Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Басангийн Б.Мд холбогдох эрүүгийн 2235000000191 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Увс аймгийн .......... сумын 12 дугаар баг, “......” худалдааны төвд үсчин ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын 10 дугаар багийн .........тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Булгадар овогт Басангийн Б.М  (РД:...................),

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн .......... сумын 12 дугаар багийн нутагт байрлах “..........” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт хохирогч Т.Оын эзэмшлийн “Redmi Note-9” загварын гар утас олж авч, ашиглан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Т.Оад 520.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Т.Оад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М“...Б.М нь амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон эмэгтэй хүн байдаг. Б.М нь өрх толгойлсон эхийн тэтгэмж 420.000 төгрөг авдаг. Хувиараа үсчний газар ажиллуулдаг. Торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой гэж үзэж прокурортой ял тохирсон. Прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000191 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7  дахь тал),

2. Хохирогч Т.Оаар гар утас таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

3. Хохирогч Т.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр...нөхөр Б-ын хамтаар .......... сумын 12 дугаар баг, зах дотор байрлах үсчин орж, нөхөр болон хүүхдүүдийнхээ үсийг засуулаад гарсан. Уг нь миний гар утас үсчин дотор байхад байсан. Тэгээд үсчиннээс гараад явж байгаад утсаа харахад миний гар утас байхгүй байсан, тэгэхээр нь эргэж очоод үсчин Б.М гэх хүнээс “та миний гар утас харсан уу” гэж асуухад би чиний гар утас аваагүй, манай үсчинд олон хүн орж гарч явдаг юм” гэж хэлээд намайг гаргасан юм. ...Миний хулгайд алдсан гар утас “Redmi Note-9” загварын цэнхэр артай, шилэн дэлгэцтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй утас байсан. Би тухайн гар утсыг хулгайд алдахаасаа 1 сарын өмнө Увс аймгийн Номин худалдааны төвөөс шинээр нь 550,000 төгрөгөөр худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

4. Насанд хүрээгүй гэрч Ж.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын сүүлээр миний ээж Б.М надад цэнхэр өнгөтэй “Redmi Note-9” загварын гар утас авч ирж өгөөд энэ утсыг ашиглаж бай гэж хэлсэн. Уг утас нь хэрэглэж байсан хуучин утас байсан бөгөөд дотор нь ямар нэгэн мэдээлэл байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн өдөр би ......... барааны зах дээр байрлах үсчингийн газартаа ажиллаж байтал эхнэр нөхөр бололтой хоёр хүн 2 хүүхдийн хамт орж ирээд нөхөр нь үс засуулаад гарсан. Тэднийг гарсанаас хойш 2-3 цагийн дараа эхнэр нь буцаж орж ирээд танай үсчингийн газрын цонхон дээр гар утсаа орхиод гарсан байна гэж хэлсэн. Тухайн үед цонхон дээр гар утас байгаагүй тул манайхаар олон хүн орж гардаг, таны утсыг хараагүй гэж хэлээд гаргасан юм. Түүнээс хойш хэд хоногийн турш би хөдөө үс засах ажлаар явж байгаад ирээд үсчний тавиур дээрээс “Redmi Note-9” гар утсыг олсон. Тухайн үед нөгөө хүмүүсийн орхисон утас мөн юм байна гэж бодсон. Тэгээд хэд хоног хадгалж байгаад эзэн нь дахиж ирээгүй тул уг гар утасны симийг базаж доторх мэдээллийг нь устгаад сим картыг нь гаргаж хаяаад охин Ж.Н-д өгч ашиглуулсан юм...” гэх (хавтаст хэргийн 25 дахь тал) мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

6. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 301 дугаартай дүгнэлтээр “Redmi note-9” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 520,000 (таван зуун хорин мянга) төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

7. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх  урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

9. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч Б.М нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр .......... сумын 12 дугаар багийн нутагт байрлах “Итгэлт” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй үсчний газраас хохирогч Т.Оын “Redmi Note-9” загварын гар утас олж аван, уг гар утсыг охин Ж.Нд өгч ашиглуулан, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас хохирогч Т.Оад 520.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “....гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай  үйлдлийн улмаас  хохирогчид 520.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

4. “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлэх бөгөөд хохирогч Т.О нь өөрийн хүсэл зоригоос гадуур утсаа гээгдүүлсэн нь нотлогдож байх тул Т.Оын эзэмшлийн “Redmi Note-9” загварын  гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур гээгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

6. Гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд  шүүгдэгч Б.М нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Т.Оын гар утсыг олж авсны дараа зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн утсыг охин Ж.Нд өгч ашиглуулж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

7. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8. Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1. Шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Оын эд хөрөнгөд 520.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Redmi Note-9” загварын гар утсыг шүүгдэгч Б.Мгаас биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх (хавтаст хэргийн 65 дахь тал) тодорхойлолтыг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгчээ.

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Б.Мгаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон тул Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 57 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

6. Прокуророос шүүгдэгч Б.Мгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

7. Түүнчлэн шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

8. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Б.Мд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч Б.Мгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгадар овогт Басангийн Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА