Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 950

 

    Г.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            прокурор П.Бямбасүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/584 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Н-н гаргасан давж заалдах гомдлоор Г.Т-д холбогдох 1909 01686 0557  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-н Т, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х д” ХХК-д манаач ажилтай, ам бүл 1, ............ 1Б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............ тоотод түр оршин суух,  /РД: ............./;

 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 344 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 544 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар болон өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

Г.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед ..................... тоотыг хөлслөн амьдардаг хохирогч Ц.Н-г гэрт нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Н тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваад танилцахад намайг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж дурдсан байна. Миний бие махбодид учирсан гэмтэл, санаа сэтгэл, эд хөрөнгийн хохирол зэргийг барагдуулсан зүйлгүй учир давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэжээ.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний баримт байхгүй талаараа мэдүүлсэн. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хохирогчийг гомдол саналгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед ................ тоотыг хөлслөн амьдардаг хохирогч Ц.Н-г гэрт нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Н-н “...2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчим хөлсний байшинд гэртээ байж байхад тэр байшинд өрөө хөлсөлдөг нэг залуу орж ирсэн. ... Намайг орны толгой мөргүүлээд, хөл гар хөхөрч толгой хавдсан. Мөн миний хоолойг багалзуурдсан. ... Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг Т учруулсан. ...” /хх 13-15/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.Н-н биед тархи доргилт, дух, баруун чамархай, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, нурууны цус хуралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эдгэж буй шинэвтэр гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 5204 дугаартай дүгнэлт /хх 22/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Хохирогч Ц.Н-с “... Г.Т нь миний биед учирсан гэмтэл, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг барагдуулаагүй, шийтгэх тогтоолд намайг нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж бичсэн. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н-н биед тархи доргилт, дух, баруун чамархай, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, нурууны цус хуралт, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба тэрээр уг гэмтлийн улмаас ямар хэмжээний төлбөр зарцуулсан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

            Дээрх нөхцөл байдлын улмаас шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Т-г хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

            Гэвч анхан шатны шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Иймд давж заалдах шатны шүүх энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, хохирогч Ц.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.