Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1035

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         11          04                                    2022/ШЦТ/1035

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч: Э.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн .... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

  1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо их тойруу гудамж 73/1 байр 38 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн дүүргийн 17 дугаар хороо 303 байрны 302 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” гэх нэртэй лоунжийн гадна хохирогч Х.Отай гэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний хамар хэсэгт цохиж хохирогч Х.Оийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гараараа цохиогүй. Чимээгүй болчих гэхэд нүүр хэсэгт шидсэн электрон тамхи оносон. Согтуу байсан болохоор хэл амаар доромжлоод байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Эрүүгийн ..... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

 

            Хохирогч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24 дүгээр хуудас/, 

 

            Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Х.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №11531 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Э.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” гэх нэртэй лоунжийн гадна хохирогч хамтран амьдрагч Х.Оийг “хэл амаар доромжиллоо” хэмээн уурлаж улмаар түүний хамар хэсэгт цохиж хохирогч Х.Оийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Х.Оийн “...хамтран амьдрагч У миний нүүр рүү юм аваад шидсэн эсвэл хөлөөрөө өшиглөсөн эсэх нь тодорхойгүй миний нүд харанхуйлж их цус гарсан. Б У бид хоёрыг салгаж намайг авч байсан. Яг юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Гэр бүлийн хоорондын таарамжгүй харилцаа болон тэр өдөр ярьсан яриа нийлээгүй.  Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Бын “...Би 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найзуудын хамт сууж байгаад У найзын эхнэр О архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Утай гэр бүлийн асуудлаас болж маргалдаж байсан. Удалгүй У үйлчлүүлж байсан газрын үүдэнд цахилгаан тамхи татаад зогсож байхад У араас нь гарч ирээд найз Уыг хэл амаар доромжлоод байсан. У эхнэр У руу гартаа байсан цахилгаан тамхийг шидэхэд түүний зүүн нүдний доор онож цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар 23-ны өдрийн №11531 дугаартай дүгнэлтэд “...1. Х.Оийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Манай эхнэр О архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд маргалдах онцын шалтгаан байгаагүй. Эхнэр тодорхойгүй шалтгаанаар намайг найзуудын хажууд хэл амаар доромжилсон. Би тэсэхгүй үйлчлүүлж байсан газрынхаа гадаа гараад цахилгаан тамхи татаад зогсож байхад араас гарч ирж бусадтай хардаж, харааж доромжилсон. Би санаандгүй байдлаар гартаа байсан цахилгаан тамхийг авч эхнэр О руу шидэхэд нүүр хэсэг рүү нь онож цус гарсан...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У нь хохирогч Х.Оийг  “хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэж түүний хамар хэсэг рүү нь эд зүйл шидэж цохисон болохыг хохирогч, гэрч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.У нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Х.Оийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Х.Оиас “...шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 19-20/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Э.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.У нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Уыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уад оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Уад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН