Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1036

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         11          04                                    2022/ШЦТ/1036

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Ц.Буянхишиг,

Хохирогч С.Б,

Шүүгдэгч: Н.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн .......  дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, /Монгол хэл бичиг мэднэ гэх/ сангийн слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,   

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ш нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 20-483 тоотын гадна 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Бтай “хүүхдүүд бие биенийхээ биед халдаж цохисон” гэх асуудлаас болж маргалдан улмаар С.Бгийн биед халдаж “баруун шуу, хоёр өвдөг, алганд зулгаралт зүүн, шуу, эрүүний дор цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Штэй олон жил хөрш айл болж байгаа. Манай ахын хүүхэд манай хашаанд тоглож байсан. Би хоол хийгээд байж байхад гэнэт “толгой хагалчихлаа” гэж ороод ирсэн. Би хойд талын айлаас асуух гээд явж байхад хүүхэд нь гарч ирээд “Сувдаа хагалсан” гэж хэлсэн. Би тэгээд очоод том охиныг нь харсан, гэхдээ хэн нь хагалсан нь мэдэхгүй байсан. Эднийх хоёр охинтой. “Чи наашаа хүрээд ир” гэж хэлсэн. Харин гараас нь бариагүй. Тэгээд Ш хүрээд ирсэн. Тухайн үед эрүүл ч юм шиг, согтуу ч юм шиг байсан. Хүрч ирээд учир зүггүй нүд рүү цохисон. Ш тэр үед машин засаж байсан. Миний нүд болон шанаа хэсэгт цохиод өшиглөсөн. Санаатайгаар ийм үйлдэл хийсэн. Нүд рүү цохиод нүдний доод тал руу цохиод унагаасан. Хүн зодоогүй, охинд нь хүрээгүй. Цагдаад дуудлага өгч түргэн дуудсан. Намайг гэдэс, нүд рүү цохисон. Эхнэр нь харсан, цагдаа нар харсан. Ш тухайн үед өсвөр насны хүүхдийг дарамталсан. Өглөөнөөс орой хүртэл ажил хийдэг. Хашааны цаанаас ирээд намайг 2-3 удаа дарамталсан. Энэ байдал нь надад дарамттай байна. Өсвөр насны хүүхдийг дарамталсан. Хөлийн чигчий хурууны сорви арилаагүй. Хөл өвдөөд байгаа. Энэ авсан гэмтлийн улмаас ажиллаж чадаагүй. Маш их гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Хамгийн гол нь хашааны цаанаас дарамталж айлгадаг. 30.000 төгрөгийн баримт байна. Баримтаар 210.000 төгрөг нэхэмжилж байна. 30.000 төгрөгийн эмчилгээний баримт байна. Нийт 240.000 төгрөг нэхэмжилж байна. Хөл гараа дахиад эмчид үзүүлнэ. Дахин эмнэлэгт үзүүлж хохирол нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэв.         

 

Эрүүгийн .... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

            Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 23 дугаар хуудас/, 

 

            Гэрч С.Бн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

            Гэрч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            Хохирогч С.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №9457 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Шийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ш нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 20-483 тоотын гадна 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Бтай “хүүхэд загнаж, чирлээ, маргаан үүсгэлээ” гэж хоорондоо маргалдаж улмаар С.Бгийн биед хүч хэрэглэн “баруун шуу, хоёр өвдөг, алганд зулгаралт зүүн, шуу, эрүүний дор цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч С.Бгийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо бэлхийн 20-484 тоот гэртээ байхад манай ахын хүүхэд болох Б.Оюу-Үжин нь манай ээж Баасттай хамт гаднаас уйлаад толгойгоо дараад ороод ирсэн. Юу болсон талаар асуухад “тоосго хашаа давуулж шидээд миний толгойг хагалсан” гэж хэлсэн. Би гараад тоосго шидсэн айлын хашааны цаанаас харсан чинь 4-5 настай нэг эрэгтэй хүүхэд зогсож байсан. Тэгээд “аав, ээжийгээ дууд” гэж хэлсэн. Цаад талд нь улаан цамцтай нэг эмэгтэй байсан бөгөөд тухайн эмэгтэй гарч ирэхээр нь би “хүүхдийн толгойг хагалсан байна, яаж байгаа юм бэ” гэж хэлтэл танай урд талын айлын хүүхэд болох Сувдаа тоосго шидсэн гэж хэлсэн. Би урд айлд очсон чинь хүүхэд нь гэр рүүгээ гүйгээд орж байсан. Би “миний дүү наашаа хүрээд ир, манай дүүгийн толгойг хагалсан байна” гэж хэлсэн чинь хашаан дотроос аав нь гээд нэг залуу гарч ирээд “яагаад байгаа пизда вэ, чамайг ална шүү, манай хүүхэд танай хүүхдийн толгойг хагалаагүй” гэж хэлээд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон, гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн, уруу газар руу түлхэж унагаасан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Бны “...Би 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 20-484 тоотод байх дүү С.Бгийн гэрт охин Оюу-Үжин, Мандахаа нарыг аваачиж үлдээгээд ажил руугаа явсан. Оройн 20 цагийн орчим дүү Баярмаа нь залгаад “танай охин Оюу-Үжинг хажуу талын айлын хүүхэд толгой руу нь тал тоосгоор цохичихлоо” гэж хэлсэн.... Би охиноосоо юу болсон талаар асуухад Баярмаагийн хажуу талын айлын 5 дугаар ангийн охин манай охиныг “чи хашаа даваадах” гэж хэлэхээр нь манай охин “үгүй” гэж хэлээд тэр охиныг эгч Баярмаагийн хашаанд ороод ир гэж хэлэхэд тэр охин манай охиныг хашаагаар өнгийгөөдөх гэхээр нь манай охин намхан хашаан дээгүүр өнгийтөл тэр охин нь толгой руу нь тоосгоор цохисон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Угийн “...хүүхдийн толгой хагалчихлаа” гэхээр нь хурдан гараад очтол толгой нь бондойчихсон байсан. Цаанаас хойд айлын Баярмаа гэх хүүхэн гарч ирээд манай охин Мөнхболорыг чирээд гэр рүүгээ явж байсан. Манай нөхөр гадаа машинаа янзалж байгаад том охиноо хүнд чирүүлж байхыг хараад шууд явж очоод “хүүхдээ авъя” гэхээд өгөхгүй гээд хоорондоо маргалдаж байгаад Баярмаа эгч өөрөө халтираад уначихсан....” гэсэн мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар 03-ны өдрийн №9457 дугаартай дүгнэлтэд “...С.Бд баруун шуу, хоёр өвдөг, алганд зулгаралт, зүүн шуу, эрүүний дор цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Н.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гадаа харанхуй болчихсон гэрэл тусгаад машинаа янзалж байтал хашааны хаалгаар хартал хойд талын авгай манай том охиныг чирээд явж байхаар нь би явж очоод “хүүхэд тавь” гээд шаардлага тавихад “би аваад явна” гээд чарлаад “авна” гээд байхаар би охины шуун дээрээс атгаж байгаад Баярмаа эгчийг түлхсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ш нь С.Бтай “хүүхэд чирж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар С.Бгийн биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч, шүүгдэгч нараас, маргаан болсон болохыг гэрч Т.Урнаагаас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Н.Ш нь хохирогчийн биед хүч хэрэглэн түлхэх, цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч С.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б нь “...210.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 30.000 төгрөгийн эмчилгээний баримт байна. Нийт 240.000 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжилсэн дүн тогтоогдсон гэж шүүх үзэж, шүүгдэгчээс 239.900 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс 239.900 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч С.Бгаас “...хөл гарын сорвио арилгуулах шаардлагатай тул гэм хорын хохирол нэхэмжилнэ..” гэсэн байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Н.Шийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Ш нь боловсролгүй, сангийн слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээллтэй үлдээсүгэй.     

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН