Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0544

 

 

 

 

 

 

2021 08 19 128/ШШ2021/0544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К ХХК,

Хариуцагч: Б сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Б сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгч өмгөөлөгч Ө.Э, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...К ХХК нь Б сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны А/******* дугаартай тушаалын дагуу Нүхтийн задгайд 0,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй. Манай компани газрыг зориулалтын дагуу ашиглаж, жил бүр газрын төлбөрийг тухай бүрт төлж тооцоо нийлсэн акт үйлдэж гурвалсан гэрээгээ дүгнэн ямар ч зөрчилгүйгээр ажиллаж байна.

Б яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/******* тоот мэдэгдлээр газар ашиглах эрх цуцлах тухай мэдэгдэл шуудангаар илгээсэн. Үүний дагуу газрын төлбөр бүрэн төлсөн, газрыг зориулалтын дагуу ашиглаж газар шорооны бэлтгэл ажил хангагдсан, газар дээр байгуулах аялал жуулчлалын төв байгуулахаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ГБM******* тоот архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаад байгаа албан бичгээр мэдэгдэж холбогдох баримтыг хүргүүлсэн.

Гэвч Б сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны А/******* дугаартай газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай тушаалын хавсралтаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан талаар 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээж авч танилцсан.

Тус шийдвэрийг vл хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу Б сайдад өөрт нь гомдол гаргасан. Тус гомдол шийдвэрлэх ажиллагааны явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Б яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандсан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр "Тус компани нь газрын төлбөрөө төлсөн актуудтай, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны № ГБМ******* тоот архитектур төлөвлөлтийн даалгавартай болно. Мөн гомдол шалгах ажиллагааны явцад манай компани 2018, 2019 оны төлбөрийн үлдэгдэлгүй талаар тооцоо нийлсэн акт, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2020 оны газрын төлбөрийг төлсөн тухай баримт үүнийг баталгаажуулж 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Богдхан уулын тусгай хамгаалалтын газар нутгийн захиргаатай тооцоо нийлсэн акт зэргийг хүргүүлсэн.

Гэвч Б яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.Б-с манай компанид гомдлын дагуу ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09/******* тоот албан бичигтээ "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1 дэх хэсэгт "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан.

Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирсэн санал, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16******* тоот албан бичгээр ирсэн газрын төлбөрийн мэдээлэлд үндэслэн Б сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Нэгэнт төрийн захиргааны төв байгууллагаас хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргасан тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй юм" гэсэн хариу өгсөн.

Б сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-д заасны дагуу өөрийн шийдвэрийг урьдчилан шийдвэрлэх журмаар эргэн хянаж байгаа бөгөөд албан бичигт дурдсан Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан санал ирүүлсэн байгууллага нь өөрөө К ХХК-ын газрыг зөрчилгүй байхад цуцалсан тул сэргээж өгөх талаар санал ирүүлсээр атал нэгэнт шийдвэрлэсэн асуудал тул сэргээх боломжгүй гэж хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцээгүй байна.

Б сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1-д зааснаар "захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах үүрэгтэй. Ийнхүү шалгах явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны A/******* тоот тушаалын "К" ХХК-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй байхад гарсан болох нь Богд-ан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичиг, "К ХХК-ийн газрын төлбөр төлсөн баримтууд, тооцоо нийлсэн акт, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг баримтаар нотлогдсоор байтал өмнөх шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан шийдвэрийг гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан байна.

Иймд Б сайдыг төлөөлж ирүүлсэн Б яамны тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны 09/******* тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Б сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны A/******* тоот тушаалын "К" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч K" ХХК-д Б сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн задгай байршилтай 0.3 га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрөл олгож, Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Нэхэмжлэгчийн газрыг Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай 2731 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг зөрчиж байсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр.. гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-33/6088 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Б сайдын 2021 оны А/******* дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн.

Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

К ХХК-иас Б сайдад холбогдуулан гаргасан Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайд 0.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0171044 дүгээр гэрчилгээ, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2019/36 дугаар гэрээний үндсэн дээр ашиглаж байжээ.

Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас К ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгуулах үндэслэл бүрдсэн талаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр санал хүргүүлэх тухай албан бичгээр К******* ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс ...мэдэгдэлд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч холбогдох зөрчлийг арилгах... талаар 2020 оны 09 сарын 04-ны өдөр 11И-3/ 5988 тоот албан бичгийг Б яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Г-д тус тус хүргүүлсэн байна.

Дээрх саналуудыг үндэслэн Б сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн ...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... гэж К ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч К ХХК 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2019/36 дугаар Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах гэрээ байгуулснаас хойш ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглахаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ГБМЗХ2020/01-36 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байх тул газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

Хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр албан бичиг, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16/1301 дүгээр бичгээр ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлбөрийн хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь тогтоогдож байх тул К ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд К ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ... 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж заасантай нийцээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН