Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0656

 

 

 

 

О.Г-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч О.Г,

Гомдол гаргагч: О.Г

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч

Гомдлын шаардлага: “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”,

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч О.Г /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э /цахим/, хариуцагч эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Р.Ж /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 125/2024/0015/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр:

“Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/495 дугаар тушаалаар баталсан “Цахимаар эмийн жор бичих, олгох заавар”-ын 3.2, 3.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/115 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1.2, 2.3.1, 2.3.2, 3.2.2 дахь заалтыг тус тус баримтлан О.Ггаас Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Р.Жд холбогдуулан гаргасан Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1. “...Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, хариуцагч байгууллагаас ирсэн нотлох баримтуудыг үнэлж хэт нэг талыг барьж Ховд аймгийн эрүүл мэндийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.2. Эмч О.Г миний хувьд Н.Ц гэх өвчтний мэдээллийг харахад  Н.Ц нь 80 настай өмнө нь тебантин гэх эмийг хөнгөлөлтэй бичүүлж хэрэглэж байсан нь тодорхой харагдаж байсан. Тиймээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 43 минутад Н.Цд хөнгөлөлттэй эмийг бичиж жор олгон цахим санд бүртгэсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/189 дугаартай мэдэгдэлд 70-с дээш насны ахмадууд хурууны хээ шаардахгүйгээр эмийн хөнгөлөлтийг бичих боломжтой болох талаар дурдсан учир миний хувьд хууль зөрчөөгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.3.Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч О.Ггаас “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, эмчилгээний хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргажээ.

2.Гомдол гаргагчаас “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын заавар журамд 70-аас дээш насны хүн заавал биеэр ирж үзүүлэхгүйгээр байнгын хэрэглэдэг эмийг эмийн сангаас хөнгөлөлтэй үнээр авахаар бичүүлж болно гэсний дагуу би 80 настай Н.Цд хөнгөлөлт бичиж өгсөн.” гэж маргадаг.

3.Хариуцагчаас “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны "Журам шинэчлэн батлах тухай" Б/115 дугаарт тушаалын даатгуулагчид үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жор бичих эмч, эрүүл мэндийн байгууллагад хориглох зүйлийн 3.2.2-т “Эмч үзлэг, оношилгоо, шинжилгээ хийхгүйгээр даатгуулагчид эмийн жор бичих” гэж заасныг зөрчсөн тул 4.1-д “Энэхүү журмыг зөрчсөн иргэн хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан” гэж маргажээ.

4.Анх иргэн Н.Цгээс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд “миний мэдээллийг ашиглаж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж байна, би өөрөө жороор эм авч чадахгүй байна” гэх гомдол[1], мэдээлэл гаргасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Б.Б хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, улмаар уг зөрчлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай Удирдах албан тушаалтны тогтоолоор[2] Ховд аймгийн эрүүл мэндийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

5.Тус зөрчлийн хэргийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Р.Ж хүлээн авч, ажиллагаа явуулан8  маргаан бүхий *** дугаар шийтгэлийн хуудсыг[3] гарган, гомдол гаргагч О.Гг “бодит үзлэг хийлгүйгээр цахим жор бичсэн зөрчил үйлдсэн” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулсан байна.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гомдол гаргагч О.Г нь үзлэг хийлгүйгээр цахим эмийн жор бичиж өгсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Б.Бийн зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл[4], Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Р.Жгийн зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл[5], шүүх хуралдааны тэмдэглэл[6] зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

7.Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ:”, 28.4.3-д “...үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандартыг мөрдөж ажиллах”,

8.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22.1-д “Мэргэшсэн эмч Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх үүргээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 22.1.1-д “үзлэг шинжилгээ оношилгоо хийх...”,

9.Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/495 дугаар тушаалаар баталсан “Цахимаар эмийн жор бичих, олгох заавар” баталсан зааврын 3.2-т “Цахим жорын системд цахим жор бичигч нь иргэний бүртгэлийн регистрийн дугаараар бүртгэх ба үзлэгийн тэмдэглэлийг бичиж оруулан, оношийг олон улсын өвчний ICD-10 дугаар ангиллын кодоор тавьж, эмчилгээний үргэлжлэх хугацааг сонгож, тоо ширхгийг бичнэ”, 3.3-д “Эмч цахим жорыг өөрийн болон иргэний хурууны хээгээр баталгаажуулна”,

10.Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/115 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай” журмын 2.1.1-д “Даатгуулагч нь даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ авахдаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, тухайн байгууллагын жор бичих эрхтэй эмчид үзүүлж, түүний бичсэн “эмийн цахим жор”-оор гэрээ бүхий эмийн сангаас үйлчлүүлэх”, 2.1.2-т “Даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх цахим жор бичүүлэхээс өмнө заавал эмчийн үзлэг хийлгэж онош тавиулах бөгөөд үзлэг хийлгэсний дараа жор бичүүлэх эрх үүснэ”,

