Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 43

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Э.Угийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн УЗМд / захирал Д.Ат / холбогдох

УЗМн захирлын 2018 .09.20-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018.11.07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэхгүй. Миний бие аймгийн Засаг даргын 2018.06.25-ны өдрийн Б/29 тоот тушаалаар УЗМн захирлын ажлаас чөлөөлөгдөж тус байгууллагын мэдэлд шилжсэн. Энэ хугацаандаа жирэмсний болон амаржсны амралт авсан, Нягтлан бодогчийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие 9 сарын эхээр жирэмсний амралт авах хугацаа болсон. Ээлжийн амралтаа 09 сарын 03-нд авч 20-нд орохоор байсан. Гэтэл өвчний улмаас Улаанбаатар явж эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 9 сарын 20-нд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна. Энэ тушаалыг 2018.10.09-нд гардаж авсан. Иймд УЗМн захирлын 2018.09.20-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмлэлийн шаардлага гаргасан боловч уг нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөн ажилгүйдлийн тэтгэмжийг хэн буруутай хүнээс нь гаргуулах нэхэмжлэл гаргасан юм. Намайг төрөхөөр Улаанбаатар хот руу явсан байх үед 2018.09.20-нд халагдах тушаал гаргасан байсныг 2018.10.09-нд Ч.Оюун-Эрдэнэ намайг ээжийнд байхад авчирч өгч гардуулсан. Ажилгүйдлийн тэтгэмж авах хугацааг хэтрүүлэн өгсөн. 14 хоногийн дотор материалаа бүрдүүлэн өгөх ёстой юм байна. Иймд ажилгүйдлийн тэтгэмжийг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Яг хэдэн төгрөг болохыг тооцож үзээгүй, 800.000 гаруй төгрөг байх, бас яг хэн нэгэн хүнээс гэж нэр зааж нэхэмжлээгүй, буруутай эзнийг нь олж тогтоож гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн УЗМн захирал Д.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2018.09.17-нд Боловсрол соёл урлагийн газраас цалингийн өр болон цалин нэмэгдсэнтэй холбоотой судалгааг яаралтай гаргаж явуулах шаардлага гарсан. Нягтлан бодогч Т нь 2018.09.24-ний өдрөөс эхлэн жирэмсэн амаржсний амралт дууссан, ажилдаа эргэж орох тухай өргөдлөө өгсөн байсан тул түүнийг 2018.09.20-нд ажилд нь томилон ажиллуулсан. Нягтлан бодогч ажилдаа орсон өдрөө асуух зүйл гараад Э.У руу утсаар залган ажилдаа орсон тухай ярихад чи ажилдаа орсон юм уу, намайг эзгүйд надад хэлэхгүй тушаал гаргалаа, ажилгүйдлтийн тэтгэмж авах материал өгөх хугацааг хоцорвол та нар тэтгэмж төлөх юм уу гэж ярьсан байсан. Энэ нь өөрийг нь ажлаас чөлөөлөх тушаал гарсан гэдгийг мэдсэн гэсэн үг. Тушаалыг гаргаад гардуулж өг гэж бичиг хэрэгт өгсөн байсан. Гэтэл У Сүхбаатар аймагт байгаагүй болохоор гардуулж өгч чадаагүй байсан. Нөхөрт нь өг гээд хүн явуулсан боловч нөхөр нь ч байгаагүй. Хамт явж байна. Очиж байгаад авъя гэсэн байсан. Өөрөө ажлаас чөлөөлөгдсөн гэснээ мэдсэн болохоор өөр хэн нэгэн хүнийг юмуу манай ажилчдаас хэн нэгэнд нь утсаар хэлээд тушаалаа Хөдөлмөр эрхлэлтийн албанд хүргүүлж болох байтал та нар миний тушаалыг хугацаа хэтрүүлэн өгвөл мөнгийг төлөөрэй гэж загнаад аваагүй юм. Иймд бол би үүнийг хариуцахгүй. Би хугацаанд нь тушаалаа гаргаад гардуул гэж холбогдох хүнд нь өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У Сүхбаатар аймгийн УЗМд холбогдуулан УЗМн захирлын 2018.09.20-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүйдлийн тэтгэмжийг буруутай хүнээс гаргуулж өгнө үү гэж өөрчилжээ.

Хариуцагч УЗМн захирал Д.А Ажилгүйдлын тэтгэмжийг төлөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

УЗМн захирал Д.Аийн 2019.09.20-ны өдрийн Э.Уг ажлаас чөлөөлж, Б.Тыг ажилд томилох тухай Б/24 тоот тушаалаар тус байгууллагын нягтлан бодогч Б.Ты жирэмсэн, амаржсаны хугацаа дуусч, ажилдаа эргэн орж байгаа, мөн Угийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тул 2018.09.20-ны өдрөөс эхлэн Э.Уг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийвэрлэжээ.

Нэхэмжлэгч энэ шийдвэрийн талаар маргаагүй болно. Харин ажлаас чөлөөлсөн тушаал 2018.09.20-ны өдөр гарсан байхад 2018.10.09-ны өдөр ээжийнд байхад авчирч өгч гардуулсан. Ажилгүйдлын тэтгэмж авах хугацааг хэтрүүлж өгсөн тул хэн буруутай этгээдийг тогтоож ажилгүйдлын тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэж маргажээ.

Тушаал гарах үед Э.У Улаанбаатар хотод төрөхөөр явсан болох нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дуусснаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэх үүрэгтэй гэж заажээ.

Гэтэл хариуцагч Э.У нь энэ хугацаанд албан ёсоор Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандсан эсэхийг нотлох баримт ирүүлээгүй байна.

Ажлаас халах тушаалыг гардуулах үед нэхэмжлэгч Э.У нь Сүхбаатар аймагт байгаагүй байх тул ажил олгогч байгууллагын буруугаас болсон байна гэж үзэх боломжгүй байна.

Мөн ажилгүйдлийн тэтгэмж хэдэн төгрөгийг, хэнээс нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлын тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг баримтлан Э.Угийн УЗМд холбогдуулан гаргасан ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

Энэ шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг танилцуулсан буюу гардуулснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ................ Ш.ОЮУНГЭРЭЛ