| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2018/03147/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2019-02-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 298
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЧДГБХЗХХ-т холбогдох
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/73 тоот тушаалын М.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүүхэд хамгааллын ажилтнаар 2016 оны 05 дугаар сараас ажиллаж байсан ба хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/73 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж би өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм.
Үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т зааснаар ажилтанд сахилгын шийтгэл оногдлуулахдаа ахлах ажилтан нарын саналыг үндэслэх ёстой, гэтэл ийм баримт байхгүй. 10.7-д зааснаар сахилгын зөрчлийг заавал шалгаж тогтоож, танилцуулах ёстой гэсэн заалт хангагдаагүй. Хариуцагчийн тайлбараар хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.16.11-д заасныг үндэслэлсэн гэсэн. Байгууллагын дотоод хугацаатай тайлан мэдээг хугацаанд нь гарагж өгч байсан ба хариуцагч үүнийг зөвшөөрч мэтгэлцэхгүй гэсэн. Хэрэв намайг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн бол ёс зүйн хороогоор авч хэлэлцэх ёстой. Нийт 5 ажилтан байдаг, нэг ажлын байрны тодорхойлолттой. Түүний дагуу л ажил үүргээ гүйцтэгэдэг. Намайг хүүхдийн тусламжийн дуудлагын 108 гэсэн утасны хэрэгжилт, хяналт хангалтгүй гэж үзсэн. Энэ нь ахлах ажилтны ажил үүрэгт хамаардаг. Миний ажил үүрэгт хамааралгүй зүйл хэлэхэд нь би энэ тухай тайлбар хийдэг, түүнээс болж үл ойлголцол үүсдэг. 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 03 сар хүртэл нийт 28 ажилтанг ажлаас халж сольсноос ажил үүрэг тогтвортой биш болж, олон ажил үүрэг солигдох, ойлгомжгүй болох байдал их гарсан. Үүнтэй холбоотойгоор ажилчид ажлыг зохион байгуулах, шилжиж, гарч байгаа ажилтны алыг албан ёсоор хүлээлгэн өгч хариуцуулах, тодорхой болгох арга хэмжээг аваач гэсэн шаардлагыг тавьж байсан.
Хүүхдийн тусламжийн дуудлагын 108 утасны дуудлагыг программаар хаадаг байсан. Яг энэ ажлыг хариуцсан хүн нь шинэ хүн байсан учир бид нар хариуцсан хороодод энэ утасны дуудлагын бүртгэлийг хааж ажиллаж байгаа. Миний хариуцсан ажил дээр хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй гэсэн асуудал гарч байгаагүй. 2018 онд манай хэлтэст нийтдээ 527 дуудлага ирснээс 275 нь программд хаагдсан, 243 нь хяналтад байсан үүний 90 нь манай хороодтой холбоотой дуудлага байснаас 58 дуудлагыг хаасан. 32 дуудлага нь хяналтанд байгаа учраас хаах боломжгүй юм. Иймд Б/73 тоот тушаалыг буюу надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтан М.Э нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.16.11 заалтуудыг удаа дараа зөрчсөн тул олон удаа аман сануулга өгч байсан. Энэ нь дээд газраас хугацаатай ирсэн бичиг, хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөө, тайланг хугацаанд нь гаргаж өгдөггүй, олон удаа шаардуулж хугацаа хоцроодог байдлаас төлөвлөгөөт ажлууд цаг хугацаандаа хийгдээгүй. Мөн төрийн албаны захирах, захирагдах ёс, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг олон удаа зөрчиж, ёс зүйгүй бүдүүлэг авирыг хэлтсийн шуурхай хурал бүр дээр гарган төлөвлөгөө, тайлангаа хугацаанд нь танилцуулдаггүй. М.Э нь удирдлагаар барьцаалж тайлбар хэлдэг, шаардлага тавиахад зохисгүй хэл үгээр доромжилж, ёс зүйгээ мөрддөггүй ажилтан юм.
М.Э нь хүүхдийн тусламжийн дуудлагын 108 утсыг хариуцдаг. Энэ нь тухайн хүүхдийн нөхцөл байдал, хувийн байдлыг сайн судлах, зорилтот бүлгийн хүүхдүүдтэй тулж ажиллах шаардлагатай байдаг хүнд хэцүү ажил юм. Энэ ажлыг М.Э хийдэггүй, дуудлагын бүртгэлийг хаадаггүй, чанаргүй, өнгөц хийдэг учир манай хэлтэс энэ ажлын үзүүлэлтээр хамгийн сүүлд ордог. Би хурал бүхэн дээр шаардлага тавьж ажил үүргээ биелүүлэхийг шаардаж даалгавар өгч байсан. Энэ тухай 2 тэмдэглэлийг хэрэгт өгсөн. М.Эыг шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн багт шинжээчээр томилоход уг ажлыг хийх дуртай атлаа хугацаанд нь дүгнэлтээ гаргадаггүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээс албан бичиг ирүүлж, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхгүй байгаа талаар арга хэмжээ тооцохыг мэдэгдсэн байдаг. Иймд дээрх сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргасан учраас түүнд Б/73 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/73 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаарджээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, М.Э нь өгсөн үүрэг, даалгавар, төлөвлөгөө, тайланг хугацаанд нь гаргаж өгдөггүй, төрийн албаны захирах, захирагдах ёс, төрийн албан хаагчийн ёс дүрмийг олон удаа зөрчсөн, хэлтсийн шуурхай зөвөлгөөн бүрт ёс зүйгүй бүдүүлэг авирлаж, бусдыг турхиран өдөөж хашгичин, удирдлагыг хэл амаар доромжлох, ажлын нэр хүндэд халдах, ажил цалгардуулах, үйлчлүүлэгчийг үл хүндэтгэх, байгууллагын дотооддоо хугацаатай өгсөн даалгаврыг биелүүлээгүй, шүүхэд шинжээчийн дүгнэлтийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй зэргээр хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.16.11, 6.3.6 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.3-д заасныг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч М.Э нь 2016 оны 05 дугаар сарын 20-ноос эхлэн хариуцагч байгууллагад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн хүүхдийн хамгааллын асуудал хариуцсан ажилтнаар, 2017 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн Гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтнаар тус тус ажилласан байх бөгөөд энэ талаар Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 тоот, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/73 тоот М.Эыг ажилд томилсон тухай тушаалууд, 1067012 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, М.Э болон ажил олгогч байгууллагын хооронд байгуулсан 13 тоот хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдаж, талууд дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна.
2.Хариуцагч байгууллагын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/73 тоот тушаалаар “...ажлын байранд чанга дуугаар орилж хашгичиж, хэрэлдэж, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргасан, байгууллагын хугацаатай тайлан, мэдээ, өгсөн үүрэг даалгаврыг хийж хэрэгжүүлээгүй зэрэг ажлын хариуцлага алдсан...” сахилгын зөрчил гаргасанд буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1., байгууллагын дотоод журмын 10.1-д заасныг тус тус үндэслэн ажилтан М.Эт сануулах сахилгын шийтгэл ноогдуулжээ.
3.Хэрэгт авагдсан “Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дотоод журам” /хөдөлмөрийн дотоод журам/-ын 5.16.1-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хугацаатай тайлан мэдээ, судалгаа, албан бичгийн хариуг хугацаанд өгөөгүй болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн”, 5.16.11-д “Төрийн албаны захирах, захирагдах ёс, төрийн алба хаагчийн дүрмээ зөрчсөн /ажлын байранд хэрэлдэх, орилох, хараалын үг хэлэх, ёс бус үг хэллэг, үйлдэл гаргах гэх мэт/ “, 6.3.6-д “Төрийн байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчид, бусад иргэн хуулийн этгээдийн төлөөлөгчтэй харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, дарамтлах, үзэл бодлоо тулгах зэргээр ёс зүйгүй бусармаг авирлах”, хөдөлмөрийн гэрээний 5.3-т “Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрхэн гүйцэтгэсэн тухай мэдээ, тайланг тухай бүрд гарган холбогдох албан тушаалтан, нэгжүүдэд хүргэж мэдээлэх” гэж тус тус заасан заасан байх бөгөөд ажилтан хөдөлмөрлөх явцдаа дээрх хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан бол “Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дотоод журам”-ын 10.1-д зааснаар сахилгын шийтгэл хүлээхээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч М.Э нь эдгээр хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ноогдуулсан дээрх Б/73 тоот тушаалд заасан сахилгын зөрчлүүдийг ажилтан М.Э үйлдсэн нь нотлогдоогүй буюу нэхэмжлэгч М.Эт байгууллагын удирдлагаас хэдийд, ямар үүрэг даалгаврыг, ямар хугацаатай өгсөн болох, түүнээс ямар үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй болон хангалтгүй биелүүлсэн болох, ямар төлөвлөгөө тайлан, мэдээ, судалгааг хугацаанд гаргаагүй болох, түүний биелэлтийг хэрхэн яаж дүгнэсэн нь тодорхойгүй, түүнчлэн хэзээ, ямар байдлаар ажлын байранд бусадтай хэрэлдэж маргалдсан, орилж хашгирч төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын заалтыг зөрчсөн гэх үйл бармт тодорхойгүй байна.
Тодруулбал, хариуцагчийн тайлбарласнаар, М.Э-т хариуцуулсан Чингэлтэй дүүргийн 3, 7, 8, 10 дугаар хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдийн, хүүхдийн тусламжийн дуудлагын утас 108-ын дагуу ажиллах, төрийн бус байгууллагуудад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар сургалт сурталчилгаа хийх, хяналт тавих, хариуцсан хороодын ГХУСА-ны багтай хамтран ажиллах зэрэг ажил үүргийг биелүүлээгүй, төлөвлөгөө, тайлан гаргаж танилцуулаагүй, хангалтгүй ажилласан гэх баримтууд хэрэгт авагдаагүй, уг ажил үүргүүдийг ямар хугацаанд хэрхэн хийж гүйцэтгэх талаар болон биелэлтийг хэрхэн яаж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаагийн дээр ажилтан М.Э сахилгын зөрчил үйлдсэнийг баримтаар нотлоогүй, сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон баримтгүй байна.
Иймд хариуцагч талаас гаргасан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажил үүргийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Төлөвлөгөө, өгсөн үүрэг даалгаврын биелэлт” гэх баримт, 2018 оны 09 дүгээр сарын 24, 27-ны өдрүүдийн тус хэлтсийн ажилчин, албан хаагчдын хурлын тэмдэглэл зэрэг баримт нь хариуцагчийн татгалзлыг хангалттай нотлох үндэслэл болохгүй байна.
4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4448 дугаар шинжээч томилох тухай захирамжаар тус хэлтсийг Г.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, М.Амарсанаад холбогдох иргэний хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор хүүхдийн асрамжийн талаар шинжээчийн дүгнэлт гаргаж, ирүүлэх үүрэгтэйгээр шинжээчээр томилж заасны дагуу хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/52 дугаар тушаалаар хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргах шинжээчийн багийн бүрэлдэхүүнд М.Э-ыг томилж ажиллуулсан талаарх баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгчийн захирамжид заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1855 тоот албан бичгээр захирамжийн биелэлтийг шаардсан байна.
Хэрэгт авагдсан гэр бүл, хүүхэд хамгааллын ажилтны ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг ажилтан нь хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцлөөс хамгаалах шинжээчийн багт ажиллах үүрэгтэй байх бөгөөд М.Э нь Г.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, М.Амарсанаад холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн асрамжийн талаар шинжээчээр ажиллахдаа шинжээчийн дүгнэлтийг шүүгчийн захирамжид заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч байгууллагын сахилгын шийтгэл ноогдуулсан Б/73 тушаалын үндэслэлд М.Э-ын дээрх үйлдлийг тусгаагүйн дээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1855 тоот албан бичгээр шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлэхийг шаардсанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулах тухай хуулийн хугацаа хэтэрсэн байгааг дурдах нь зүйтэй.
5.Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дотоод журам” /хөдөлмөрийн дотоод журам/-ын 10.2-т “Сахилгын шийтгэлийг албадын ахлах ажилтан нарын саналыг үндэслэн Хэлтсийн дарга тушаал гаргаж ноогдуулна. Тушаалын хувийг хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ”, 10.7-д “Сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу Б/73 тоот сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалын үндэслэлд заасан нэхэмжлэгч М.Эын үйлдсэн гэх сахилгын зөрчлийн талаар шалгаж тогтоосон баримтгүй, дээрх журмын заалтыг хангасан талаарх баримт мөн хэрэгт авагдаагүй байна.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч холбогдох байгууллагуудад хандаж түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах гомдлыг гаргаж байсан, улмаар шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил олгогчид холбогдуулан гомдол бүхий нэхэмжлэлээ гаргасан хуульд заасан дээрх заалтыг зөрчөөгүй байна.
7.Хэрэгт авагдсан Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн гарын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/276 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаанд явцын хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын тайлан” гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д заасан сануулах шийтгэл ногдуулах хөдөлмөрийн гэрээний болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/73 тоот тушаалын М.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгон мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА