Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/1024/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1087 |
Огноо | 2022-11-16 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1087
2022 11 16 2022/ШЦТ/1087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Шүүгдэгч: Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн ..... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
... оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотоос иргэн Т.Ггийн эзэмшлийн гар цүнх, гар цүнхэнд байсан эд зүйлс, бэлэн 326.000 төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Гд 419.200 /дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай гэрт оръё гэхээр нь орохгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би шал согтуу байсан. Авч гарсан байсан. Хохирлоо төлсөн. Дутуу байгаа хохирлын мөнгө байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн .... дугаартай хэргээс:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
“Д-” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотоос иргэн Т.Ггийн эзэмшлийн гар цүнх, гар цүнхэнд байсан эд зүйлс, бэлэн 326.000 төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Гд 419.200 /дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,
Хохирогч Т.Ггийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хамаатны ах Б-ын Сүхбаатар дүүргийн ... хороо ахмадын байрны ... тоотод өглөө 09 цагийн үед очсон. Тэр үед ахын гэрт танихгүй хүмүүс архи уугаад сууж байсан. Намайг гэрт нь ороод “юун хүмүүс вэ” гэсэн чинь тухайн хүмүүс “одоо гарлаа” гээд архиа уучихаад гарсан. Хамгийн сүүлд нэг настай эрэгтэй үлдсэн байсан. Тэр хүнийг гарахад миний үүдэнд тавьсан байсан эмэгтэй хүний ялгуун брендийн бүдэг ногоон өнгийн гар цүнх алга болсон байсан. Би хамгийн сүүлд гарсан хүнийг олуулахаар цагдаа дуудсан. Тэгээд маргааш нь манай ах Б-оо хамт архи уусан Д- гэх хүнийг дагуулаад ороод ирсэн. Тэр хүн миний хоосон түрүүвчийг барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би “та хамгийн сүүлд гарсан хүн мөн байна, та одоо миний эд зүйлийг олоод ирээч, би гадаад явах гээд материал бүрдүүлсэн байгаа юм” гэж хэлэхэд “за” гэж гараад дахиж ирээгүй. Би маргааш нь хамт архи уусан хүмүүсээр Д- гэгчийн гэрийг заалгаад гэрийнх нь гадаа очтол гаднаа байсан. Би “та миний эд зүйлийг гаргаад өгчих” гэсэн чинь “цүнхийг чинь хогийн савнаас оллоо” гээд хоосон цүнх гаргаж ирсэн. “Та битгий жүжиг тавиад бай миний эд зүйлийг аваад гараад ир” гэсэн чинь за гээд гэр рүүгээ ороод буцаж гарч ирэхдээ миний Голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банкны карт, автобусны карт, иргэний үнэмлэх, сим картны үүр зэргийг гаргаад ирсэн. Би “та гэртээ нуусан байна надад гол нь гадаад паспорт хэрэгтэй байна гэсэн би визанд нэгдэх өдөр орно” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд буцаж гэр рүүгээ ороод хайгаад олохгүй байна гэж хэлээд гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Гийн “....Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Б- ийн ойролцоо явж байтал 15-16 цагийн үед хуучин танил Б-баатар миний утас руу залгаад “хаана байгаа юм зуун айлд ахмадын хотхоны гадаа хүрээд ир” гэсэн. Би ахмадын хотхоны гадаа очиход Б-баатар Д- хоёр бас танихгүй 2 эрэгтэй хүнтэй дөрвүүлээ хамт байсан. Нэг танихгүй эрэгтэй хүн нь “манайд орж архи ууя” гээд ахмадын хотхоны урд талд байдаг байранд орж 2 шил 0.75 литрийн архи уусан. Тэгээд байж байтал гаднаас дүү нь гээд нэг эмэгтэй орж ирээд бид дөрвийг “гар” гээд гэрээсээ гаргасан. Би тэндээс гараад шууд гэртээ харьсан....” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Бгийн “...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би гэрээ цэвэрлэж байсан чинь гутлын тавиур дээр ногоондуу өнгөтэй цүнх байсан. Муухай цүнх байхаар нь манай гэр бүлийн гишүүдийн цүнх биш байна гэж бодоод хог руу аваачаад хаячихсан... Тэгээд манай хүү хог ухаж цүнхийг нь гаргаж өгсөн байх...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Дгийн яллагдагчаар өгсөн “....Би 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотод Г-гийн гэрт Т-, Г-, Б- нартай архи ууж байгаад гарахдаа гэрт нь байсан ногоон өнгийн цүнхийг аваад гарсан. Тэгээд шууд гэртээ орсон. Согтуу байсан болохоор шууд унтаад өгсөн. Ээж тэр цүнхийг нь манай гэрийн цүнх биш байна гээд хог руу хаясан байсан. Цүнхний эзэн цүнхээ надаас нэхэхээр нь би хогийн сав ухаж байгаад цүнхийг нь олж өгсөн....” гэсэн мэдүүлэг,
“Д-” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь нүүрний крем, нарны тос, уруулын будаг, гадаад паспорт зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 93.200 /ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлсийг авсан талаар, гэрчээс хохирогчийн эд зүйл байсан талаар тус тус мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.
Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Дгээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Д.Дгээс хохирогч Т.Гд учруулсан 419.200 төгрөгийн хохирлоос 250.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 179.200 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан 179.200 төгрөгийн хохирлыг эхийн ахмад настны тэтгэврийн орлогоос төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Д нь дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Д.Д танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д нь өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ... хороо ахмадын хотхоны 902-54 тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дд 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дгээс 179.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Гд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН