Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган

насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонжаргал,

насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гүнчингийн Төрболдод холбогдох 201619000452 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харъяат, 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Сүмбэр сумын дунд сургуулийн 8а ангид сурдаг, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Өнөр хорооллын 1-1б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гүнчингийн Төрболд, /РД:УП02222897/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболд нь 13 настай Б.Хэтболдтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт орших Ерөнхий боловсролын сургуулийн гал тогооны өрөөний цонхоор орж, иргэн Я.Сонинтуяагийн эзэмшлийн LENOVO маркийн нөүтбүүкийг хулгайлан бусдад 1.135.400 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн үргэжилсэн үйлдлээрээ Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт орших “Бадрах” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 200.000 төгрөг хулгайлан, иргэн С.Өсөхцэцэгт бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн мотоцикльтой найз Хэтболдын гэрт очиж Хэтболдтой хамт халиаранд явсан. Орой мотоциклийн шатахуун дуусаж нэг цаг орчим мотоциклоо түрж асаах гэж оролдсон. Хэтболдыг гэрт нь хүргэх замд дэлгүүр таарахаар нь бид хоёр дэлгүүрт хамт орсон. Цаашаа ороход гал тогооны цонх онгорхой байхаар нь ороод нөүтбүүк байхаар нь авч наадмын талбай дээр авсан зүйлээ идэж дуусаад 2 тийш салсан. Маргааш нь Хэтболдын гэрт очиж бид хоёр юм авч идээд балгасны хажууд очсон. Удалгүй цагдаа нар ирэхэд бид хоёр хийсэн хэргээ хүлээсэн гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-19 дүгээр хуудас/

 

Хохирогч Я.Сонинтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1996 оноос хойш одоог хүртэл Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай сургуульд засварын ажил явагдсан. Би өөрийн LENOVO маркийн нөүтбүүкээ гэр рүүгээ аваад явах гэж байхад манай сургуулийн үдийн цайны тогооч Болдбаатар гэх хүн та манай гал тогооны өрөөнд нөүтбүүкээ үлдээчих, чи гаднаас нь цоожлоод явчихъя гэхээр нь зөвшөөрөөд гал тогоонд нөүтбүүкээ үлдээгээд явсан. Манай сургууль амарсан болохоор 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөүтбүүкний хэрэг болоод авах гэхэд Дэлгэрмаа үйлчлэгч гал тогооны өрөөнд ямар нэгэн нөүтбүүк байгаагүй, чиний бичиг баримт цонхны урд хөглөрсөн байхаар нь авсан гэж надад хэлсэн. Би гал тогооны өрөөнд орж нөүтбүүкээ үзэхэд байгаагүй, цүнхэн дотор түрүүвч байсан, түрүүвч дотор 1200 рубль, бусад бичиг баримт байсан. Нөүтбүүк алга болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нөүтбүүкийн манай сургуулийн Хэтболд, Төрболд гэх хүүхдүүд авсан. Би тус нөүтбүүкээ 1.135.400 төгрөгөөр үнэлсэн, эргүүлж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Хохирогч С.Өсөхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг “Бадрах” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг, манай дэлгүүрт 2016 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө вакум цонхыг хагалж хулгайч орж амралтын өрөөнд байсан касснаас 200.000 төгрөг бэлнээр алдагдсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн өдөр дэлгүүртээ байж байгаад 19 цаг үед мөнгөө кассандаа хийгээд гэртээ харисан. Орой 21 цаг 30 минут, 23 цаг 30 минутанд тус тус дэлгүүрээ эргэж тойроход дэлгүүрий цонх бүрэн ямар нэгэн байдлаар хагараагүй байсан. Гэртээ орж амраад маргааш буюу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад  манай хөрш Гарьд ирээд танай дэлгүүрийн цонхыг хагалаад, цонхны хөшиг ил гарсан байна гэж хэлсэн. ыБи нөхөрийн хамт дэлгүүр дээрээ ирэхэд цонх нь хагарсан, хөшиг нь ил гарсан байдалтай байхаар нь хаалгыг нь онгойлгоод ороход амралтын өрөөний хаалганы цоожийг чулуугаар цохиж сандал дээр байсан өлгүүрийн толгойгоор хөшсөн байсан. Би шүүгээ нээгээд кассаа үзэхэд 200.000 төгрөг байгаагүй, хайрцагтай бараануудыг онгойлгож хаясан, мөнгөнөөс өөр зүйл аваагүй байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж манай дэлгүүрийн цонхыг хагалж мөнгө хулгайлсан  гэх хүүхдүүд манай сумын Хэтболд, Төрболд нар байсныг мэдсэн. Би алдсан 200.000 төгрөг мөн цонх хагалсны 64.000 төгрөгийг хүлээн авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Гэрч Д.Гарьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай гэр Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Бадрах нэртэй хүнсний дэлгүүрийн хойно байдаг. Би 2016 оны 06 дугаар сарын 17-ны өглөөний 05 цагийн орчим босоод хашааныхаа хогийг цэвэрлэж байхад Бадрах хүнсний дэлгүүрийн нэг ширхэг Вакум цонх нь хагарсан байхаар нь Өсөхцэцэг, Давнаа нарт 08 цагийн үед гэрт нь очиж дэлгүүрийн цонх хагарсан талаар хэлсэн. Би 30 минутын дараа араас нь гарч дэлгүүр дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Гэрч Ё.Алтаншагай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад манай охин Өсөхцэцэг надад бэлэн 200.000 төгрөг хадгалуулсан, өөрөө надад хэлэхдээ өөрийн Монгол дээлээ зараад олсон мөнгө гэж хэлж байсан. Надад 200.000 төгрөг хадгалуулж байгаад маргааш нь болох 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед мөнгөө аваад дэлгүүрийнхээ амралтын өрөөний кассандаа хийж байгаад алдсан талаар сүүлд сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Ганцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Сүмбэр сумын төвд гэртээ 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байж байхад Хэтболдын найз Төрболд өдрийн 14 цагийн орчим манайд мотоцикльтэй ирээд орой 16-17 цагийн хооронд Хэтболд, Төрболд нар халиар түүнэ гээд явсан. Тэгээд шөнө 03 цагийн үед Хэтболд ганцаараа ирээд унтсан. Маргааш болох 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Төрболд манайд нөүтбүүк бариад орж ирэхээр нь би түүнд хандан “юун нөүтбүүк юм бэ” гэж асуухад манай Халзка ахын нөүтбүүк байгаа юм, манай гэрт тог байхгүй цэнэглээд ир гэж явуулсан гээд манай гэрт нөүтбүүкээ цэнэглэсэн. Би орой нь тэр хоёрыг чүдэндэнд явуулсны дараа тэр хоёр нөүтбүүкээ эзэнд нь өгнө гэж хэлээд явсан. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн орчим Хэтболд, Г.Төрболд нар гэрт орж ирсэн. Нөүтбүүкээ яагаад өгөөгүй талаар асуухад Халзка ах хот явсан болохоор өгч чадсангүй гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Сонинтуяа гэх багш цагдаа нартай манай гэрт ирээд гэрийн амбаараас нөүтбүүкийг аваад явсан. Тэгэхэд л нөүтбүүкийг хулгайлсан талаар мэдсэн. Хэтболд манай сумын Бадрах нэртэй хүнсний дэлгүүрээс Өсөхцэцэг эгчийн 200.000 төгрөгийг авч дэлгүүрийнх нь цонхыг хагалсан байсан. Өсөхцэцэг эгчийн хохирлыг бүрэн барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Гэрч С.Дэлгэрмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Ерөнхий боловсролын сургуульд очиход нийгмийн ажилтны өрөөнд засвар хийж байсан. 18 цагийн үед сургуулийн багш Сонинтуяа нөхөр болон Балжаатай хамт өөрийнхөө өрөөнөөс сургуулийн гал тогоо руу принтер зөөж байхыг харсан. Тэр үед засвар хийж байсан Сонинтуяа багштай уулзаж юм яриагүй холоос харахад нөхөртэйгээ юм зөөгөөд байсан. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сумын сургууль дээр засвар хийж байгаад гал тогоонд Үржинханд, Шараа эгч, Сарангоо бид нар орж үзэхэд Сонинтуяа багшийн түрийвч, нийгмийн даатгалын дэвтэр хоёр унасан байсан, тэгэхээр нь бид нар түрийвчийг авч үзэхэд дотор нь рубль болон монетон бөгж байсан. Маргааш нь бид нар сургууль дээр засвар хийж байтал Сонинтуяа багш нөүтбүүкээ авъя гээд Шараа эгчийг аваад гарсан. Шараа эгч буцаж ирээд Сонинтуяа нөүтбүүк байсан гэж байна, тэр нь алга болсон байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Болдбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Сонинтуяа над дээр ирээд таны өрөөнөөс нөүтбүүкээ авах гэсэн юм гэхээр нь бид хоёр манай өрөөнд очиход нөүтбүүк байхгүй, принтер болон ламинаторын машин байсан. Өрөөний 2 цонх онгорхой байсан. Нөүтбүүкийг алдсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/

 

Гэрч П.Нямдаваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өсөхцэцэгтэй гэртээ байж байгаад 14 цагийн үед манай эхнэр Өсөхцэцэг дээл зарсан гэж хэлж байсан. Хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07 цагийн үед манай хөрш Гарьд манай хадам ээжийн гэрт ирж дэлгүүрийн цонх хагарчихсан байна гэж хэлсэн. Өсөхцэцэг бид хоёр дэлгүүрт ирээд хартал цонх нь хагарчихсан, дэлгүүрт ороход ил алга болсон зүйл байхгүй кассан байсан мөнгө алга болсон байсан. Хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй, эхнэр маань мөнгө алга болсон байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: Вакум цонх, өндөр нь 1.20 см, өргөн нь 1 метр 64.000 төгрөг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: LENOVO маркийн I5 үзүүлттэй Нөүтбүүз 1.135.400 төгрөг /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболд нь 13 настай Б.Хэтболдтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт орших Ерөнхий боловсролын сургуулийн гал тогооны өрөөний цонхоор орж, иргэн Я.Сонинтуяагийн эзэмшлийн LENOVO маркийн нөүтбүүкийг хулгайлан бусдад 1.135.400 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн үргэжилсэн үйлдлээрээ Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт орших “Бадрах” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 200.000 төгрөг хулгайлан, иргэн С.Өсөхцэцэгт бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Я.Сонинтуяагийн.... Би гал тогооны өрөөнд орж нөүтбүүкээ үзэхэд байгаагүй, цүнхэн дотор түрүүвч байсан, түрүүвч дотор 1200 рубль, бусад бичиг баримт байсан. Нөүтбүүк алга болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нөүтбүүкийн манай сургуулийн Хэтболд, Төрболд гэх хүүхдүүд авсан. Би тус нөүтбүүкээ 1.135.400 төгрөгөөр үнэлсэн, эргүүлж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, хохирогч С.Өсөхцэцэгийн.... Би нөхөрийн хамт дэлгүүр дээрээ ирэхэд цонх нь хагарсан, хөшиг нь ил гарсан байдалтай байхаар нь хаалгыг нь онгойлгоод ороход амралтын өрөөний хаалганы цоожийг чулуугаар цохиж сандал дээр байсан өлгүүрийн толгойгоор хөшсөн байсан. Би шүүгээ нээгээд кассаа үзэхэд 200.000 төгрөг байгаагүй, хайрцагтай бараануудыг онгойлгож хаясан, мөнгөнөөс өөр зүйл аваагүй байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж манай дэлгүүрийн цонхыг хагалж мөнгө хулгайлсан  гэх хүүхдүүд манай сумын Хэтболд, Төрболд нар байсныг мэдсэн. Би алдсан 200.000 төгрөг мөн цонх хагалсны 64.000 төгрөгийг хүлээн авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, гэрч Д.Гарьдын... 2016 оны 06 дугаар сарын 17-ны өглөөний 05 цагийн орчим босоод хашааныхаа хогийг цэвэрлэж байхад Бадрах хүнсний дэлгүүрийн нэг ширхэг Вакум цонх нь хагарсан байхаар нь Өсөхцэцэг, Давнаа нарт 08 цагийн үед гэрт нь очиж дэлгүүрийн цонх хагарсан талаар хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Ё.Ганцэцэгийн ... Сонинтуяа гэх багш цагдаа нартай манай гэрт ирээд гэрийн амбаараас нөүтбүүкийг аваад явсан. Тэгэхэд л нөүтбүүкийг хулгайлсан талаар мэдсэн. Хэтболд манай сумын Бадрах нэртэй хүнсний дэлгүүрээс Өсөхцэцэг эгчийн 200.000 төгрөгийг авч дэлгүүрийнх нь цонхыг хагалсан байсан. Өсөхцэцэг эгчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Болдбаатарын ... Сонинтуяа над дээр ирээд таны өрөөнөөс нөүтбүүкээ авах гэсэн юм гэхээр нь бид хоёр манай өрөөнд очиход нөүтбүүк байхгүй, принтер болон ламинаторын машин байсан. Өрөөний 2 цонх онгорхой байсан. Нөүтбүүкийг алдсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг, гэрч П.Нямдаваагийн... манай хөрш Гарьд манай хадам ээжийн гэрт ирж дэлгүүрийн цонх хагарчихсан байна гэж хэлсэн. Өсөхцэцэг бид хоёр дэлгүүрт ирээд хартал цонх нь хагарчихсан, дэлгүүрт ороход ил алга болсон зүйл байхгүй кассан байсан мөнгө алга болсон байсан. Хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй, эхнэр маань мөнгө алга болсон байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболдодыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболд нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугтэй этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр эцэг, эхийнх нь хяналтанд өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хувцасны өлгүүрийн толгой төмөр 1 ширхэг, чулуу 1 ширхэг зэргийг устгах, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.Сонинтуяа, С.Өсөхцэцэг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгчид оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авагдсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Гүнчингийн Төрболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболдыг эх Ч.Отгонжаргалын хяналтанд өгсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболд нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй шүүгдэгч нарыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг мэдэгдсүгэй.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хувцасны өлгүүрийн толгой төмөр 1 ширхэг, чулуу 1 ширхэг зэргийг устгах, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.Сонинтуяа, С.Өсөхцэцэг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгчид оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авагдсан болохыг тус тус дурьдсугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Төрболдод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