| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/0442/и |
| Дугаар | 00517 |
| Огноо | 2019-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 00517
| 2019 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2019/00517 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ю.У-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:М.Л-д холбогдох
1 100 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ю.У, өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхжаргал, гэрч М.Есенгүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 1 100 000 төгрөгийг М.Лгийн Хаан банкны 5721226376 тоот данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны 5024348658 тоот данснаас шилжүүлснийг буцаан гаргуулах хүсэлтэй байна.Би өөрийн танил Д.Сарантуяад 1 100 000 төгрөгийг шилжүүлсэн боловч Сарантуяагийн холбогдолтой иргэний шүүх хурал дээр гэрчээр асуугдахдаа М.Л нь мөнгө шилжүүлж авсан тухай санахгүй байна, танихгүй хүнд дансаа ашиглуулдаггүй гэж мэдүүлсэн учир үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл үүсч байх тул М.Лгээс 1 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ю.У нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Лхагвасүрэнгийн ХААН банкин дахь данс руу 1 100 000 төгрөг шийлжүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхэд Ю.У нь Сарантуяад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тэр шүүх хуралдаанд Лхагвасүрэн гэрчээр оролцохдоо би өөрийн дансыг бусдад ашиглуулдаггүй, мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг, иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар М.Лгээс 1 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, М.Л мөнгийг Сарантуяад өгсөн гэх боловч нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон, Лхагвасүрэн мөнгийг тэр өдөртөө данснаасаа авсан байдаг гэв.
Хариуцагч М.Л шүүхэд гаргасан тайлбартаа:Намайг Баянзүрх дүүргийн шүүх дээр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуудсан ба Ю.Уас Д.Сарантуяад 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр миний дансаар 1 100 000 төгрөгийг шилжүүлж гаргасан тухай байсан.Тухайн үед би шүүх дээр дансаар энэ мөнгө орж гарснаа санахгүй байснаа хэлсэн, Хаан банкны лавлагаа авахад Хаан банкны данс руу Сараад Уянгаас гэсэн утгатай 1 100 000 төгрөг орсон ба уг мөнгийг Д.Сарантуяад бэлнээр авч өгсөн.Д.Сарантуяа болон Ю.У нараас би мөнгө авах, эдгээр хүмүүсийг танихгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай эхнэрийг 2018 оны 9 сард Баянзүрх дүүргийн шүүхээс дуудаж гэрчээр асуухад нь учрыг нь мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг, дараа нь ХААН банкны дансны хуулгыг авч үзэхэд Уянгаас Сараад 1 100 000 төгрөгийн гүйлгээ орж ирээд гарсан байсныг санасан гэдэг.Тухайн үед Лхагвасүрэн уг мөнгийг Сарантуяад бэлнээр авч өгсөн тул төлөхгүй гэв.
Хариуцагч талын гэрч М.Есенгүл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Би хүүхдээ салхинд гаргахдаа ээжүүдтэй танилцсан, би Сарантуяа, Лхагвасүрэн нарыг таньдаг байсан, Сарантуяаг Лхагвасүрэн танихгүй, нэг өдөр Сарантуяа надад би хүнээс мөнгө авч бараанд явах гэсэн юм данс байна уу гэхээр нь би Лхагвасүрэнг гуйж түүний дансыг авч өгч, мөнгө орж ирсэнийг Лхагвасүрэнтэй хамт явж авч Сарантуяад өгсөн, би л тэр хоёрыг таньдаг байсан тул Лхагвасүрэнгээс дансыг нь гуйсан юм гэв.
Хэрэгт байгаа нотлох баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.У хариуцагч М.Лд холбогдуулан 1 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сарантуяагийн өгсөн Хаан банкны дансанд 1 100 000 төгрөгийг түүнд өгөхөөр шилжүүлсэн, би Сарантуяагаас мөнгө нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдаанд Лхагвасүрэнг гэрчээр оролцуулахад би өөрийн дансыг бусдад ашиглуулдаггүй гэж мэдүүлсэн тул дээрх Лхагвасүрэнгийн дансанд шилжүүлсэн 1 100 000 төгрөгийг түүнээс авна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ю.Уянгын ХААН банкин дахь 5024348658 тоот данснаас 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 1 100 000 төгрөгийг 5721226376 тоот дансанд Сараад Уянгаас гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн байна.
Дээрх ХААН банкны 5721226376 тоот дансыг М.Лгийн эзэмшлийн данс мөн гэдэгт талууд маргахгүй байна.
Хариуцагч М.Л нь М.Есенгүлийн хүсэлтээр өөрийн дансны дугаарыг түүнд өгснийг Д.Сарантуяад өгсөн, Д.Сарантуяа нь уг дансны дугаарыг Ю.Уд өгснөөр Ю.У нь дээрх 1 100 000 төгрөгийг уг дансанд хийсэн байна.
Ийнхүү М.Лгийн дансанд орсон 1 100 000 төгрөгийг тэр өдөрт нь М.Л нь М.Есенгүлийн хамт явж аваад 1 100 000 төгрөгийг Д.Сарантуяад өгсөн гэх үйл баримт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Ю.Уянгын шилжүүлсэн 1 100 000 төгрөгийг тухайн өдөрт нь М.Л данснаасаа авсан байсан гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна.
Мөн нэхэмжлэгч Ю.У нь хариуцагчийг танихгүй, М.Л нь Б.Сарантуяаг танихгүй гэж байх тул дээрх 1 100 000 төгрөгийг Ю.У нь М.Лд биш Д.Сарантуяад өгөх санаа зорилготой байсан үйл баримт нь нотлогдож байна.
Нэгэнт М.Л нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1 100 000 төгрөгийг өөртөө авч хэрэглээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд Ю.У нь М.Лгээс шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Т.Лхагвасүрэнгээс 1 100 000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Ю.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН