хэлсэн ч шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй, шүүхийн цахим хаягаар ирүүлсэн баримтуудыг хэргийн материалуудыг хэрэгт хавсаргалгүй шүүх хуралдааныг эхлүүлсэн.

            А ХХК-иас БНХАУ-ын S****-ийн үйлдвэрлэгчийн гэрчилгээ болон холбогдох бусад баримт авах хүсэлтэй байгаа, энэ дагуу А ХХК-д хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын үйлдвэрлэгчид майл явуулж, хариуг 2024 оны 08 дугаар сарын 12-ний дотор хариу авч ирүүлэх боломжтой гэдгээ Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан ёсны майл хаяг болох и[email protected] хаягт илгээсэн. Гэвч шүүх тус баримтыг хэрэгт хавсаргалгүй хурлыг хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтийг харгалзаж үзэлгүй шууд үргэлжлүүлэн хүчээр шийдвэрлэсэн.

            Энэхүү нотлох баримт нь бидний автотээврийн хэрэгслүүдийн даацтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэдгийг удаа дараа хүсэлт хэлэлцэх болон бусад шатанд тайлбарласан.

            Гуравдагч этгээдийг буруутгасан, шүүхийн шийдвэрийн үндэслэлд тендерт санал болгосон авто машинуудын жин тонн, даац шаардлагад нийцээгүй гэж үзсэн. Энэ талаарх шүүхийн үнэлсэн баримтууд хоорондоо бүгд зөрүүтэй. Тухайлбал: Авто тээврийн гэрчилгээ албан ёсоор хүчин төгөлдөр ганц баримт бичиг, гэтэл шүүхээс гаалийн мэдээлэл, автотээврийн үндэсний төвийн лавлагаа, autobox.mn гэх сайтын мэдээллийг шүүх хуралдааны нотлох баримт судлах шатанд үзлэг хийх байдлаар шалгаж жин тооны зөрүүтэй гэж тайлбарладаг.

            Тендер нээсэн өдрийн 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар автотээврийн үндэсний төвийн лавлагааг www.tender.gov.mn сайтын захиалагчийн эрхээр нэвтэрч шалгахад автотээврийн хэрэгслүүдийн даац шаардлага хангасан гэдэг нь тогтоогдож байсан.

            Энэ бүх нотлох баримтууд бүгд хоорондоо зөрүүтэй байхад зөвхөн нэхэмжлэгчид ашигтай лавлагааг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т нэхэмжлэгчээс хуурамч бичиг баримт бүрдүүлж тендерт оролцсон компанийг шалгаруулсан гэж маргасан тул АТҮТ-с нотлох баримтыг гаргуулан, маргаж буй үндэслэлийг шалгасан хэмээн дурдсан. АТҮТ-с гаргаж өгсөн баримт нь манай "М т" компанийг хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон гэдгийг дүгнэх боломжгүй. Гуравдагч этгээд нь автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сан дахь мэдээллийг өөрчилгөөгүй, Гаалийн байгууллагаас автотээврийн хэрэгслийн даацын мэдээг хэрхэн бүртгэж, мэдээлэл оруулсан асуудлыг хариуцах, мэдэх боломжгүй.

            Бид автотээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, одоогоор хүчин төгөлдөр байгаа ганц баримтыг хэрэг нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн. Гэтэл шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, шүүхийн үндэслэсэн Автотээврийн газрын лавлагаа 2024 оны 05 дугаар  сарын 02-ны өдөр  болон 2024 оны 07 дугаар сарын байдлаар хоорондоо зөрчилтэй, Гаалиас авсан лавлагаа жин тонн, даац зөрүүтэй байхад аль баримтыг үнэн зөв гэж үнэлээд байгааг бид тааж мэдэх боломжгүй байна. Бид энэ бүх ойлгомжгүй нөхцөлийг арилгаж өгөхөөр "А" ХХК-д хандаж, үйлдвэрлэгчийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт, холбогдох баримтуудыг авахыг хүссэн билээ.

            Дөрөв. Хариуцагч, гуравдагч этгээдэд мэтгэлцэх боломж олгоогүй тухай

            Шүүгч шүүх хурлын дэгийг огт сахиулаагүй зөвхөн нэхэмжлэгчид давуу байдал олгож нэхэмжлэгчийн төлөөлөгч Т ХХК- ний дэд захирал Д.Г нь хариуцагч, гуравдагч этгээд талыг авлигач, залилагч зэргээр харааж, хуурамч гэмт хэрэгт гүтгэж байхад хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг огт хийлгэх боломж олгохгүй тасалж, загнаж, байнга хянаж, хэлсэн үг болгонд хариулт өгч, шүүхийн дэг ярьсан. Шүүх хуралдааны дэгд заагаагүй үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах боломж олгоогүй байнга сануулж, тасалж, шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хувийн дүгнэлтээ гаргаж тайлбар хийж байсан. Энэ бүхнийг гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж өгөхийг хүссэн. Энэ бүх нөхцөлийг тэмдэглэлээс уншаасай, шалгаасай гэж хүсэж байна. Өмгөөлөгч, хэргийн оролцогч тухайн шүүгчийн даргалж буй шүүх хуралд оролцох, тайлбар гаргах, өөрийн үндэслэлийг нотлох ямар ч боломжгүй, зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт харьцангуй давуу талыг олгож хурлыг даргалсан.

            Тав. Шүүх хуралдааны процессыг ноцтой зөрчиж нотлох баримт судлах шатанд "үзлэг хийсэн" тухай

            Шүүх хурлын нотлох баримт судлах шатанд www.autobox.mn rex сайт руу нэвтэрч мэдээлэл тулгаж байна гэх үндэслэлээр үзлэг хийсэн. Энэ талаар шүүхээс тодруулахад энэ нотлох баримт судлах шат, үзлэг биш, үзлэгийг веб сайтын мэдээлэлтэй тулгах боломжтой гэх хариултыг өгсөн. Нотлох баримт судлах гэдэг хэрэгт авагдсан болон захиалагчийн www.tender.gov.mn дэх мэдээллийг цахимаар шалгана гэж бид ойлгож байсан ч шүүгч дурын веб сайтад хандаж, мэдээллийг тулгах нь цахим нотлох баримтад хамаарна. Цахим веб сайтад шүүх хурлын дундуур хандах нь үзлэг биш, зүгээр нотлох баримт судлах шатанд боломжтой гэж тайлбарлаж байгаа нь хэр үндэслэлтэй, ЗХШХШТХ-ийг хэр ойлгож, хэрэглэж байгаад бидний зүгээс эргэлзэж, энэ талаараа хуралдааны явцад тодорхой илэрхийлсэн.            

            Зургаа. Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гадуур буюу "захиргааны байгууллагын бүрэн эрхэд" халдаж шийдвэр гаргасан.

            Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн шийдвэрээ цаашид Монгол Улсын шүүхэд жишиг тогтвол "Захиргааны байгууллага", "Захиргааны хэргийн шүүх" тус тусдаа байх шаардлага байхгүй болж байна. Бүх асуудлыг шүүх шийдэж, ямар ч хязгаарлалтгүй захиргааны байгууллагын бүрэн эрхийг өмнөөс нь хэрэгжүүлдэг болбол "гүйцэтгэх эрх мэдэл", "шүүх эрх мэдэл" гэж тусдаа байх ч шаардлагагүй.

            Энэхүү шийдвэр бол "Үндсэн хуулийн" үзэл баримтлалыг зөрчсөн, гүйцэтгэх эрх мэдлийн эрх мэдэл, бүрэн эрхэд шууд халдаж өмнөөс нь эрхийг хэрэгжүүлэх гэж оролдсон үйлдэл гэж үзэж байна. Учир нь Захиргаанд хуулиар олгосон бүрэн эрх өөр ямар ч этгээд давхар эдлэх боломжгүй. Гэтэл шүүх хяналтыг чиг үүргээсээ хальж, гүйцэтгэх эрх мэдлийн бүрэн эрхийг өмнөөс нь хэрэгжүүлж, захиалагч, үнэлгээний хороонд олгосон бүрэн эрхийг өөрөө эдлэх гэж оролдож шүүхийн шийдвэр гаргаж байна. Хуулиар шүүхийн хяналтын хүрээ, хязгаарыг тодорхой зохицуулсан хязгаарлалтыг давж дур зоргоороо аашилж, шийдвэр гаргасан.

            "Захиргааны байгууллагын бүрэн эрх"-ийг захиргааны хэргийн шүүх өмнөөс хэрэгжүүлэх боломжгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн чадамжийг зохицуулж өгсөн бөгөөд 14.1-т "Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй" хэмээн зохицуулсан. Хуулиар бүрэн эрх олгосон захиргааны байгууллагын өмнүүр орж, бүрэн эрхэнд халдаж шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг явуулах боломжгүй, тийм эрх зүйн боломж байхгүй. Гэтэл энэхүү шаардлага нь Т т ХК-ний үнэлгээний хороонд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд 27.1-т "Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ", 27.5-д "Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ" гэж заасны дагуу үнэлгээг гаргаж, хамгийн сайн тендер гэж М т ХХК-ийг үзэж үнэлсэн. Энэхүү үнэлгээг Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Т т ХК, түүний үнэлгээний хорооны өмнөөс үнэлгээ хийж, Т ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлэхийг даалгаж байгаа нь хэрээс хэтэрсэн, ойлгомжгүй, ойлгох ямар ч боломж алга.

            Долоо. Шүүхийн шийдвэрийн бүтэц, шийдвэрийн техникийн алдаа.

            Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/Ш2024/0014 дугаар шийдвэр нь техникийн ноцтой алдаа гаргасан.

Шүүхийн шийдвэр

  1. Удиртгал
  2. Тодорхойлох
  3. Үндэслэх
  4. Тогтоох хэсгээс бүрддэг.

            Гэтэл Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн маргаантай байгаа асуудал дээр өөрийн дүгнэлтийг өгч, энэхүү дүгнэлт хэсэгтээ огт оруулаагүй, хэргийн шийдвэрлэхдээ тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн зүйлээ үндэслэн шийдвэр гаргасан.

            УША хангаагүй гэдэг үндэслэлийг шүүхийн хангасан, хуулийн дагуу УША нэхэмжлэгч явуулсан гэх дүгнэлт хийж хэргийн эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн, энэ дүгнэлтээ тодорхойлох хэсэгт оруулжээ. Тухайлбал: Тодорхойлох хэсгийн 2.4 болон 2.5 дахь хэсэг, холбогдох бусад хэсэгт шүүгч өөрийн дүгнэлтээ оруулсан байна.

        Иймд шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд байдалд огт дүгнэлт өгөөгүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар илэрсэн бодит нөхцөл байдал, нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/Ш2024/0014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. “Т т” ХК-ийн Үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/ нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа ТТХК/2024******* дугаартай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил-2 тендер шалгаруулалтын үнэлгээг явуулж, уг багц 2-т “Г М” ХХК, “М т” ХХК, “Т” ХХК, “Т М” ХХК-иуд оролцсон байх бөгөөд “Г М” ХХК-иас бусад компаниудын ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үнэлэн хамгийн бага харьцуулах үнэ ирүүлсэн гэж үзэж “М т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, ялагчаар шалгаруулсан, нэхэмжлэгч “Т” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч харьцуулах үнийн санал өндөр гэдэг үндэслэлээр тендерээс татгалзаж шийдвэрлэсэн[1] байна.

3. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас Үнэлгээний хорооны дээрх “М т” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг эс зөвшөөрч “... “М т” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын тавьсан нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй материал хүргүүлсэн байхад шалгаруулсан нь үндэслэлгүй болсон, тухайлбал, “Санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник, тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийнх гэж үзэхгүй байх техникийн шаардлагыг хангаагүй, хүний нөөцөд санал болгосон Маркшейдер Б. Т, геологич О-ийн мын мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаагүй, “М т” ХХК-ийн санал болгосон 30 ширхэг өөрөө буулгагчийн даацын техникийн үзүүлэлтийг Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлд хууль бусаар нэмж даацыг 50000, 70000, 75000 тн жинтэй болгож, бүртгүүлэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж, тендерт оролцсон гэж тодорхойлсон байхад шалгаруулсан нь хууль бус” гэж маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “...Санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник, тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийнх гэж үзэхгүй байх техникийн шаардлагыг хангаагүй” гэж маргасантай холбогдуулан шаардсан баримтыг бүрдүүлж тендерт оролцсон оролцогчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн агуулгаар дүгнэсэн нь зөв байна. 

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэж заасан.

6. Захиалагчаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1-416 дугаар тодруулгад “... санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник, тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийнх гэж үзэх эсэхийг тодруулж өгнө үү гэсэнд “өөрийн эзэмшлийнх гэж үзэхгүй ...” гэж, 1-417 дугаар тодруулгад “... банкнаас лизинг зээлээр аваад ашиглаж байгаа техникүүдэд зээлийн гэрээг хавсаргахгүйгээр банкны тодорхойлолтоор баталгаажуулж болох уу” гэсэнд “тус техникүүд нь өөрийн эзэмшлийнх байх бөгөөд зээлийн гэрээг хавсаргах, холбогдох нотлох баримтуудыг ирүүлэх шаардлагатай ...” гэж зөрүүтэй агуулга бүхий тодруулга хүргүүлсэн байх боловч захиалагч нь санхүүгийн түрээсийн болон фидуцийн гэрээтэй бол гэрээний зүйлийг “эзэмшлийнх” гэж үзэх боломжтой гэсэн агуулгаар тодорхойлсон, захиалагчийн шаардлагад нийцүүлэн зээлийн гэрээ, холбогдох баримтуудыг бүрдүүлж, тендерт оролцсон тендерт оролцогчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

7. Өөрөөр хэлбэл, захиалагч нь тендерийн баримт бичгийг боловсруулж батлах эрхтэй бүхий этгээдийн хувьд дээрх тодруулгатай холбогдуулан “...уул уурхайн техник, тоног төхөөрөмж нь компаниуд шууд худалдан авч өөрийн өмчлөл, эзэмшилд байлгахад төвөгтэй, өртөг, үнэлгээ өндөр байдаг тул банкны лизинг, зээлээр авч ашиглаж байгааг хамааруулж болохоор холбогдох шаардлагыг тодруулсан ...” гэж тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлтэй” гэж дүгнэсэн, шүүхийн уг дүгнэлттэй холбогдуулан хэргийн оролцогчид гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “... “М т” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт заасан хүний нөөцийн шаардлага хангаагүй байхад шалгаруулсан тул хууль бус” гэж маргасныг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

9. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-т “Техникийн чадавх болон туршлага: шаардана, маркшейдер инженер, геологич инженер-мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага 3 болон түүнээс дээш, тухайн инженер, техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ” гэж заасан байна.

10. Хэрэгт авагдсан “М т” ХХК-ийн тендерийн баримт бичгийн /цахим/ хүний нөөцийн талаарх мэдээллээс үзэхэд маркшейдер инженер Б.Т /регистрийн дугаар ДЗ*********/ нь 2024 онд ШУТИС-ийг “уул уурхайн маркшейдер” мэргэжлээр төгссөн, 2024 оны 2 болон 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл хавсаргагдсан, харин геологич О.Мын тухайд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт[2]-аас үзэхэд 3 жил хүрээгүй болох нь нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн тендерийн хүний нөөцтэй холбоотой асуудлаар “... 2024 онд дээд боловсрол эзэмшээд мэргэжлээрээ 3 жил ажилласан байх үндэслэлгүй, тухайн инженер техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг шаардагдах жилийн нийгмийн даатгалын төлөлтөөр баталгаажуулах шаардлагыг хангаагүй байхад тус компанийг шалгаруулсан нь хууль бус” гэж маргасан байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Л.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Бны “... шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны албан тооттой холбогдуулан гаргасан тайлбарыг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд өмнө нь огт дурдагдаагүй, маргаагүй асуудлаар шүүхээс эрх хэмжээгээ хэтрүүлэн, дур мэдэн дүгнэлт хийсэн ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

11. Түүнчлэн анхан шатны шүүх “... цахим систем дээрх баримт бичгийн үнэн зөвийг нотлох баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулж, “М т” ХХК-ийн ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтын 22-31 дугаарт бичигдсэн ... өөрөө буулгагч 70 тн даацтай гэж санал болгосон 10 ширхэг автосамосвалын даац нь 47.9 тн буюу нэг бүр нь 22.1 тнын нийт 221.0 тн-ын зөрүүтэй, тендерийн шаардлагад тавигдсан нийлбэр даац 3.500 тн-оос багагүй байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “... хуурамч бичиг баримт бүрдүүлж тендерт оролцсон компанийг шалгаруулсан ...” гэж маргасныг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу биш байна.

12. Нэхэмжлэгчээс “... “М т” ХХК нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж болох өөрөө буулгагчийн даацын чадавхыг хуурамчаар нэмж тодорхойлсон баримтыг бүрдүүлж тендерт оролцсон байхад шалгаруулсан нь хууль бус, тус компанийн санал болгосонтой адил техникүүдийг манай компани ашигладаг, даац нь бага байдаг, гэтэл “М т” ХХК нь яг адил техникүүдийг өндөр даацтай гэсэн баримт бүрдүүлж тендерт оролцсон байх тул хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж маргасан байх тул шүүхээс “М т” ХХК-ийн хүргүүлсэн техникийн баримт бичгүүдтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс холбогдох баримтыг тодруулахаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийсэн байна.

13. Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/782 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтуудад[3] гуравдагч этгээд “М т” ХХК-ийн санал болгосон өөрөө буулгагч 70 тн гэж тендерт санал болгосон 10 ширхэг автосамосвалын даацыг 47.9 болохыг нэг бүрчлэн тодорхойлж ирүүлснээс үзвэл тус компанийн санал болгосон техник хэрэгслүүдээс уг тодорхойлолтоор тодруулж ирүүлсэн автосамосвалын нэг бүр нь 22.1 тн, нийт 221.0 тн зөрүүтэй болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт авагдсан эрх бүхий байгууллага, албан тушаалтны уг тодруулж ирүүлсэн баримтуудад үндэслэн гуравдагч этгээд “М т” ХХК-ийг ТШЗ 19.1-д “... автосамосвал, ... 50 тн дээш даацтай, ... нийлбэр даац 3500 тн-оос багагүй байх” гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 106 дугаар зүйлийн 106.5, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцсэн байх тул буруу гэж үзэх үндэслэлгүй. 

14. Түүнчлэн анхан шатны шүүх гуравдагч этгээдийн санал болгосон техник хэрэгслүүдийн даацыг тодорхойлох зорилгоор Гаалийн ерөнхий газраас гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийн цахим сангийн лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргасан байх боловч “... ТШЗ-д машин механизмын талаарх мэдээллийг авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас лавлана” гэж заасан тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй” гэж дүгнэсэн байх хэдий ч Гаалийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-21/3008 дугаар албан бичгийн[4] хавсралтаар ирүүлсэн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэлд гуравдагч этгээдийн 70 тн гэж санал болгосон LZZ5EMSD2JB055084, LZZ5EMSD7JB055081, LZZ5EMSD8JB056854, LZZ5EMSD9JB058886 арлын дугаар бүхий техник хэрэгслүүдийн даацыг 43600 кг гэх зэргээр тодорхойлогдсон байгааг дурдах нь зүйтэй байна.

15. Ийнхүү анхан шатны шүүх тендерт шалгарсан “М т” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн, хамгийн сайн” гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн буюу Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:” гэж заасантай нийцсэн, үндэслэл бүхий байна.

16. Анхан шатны шүүх захиалагч шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхдээ “... өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ ... үнийн өсөх дарааллаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэх үндэслэлтэй ...” гэсэн үндэслэлээр тус компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

17. Захиалагч нь шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1-т “харьцуулах үнэ” гэж заасны дагуу харьцуулах үнийг аргыг хэрэглэж үнэлсэн байна.

            18. Захиалагч тендерийн үнийг тооцохдоо “уулын цулын нэгжийн өртгийг 12506.4 төгрөг байх” шаардлага тавьсан байх бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК нь тендерийн зарлагдсан үнэ хэсэгт нийт үнийн дүнг тавиагүй байх боловч, нэгж өртгийн үнийг 12350 төгрөг гэж ирүүлсэн, “үнийн саналын задаргаанд нийлбэр үнийг ирүүлсэн тул санал ирүүлсэнд тооцно” гэж Үнэлгээний хороо дүгнэсэн[5] байна.

19. Худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д тендерт оролцогчдын ирүүлсэн баримтаас үзэхэд шалгарсан "М т” ХХК 1м.куб уулын цулыг 12004.6 төгрөгөөр олборлохоор, нийт 257.321.687.863,00 төгрөгөөр, нэхэмжлэгч “Т” ХХК нь 1 м.куб уулын цулыг 12350 төгрөгөөр тооцож, нийт 264.725.399.250.00 төгрөгөөр, “Т М” ХХК 1 м.куб уулын цулыг 12379 төгрөгөөр, нийт 265.347.021.645.00 төгрөгийн, “Г М” ХХК 1 м.куб уулын цулыг 12399 төгрөгөөр, нийт 265.775.753.278.86 төгрөгийн үнийн саналаар тус тус эрэмбэлэгдсэн байна.

20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж зааснаар “Т” ХХК болон “Т М” ХХК-уудын тендерийг Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үнэлсэн, харин нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тендерээс “... “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг үндэслэн харьцуулах үнийн санал, өндөр, хамгийн сайн тендерээр шалгараагүй” хэмээн хүргүүлсэн үнийн саналтай нь холбогдуулан татгалзсан, тендерт шалгарсан “М т” ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй болох нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт тогтоогдсон байх тул шүүхээс үнийн өсөх дарааллаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж, тус компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна. 

            21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

22. Дээр дурдсанчлан хариуцагч Үнэлгээний хорооны гуравдагч этгээдийг тендерт шалгаруулсан шийдвэр үндэслэл бүхий болоогүй нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад нэгэнт тогтоогдсон, Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг үндэслэн “харьцуулах үнийн санал өндөр” гэсэн үндэслэлээр татгалзсан, уг татгалзал хууль бус байх тул шүүхээс дээрх хуулийн зохицуулалт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох тендер шалгаруулалтын “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж шалгаруулсан шийдвэр хууль бус болохыг тогтоосон энэ тохиолдолд гэрээтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

23. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн багц 2-ийн гуравдагч этгээд “М т” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тендерт оролцогчийн хувьд тендерт шалгарах, гэрээ байгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, нэхэмжлэгч нь тендерт дараагийн “хамгийн сайн үнийн санал” хүргүүлсэн оролцогч болох нь тогтоогдсон, хариуцагчаас нэхэмжлэгчийн тендерээс зөвхөн “үнийн санал”-аар татгалзсан нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасныг үндэслэн шүүх хариуцагч “Т т” ХК-д нэхэмжлэгч “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

24. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн “... “Т т ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-462 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-458 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах” шаардлагатай холбогдуулан “... мэдэгдлүүд нь тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжид үндэслэсэн, тухайн мэдэгдэлд дурдсан асуудлыг “Т т” ХК шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн агуулгатай ... захиргааны актын шинжийг агуулаагүй ...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасантай тус тус нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

25. Түүнчлэн хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг анх 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр  ““Т т” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-462 тоот мэдэгдлийг, "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил-2 тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т т ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-462 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-458 дугаар “М т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Т т” ХК болон “М т” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-нna өдөр байгуулсан Т т ордын МV-00287 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-2 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх ТТХК/2024/*** тоот гэрээг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Т” ХХК-г хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгуулах, “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг “Т т” ХК-д даалгуулах гэж бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн байна. 

26. Нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/462 тоот мэдэгдэл, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/458 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Т т” ХК болон "М т" ХХК-ийн хооронд байгуулсан ТТХК20000/******** тоот гэрээг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн багц 2-ийн "М т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгуулах, “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг “Т т” ХК-д даалгуулах гэж тодруулсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй, шүүх уг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн П.Нгийн “... шүүхээс ... дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, дүгнэлт өгөөгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

27.  Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2-т “... “М т” ХХК-ийн санал болгосон техник хэрэгслийн даацууд мэдээллийн сантай тохирч байсан бөгөөд төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны үйл ажиллагааг буруутгахгүй, ... зөрүүтэй бүртгэгдсэн аливаа асуудалд захиалагч хариуцлага хүлээхгүй болохыг ТШЗ-д анхааруулсан, ... гэвч нэхэмжлэгчээс хуурамч бичиг баримт бүрдүүлж тендерт оролцсон компанийг шалгаруулсан гэж маргасан тул шүүх ... баримт бичгийн үнэн зөвийг нотлох нэмэлт баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан маргаж буй үндэслэлийг шалгахад ...” гэж нэхэмжлэгчийн маргасан үндэслэлтэй холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн болохыг тайлбарласан, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай тус тус нийцсэн байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Л.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Бн нарын “... шүүхээс ... эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуурамч баримт бүрдүүлсэн гэм буруутай нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад шүүхээс хуурамч баримт бүрдүүлж тендерт оролцож шалгарсан гэж яаран дүгнэж, нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангийн лавлагаанд үндэслэн тендерийн үнэлгээ хийсэн ажиллагааг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

28. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан байх боловч Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3975 дугаар албан бичгээр[6] “... танай ирүүлсэн гомдолд аль багцийн талаар дурдаагүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна” гэж гомдлыг буцаасан, улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-2405/581 дүгээр албан бичгээр[7] Сангийн яаманд дахин хандахад, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/4311 дугаар албан бичгээр[8] “... хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн үндэслэлээр мөн гомдлыг буцаасан, “Т т” ХК болон “М т” ХХК-иуд нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ТТХК/2024/*** дугаар “Т т ордын MV-000287 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-2 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан, нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргаснаас үзвэл нэгэнт урьдчилан шийдвэрлэх эрх бүхий этгээд болох Сангийн яам нэхэмжлэгчийн гомдлыг удаа дараа буцаасан байх тул урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлага хангагдах боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй, мөн цаг хугацааны хувьд шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад хэрэг үүсгэх эсэхийг хянах хугацаанд гэрээ байгуулагдсан нөхцөл байдал үүссэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн П.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б нарын “... урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            29. “Т т” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-өөр “Т т” ХК-ийн худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил/багцтай/” ТТХК/2024******* тоот ажлын тендер шалгаруулалтын үнэлгээг явуулж, Багц-2-т “М т” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан, Үнэлгээний хорооноос тендерт шалгаруулсан тухай тусдаа өөр баримт бичиг гараагүй байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “... анхан шатны шүүхийн шийдвэрт тэмдэглэлийг шийдвэр гэж дурдсан, ... ямар агуулгатай баримт болохыг тодорхойлолгүйгээр шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

30. Мөн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-т “... даацын талаарх мэдээллийг .... Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас лавлана, ... төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн ...” гэж заасан, нэхэмжлэгчээс уг заалтын дагуу гуравдагч этгээдийн санал болгосон техник хэрэгслийн даацын мэдээлэлтэй холбогдуулан маргасан байх тул шүүхээс нэмэлт нотлох баримт цуглуулж, ТШЗ-нд заасны дагуу Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/782 дугаар албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-21/3008 дугаар албан бичгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн талаар өмнө нь дүгнэсэн тул гуравдагч этгээдийн “... үйлдвэрлэгчийн гэрчилгээг гаргуулах байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

31. Дээр дүгнэгдсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Үнэлгээний хорооны хамгийн бага үнийн санал хүргүүлсэн “М т” ХХК-ийг шалгаруулсан хэсэг хууль бус байсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тендерээс “хамгийн бага үнийн санал ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан, уг компани дараагийн хамгийн бага үнийн санал хүргүүлсэн оролцогч гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй энэ тохиолдолд “Гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Л.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б нарын “... захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрхийг шүүх өмнөөс нь чиг үүргийг хэрэгжүүлж шийдвэр гаргасан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Т т” ХК, “Т т” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШШ2024/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5  дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

   ШҮҮГЧ                                                                    А.САРАНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 3 дугаар хавтас, 28-36 дахь талууд

[2] Тендерийн баримт бичиг /цахим/

[3] Хэргийн 3 дугаар хавтас, 117-150 дахь талууд

[4] Хэргийн 3 дугаар хавтас, 152-158 дахь талууд

[5] Хэргийн 3 дугаар хавтас, 30 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас, 25 дахь тал

[7] Хэргийн 3-р хавтас, 204-205 дахь талууд

[8] Хэргийн 3-р хавтас, 230 дахь тал