Мөн журмын 2.3.1-т “Эрүүл мэндийн байгууллага, эмч нь эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх цахим жорыг даатгуулагчдад мэргэжлийн дагуу үзлэг хийж, даатгуулагчийн иргэний үнэмлэх, даатгуулагчийн хурууны хээний баталгаажуулалт дээр үндэслэн бичих бөгөөд жор бичсэн эмч мөн хурууны хээний баталгаажуулалт давхар хийж цахим жор хүчинтэй болно”, 2.3.2-т “Байнгын эм уух шаардлагатай архаг оноштой даатгуулагчдад хяналтын үзлэгээр хөнгөлөлттэй эмээр үйлчлэх цахим жорыг хяналтын үзлэг хийсний дараагаар бичих бөгөөд анх удаа тухайн оношоор оношлогдож байгаа даатгуулагчдад анхан үзлэг, онош баталгаажуулах оношилгоо, шинжилгээ хийж давтан үзлэг хийгдсэний дараа хөнгөлөлттэй эмийн цахим жор бичнэ”, 3.2.2-т “Эмч үзлэг оношилгоо, шинжилгээ хийхгүйгээр даатгуулагчид эмийн жор бичихийг хориглоно” гэж тус тус заасан.

11.Дээр дурдсан хууль, захиргааны хэм хэмжээний актад дурдснаас дүгнэхэд, даатгуулагч, өвчтөн нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, тухайн байгууллагын жор бичих эрхтэй эмчид үзүүлж жор авах, эмчид үзүүлж, онош тавиулсны дараа жор бичүүлэх, эмч нь эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх цахим жорыг даатгуулагчдад мэргэжлийн дагуу үзлэг хийж бичих, хяналтын үзлэгээр хөнгөлөлттэй эмээр үйлчлэх цахим жорыг хяналтын үзлэг хийсний дараагаар бичих, эмч үзлэг оношилгоо, шинжилгээ хийхгүйгээр даатгуулагчид эмийн жор бичихийг хориглох талаар тодорхой зохицуулжээ.

12.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.”,

Мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

13.Маргааны тохиолдлын хувьд, гомдол гаргагч О.Г нь 80 настай иргэн Н.Цд үзлэг хийлгүйгээр өмнөх эмчийн үзлэгийг үндэслэн цахим жор бичсэн үйлдэл нь дээр дурдсан хууль, захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд Зөрчлийн тухай хуульд зааснаар эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан тул гомдол гаргагч О.Г-ийн “үзлэг хийлгүйгээр жор бичсэн үйлдлийг” зөрчил гэж үзэхээр байна.

14.Үүний учир “бодит үзлэг хийлгүйгээр цахим жор бичиж өгсөн” гэх зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоож, торгууль ногдуулан, эмчлэх эрхийг 3 сараар хасаж шийдвэрлэсэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн маргаж буй “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын заавар журамд 70-аас дээш насны хүн заавал биеэр ирж үзүүлэхгүйгээр байнгын хэрэглэдэг эмийг эмийн сангаас хөнгөлөлтэй үнээр авахаар бичүүлж болно гэсний дагуу би 80 настай Н.Цд хөнгөлөлт бичиж өгсөн нь хуульд нийцсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

15.Мөн анхан шатны шүүхийн “даатгуулагч нь цахим жор бичүүлэхээс өмнө эмчид үзүүлж онош тогтоолгон, хурууны хээгээр баталгаажуулснаар эмийн цахим жор бичүүлэх эрх үүсэх ба гомдол гаргагч О.Г нь иргэн Н.Цд үзлэг хийж, онош тогтоохгүйгээр Gabapentin-300mg эмийн цахим жор бичсэн нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3.2.2-т заасан “Эмч үзлэг оношилгоо, шинжилгээ хийхгүйгээр даатгуулагчид эмийн жор бичихийг хориглосон” заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

16.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт хүргүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/189 дугаар албан бичигт[7] “..цаашид хурууны хээ унших боломжгүй даатгуулагчдыг эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлэх хүсэлт ирүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Эрүүл мэндийн даатгалын цахим системд даатгуулагчийг хурууны хээ уншуулахгүй бүртгэх шалгуур”-ын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн, албан тоотын хамт ирүүлж шийдвэрлүүлэхийг мэдэгдэж байна” гэсэн байх ба тус албан бичгээр 70-с дээш насны иргэдэд хурууны хээ уншуулахгүйгээр хөнгөлөлттэй эм олгож болно гэж шууд үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

17.Иймд гомдол гаргагчаас “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/189 дугаартай мэдэгдэлд 70-с дээш насны ахмадууд хурууны хээ шаардахгүйгээр эмийн хөнгөлөлтийг бичих боломжтой болох талаар дурдсан учир миний хувьд хууль зөрчөөгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байгааг дурдах зүйтэй.

18.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв хэрэглээгүй, захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг Тогтоох хэсэгт баримталсан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, гомдол гаргагчийн давж гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/495 дугаар тушаалаар баталсан “Цахимаар эмийн жор бичих, олгох заавар”-ын 3.2, 3.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/115 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1.2, 2.3.1, 2.3.2, 3.2.2 дахь заалтыг” гэснийг хасч, мөн заалтад “Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар 1 дэх хэсгийг” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч О.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 25 дахь тал

[2] Хэргийн 33 дахь тал

[3] Хэргийн 5 дахь тал

[4] Хэргийн 28-32 дахь тал

[5] Хэргийн 34-39 дахь тал

[6] Хэргийн 105-113 дахь тал

[7] Хэргийн 95 дахь тал