Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
Хэргийн индекс | 151/2016/0338/э |
Дугаар | 333 |
Огноо | 2016-11-01 |
Зүйл хэсэг | 097.1., |
Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 333
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр /шүүхэд төлөөлөх үнэмлэхний дугаар 0148/
шүүгдэгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогот Доржсүрэнгийн Батсүхэд холбогдох 201619000386 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай Баатархайрханы 731 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Доржсүрэнгийн Батсүх, /РД:ЧИ70072115/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Батсүх нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Алтан нутаг хүнсний дэлгүүрийн гадаа А.Саранмандахын эзэмшлийн 55-90 ТӨА улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл дотор хутгаар тамхины асаагуур цэвэрлээд сууж байхад нь жолоочийн арын суудалд сууж байсан хохирогч Б.Шинэбаяр нь түүний араас гараараа хүзүүгээр нь боож татахад гарыг нь тавиулахаар ноцолдож байхдаа гартаа барьж байсан хутгаараа зүүн шуу, цээжний зүүн хэсэгт нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тамхи асаах гээд машины тамхины асаагуурыг дарахад тамхины цог үнс наалдаад бохирдсон улайсахгүй байхаар нь тамхины асаагуурыг аваад голын хайрцагт эвхдэг хутга байхаар нь хутгыг аваад хусаад цэвэрлээд сууж байтал Шинэбаяр чи гинжийг авсан биз дээ гээд толгой руу араас цохиод гараараа араас хүзүүгээр боосон. Миний амьсгаа давчдаад Шинэбаярын хүзүү боосон гарыг нь тавиулах гээд ноцолдсон. Шинэбаяр гараа тавихаар нь машинаас гарч зугтаад урт гудмаар гүйж байгаад зогсоод тайвшираад гарт байсан хутгаа шидчихээд дүүгийнхээ гэрт очсон. Дүүгийнхээ гэрт очиход намайг хүн хутгалчихсан юм биш үү гэж хэлээд удаагүй байж байхад цагдаа ирээд авч явсан. Би хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвийн зүүн талд замын хажууд Цэрэндорж, Доржсүрэн, Чагнаадорж нарын хамт 0.75 граммын Соёрхол нэртэй архи, 0.75 граммын Ерөөл архи уугаад сууж байхад Саранмандах Батсүхээр өөрийн эзэмшлийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг бариулаад ирсэн. Саранмандах ирэхдээ архи уусан, согтуу байсан, өөрөө 0.75 граммын Улаанбаатар архи авчирсан. Саранмандах бид нарын ууж байсан 0.75 граммын Соёрхол нэртэй архинаас ууж байгаад өөрийнхөө авчирсан Улаанбаатар нэртэй архинаас ууж чадалгүй тасраад суугаагаараа унтаад өгсөн. Батсүх бид нар Саранмандахыг өргөж машинд суулгасан. Саранмандахыг машинд суулгаад бид нар үлдсэн архиа хувааж уугаад Батсүх машиныг нь бариад явсан. Маргааш нь өглөө 09 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Бумбатын дэрх гэх газарт гэртээ байхад Саранмандах, Батсүх нар манайд ирээд Саранмандах миний хүзүүнд байсан монетон гинж байхгүй байна, өчигдөр орой архи ууж байгаад тасарчихсан санахгүй байна гэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлэхэд өчигдөр архи уусан газартаа очиж үзье гээд явсан. Дараа нь буцаж ирэхдээ Чагнаадоржийг дагуулаад архи уусан газарт гинж байхгүй байна гэхээр нь би Саранмандах, Батсүх, Чагнаадорж нарын хамт Цэрэндорж, Доржсүрэн нартай уулзаад Саранмандах дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл нэртэй архи аваад тэр архийг бүгд уугаад Заамар сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст очиж шалгуулъя гээд Саранмандахын машинд суугаад Цэрэндорж, Доржсүрэн нар морьтой дагаж явсан. Саранмандах яах юм бэ, цагдаагаар шалгуулахгүй гээд цагдаагийн хэлтсийн гаднаас хөдөлж яваад Саранмандах, Чагнаадорж, Батсүх бид нар төв рүү ороод такси зогсоолын хажууд зогсоод би дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл архи аваад тэрийгээ машиндаа бүгд ууцгаасан. Батсүх уусан эсэхийг мэдэхгүй байна, тэр архийг уугаад сууж байгаад би нэг бол Чагнаадорж Саранмандахын Ланд-80 машины арын хаалгаар орж гарч байхдаа Саранмандахын хүзүүнд байсан гинжийг нь Батсүх авсан юм байна, та хоёроос гарцаагүй би явлаа ажилтай гэж уурлахад Батсүх машины тамхины асаагуур нь бохирдсон бололтой юмаар цэвэрлээд сууж байхдаа би яахаараа явдаг юм гэж маргалдсан. Миний уур хүрээд Батсүхийг жолооны ард сууж байхад нь жолоочийн сандлын араас хоолойг нь боож хойш татсан. Тэгэхэд Батсүхийн амьсгаа давчдаад миний боосон зүүн гартаа ноцолдоод байхаар нь би гараа тавьсан чинь машинаас буугаад зугтсан. Би араас нь машинаас буугаад чулуу шидэх гээд хөөх гэтэл цээжний зүүн хэсэгт хөхний доод хэсэгт хөндүүр болоод халуун оргиод байхаар нь харахад хутгалсан цус гарч байсан. Би буцаад Ланд-80 машины жолооч талын хаалгаар суугаад Саранмандахад сэрээч, би хутгалуулчихлаа гэхэд Саранмандах зүгээр гээд өөр юм хэлээгүй. Чагнаадорж намайг цус их гараад байна, эмнэлэгт үзүүл гэж хэлсэн, манай найз Рэнцэн явж байхаар нь дуудаж ирүүлээд намайг хүн хутгалчихлаа эмнэлэг хүргээд өг гээд хамт явсан юм. Батсүх намайг санаатай хутгалаагүй, би маргалдаж хоолойг нь бооход ноцолдож байхдаа гарт барьсан хутганд хутгалагдсан. Батсүх хутгаар тамхины асаагуур цэвэрлээд сууж байсан, тэрнээс намайг санаатай хутгалж гэмтээсэн зүйл байхгүй. Би уур хүрсэндээ Батсүхийн хоолойг араас нь боож татсан юм, ямар нэгэн санаа зорилго байгаагүй, айлгах гээд хоолойг нь боосон. Жолооны суудлын араас зүүн гараа оруулаад боосон. Миний зүүн гарын шуу, зүүн хөхний доод талд хутганы шарх үүссэн, оёдол тавиулж, биеийн байдал дээрдэж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, намайг санаатайгаар хутгалсан зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа Батсүхээс гаргуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/
Хохирогч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатын шатанд 2 дахь удаагаа мэдүүлэгтээ: Би суудлын хойд талд суугаад юм яриад сууж байхад Батсүх урагшаа хараад юм янзалж цэвэрлээд байгаа бололтой суугаад байсан. Би хутга барьж юм хийж байна гэдгийг хараагүй. Намайг араас нь хоолой нь бооход Батсүх миний зүүн гарыг тавиулах гээд ноцолдож байхад зүүн шуу хэсэгт зүсэгдэхэд баруун гарт нь хутга байхыг харсан. Би гар зүсчихлээ гээд уур хүрээд хоолойг боосон гараа ахиулаад өөрөө өндийгөөд хоолойг нь татааж бооход Батсүх болилдоо гараа тавь гээд миний зүүн гартаа ноцолдож байсан. Батсүх миний гарын тавиулах гээд ноцолдож байсан үйл явц хурдан болоод өнгөрсөн. Би зүүн шуунд зүсэгдэхээр нь харахад баруун гарт нь жижиг хутга харагдсан. Уур хүрээд хоолойг нь хүчтэй татаж боогоод тавьсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/
Гэрч А.Саранмандах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Намайганы адаг гэх газар хүмүүстэй архи ууж байгаад тасарчихсан. Миний 55-90 ТӨА улсын дугаартай бор саарал өнгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг Д.Батсүх жолоодоод гэрт хүргэж өгсөн. Намайг хамт архи уусан Шинэбаяр, Чагнаадорж нар өргөж машинд суулгасан. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өглөө сэрэхэд хүзүүнд байсан 36 граммын монетон гинж байхгүй байхаар нь Батсүхээр машинаа бариулаад урьд шөнө архи уусан газартаа очиж үзэхэд олдоогүй. Хамт архи уусан Чагнаадоржийн гэрт очиход 0.75 литрийн Соёрхол архи гаргахаар нь Чагнаадорж бид хоёр уусан, Батсүх машин барьж байгаа учраас согтууруулах зүйл хэрэглээгүй. Би Чагнаадоржоос гинж харсан уу, би алга болгочихлоо гэхэд “гинжийг хараагүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Чагнаадорж, Батсүх хоёртой гинж хайхаар гараад Шинэбаярын гэрт очоод монетон гинж харсан уу гэж асуухад мэдэхгүй хамт архи уусан Доржсүрэн мэдэж магадгүй гэхээр нь Хайлааст багийн төв ороход Доржсүрэнтэй тааралдаад би Чагнаадоржоос 20.000 төгрөг аваад Доржсүрэнгээр дэлгүүрээс 0.75 литрийн архи авахуулж миний 55-90 ТӨА улсын дугаартай бор саарал өнгийн Ланд-80 тээврийн хэрэгсэл дотор Чагнаадорж, Шинэбаяр, Доржсүрэн нар хувааж уусан, Батсүх архи уугаагүй, архи ууж дуусаад сууж байхдаа би 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр алга болсон миний монетон гинжийг харсан уу гэж асуухад бүгд мэдэхгүй, хүзүүнд гинж байхыг хараагүй гэж хэлсэн. Тэгээд би архиндаа тасраад сэргэтэл Заамар сумын цагдаагийн хэлтсийн саатуулах байранд сэрсэн. Намайг архи уугаад тасраагүй байхад Шинэбаяр “би Саранмандахыг машинд суулгахад гинжтэй байсан” гэж яриад Батсүх “Саранмандахын хүзүүнд гинж байхыг анзаараагүй” гээд ярилцаж байсан. Тэрнээс хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байгаагүй. Намайг тасраад унтаад өгсний хойно маргалдаад машины голын хайрцагт байсан хутга байхыг харсан байх. Би тасраад сэргэтэл Батсүх, Шинэбаяр нар хоорондоо маргалдаад Батсүх, Шинэбаярыг хутгалсан гэж сонсож мэдсэн, тэрнээс надад мэдэх зүйл байхгүй. Шинэбаяр хутгалуулсны дараа жолоочийн хаалгаар орж ирж суусан байх, тэрнээс Шинэбаяр хойд талын суудал дээр сууж Батсүх машин барьж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/
Гэрч Д.Дулмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Батсүх надад хэлэхдээ найз Саранмандахын хүзүүнд байсан монетон гинж архи ууж байгаад алга болчихсон, хамт архи уусан найз нартай нь Саранмандахтай уулзаж байгаад гинжийг нь асуухад Шинэбаяр гинжийг аваагүй гэж уурлаж Батсүхийн хоолойг араас нь боохоор нь айхдаа унаж явсан машины голын хайрцагт байх хутгыг гаргаж Шинэбаярыг айлгах гэж ноцолдож байхад хутгалагдсан байсан гэж ярьж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Т.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би нэг уурхайд ажилд орох гээд Хайлааст 3 дугаар багт ажлаа хүлээгээд нэг хашаа байшинд байрлаж байсан. Тэгтэл миний байрлаж байсан байшингийн үүдний довжооны зүүн талд 20-30 см зайд хаясан хүрэн модон иштэй эвхдэг жижиг хутга олсон. Хутгыг олон үед хагас дэлгэгдсэн байдалтай байсан. Хутгыг олоод хэрэг болж магадгүй гээд машиныхаа багажинд хийж маргааш нь цагдаагийн байгууллагаас ирээд хутгыг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Д.Чагнаадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Шинэбаяр дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл архи аваад бид нар машиндаа тойруулаад уугаад сууж байхад Шинэбаяр Батсүхийг чи л машиныг нь бариад гэр рүү хамт явсанаараа тэр гинжийг нь авсан гэхэд Батсүх би аваагүй гээд байсан. Хоорондоо маргалдаад би хаалга онгойлгоод гадагшаа хараад байж байтал жолооч Батсүх машинаас бууж Шинэбаяр бас машинаас буухаар нь би юу болсон гээд дагаад явахад Батсүх гудмаар явчихсан. Шинэбаяр машинаас буусан хойно намайг хутгалчихлаа гэхээр нь хартал цээжний зүүн хэсгээс цус гарч байсан. Шинэбаяр машины жолооч талын хаалгаар суугаад найз чинь намайг хутгалчихлаа гэж хэлэхэд Саранмандах архиндаа согтоод тасраад унтсан байсан. Машинд сууж байхад Шинэбаяр Батсүхийг тэр гинжийг чи л авсан гээд Батсүх нь яахаараа би авдаг юм бэ, та нар авсан, та нараас гарцаагүй гээд хоорондоо маргалдаад байсан. Намайг машины хаалгаар гараад гадаа байхад хоорондоо маргалдаад барилцаж аваад зодолсныг мэдэхгүй байна. Шинэбаярыг жолооны ард сууж байсан Батсүх хутгалсан хутгыг хараагүй, Батсүх хутгыг өөрөө аваад явсан байхаа. Машинд ил харагдах эвхдэг хутга харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Д.Рэнцэнсодном мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17-18 цагийн орчим Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Алтан нутаг гэх хүнсний дэлгүүрт орж юм аваад гарч ирэхэд дэлгүүрийн гадаа зогсож байсан 55-90 ТӨА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл дотор жолоочийн суудал дээр Шинэбаяр хажуу талын суудал дээр нь Саранмандах хойд талд Чагнаадорж нар сууж байсан. Шинэбаяр намайг машины цонхоор даллаад байхаар нь очоод жолоочийн хаалгыг онгойлгоход Шинэбаяр жолоочийн суудал дээр сууж байсан, цээжний зүүн хэсгээс нь болон зүүн шуу хэсгээс нь цус гарч байсан яасан гэхэд намайг Батсүх хутгалчихаад явчихлаа гэж хэлсэн. Машины түлхүүрийг Батсүх аваад явчихсан байсан болохоор машин олоод эмнэлэгт үзүүлсэн. Шинэбаяр хэлэхдээ Саранмандахын хүзүүнд байсан гинж нь урьд өдөр архи ууж байгаад алга болсон байсан, Чагнаадорж бид хоёрыг тэр гинжийг авсан гэхээр нь би хамт явсан жолооч Батсүхийг гинжийг авсан чамаас гарцаагүй гээд хоорондоо маргалдаж байхад Батсүх хутгаар хутгалсан гэж байсан. Яг яаж хутгалсан эсэхийг хараагүй, Шинэбаяр жолоочийн суудал дээр сууж байсан, зүүн шууны шархны цус нь тогтсон, харин цээжний зүүн талын шархнаас гарч байгаа цус тогтоогүй суудал дээр цус урсаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 264 дугаартай дүгнэлт: Б.Шинэбаярын биед цээж зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талд плеврийн хөндийд сул шингэн, зүүн уушигны доод дэлбэнд няцрал гэмтэл тогтогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн нэмэлт шинжилгээний 501 тоот дүгнэлт: Д.Батсүх хоолойгоо боолгосон үедээ ардаа байгаа хүнийг баруун гартаа барьсан хутгаараа хутгалах боломжтой. Д.Батсүхийн араас хохирогч Б.Шинэбаяр хоолойг нь боосон байхад гарыг нь тавиулахаар ноцолдож байхдаа түүний зүүн шуу болон цээжинд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр дээрх гэмтлийг учруулсан байх болон цээжинд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр дээрх гэмтлийг учруулсан байх боломжтой. Д.Батсүхийн араас хохирогч Б.Шинэбаяр хоолойг боосон байхад гарыг нь тавиулахаар Д.Батсүх нь баруун гартаа хутга барьсан байхдаа ноцолдож дээрх гэмтэл, шархыг учруулах боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/
Хохирогч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Батсүхийн Шинэбаяр нь шүүх хуралд биеэр очих боломжгүй байна. Хөдөө мал орхиж явах хүн байхгүй. Миний бие шүүгдэгч Батсүхээс эмчилгээний болон бусад зардлаа бүрэн гаргуулж авсан. Миний эрүүл мэнд сайн Батсүхэд санал гомдол байхгүй...гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батсүх нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Алтан нутаг хүнсний дэлгүүрийн гадаа А.Саранмандахын эзэмшлийн 55-90 ТӨА улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл дотор хутгаар тамхины асаагуур цэвэрлээд сууж байхад нь жолоочийн арын суудалд сууж байсан хохирогч Б.Шинэбаяр нь А.Саранмандахын хүзүүний гинжийг чи авсан, гаргаж өг гэж хэлж араас нь гараараа хүзүүгээр нь боож чөлөөтэй амьсгалах, хөдлөх боломжгүй нөхцөл байдал үүсгэсний улмаас Д.Батсүх нь хохирогч Б.Шинэбаярын гарнаас мултарч гарах үйлдэл хийх явцдаа Б.Шинэбаярын зүүн шуу, цээжний зүүн хэсэгт хайхрамжгүй хандан хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Шинэбаярын...мөрдөн байцаалтын шатанд тогтвортой, тодорхой өгсөн “миний уур хүрээд Батсүхийг жолооны ард сууж байхад нь жолоочийн сандлын араас хоолойг нь боож хойш татсан. Тэгэхэд Батсүхийн амьсгаа давчдаад миний боосон зүүн гартаа ноцолдоод байхаар нь би гараа тавьсан чинь машинаас буугаад зугтсан. Би араас нь машинаас буугаад чулуу шидэх гэтэл цээжний зүүн, хөхний доод хэсэгт хөндүүр болоод халуун оргиод байхаар нь харахад хутгалсан цус гарч байсан. Би буцаад Ланд-80 машины жолооч талын хаалгаар суугаад Саранмандахад сэрээч, би хутгалуулчихлаа гэхэд Саранмандах зүгээр гээд өөр юм хэлээгүй. Чагнаадорж намайг цус их гараад байна, эмнэлэгт үзүүл гэж хэлсэн, манай найз Рэнцэн явж байхаар нь дуудаж ирүүлээд намайг хүн хутгалчихлаа эмнэлэг хүргээд өг гээд хамт явсан юм. Батсүх намайг санаатай хутгалаагүй, би маргалдаж хоолойг нь бооход ноцолдож байхдаа гарт барьсан хутганд хутгалагдсан. Батсүх хутгаар тамхины асаагуур цэвэрлээд сууж байсан, тэрнээс намайг санаатай хутгалж гэмтээсэн зүйл байхгүй. Би уур хүрсэндээ Батсүхийн хоолойг араас нь боож татсан юм, ямар нэгэн санаа зорилго байгаагүй, айлгах гээд хоолойг нь боосон. Жолооны суудлын араас зүүн гараа оруулаад боосон. Миний зүүн гарын шуу, зүүн хөхний доод талд хутганы шарх үүссэн, оёдол тавиулж, биеийн байдал дээрдэж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, намайг санаатайгаар хутгалсан зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа Батсүхээс гаргуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/, намайг араас нь хоолой нь бооход Батсүх миний зүүн гарыг тавиулах гээд ноцолдож байхад зүүн шуу хэсэгт зүсэгдэхэд баруун гарт нь хутга байхыг харсан. Би гар зүсчихлээ гээд уур хүрээд хоолойг боосон гараа ахиулаад өөрөө өндийгөөд хоолойг нь татаж бооход Батсүх болилдоо гараа тавь гээд миний зүүн гартаа ноцолдож байсан. Батсүх миний гарын тавиулах үйл явц хурдан болоод өнгөрсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 92/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-87/, шинжээчийн 264 тоот дүгнэлт /хх-ийн 34/, шинжээчийн 501 тоот дүгнэлт /хх-ийн 95/,
гэрч А.Саранмандахын ....намайг архи уугаад тасраагүй байхад Шинэбаяр “би Саранмандахыг машинд суулгахад гинжтэй байсан” гэж яриад Батсүх “Саранмандахын хүзүүнд гинж байхыг анзаараагүй” гээд ярилцаж байсан. Тэрнээс хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байгаагүй. Намайг тасраад унтаад өгсний хойно маргалдаад машины голын хайрцагт байсан хутга байхыг харсан байх. Би тасраад сэргэтэл Батсүх, Шинэбаяр нар хоорондоо маргалдаад Батсүх, Шинэбаярыг хутгалсан гэж сонсож мэдсэн, тэрнээс надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
гэрч Д.Чагнаадоржийн.... Шинэбаяр дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл архи аваад бид нар машиндаа тойруулаад уугаад сууж байхад Шинэбаяр Батсүхийг чи л машиныг нь бариад гэр рүү хамт явснаараа тэр гинжийг нь авсан гэхэд Батсүх би аваагүй гээд байсан. Хоорондоо маргалдаад би хаалга онгойлгоод гадагшаа хараад байж байтал жолооч Батсүх машинаас бууж Шинэбаяр бас машинаас буухаар нь би юу болсон гээд дагаад явахад Батсүх гудмаар явчихсан. Шинэбаяр машинаас буусан хойно намайг хутгалчихлаа гэхээр нь хартал цээжний зүүн хэсгээс цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
гэрч Д.Рэнцэнсодномын.... Шинэбаяр намайг машины цонхоор даллаад байхаар нь очоод жолоочийн хаалгыг онгойлгоход Шинэбаяр жолоочийн суудал дээр сууж байсан, цээжний зүүн хэсгээс нь болон зүүн шуу хэсгээс нь цус гарч байсан яасан гэхэд намайг Батсүх хутгалчихаад явчихлаа гэж хэлсэн. Машины түлхүүрийг Батсүх аваад явчихсан байсан болохоор машин олоод эмнэлэгт үзүүлсэн. Шинэбаяр хэлэхдээ Саранмандахын хүзүүнд байсан гинж нь урьд өдөр архи ууж байгаад алга болсон байсан, Чагнаадорж бид хоёрыг тэр гинжийг авсан гэхээр нь би хамт явсан жолооч Батсүхийг авсан чамаас гарцаагүй гээд хоорондоо маргалдаж байхад Батсүх хутгаар хутгалсан гэж байсан. Яг яаж хутгалсныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ шүүгдэгч Д.Батсүх мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Д.Батсүхэд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Батсүхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан бол 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Д.Батсүхэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Батсүх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Шинэбаяр нь эмчилгээний зардлаа бүрэн төлүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22.2 см урттай улаан хүрэн өнгийн эвхдэг хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Доржсүрэнгийн Батсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсүхийг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батсүхэд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Батсүхэд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 03 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Батсүхэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Д.Батсүх нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22.2 см урттай хүрэн улаан өнгийн эвхдэг хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Батсүх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Батсүхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БУЯНТОГТОХ